Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011-2013 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамж (БОАЖ Сайд, ХЗДХ Сайд,ХХААХҮ Сайд, Сангийн Cайдын багц)

Монгол Улсын Их Хурлын 2010 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай 40 дүгээр тогтоол батлагдаж, уг төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслэн боловсруулсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 оны төсвийн зарлагын хязгаар батлах тухай Засгийн газрын 2010 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсантай холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч (цаашид ТЕЗ гэх) нарын 2011-2013 оны дунд хугацааны хөтөлбөрт суурилсан төсвийн төслийг бэлтгэх удирдамжийг үүгээр хүргүүлж байна.

Энэхүү удирдамж нь ТЕЗ нарын 2011-2013 оны төсвийн төслийг бэлтгэх үндсэн зааварчилгаа болох юм. Энэхүү баримт бичиг нь дараах зүйлсээс бүрдэнэ. Үүнд:

  1. Төсөв, санхүүгийн суурь үзүүлэлтүүд
  2. Засгийн газраас 2011-2013 онд баримтлах чиглэл
  3. ТЕЗ нарын 2011 оны төсвийн зарлагын хязгаар, 2012-2013 оны төсвийн зарлагын хязгаарын төсөөллийг боловсруулахад баримталсан зарчим
  4. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд тавигдах шаардлага
  5. Төсвийн орлогыг төлөвлөхөд баримтлах зарчим
  6. Бусад шаардлагууд
  7. Төсвийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх хуваарь
  8. Төсвийн төсөл бэлтгэх маягтууд, тэдгээрийн зааварчилгаа

1. Төсөв, санхүүгийн суурь үзүүлэлтүүд

УИХ-ын 2010 оны 40 дүгээр тогтоолоор дунд хугацааны төсвийн хүрээний суурь үзүүлэлтүүдийг баталсан.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд Төсөөлөл
2011 он 2012 он 2013 он
1. ДНБ-ий бодит өсөлтийн хэмжээ, хувь 8.2 7.8 20.8
ДНБ-д эзлэх хувиар
2 Төсвийн нийт орлогын доод хэмжээ 35.4 35.4 30.3
3 Төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 40.4 39.4 32.3
4 Төсвийн урсгал тэнцлийн доод хэмжээ 4.0 4.5 4.1
5 Төсвийн алдагдлын дээд хэмжээ 5.0 4.0 2.0
6 Хөрөнгө оруулалтын зардлын доод хэмжээ 6.3 6.0 4.7

УИХ-аар батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг тооцох аргачлалыг тусгасан. Үүний дагуу холбогдох эрдэс баялгийн үнийн таамаглалыг боловсруулж 2011 онд зэсийн үнийг дунджаар 4,600.0 ам.доллар, алтны үнийг 660.0 ам.доллар, нүүрсний үнийг 63.1 ам.доллар тус тус байхаар тооцлоо. Төрөгийн нэг ам.доллартай харьцах ханшийг 1,430.0 байхаар авав.

2. Засгийн газраас 2011-2013 онд баримтлах чиглэл

ТЕЗ нарын 2011 оны төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-ын 2010 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай 40 дүгээр тогтоол, УИХ-ын 2010 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай 45 дугаар тогтоолыг чиглэл болгоно.

УИХ-аас Засгийн газарт өгсөн үүргийн дагуу орон тоо, бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг Монгол Улсын 2011 оны төсөвт тусгаж, гарах шийдвэрийн төслийг 2011 оны төсвийн төсөлтэй хамт өргөн барих ёстой. Мөн УИХ-аас гарсан шийдвэрийн дагуу дараах чиглэлийн дагуу Засгийн газар ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Ажил, үүргийн давхардлыг арилгаж, шат дамжлагыг цөөлөх, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар үр ашиггүй зардлыг бууруулах, арвилан хэмнэлтийн хатуу горим тогтоон мөрдөж ажиллахыг бүх шатны төсвийн байгууллагуудын удирдлага, эрх захирагчдад мөрдүүлэх ажил зохион байгуулах
  • Хөрөнгийн зардлын бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгө оруулалт, их засвар, гадаад зээлээр санхүүжих автозам, бусад зардлын оновчтой хэмжээ, зохистой харьцааг тогтоон мөрдүүлэх
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс шинээр эхлэх болон  үр ашиг муутай, бэлтгэл хангагдаагүй, зураг төсөв нь батлагдаагүй төсөл, арга хэмжээг түдгэлзүүлэх, энэ онд баригдаж дуусах, ашиглалтад орох болон нэн тэргүүн ээлжийн зайлшгүй чухал арга хэмжээ, төсөлд хүч хөрөнгийг төвлөрүүлэх
  • Эргэн төлөгдөх нөхцөлөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг оновчтой тодорхойлж дунд хугацаанд төсвөөс хийх төлбөрийн хуваарийг хөрөнгө оруулалтын боломжит түвшин, чадавхтай уялдуулах, бололцоотой зарим арга хэмжээг Концессын тухай хуулийн агуулгад нийцүүлэн хувийн хэвшилд шилжүүлэх, төсөвт нэмэлт ачаалал өгөх албан контор барих, унаа машин авах зэрэг хөрөнгө оруулалтаас татгалзах
  • Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төсөв хэмнэх зорилгоор засаг захиргааны нэгжийн байрлалаас хамаарч хэт их зөрүүтэй, төсөвт өртөгтэй байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байр, өрхийн эмнэлэг зэрэг барилга байгууламжийн зураг, төсвийг олон улсын тэргүүний жишиг стандарт, зураг төсөл, технологийг нэвтрүүлэх туршилтыг хийх замаар шинэчлэх, энэ туршилттай холбогдсон зардлыг улсын төсөвт суулган, энэ арга хэмжээг 2011 оны төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болгох

3. ТЕЗ нарын 2011 оны төсвийн зарлагын хязгаар, 2012-2013 оны төсвийн зарлагын хязгаарын төсөөллийг боловсруулахад баримталсан зарчим

ТЕЗ нь 2011 оны төсвийн төсөл боловсруулахдаа Засгийн газраас тогтоосон зарлагын хязгаарт багтаах зарчмыг хатуу баримтлана.

Зарлагын хязгаарыг тооцохдоо дараах зарчмыг баримталсан болно. Үүнд:

  • УИХ-аас баталсан 2010 оны төсвийн үзүүлэлтүүдийг суурь болгон ашиглах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээг тооцон тусгах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын шилжих хөрөнгө оруулалтыг тооцон тусгах;
  • Үндсэн чиглэлд тусгагдсан шинэ хөрөнгө оруулалтыг тооцон тусгах;
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай УИХ-ын 2010 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээнд багтаах;
  • Одоо мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн хүрээг чиглэл болгох;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг улс, орон нутаг, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн төсөв тус бүрээр тооцон, нэгдсэн төсөвт цэвэрлэгдэх дүнг тодорхойлох;
  • Гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүнг төсвийн ерөнхийлөн захирагч, зардлын зүйл бүрээр тодорхойлон тусгах (өнөөг хүртэл энэ дүн Сангийн сайдын багцад бүхэл дүнгээр туссаар ирсэн).

Урсгал зардлын хувьд дараах зарчмын дагуу ТЕЗ нарын зарлагын хязгаарыг боловсруулсан. Үүнд:

  • ТЕЗ-ийн 2010 оны тодотголын түвшингээс нэг удаагийн шинжтэй төсөл, арга хэмжээг хасч,  2011 онд он дамжин хэрэгжих арга хэмжээг шилжүүлэн тооцох;
  • 2010 оны 10 сарын 1-нээс нэмэгдэх цалин, тэтгэвэрийг бүтэн жилээр тооцох;
  • 2010 оны тодотголоор нэмэгдүүлсэн тогтмол зардлын үнийн өсөлтийг бүтэн жилээр тооцох;
  • 2010 оны тодотголоор шинээр нэмэгдсэн орон тоотой холбогдсон урсгал зардлыг бүтэн жилээр тооцох зэрэг зарчмыг баримтлан 2011 оны суурь төсвийг тооцсон. Энэ нь бодлогын өөрчлөлтгүй буюу төсвийн суурь түвшин болно.
  • Төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан орлогын боломжит эх үүсвэрт багтаан зарлагыг тооцох шаардлага гарсан, нөгөө талаас УИХ-аас орон тоо, бүтэцтэй холбоотой өөрчлөлтийг Монгол Улсын 2011 оны төсөвт тусгаж, гарах шийдвэрийн төслийг 2011 оны төсвийн төсөлтэй хамт өргөн барих чиглэл өгсөнтэй холбогдуулан ТЕЗ-ын 2011 оны суурь түвшинг бууруулж зарлагын хязгаарыг тооцсон болно.

УИХ-аас Засгийн газарт зарлагын шинэчлэл хийх чиглэлийг өгсөн бөгөөд энэ хүрээнд дараах асуудлыг хамруулж авч үзэх нь зүйтэй байна. Үүнд:

– 2011 оны төсөвт одоо мөрдөгдөж байгаа орон тоог нэмэгдүүлэхгүй байх зарчим баримтлах бөгөөд ТЕЗ өөрийн багцын 2011 оны төсвийн саналаа ирүүлэхдээ салбарын хэмжээнд хийгдэх бүтцийн өөрчлөлтийн саналыг боловсруулан ажлын ачааллыг нягтруулах замаар орон тоог (тухайлбал, Засгийн газрын агентлагийн дэд даргыг 1 байхаар, яам агентлагийн газар, хэлтсийн болон бусад харьяа нэгжийн дэд дарга, орлогчийн орон тоог бууруулах, зөвлөхүүдийн орон тоог бууруулах, аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөхийн орон тоог хасах гэх мэт) бууруулж, 2011 оны төсвийн төсөлд тусган ирүүлэх;

– төрөөс үзүүлж буй зарим ажил үйлчилгээг арилжааны горимд шилжүүлэх;

– зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох;

– салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа нэгжийн норм нормативыг бууруулах;

– төрөөс заавал үзүүлэх шаардлагагүй зарим зардлыг зогсоох;

– бүх төрлийн татаасыг бууруулах

ТЕЗ-ийн төсвийн төслийн тооцоололд үнэ тарифыг 2010 оны түвшинд, цалин, тэтгэвэр тэтгэмжийн өсөлтийг тэгтэй тэнцүү байхаар,  хэрэглээний зардлын өртгийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үнэ ханшаар тооцсон байна.

ТЕЗ нь төсвийн багцын байгууллагуудад хязгаар тогтоон өгч болно.

ТЕЗ болон тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагууд өөрсдийн 2011-2013 оны төсвийн төслийн саналаа боловсруулан ирүүлэхдээ

  1. Энэхүү удирдамжид заасан зааварчилгааг баримтлан,
  2. Хөтөлбөрөөр төлөвлөн,
  3. Засгийн газрын тогтоолоор батласан ТЕЗ нарын төсвийн зарлагын хязгаарт багтаасан байна.

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбогдуулан ТЕЗ бүрийн төсвийн багцыг багц бүрээр тус тусад нь хэвлэх тул хөтөлбөрт төсвийн танилцуулгыг үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хүрэх үр дүнтэй уялдуулан дэлгэрэнгүй хийж ирүүлнэ.

4. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд тавигдах шаардлага

Хөрөнгийн зардлын төлөвлөлтийг хийхдээ дараах шаардлагыг хангасан төсөл арга хэмжээг тусгана. Үүнд:

  • Хайгуул, зураг төсөв, техник-эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөл нь бэлэн болж эрх бүхий байгууллагаар баталгаажсан байх;
  • Олон улсын байгууллага, хандивлагч оронтой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл нь батлагдаж тухайн жилд шаардагдах; санхүүжилтийн гадаад болон дотоод эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн байх;
  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг ач холбогдлоор нь эрэмбэлсэн байх.

5. Төсвийн орлогыг төлөвлөхөд баримтлах зарчим

Монгол Улсын төсвийн орлогын бодлого нь 2011 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд орлогын төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмыг баримтална. Үүнд:

  1. Уул уурхайгаас бусад салбарын хувьд төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ДНБ, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн өсөлттэй уялдуулан 2011 оны төслийг өмнөх жилийн төлөвлөгөөнөөс бууруулахгүй байхаар тооцох;
  2. Hийт импорт, үүнээс татвартай импорт, онцгой татвартай барааны импортын тоо хэмжээ үнэлгээг олон жилийн дундаж, өмнөх жилүүдийн өсөлтийн түвшин, хүлээгдэж буй гүйцэтгэл болон эдийн засгийн  суурь үзүүлэлтүүдэд үндэслэн оновчтой тооцож гаалийн татвар хураалтыг  эрчимжүүлэх, нөөц бололцоог бүрэн дайчлах;
  3. Олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн таамаглал болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахунй нэгжүүдийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд үндэслэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, холбогдох бусад татварын орлогыг бодитой тооцож, төсөвт төвлөрүүлэх;
  4. Төрийн өмчит компанийн хувьд зардлын тооцоог шахуу хийх, энэ талаар холбогдох албан тушаалтан, Төрийн өмчийн хороо бусад байгууллагатай санал солилцох, хамтарч ажиллах;
  5. Оюу толгой, Таван толгой төслөөс төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцохдоо төслийн гэрээний онцлог шинжүүдийг авч үзэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор төсөвт орох нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад татварын тооцоог нарийвчлан хийж тусгах;

Төрийн өмчит болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой ААН-ийн хувьд зардлын тооцоог шахуу хийх, энэ талаар тухайн ААН-ийн холбогдох албан тушаалтан, Төрийн өмчийн хороо бусад байгууллагатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

6. Бусад шаардлагууд

  • Төсвийн төслийн саналыг цаасаар болон электрон хэлбэрээр ирүүлнэ.
  • Төсвийн шинэчлэлтэй холбогдуулан “Төсвийн систем” шинэ программыг 2011 оноос хэрэгжүүлж эхлэх гэж байна. Үүнтэй уялдуулан төсвийн нэгж байгууллага тус бүрээр тоо мэдээллийг оруулна.
  • Төсвийн систем шинэ программыг ашиглах талаар 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яамнаас сургалт зохион байгуулах тул холбогдох ажилтнуудыг сургалтад бүрэн хамруулах шаардлагатай.
  • Төсвийн төслийн саналыг ирүүлэхдээ дараа материалыг хамт ирүүлнэ.

а/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төсвийн норм, нормативын эрх зүйн акт (өмнө нь төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн боловч шаардлага хангахгүй байгааг анхаарах)

б/ төсөвт байгууллагын бүтэц, орон тоо, ажиллагсад, цалин, тогтмол зардал зэргийн мэдээлэл. Мэдээллийг оруулахдаа http://wage.mof.gov.mn гэсэн хаягаар хандана. Хэрэглэгчийн нэр ба нууц үг 2009 онд төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан тараагдсан. Хэрэв шаардлагатай бол тус бүрийн төсвийн ерөнхийлөн захирагчаас хандаж дахин авч болно.

Төсвийн байгууллага тус бүр 2008, 2009 оны бүтэц, орон тоо, ажиллагсад, цалин, тогтмол зардлын гүйцэтгэл болон 2011 оны цалингийн төлөвлөлт гэсэн хэсгүүдэд дараах мэдээллийг оруулна. Үүнд:

  • Байгууллагын ерөнхий мэдээлэл
  • Байгууллагын нэгжийн мэдээлэл
  • Орон тооны мэдээлэл
  • Ажиллагсдын мэдээлэл
  • Цалингийн мэдээлэл
  • Тогтмол зардлын мэдээлэл
  • Цалингийн төлөвлөлт

Гарын авлагыг http://wage.mof.gov.mn гэсэн хаягаас татаж авна уу.

Эдгээр мэдээллийг ирүүлээгүй тохиолдолд төсвийн төслийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

7. Төсвийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх хуваарь

Дор дурдсан хугацаанд төсвийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн байна. Үүнд:

  • ТЕЗ төсвийн төслийн саналаа 8 дугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд ирүүлнэ. (Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг хавсралтад заасан хуваарийн дагуу хүлээн авна.)
  • Сангийн яам 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 5-ны хооронд ТЕЗ нартай төсвийн хэлэлцүүлгийг хийн, төсвийн төслийг хянаж дуусна.
  • Сангийн яам төсвийн төсөлд инфляцийн болон бусад бодлогын тохируулгыг 9 дүгээр сарын 5-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд хийж дуусна.
  • Сангийн яам 9 дүгээр сарын 15-наас 30-ны хооронд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.

8. Төсвийн төсөл бэлтгэх маягтууд, тэдгээрийн зааварчилгаа

Маягт 1. ТЕЗ-ийн төсвийн саналын товчоо. Энэхүү маягт нь ерөнхий мэдээллийг агуулсан байна.

–          Энэ хэсэгт ТЕЗ-ийн  нэр, код, төсвийн багцын  ХБГ, зарлагын хязгаар, эдгээрийн зөрүүний тухай үндсэн мэдээллийг оруулна. Түүнчлэн энэ хэсэгт  салбарын нийт орон тоог төрийн албан хаагчийн ангиллын дагуу оруулж өгсөн байх шаардлагатай. Энэ хэсэгт тодорхойлсон зарим үндсэн мэдээлэл бусад маягтын эхэн хэсэгт нэгэн адил давтагдана.

Маягт 2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн Хөтөлбөрийн мэдэгдэл. Энэ хэсэгт одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийн талаарх мэдээллийг хөтөлбөр бүрээр харуулна.  Хөтөлбөрийн тодорхойлолт хэсэгт тухайн хөтөлбөрийн хамрах хүрээ, бүрэлдэхүүн, зориулалтыг товч тодорхойлсон байна. Хэрэв одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээнд (голдуу тоон үзүүлэлт) өөрчлөлт орсон бөгөөд тэдгээр нь төсвийн зарлагын хязгаараас хэтрэхгүй бол энэ маягтад тусган тайлбарлана.

Маягт 3. ТЕЗ-ийн Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт. Энэ маягтаар төсвийн хөрөнгөөр хөтөлбөрийн зорилтыг хэрхэн хангах тухай амлалтыг урьдчилан тооцож  харуулна. Хүрэх үр дүнг тодорхойлохдоо хэт ерөнхий, бүрхэг байдлаар тодорхойлохоос зайлсхийж, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, бодитой, хугацаатай үзүүлэлтийг тодорхойлно. Жишээ нь, Ерөнхий боловсрол хөтөлбөр дэх сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын бохир жинг 58 хувьд хүргэнэ гэх мэт. Тухайн хөтөлбөрийн хамрах цар хүрээ, онцлогоос хамаарч гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хөтөлбөрийн түвшинд ерөнхий эсхүл бүтээгдэхүүн арга хэмжээ, төсөл бүрээр нарийвчлан тодорхойлж болох ба эдгээр нь  хөтөлбөрийн зорилгыг хангах ахиц дэвшлийг хэмжихэд хэрэглэх боломжтой тоон утгаар илэрхийлэгдсэн байна. Жишээ нь: цэцэрлэгт хамрагдах хүүхдийн дундаж тоо г.м.

Төсвийн төсөл бэлтгэхэд шаардагдах тоо, мэртериал доор холбоосууд дээр дарж татан авна уу.

Сангийн Сайдын бичигСангийн Сайдын бичигСангийн Сайдын бичигСангийн Сайдын бичигСангийн Сайдын бичиг

2011-оны төсвийн хязгаар

2011-оны төсвийн хязгаар Office 2003 форматаар

Маягт, хүснэгтүүд

Маягт, хүснэгтүүд Office 2003 форматаар

Төсөв хянах хуваарь

Төсөв хянах хуваарь Office 2003 форматаар

Удирдамж

Удирдамж 2003 форматаар