Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оны гүйцэтгэлээр оны үнээр 6,055.8 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 3,564.3 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 1.6 хувиар буурсан байна. ДНБ-ий бодит бууралтад бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 26.6 хувиар, санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагааны салбар 20.4 хувиар, барилгын салбар 48.8 хувиар, бүтээгдэхүүн, үйлчилгээний татварын нийт хэмжээ 16.6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Энэ нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсын эдийн засаг, банк санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж, ялангуяа бодит салбарын хөгжлийг удаашруулсантай холбоотой юм.

Санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах талаар УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоол батлагдаж, түүний хэрэгжилтийг хангах Засгийн газрын 2009 оны 66 дугаар тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2009 оны 3 дугаар улирлаас эхлэн зарим нааштай хандлагууд ажиглагдаж эдийн засаг тогтворжих шатандаа орсон. Үүний жишээ бол гадаад худалдааны алдагдал багассан, төсвийн алдагдал тогтворжсон, гадаад валютын нөөц нэмэгдсэн, инфляцийн түвшин тогтвортой байгаа зэрэг эерэг хандлагууд юм. Мөн Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Стэнд-бай ” тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2009 онд зээлдэгч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас 200.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авч ашигласан бөгөөд төсөв, мөнгөний үзүүлэлтүүдийг хөтөлбөрт заагдсан шалгуур түвшинд нь тогтворжуулж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Доорх холбоос дээр дарж татна уу.

Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан татах