Монгол Улсын 2011-2013 оны Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар

1. ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГА, ЗОРИЛГО

Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох,  төсвийн сахилга батыг сайжруулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, батлагдсан төсвийг тоон хязгаарт барьж ажиллах зарчимд шилжих зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийн үндсэн зорилго нь Монгол Улсын “Мянган Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т суурилсан Засгийн газрын дунд хугацааны бодлогын зорилтуудыг санхүүгийн нөөц хөрөнгийн боломжтой уялдуулан төлөвлөхөд оршино.

Сангийн яамнаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран 2011-2013 оны Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөллийг боловсруулсан. /Хавсралт №1/ Эдгээр үзүүлэлтүүд нь 2011-2013 оны төсвийн суурь тооцоог боловсруулах үндсэн үзүүлэлт болон ашиглагдсан болно.

Төсвийн хүрээний мэдэгдлийн тооцоо хүснэгтийг мөн хавсаргав. /Хавсралт №2/

2. ТӨСВИЙН ОРЛОГО

Монгол Улсын төсвийн орлогын бодлого нь дунд хугацаанд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж,  өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2011 онд ДНБ-ний 46.9 хувь, 2012 онд 42.8 хувь, 2012 онд 34.0 хувь байхаар тооцлоо.

Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн таамаглалыг дэвшүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын үнийн таамаглалд үндэслэн манай улсын экспортын гол нэр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн болох зэсийн үнийг 2011-2012 онуудад 6800.0-7000.0 ам долларт, алтны үнийг 2011-2012 онуудад 1100.0-1200.0 ам долларт хэлбэлзэнэ гэж үзлээ.

Уул уурхайн салбар, эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг Монгол Улсын хувьд  бусад улс оронтой адил хөрөнгө оруулагчийн өөрийн үйл ажиллагаанаас үл хамаарсан, гадаад зах зээл дээрх тааламжтай нөхцөл байдлын улмаас бий болсон нэмэгдэл ашгаас  тодорхой хувийг хүртэх шаардлагатай байна. Иймд ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болох нэмэгдэл ашгаас Монгол Улс тодорхой хэсгийг хүртэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлэн 2011 оноос эхлэн мөрдөж эхлэхээр тусгалаа.

3. ТӨСВИЙН ЗАРЛАГА

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, түүнээс улбаалсан төсвийн хямралын улмаас Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг дайчлах шаардлагыг зүй ёсоор бий болгож байна.

Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийг 2011-2012 онд бүрэн олгохоор тооцож ТХМ-д тусгалаа.

Төсвийн алдагдлын зорилтот түвшинг хангахын тулд төсвийн зарлагын суурь түвшинг 338.0 тэрбум төгрөг  буюу ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулах шаардлагатай байна.

Монгол улсын нэгдсэн төсвийн 2011 оны урсгал зардлын суурь түвшинг тооцохдоо 2010 оны зарлага дээр нэмж дараах арга хэмжээний зардлуудыг нэмж тусгалаа.

Арга хэмжээ /тэрбум төгрөг/
1 2010 оны дундуур нэмэгдүүлсэн эрчим хүчний үнэ, тарифын өсөлт 24.1
2 УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн багц хуулийн дагуу нэмэгдэх зардал 100.0
3 Цалин, тэтгэврийг 2010 онд 21.0 хувиар нэмэгдүүлснээр 234.9
4 2010 оны төсвийн тодотголд шинээр тусгагдсан, нэмэгдүүлсэн хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилт 48.2
5 Бараа, үйлчилгээний зардлыг индексжүүлэх 67.7
НИЙТ ДҮН 474.9

Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тХүний хөгжил сангаас олгох хишиг хувийг 2011-2012 онд бүрэн олгож дуусахаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа.

2010 он 2011 он 2012 он
/мянган төгрөг/
Бэлэн мөнгө 120 220 160
Нийгмийн даатгал, ЭМД-ийн шимтгэл 0 250 250
Орон сууц 0 125 125
Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ 0 125 125
Хүний тоо /сая хүн/ 2.7 2.8 2.85
Шаардагдах хөрөнгө /тэрбум төгрөг/
НИЙТ 324 2016 1881
НД, ЭМД-ийн шимтгэлийг хассанаар 324 1316 1168.5

4. ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Монгол Улсын 2011-2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2011 онд он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээнд 318.4 тэрбум төгрөг, шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад 150.0 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тооцлоо.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодит салбаруудын тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд авто зам, эрчим хүч, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх, уул уурхайн томоохон орд газруудыг ашиглаж эхлэхтэй холбоотойгоор авто зам барих, эрчим хүчээр хангах зэрэг төр, засгаас дэвшүүлсэн нэн чухал зорилтыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй байгааг харгалзан УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолоор өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалтыг баталсан.

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 229.1 тэрбум төгрөгийн 67 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан.

Мөн түүнчлэн УБ хотын Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих, Гамшгийн холбоо, шуурхай зарлан мэдээлэх систем байгуулах, “Иргэний ухаалаг үнэмлэх”, “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” зэрэг төслүүд нэмэгдэж одоогийн байдлаар нийт 1,745.9 тэрбум төгрөгийн барилга байгууламжийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барихаар болж байгаа нь ирэх онуудын төсөвт ихээхэн дарамт учруулж, төсвийн ачааллыг нэмэгдүүлж байна.

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын улсын төсөвт үзүүлэх ачааллыг харуулбал,

/сая төгрөг/

# Утга Төсөвт өртөг Эргэн төлөгдөх дүн
2010 2011 2012 2013 2014
1 2010 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар батлагдсан 229,127.1 82,615.7 126,873.6 14,257.7 3,614.7
2 УИХ-ын 2008 оны 47-р тогтоолоор батлагдсан 1,452,266.6 23,505.3 322,778.0 478,245.0 353,809.0 194,055.0
3 УБ хотын Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих 24,500.0 12,250.0 11,025.0 1,225.0
4 Гамшгийн холбоо, шуурхай зарлан мэдээлэх систем байгуулах 6,000.0 3,000.0 2,700.0 300.0
5 “Иргэний ухаалаг үнэмлэх”, “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” хөтөлбөр 34,000.0 10,200.0 10,200.0 13,600.0
НИЙТ 1,745,893.7 106,121.0 462,851.6 517,652.7 382,348.7 195,280.0

Хүснэгтээс харахад өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын арга хэмжээний эргэн төлөлтөөр 2011 онд гэхэд л 126.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр байна.

Үүний зэрэгцээ 2010 оноос дамжиж хэрэгжиж буй 191.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээг 2011 оны төсөвт тусгах шаардлагатай бөгөөд нийтдээ 318.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр байна.

2011 онд шинээр 150.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ гэж урьдчилан тооцов.

Иймээс төсвийн тэнцвэрт байдал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн зохистой харьцааг хадгалах, үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг бууруулахгүйн тулд улсын төсвийн орлого, зарлага, төсвийн алдагдал, ДНБ-д эзлэх хөрөнгийн зардлын эзлэх хувь хэмжээ зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан улсын төсвөөс дараа төлөгдөх нөхцлөөр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төсөвт үзүүлэх нөлөөлөл нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг төсөв, санхүүгийн хувьд бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэж байна.

5. ТӨСВИЙН ТЭНЦЭЛ

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтын дагуу 2011 оны төсвийн нийт алдагдлын дээд хязгаарыг ДНБ-ий 4 хувь байлгах зорилт тавиад байгаа билээ. Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлан, зарлага, хөрөнгө оруулалтын шаардлагатай өөрчлөлтүүдийг тооцон тусгаснаар нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэх хувиар 2011 онд 4.0 хувь, 2012 онд 3.0 хувь, 2013 онд 2.0 хувь байхаар байна.

Гэвч улсын төсвийн мөнгөн хөрөнгийн цэвэр хөрөнгө 2011 онд 185.6 тэрбум төгрөгөөр дутагдахаар байгаа тул үүнийг нөхөх зорилгоор Засгийн газрын бонд гаргана гэж тооцон хүүгийн зардлыг тусгасан.

6. УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ШИЙДВЭРЭЭР ГАРГАЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД, ТЭДГЭЭРИЙН ҮНДСЭН БОЛОН ХҮҮГИЙН ТӨЛӨЛТӨӨР ТӨСӨВТ ҮЗҮҮЛЖ БУЙ АЧААЛАЛ

Сүүлийн үед УИХ, ЗГ-аас банкны салбарын бүтцийн өөрчлөлт, санхүүгийн хүндрэлд орж дампуурсан банкуудын харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөнд баталгаа гаргах, олон улсын санхүүгийн зах зээлд нэвтрэх, санхүүгийн гадаад, тогтвортой эх үүсвэрийг бий болгох зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг гадаад, дотоодын зах зээлд дунд болон урт хугацаанд бонд гаргах замаар бүрдүүлэх шийдвэрүүд нилээд гарч байна. Гэвч эдгээр шийдвэрүүд нь төсөвт дараахь байдлаар хүндрэл учруулж байна. /Хавсралт 3/

  • Төсвийн алдагдал

Засгийн газрын бонд нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх тухайлбал банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг дэмжих, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг тодорхой зорилт бүхий шийдвэрүүдэд үндэслэн гаргасан бол Засгийн газрын зардалд зайлшгүй тусгагдах бөгөөд төсвийн алдагдлыг тэр хэмжээгээр нэмэгдүүлнэ.

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль батлагдсанаас хойш УИХ, ЗГ-аас тогтоол шийдвэрүүд нь гарсан барилгын санхүүжилтийн 80.0 тэрбум төгрөг, Зоос, Төрийн банкны 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондын зардлыг төсвийн тодотголоор тусгах шаардлагатай. Энэ нь нийт зардлыг нэмэгдүүлж, мөн хэмжээгээр төсвийн алдагдлыг өсгөх бөгөөд улмаар УИХ-ын 42 дугаар тогтоолоор батлагдсан 2010-2012 оны Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Стэндбай хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх эрсдлийг бий болгож байна.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүд хангагдахгүй тохиолдолд 2010 онд хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд олгогдох 56.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл зогсож эх үүсвэргүй зардал нэмэгдэх, мөн Монголбанкинд валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор байршуулсан хөрөнгө татагдан гадаад валютын нөөц огцом буурах сөрөг үр дагавар бий болох юм.

  • Үндсэн төлбөр болон хүүгийн зардал

УИХ, ЗГ-аас өнөөг хүртэл гаргасан Засгийн газрын бонд гаргахтай холбоотой шийдвэрүүд болон гаргахаар хэлэлцэгдэж буй бондуудыг бүтэн арилжаалагдахаар тооцон үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг тооцоолоход 2010-2019 оны хугацаанд Засгийн газар нь 2,023.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 497.9 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр нийт 2,521.2 тэрбум төгрөгийг гадаад болон дотоод бондод төлөхөөр байгаа нь ирэх жилүүдийн мөнгөн хөрөнгийн удирдлагад нилээд томоохон эрсдлийг бий болгож байна. Үүнээс 2011 онд 149.2 тэрбум төгрөг, 2012 онд 152.8 тэрбум төгрөг, 2013 онд 205.4  тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирэхээр байна.

Бодлогын бондоос гадна төсвийн мөнгөн хөрөнгийн дутагдлыг санхүүжүүлэх бондын үндсэн төлбөр, хүүгийн зардлын төсөвт учруулах дарамт сүүлийн жилүүдэд ихээхэн өсч байна. Ялангуяа, төсвийн орлогыг хиймлээр өсгөн нэмэгдүүлэн төлөвлөх нь орлогын гүйцэтгэл дутахад хүргэж, улмаар тухайн дутагдлыг бонд гаргах хэлбэрээр нөхөх явдал гарах болсон. Тухайлбал, орлогын тасалдлаас үүссэн мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 2009 оны эцэст 170.0 тэрбум төгрөгийн бондыг гаргасан.

2010 оны төсвийн мөнгөн хөрөнгийн дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор 98.0 тэрбум төгрөгийн бондыг гаргахаар төлөвлөсөн. 2011 оны төсвийн хүрээний суурь тооцоогоор нэмэлт бондыг гаргах шаардлага тулгарах магадлалтай. Ингэснээр 2011 оны суурь тооцоогоор зөвхөн хүүгийн зардалд 70.0 орчим тэрбум төгрөг шаардагдахаар байна. Эдгээр бондын үндсэн төлбөр нь ирэх жилүүдэд мөнгөн хөрөнгийн тэнцлийг муутган, зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн хомсдолд оруулах эрсдэл дагуулна.

Олон улсын практикт төсвийг алдагдалтай төлөвлөсөн тохиолдолд баримтлах “Алтан дүрэм” гэж бий. Энэ нь алдагдлыг нөхөх эх үүсвэрийн зээлийг урсгал зардалд бус, зөвхөн хөрөнгө оруулалтад зориулах явдал юм. Төсвийн орлогын боломжоос хэтэрсэн зарлага төлөвлөж, түүнийгээ ирээдүйд эргэн төлөгдөх өглөг үүсгэдэг зээл, бондоор санхүүжүүлэх бодлого нь дунд болон урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдлийг дагуулж байна.

7. НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД, ТЭДГЭЭРТ ШААРДАГДАХ ХӨРӨНГӨ

“Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т нийгмийн халамжийн талаар тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог одоогийн тогтолцооны хувьд боловсруулахад нийт 6.5 их наяд төгрөгийн хөрөнгө нэмж шаардагдахаар буюу 2011, 2012 онуудын төсөвт энэ хэмжээний дарамтыг үзүүлэхээр байна.

# Агуулга Шаардагдах зардал ТАЙЛБАР
1 Алдарт эх I,II  одонтой эхэд олгох тэтгэмж 381,7 Тооцоог хийхдээ одоо олгож байгаа тэтгэмжийн дүнг хасч тооцсон болно. Хүний тоонд өөрчлөлт орогүй.
2 Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд олгох тэтгэмж 19,2 Халамжийн газраас гаргасан тооцоогоор 16 мянган эх байна.
3 Үнэ ханшны өсөлт, өөрчлөлтийн тухай бүр тооцож , цалинг 3 дахин нэмэгдүүлнэ 1217,4 Цалин, НДШимтгэлийг хамтад нь тооцож оруулав
4 Үнэ ханшны өсөлт, өөрчлөлтийн тухай бүр тооцож  тэтгэвэр, тэтгэмжийг 3 дахин нэмэгдүүлнэ 943,8 Халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжид халамжийн тэтгэвэр, жирэмсэн, хөхүүл эхийн тэтгэмж, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг хамруулсан болно. /24.2+18.7+12.1/ =55, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийг бүгдийг авсан болно.
5 Алслагдсан болон говийн бүсийн зарим сум, байгалийн хүнд нөхцөлд амьдарч , ажиллаж буй иргэдэд нийгмийн хөнгөлттэй үйллчилгээ үзүүлэх, нэмэгдэл олгох оновчтой тогтолцоог бий болгоно. 21,4 Увс, Баян-Өлгий, Ховд,Говь-Алтай, Завхан, Дорноговь,Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудыг хамааруулан нэмэгдлийг 10 хувиар тооцов. Өсөлтийг цалингийн өсөлтөөр тооцож, шимтгэлийг бодож оруулсан болно.
6 3 хүртэлх насны хүүхэдтэй эх/эцэг/-т хүүхэдээ асарсны тэтгэмжтэй чөлөө олгох 218,0 Халамжийн газраас гаргасан эх сурвалжаар 190 мянган эх хүүхдээ асарсны тэтгэмжийн чөлөө авахаар тооцсон байна.Тэтгэмжийн хэмжээний хувьд Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан 24 мянган төгрөгийг хэвээр хадгалахаар тооцсон.
7 Иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийхэн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Халамжийн болон бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зохицуулагдах болно.
8 Ахмад настан үзүүлэх дэмжлэг, бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг жил дараалан өсгөж, 2012 онд 3 бахин өсгөнө. Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлэхэд нэмж шаардагдах  хөрөнгийн тооцоо энэ хүснэгтийн тэтгэвэр, тэтгэмжийг 3 дахин нэмэх тооцоонд орсон болно.
9 Үнэ тарифын хэт өсөлттэй уялдуулж нийгмийн эмзэг бүлгийн хүн амд хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ Хууль, эрхзүйн орчныг тогтоохоор тусгай ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд одоогоор  шаардагдах хөрөнгийн   тооцоог хийхэд хамрах хүрээ, олгох дэмжлэгийн хэмжээ, эх үүсвэр зэрэг нь тодорхойгүй байна.
10 “Хувь хишиг” сан байгуулах тухай хуулийг батлуулж , стратегийн томоохон орд газруудыг ашиглалтад оруулснаас олох ашгаас Монголын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн эх орны хишиг хүртээнэ 3726,0 2007 оны суурин хүн ам болох 2700.0 мянган хүнээр тооцов./2010 онд төсөвт тусгагдсан 324 тэрбум төгрөгийг хасч тооцов. 1.5*2700=4,050.0/
ДҮН 6527,5

8. ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ХУВЬ ХИШГИЙН ТАЛААР

8.1      Хүний хөгжил сангийн орлого, эх үүсвэр   2011-2013 онуудад, хувь хишгийг олгоход шаардагдах хөрөнгө

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу Хүний хөгжил сангийн орлогын эх үүсвэр нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашиг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг, хөрөнгө оруулалтын цэвэр ашиг болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлээс бүрдэхээр заасан.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн татварын зардал 2011 оноос эхлэн буурч, үүнтэй уялдан тус үйлдвэрийн төсөвт төлөх ногдол ашгийн орлого 2012 оноос эхлэн нэмэгдэх болно. Түүнчлэн Оюу Толгой төсөл 2013 оноос эхлэн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсонтой холбоотойгоор хүний хөгжил сангийн орлогын гол эх үүсвэр болсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төвлөрүүлж эхлэхээр байгаа юм.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4 дэх хэсэгт заасны дагуу, мөн “Оюу Толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хөрөнгө оруулагчаас 100.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг 2011 онд хүний хөгжил санд төвлөрүүлэхээр байгаа бөгөөд энэхүү 100.0 сая ам.долларын хөрөнгийг эх үүсвэр талд тусгалаа.

Ингэснээр Хүний хөгжил сангийн орлого болон эх үүсвэр нь 2011 онд 373.9 тэрбум төгрөг, 2012 онд 306.9 тэрбум төгрөг, 2013 онд 364.8 тэрбум төгрөг болохоор байна.

Иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийг бүрэн хэмжээгээр олгоход үлдэх хугацаанд нийт 3,726.0 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд Хүний хөгжил сангийн 2011-2013 онуудад бий болох орлого, эх үүсвэрийг бүрэн дайчилна гэж тооцоход дахин 2,680.4 тэрбум төгрөг шаардагдахаар байна.

8.2 Хүний хөгжил сангийн хувь хишгийн эдийн засагт үзүүлэх нөлөө

Ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлт нь голлон уул уурхайн салбараар хангагдах тул өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт энэ хэмжээгээр нэмэгдэхгүй, нөгөө талаас бүх зээл уул уурхайн салбарт очихгүй тул инфляци буурах үндэслэлгүй юм.

Иймд эх  орны  хувь хишгийн  эдийн  засагт  үзүүлэх нөлөөг  энгийн  онол,  тайлбараар  бус  бодит  байдалд  суурилсан,  үүний  нөлөөг  бүрэн илэрхийлэхүйц  эмпирик  загварын  тусламжтайгаар  судлах  нь  макро  эдийн  засгийн бодлогыг  амжилттай  хэрэгжүүлэхэд  чухал  ач  холбогдолтой  хэмээн үзсэний үүднээс Монголбанкнаас  SMIM  загварын  симуляци шинжилгээг хийсэн байна.

Одоо байгаа мэдээллээр Монгол улсын нийт хүн амын тоо 2.7 сая байна. Иймээс Засгийн газраас  иргэн  бүрт  1.5  сая  төгрөг  олгох  тохиолдолд  нийт  4.0  орчим  их  наяд  төгрөгийн зарцуулалт  хийгдэх юм.

Тус  судалгааны  хүрээнд  2010  оноос  эхлэн  иргэн  бүрт  1.5  сая төгрөгийг  3  жилд  тэнцүү  хэмжээ  (1  жилд  500.0  мянган  төгрөг)-гээр  олгох  тохиолдолд макро  эдийн  засагт  ямар  нөлөө  үзүүлэхийг  тооцсон байна.

Тооцооны  үр  дүнгээс  үзэхэд  төсвийн  зардал  1  улиралд  10  хувиар  өсөх тохиолдолд жилийн инфляци 6 улирлын дараа суурь утгаас 0.35 нэгж хувиар, харин эдийн засгийн  өсөлт  4  улирлын  дараа  0.2  нэгж  хувиар  өсөхөөр  гарчээ.

Иргэн бүрт 500.0 мянган төгрөг олгосноор төсвийн зардал нэмэгдсэнээс бий болох инфляцийг нөлөөг мөнгөний бодлогын хэрэгслээр бууруулахын тулд бодлогын хүүг хангалттай өндөр түвшнээр өсгөж, ТБҮЦ-ны хэмжээг 80 хүртэл хувиар өсгөх шаардлагатай болно. Үүнтэй альтернатив нэг сонголт нь заавал  байлгах  нөөцийн  хувийг  нэмэгдүүлэх  явдал  юм.

Симуляци  шинжилгээний  үр  дүнгээс  үзэхэд  эх  орны  хишиг/эрдэнийн  хувийг  олгох тохиолдолд   нэг  дор  их  хэмжээгээр  бус  харин  4  улиралд  тархаан  олгох  нь  инфляцид үзүүлэх  нөлөөг  бууруулах,  инфляци  огцом  өсч  цаашид  ч  үргэлжлэн  өснө  гэсэн  хүлээлт бий  болгохгүй  байхад  чухал  үүрэгтэй.  Тухайлбал,  уг  мөнгийг  бөөн  дүнгээр олгосноор  инфляцид  үзүүлэх  хамгийн  хүчтэй  нөлөө  4-5  улирлын  дараа  илрэхээр  байгаа бол  жил  дотор  нь  улирал  бүр  олгосноор  инфляцид  үзүүлэх  хамгийн  хүчтэй  нөлөө  8-9 улирлын  дараа  ажиглагдана гэж дүгнэсэн байна.

Үүний  зэрэгцээ  2010  онд  иргэн  бүрт  125.0 мянган төгрөгөөс  дээш  хэмжээний  мөнгө  олгох  тохиолдолд  Монголбанк  инфляцийг  зорилтот түвшин болох 8.0 хувьд барих боломжгүйд хүрэх бөгөөд 500.0 мянган төгрөг ба түүнээс дээш дүнтэй мөнгө олгох тохиолдолд ойрын 3-4 жилд инфляци 2 оронтой тоонд байхаар байна.

Үр  дүнгээс  үзэхэд  хувь хишгийг олгосноор 2010 онд бодит мөнгөний зөрүү суурь утгаас 8 орчим нэгж хувиар  өндөр  гарч,  төгрөгийн  ам.доллартай  харьцах  ханш  0.7  хувиар  суларч,  эдгээрийн дүнд жилийн инфляци 2010 онд суурь утгаас 1.0 нэгж хувиар, 2011 оны 2 дугаар улиралд 3.5  нэгж  хувиар  өндөр  гарахаар харагдаж  байна.

Түүнчлэн  уг  зардлыг  Засгийн  газар  төв  банкинд  бонд  гаргах  хэлбэрээр санхүүжүүлбэл тус дүнгээр нөөц мөнгө өсөхөд хүрэх юм. Иймд 2010 онд иргэн бүрт 500 мянган  төгрөгийг  улирал  бүр  тэнцүү  хэмжээгээр  хуваан  олгоход  гарах  нөлөөг  нөөц мөнгөний  импульсээр  судлахад эдийн  засагт мөнгөний  илүүдэл  үүсэх  нөхцөл  бүрдэх  буюу  мөнгөний  зөрүү  суурь  утгаас  50  хүртэлх нэгж хувиар нэмэгдэж,  төгрөгийн  ам.доллартай  харьцах ханш  2.7 хүртэл хувиар  суларч, үүний  дүнд жилийн инфляци  2010  онд  суурь  утгаас  2.0 нэгж хувиар,  2011  онд  9.5 нэгж хувиар, 2012 онд 4.0 нэгж хувиар, 2013 онд 1.0 нэгж хувиар өндөр гарна гэж үзсэн байна.

Дүгнэлт. Монгол банкнаас хийсэн энэхүү судалгаагаар Хүний хөгжил сангийн хувь хишгийг бэлэн мөнгөөр олгох нь инфляцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг сулруулах сөрөг үр нөлөөтэй болох нь тодорхой харагдаж байна.

Иймд хувь хишгийн тодорхой хэсгийг бэлэн мөнгөөр, бусад хэсгийг нь Хүний хөгжил сангийн тухай хуульд заасан бэлэн бус хэлбэрүүдээр олгох нь зүйтэй юм. Ингэхдээ тэдгээрийн зохист харьцааг макро эдийн засгийн бусад үзүүлэлтүүд, эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр, эдийн засгийн шингээх чадварт нийцүүлэх байдлаар тогтоож олгох замаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй тооцоог доорх холбоос дээр дарж татан авна уу

Монгол Улсын 2011-2013 оны Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл