Монгол Улсын төсвийн бодлого, хариуцлагын тогтолцоонд олон улсын байгууллагуудаас өгсөн үнэлгээ, түүнд сүүлийн жилүүдэд гарсан ахиц, дэвшил

Төсөв ба бодлогын тэргүүлэх чиглэлийн төв (Center on Budget and Policy Priorities) хэмээх байууллага нь АНУ-ын төсвийн бодлогын талаарх бодлогын зөвлөгөө өгдөг тэргүүлэх байгууллагын нэг юм байна. Энэ байгууллага нь “Олон улсын төсвийн түншлэл” /ҮУТТ/ (International Budget Partnership) гэдэг байгууллагыг 1997 онд байгуулсан. ОУТТ-ын үйл ажиллагааг түүний удирдах зөвлөлөөс гадна “Стратегийн зөвлөх хороо” эрхлэн явуулдаг бөгөөд энэхүү хороонд холбогдох салбаруудын дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн хүмүүс оролцон ажилладаг байна.

“Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын гол зорилго нь төсвийг нээлттэй байлгаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр төсвийн тогтолцоо, үр дүнг сайжруулах явдал гэж үзэж энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийдэг болно. Энэ хүрээнд дэлхийн 100 гаруй оронд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг байна.

Төсвийн нээллтэй байдлыг дүнгэн харьцуулах зорилгоор Нээлттэй төсвийн индекс (Open Budget Index)-ийг боловсруулан жил бүр тайлан гаргадаг.

Ингэхдээ 1-100 хүртэлхи онооны системээр үнэлдэг. Энэхүү индекс нь санал асуулга биш, харин олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлтүүдийг ашиглан тухайн орны төсвийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоог дүгнэдэг юм байна.

Монгол Улс сүүлийн жилүүдэд энэ тал дээр онцгой ахиц гаргасан байна. Тухайлбал, 2006 онд 18, 2008 онд 36 оноо авч байсан бол 2010 онд бараг 2 дахин өсч 60 оноо авсан байна. Тус 60 онооны үнэлгээнээс харахад Монгол Улсын Төсвийн бодлогын ил тод байдал, хариуцлагын тогтолцоо нь  Итали, Португал улсуудынхаас илүү хэмээн дүгнэгджээ.

Монгол Улсын 2010 онд үзүүлсэн энэхүү амжилт нь төсвийг нээлттэй байлгах нь зөвхөн орлогын хэмжээнээс бус, харин Засгийн газрын хүчин чармайлтаас хамаардаг гэдгийг харуулж байна.

Мөн тайланд дурдсанаар энэхүү амжилтыг бататгах нэн шаардлагатай. “Төсвийн Байгууллагын Удирдлага Санхүүжилтий Тухай хууль”-д төсвийг олон нийтэд тайлагнах талаар дурьдаагүй байдаг бөгөөд энэ харилцааг бататган бэхжүүлэхийн тулд хуульчлан тусгах шаардлагатай гэсэн байна. Энэ талаархи тодорхой заалтыг УИХ-д 2010 оны 7 дугаар сарын 8-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан “Төсвийн тухай хууль”-ийн төсөлд тодорхой заасан нь нэг том ахиц юм.

“Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас 2010 онд гаргасан тайланд дурдсанаар Монгол Улсын Төсвийн бодлогод үзүүлсэн энэхүү амжилт нь 1/ Засгийн газрын бий болгосон техникийн процессын шинэчлэл, 2/ Засгийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагын хүчин чармайлт, 3/ Хандивлагч орон, олон улсын байгууллагуудтай амжилттай хамтын ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж:

http://www.internationalbudget.org/

http://www.cbpp.org/