Төрийн албан хаагчдын цалин хөлсний шинэчлэл, нийгмийн баталгааны талаар

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар 1991 оны 149 дүгээр тогтоолоор цагт 2 төгрөг 87 мөнгө буюу сард 560 төгрөгөөр тогтоосон бөгөөд үүнээс хойш 17 удаа шинэчлэн тогтоожээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  2007 онд  30 хувь нэмэгдүүлж, 69000 төгрөгөөр тогтоосон. Төрийн албан хаагчдын цалингийн өсөлт, хүн амын амьжиргааны өртөгтэй уялдуулан 2007 оны 10 дугаар сараас эхлэн 90000 төгрөг улмаар 2008 онд 108000 төгрөг болгосон. 1991 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 193 дахин, төрийн албан хаагчдын цалин дунджаар 190 дахин өссөн байна. Хөдөлмөрийн хөлсийг энэ хэмжээнээс илүү нэмэгдүүлэх нь тэтгэвэрийн доод хэмжээг өсгөж төсөвт нэмэлт ачаалал үүсгэхээс гадна жижиг аж ахуйн нэгжүүдэд дарамт болох талтай юм.

2. Төрийн албан хаагчдын цалин хөлс

УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу 2007 оны төсвийг батлахдаа төрийн албан хаагчдын цалинг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлж 250000 төгрөгт хүргэхээр баталсан. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхдээ цалингийн систем , төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийн тогтолцоог шинэчилсэн арга хэмжээтэй уялдуулан хийсэн нь өмнө нь цалин хөлсийг нэмэгдүүлж байсан зарчмаас дэвшилттэй болсон. 2008 онд цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлттэй зэрэгцүүлэн хийх замаар шинэчлэлийг гүнзгийрүүлж  цалин хөлсний уян хатан бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албаны ажиллагсдыг тогтвор, суурьшилтай ажиллах итгэл үнэмшлийг төрүүлэх, үнэлэмж, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах бодлогыг хэрэгжүүлэх болно. Ингэснээр өндөр боловсролтой, чадварлаг залуучуудыг төрийн албанд ажиллах идэвх, сонирхолыг төрүүлэх ач холбогдолтой. Зах зээлийн харилцааны өрсөлдөөний үед улс орнууд төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаагаар дамжуулан төрийн албаа бэхжүүлэх зарчмыг баримталдаг байна. Иймд төрийн албан хаагчдын дундаж цалинг 300 мянган төгрөгт хүргэсэнээр улсын хэмжээний дундаж цалингаас харьцангуй дээгүүр болох болно. Төсвийн төлөвлөлтийн шинэчлэлийн хүрээнд  төрийн албаны зарлагыг бүтээгдэхүүнд буюу үр дүнд чиглэсэн байдлаар санхүүжүүлж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, хөдөлмөрийн үнэлгээг хувийн хэвшилтэй өрсөлдөхүйц түвшинд хүргэх үйл ажиллагаатай энэ арга хэмжээ уялдаж байгаа юм.

Төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, цалин хөлсний шинэчлэлийг 2007 онд хэрэгжүүлсэн  тухай

Шинэчлэлийн зарчим:

1. Төрийн албан хаагчийн дундаж цалинг 2007.10.1-нээс 250 мянган төгрөгт, 2008.1.1-нээс 300 мянган төгрөгт хүргэх

2. Мэргэжилтэй албан хаагчдын цалин ижил түвшинд байх (багш, эмч, төрийн удирдлагын байгууллагын албан хаагч, төрийн тусгай албан хаагч)

3. Дээрх түвшинд үндэслэн төрийн албаны албан тушаал, хариуцлагын тогтолцооны дагуу цалингийн ялгаварлал тогтоох (Удирдах удирдуулах ёс, тухайн байгууллагын үйл ажиллагааны хүрээ, ажлаа тайлагнах системийн дагуу)

4. Төрийн жинхэнэ албан хаагчдын (төрийн тусгай болон төрийн захиргааны) болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зохистой харьцааг барих

5. Мэргэжлийн үнэлэмж, цалин хоорондын уялдааг сайжруулах

6. Шүүх, прокурор, төрийн өндөр албан тушаалтны цалин болон доод тушаалын албан хаагчдын цалин хоорондын харьцааг олон Улсын жишигт нийцүүлэн тогтоох

Шинэчлэлийг хэрэгжүүлсэн стратеги:

1.Төрийн албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосон

2.Төрийн үйлчилгээний салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг салбар тус бүрээр тусгайлан тогтоосон

а.Салбараар ялгавартай тогтоохдоо мэргэжил хоорондын дүйцүүлэх зэрэглэлийг алдагдуулахгүй байх;

б.Салбар тус бүрээр ялгавартай тогтоосноор цаашид төрийн үйлчилгээний албыг арилжааны горимд шилжүүлэх, цалинг зах зээлийн үнэлгээний дагуу уян хатан тогтоох шинэчлэлийг хийх суурь болгох ач холбогдолтой.

3.Боловсрол, эрүүл мэндийн салбарын зайлшгүй шаардлагатайгаас бусад төрлийн нэмэгдэл, хөлсийг үндсэн цалинд оруулан тооцсон;

4.Төрийн албаны ангилал зэрэглэл, цалингийн тогтолцооны шинэчлэлийг цалинг нэмэгдүүлэх арга хэмжээтэй уялдуулан хийсэн нь бодлогын шинжтэй томоохон алхам хийх боломжийг Засгийн газарт бүрдүүлсэн.

Шинэчлэлийг хийснээр хүрэх үр дүн:

Бодлогын зөвлөгөө өгөх, хэрэгжүүлэх байгууллагын цалингийн тогтолцоог шинэчилснээр мэргэжилтэй боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн албыг өндөр мэргэжил, чадавхитай  боловсон хүчнээр бэхжүүлэх, боловсон хүчний хөдөлмөрийн үнэлэмжийг хувийн хэвшил болон Улсын секторт ижил түвшинд хүргэх.

Ирэх 2008 оноос төрийн албан хаагчдын цалинг дахин 20 хувиар нэмэгдүүлснээр  дундаж цалин 300 мянган төгрөгт хүрэх болно. Энэхүү арга хэмжээний үр дүнд 2008 оны дундаж цалин 2004 оны түвшингээс 3.5 дахин нэмэгдэхээр байна. Дундаж цалинг 300 мянгад хүргэснээр Улсын хэмжээний нийт цалингийн сан урсгал зардалд  28.9 хувь, төсвийн нийт зарлагад 22.0, ДНБ-д 10.4 хувийг тус тус эзэлж байна.

Цаашид тулгамдаж буй асуудлууд

Өнөөгийн төрийн албаны цалингийн тогтолцоо нь 1995 онд хийгдсэнээс хойш улсын эдийн засгийн байдал, зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явц зэрэгтэй уялдуулан цалин хөлсний тогтолцоог үндсээр нь шинэчлэх шаардлага тулгарч байна. Иймд Засгийн газраас цалингийн тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлэн 2008 онд дараах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

-           Төрийн албаны зарлагыг бүтээгдэхүүнд буюу үр дүнд чиглэсэн байдлаар санхүүжүүлж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, хөдөлмөрийн үнэлгээг хувийн хэвшилтэй өрсөлдөхүйц түвшинд хүргэх. Энэ чиглэлээр эхний алхмуудыг Засгийн газраас хийж, НХХЯ, БСШУЯ, ХХААЯ-ний 2008 оны төсвийг хөтөлбөрт суурилсан хэлбэрээр боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Цаашид 2009 оны төсөвт төрийн бүх байгууллагын төсвийг бүтээгдэхүүнд суурилсан зарчмаар боловсруулж, үр дүнг санхүүжүүлэх хэлбэрт бүрэн шилжинэ.

-           Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хүрээ, чиг үүргийг нарийвчлан судлаж, бүтэц орон тооны шинэчлэл хийх ажлыг 2008 оны 1 дүгээр сараас хийх бөгөөд, үр дүнг нь 2009 оны төсвийн төсөлд тусгахаар төлөвлөж байна.

-           Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын цалинг эмчилгээ, үйлчилгээний өртөгтэй уялдуулан тооцож, хийснээр буюу үр дүнгээр цалинждаг системд шилжих суурь судалгаа, тооцооллыг хийж, 2009 оны төсвөөс эхлэн хэрэгжүүлэх стратегийг боловсруулна

-           Төсвийн байгууллагуудын чиг үүрэг, санхүүжилт-орлогын механизмыг боловсронгуй болгож, зарим бололцоотой хэсгийг арилжааны горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг хийх

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАЛААР

Улсын Их Хурлаар 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль” -ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулан ажил олгогчийн болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг тэтгэврийн даатгал 7.0, тэтгэмжийн даатгал 0.5, эрүүл мэндийн даатгал 2.0, ажилгүйдлийн даатгал 0.5 хувиар нийт 10 хувиар тогтоосон. Энэ дагуу төсөвт байгууллагуудын 2008 оны төсөвт ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хувь хэмжээгээр бодож тусгасан болно. Уг хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээний хувьд Нийгмийн даатгалын Үндэсний Зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газраас тогтоохоор заасан бөгөөд энэ талаар Засгийн газраас шийдвэр гараагүй учраас төсөвт байгууллагуудын хувьд 2008 оны төсөвт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэл төлөх эх үүсвэрийг тусгаагүй батлагдсан.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2008 оны 01 дүгээр сарын 07-ны 1а/041 тоотоор аймаг , нийслэлийн төсөвт байгууллагуудад ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 11 хувиар бодож төлөх талаар албан тоот явуулсан байна. Энэ асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаар тогтоол гарсан бөгөөд энэ тогтоолын 3 –рт “ ҮОМШӨД-ын санд төсвийн байгууллагын 2008 онд төлбөл зохих шимтгэлийн орлогод улсын төсвөөс олгох санхүүжилтийг суутган тооцох зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл нарт даалгасугай” гэж заасан. Иймд төсөвт байгууллагууд шимтгэлийн тооцоог нийт 21 хувиар хийх боловч байгууллагын төсвөөс 20 хувийг төлж, 1 хувийг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас өр үүсгэсэн хэмжээгээр төлж өрийг хаасан бичилтийг хийх зарчмыг баримталж байна. Энэ зохицуулалтийг хийхтэй холбогдсон түр журмыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2008 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 169 дугаар тушаалаар баталсан. Харин ҮОМШӨ даатгалын сангаас авбал зохих тэтгэвэр, тэтгэмжийг зохих журмын дагуу авах эрх үүсч байгаа болно.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТАЛААР

АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР БАРИМТАЛЖ БАЙГАА БОДЛОГО

“Төрийн албаны тухай хууль”-ийн дагуу төрийн албан хаагчийг улстөрийн, төрийн захиргааны, төрийн тусгай болон төрийн үйлчилгээний гэж ангилан үзэж байгаа боловч уг хуулиар төрийн албан хаагчийн ерөнхий эрх зүйн зохицуулалтыг бүгдийг нарийвчлан тогтоосон. Гэвч салбар, байгууллагын чанартай хуулийг батлахдаа  тухайн салбар, байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтын хүрээнд энэ салбарт ажиллагсдын нийгмийн баталгааны хэсгийг тусгайлан авч үзэж тусгах хандлага их байна. Өнөөгийн байдлаар Төрийн албаны тухай хуулиас бусад салбар, байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан шинж чанартай 38 хуулинд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны асуудлыг тусгайлан тусгасан байна. Салбар, байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудад тусгагдсан заалтуудыг судлан үзхэд нилээд хэсэг нь “Төрийн албаны тухай хууль”-д байгаа заалтуудыг,  зарим хэсэг нь Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль гэх мэт бусад хуулиуудад тусгагдсан заалтуудыг давхардуулан оруулсан байна. Мөн түүнчлэн зарим төрийн албан хаагчдыг хэтэрхий тусгайлан авч үзсэн заалтууд ч байна. Зарим салбарын хууль салбарын үйл ажиллагааг зохицуулахаас тлүүтэй тухайн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн гэж үзхээр байна. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны талаар хуульд тусгагдсан заалтуудыг дараах байдлаар бүлэглэн авч үзвэл:

Агуулга Энэ талаар тусгасан хуулийн тоо Ялгаа
1 Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 13 6-36 сар
2 Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт олгох тэтгэмж 22 3-5 жил
3 Албан үүргээ гүйцэтгэж байгаад  хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тухайн ажилтанд олгох тэтгэмж, бусад зардал 16 хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүү – цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгох, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг олгох болон бусад нөхцөл.
4 Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаа ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд олгох тэтгэмж 8 Цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу өөр ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацааны тэтгэмж авах, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүг мөн хугацаанд олгох.
5 Ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох 7 Нэг жилийг 1.2 -1.6 жилээр тооцох
6 Ээлжийн амралтын хугацаанд нэмэгдэл хоног олгох 8 Ажилласан 3-5 жил тутамд 2-3 өдөр
7 Бусад 29 Нийгмийн хамгааллын чиглэлийн бусад олон төрлийн хөнгөлөлт, тэтгэмж

Ингэж Төрийн албаны тухай хуулиас гадуур олон хуульд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны чиглэлээр төрөл бүрийн хөнгөлөлт, тэтгэмжийн талаарх заалт оруулж байгаа нь энэ талаар төрөөс нэгдсэн бодлого, зохицуулалт явуулах, уялдаа холбоог  сайжруулах боломжийг алдагдуулж байна. Дээрх хүснэгтээс үзхэд  төрийн албан хаагчдад үзүүлж байгаа тэтгэмж, хөнгөлөлтүүд нь салбар бүрт ялгавартайгаар олгогдож байна. Тухайлбал, төрийн албан хаагч  тэтгэвэрт гарахад 6-36 сарын,  албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь 3-5 жилийн тэтгэмжийг байгууллага, албан тушаалын ялгавартайгаар олгодог , албан үүргээ гүйцэтгэж байгаад хөдөлмөрийн чадвараа түр алдсан нөхцөлд цалин тэтгэмжийн зөрүүг олгодог, зарим албан тушаалтаны ажилласан хугацааг тооцохдоо нэг жилийг  1,2-1,6 жил ажилласнаар тооцдог, ээлжийн амралт олгохдоо тухайн албан тушаалд ажилласан 3-5 жил тутамд 2-3 хоногийн нэмэгдэл амралт олгодог гэх мэт хөнгөлөлт, тэтгэмжүүд нилээд нийтлэг байгаа зэргээс гадна тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж гэхэд хоорондох ялгаа нь 30 сарын зөрүүтэй бол албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт олгох тэтгэмжийн ялгаа 4 жил,  албан үүргээ гүйцэтгэж байгаад  хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тухайн ажилтанд олгох тэтгэмж, бусад зардал, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох,  ээлжийн амралтын хугацаанд нэмэгдэл хоног олгох зэрэг хөнгөлөлтүүд зөвхөн зарим төрийн албан хаагчид хамаардаг гэх мэт.

Мөн зарим салбарт онцгойлсон урамшуулал , тэтгэмжийн систем үйлчилж байна. Тухайлбал, Улсын хилд 5 жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн суманд 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн хороонд 35 хувь, нийслэл, аймгийн төв, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн хороо, агаарын довтолгооноос хамгаалах салбарт 25 хувиар бодож нэгтгэн 5 жил дутамд олгох, хилийн суман, харуулд алба хааж байгаа офицер, ахлагч хүнсний хангамж үнэгүй эдлэх, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаагаар Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн хүний насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоох, Цэргийн анги, байгууллагын мэдлийн орон сууцанд амьдарч байгаа офицер, ахлагчийн орон сууцны хөлсийг 30 хүртэл хувиар хөнгөлөх, хэрэв орон сууцаар хангаагүй бол орон сууцны үнэлгээт хөлсний 30 хувьтай тэнцэх тусламжийг олгох, Авилгатай тэмцэх газар, Прокурорын болон Гал түмэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг  заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг төсвөөс хариуцах, Олон улсын хөл хориот өвчний голомтод болон байгалийн гамшиг, осол, бусад онцгой тохиолдолд гэнэтийн дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд цалин хөлсийг 3 дахин нэмэгдүүлж олгох зэрэг олон төрлийн урамшуулал, хангамж байдаг байна.

Хэдийгээр салбарын онцлог, хүндрэлтэй байдлыг харгалзан зарим төрлийн ялгаа байх шаардлагатай боловч төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагчдыг хэт ялгаварлан үзсэн байдлыг үүсгэж байна. Түүгээрч үл барам төрийн албаны нэг ангилалд багтах албан хаагчдын хувьд ч ялгаатай байна.

Иймд эхний ээлжинд дараах асуудлуудыг шийдвэрлэж холбогдох хууь, тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1.  Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаатай холбогдсон асуудлуудыг нэгтгэн давхардлыг арилгах, нэгдсэн зохицуулалтыг хангах зарчмыг баримтлан зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулах ;

2.Салбарын хуулиудад байгаа нийгмийн баталгаатай холбогдсон бүлэг, хэсэг, заалтуудыг нягтлан авч үзэх;

3.Тухайн салбарын албан хаагчдын ажлын онцлог, хүндрэл, бэрхшээл, хариуцлагын тогтолцоог харгалзан  зарим төрлийн нэмэлт хөнгөлөлт, тэтгэмжийг хэвээр хадгалах, гэхдээ олгож байгаа шалгуур үзүүлэлт, тооцож байгаа эх сурвалжуудыг нэг жишигт шилжүүлэх