Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөлөл

Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох,  төсвийн сахилга батыг сайжруулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, батлагдсан төсвийг тоон хязгаарт барьж ажиллах зарчимд шилжих зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийг Монгол Улсын “Мянган Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т суурилсан Засгийн газрын дунд хугацааны бодлогын зорилтуудыг санхүүгийн нөөц хөрөнгийн боломжтой уялдуулан төлөвлөхөд анхаарлаа.

Төсвийн орлогын талаар:

  • Төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлан, 2010 оны төсвийн тодотголын түвшингээс нэмэгдэхээр тооцсон.
  • Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж,  өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2011 онд ДНБ-ний 46.9 хувь, 2012 онд 42.8 хувь, 2013 онд 34.0 хувь байхаар тооцлоо.
  • Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн таамаглалыг дэвшүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын үнийн таамаглалд үндэслэн манай улсын экспортын гол нэр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн болох зэсийн үнийг 2011-2013 онуудад 6800.0-7000.0 ам долларт, алтны үнийг 2011-2013 онуудад 1100.0-1200.0 ам долларт хэлбэлзэнэ гэж үзлээ.
  • Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогын тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлэх зорилгоор “өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөцийн төлбөр”-ийг 2011 оноос эхлэн мөрдөж эхлэхээр тооцсон.

Төсвийн зарлага

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, түүнээс улбаалсан төсвийн хямралын улмаас Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг дайчлах шаардлагыг зүй ёсоор бий болгож байна.

Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийг 2011-2012 онд бүрэн олгохоор тооцож ТХМ-д тусгалаа.

Төсвийн алдагдлын зорилтот түвшинг хангахын тулд төсвийн зарлагын суурь түвшинг 338.0 тэрбум төгрөг  буюу ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулах шаардлагатай байна.

Хөрөнгө оруулалт

Монгол Улсын 2011-2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2011 онд он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээнд 318.4 тэрбум төгрөг, шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад 150.0 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тооцлоо.

Ингэснээр Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлээр нэгдсэн төсвийн нийт орлого ДНБ-ий 46.9 хувь, нийт зарлага ДНБ-ий 50.9 хувь, нийт алдагдал ДНБ-ий 4 хувь байхаар тооцлоо.