Монгол улсын 2009 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2009 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн гаргалаа. 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 95.4 хувийн биелэлттэй, нийт зарлага 93.6 хувийн биелэлттэй гарч улмаар төсвийн нийт алдагдал 328.6 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 64.5 тэрбум төгрөгөөр төсвийн алдагдал сайжирсан байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан хөтөлбөрт заасан шалгуур үзүүлэлтүүдээ хангаж ажилласны үр нөлөөгөөр бусад харилцагч донор улс орнуудаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж 200.1 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрөөд байна.

Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл:

А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт:

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1993.0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 95.3 тэрбум төгрөгөөр буюу 5.6 хувиар дутуу биелж, 2008 оны мөн үеийнхээс 7.6 хувиар буюу 163.4 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг бүрдүүлж буй эх үүсвэрээр нь авч үзвэл 81.5 хувь нь татварын орлогоос, 17.6 хувь нь татварын бус орлогоос, 1.2 хувь нь тусламжийн орлогоос, 0.2 хувь нь хөрөнгийн орлогоос тус тус бүрдсэн байна.

Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр харуулвал:

  • Улсын төсвийн орлого 1437.6 тэрбум төгрөгт хүрч 11.3 хувиар буюу 183.7 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс дутуу биелсэн байна. Үүнд орлогын албан татварын орлого 8.1 хувиар буюу 18.1 тэрбум,  дотоодын бараа, үйлчилгээний албан татвар 19.6 хувиар буюу 122.0 тэрбум, гадаад худалдааны орлого 28.9 хувиар буюу 47.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс дутуу төвлөрсөн нь нөлөөлсөн байна.
  • Орон нутгийн төсвийн орлого 281.6 тэрбум төгрөгт хүрч 8.0 хувиар буюу 20.8 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Орлогын албан татварын орлого 15.6 хувиар буюу 17.3 тэрбум, дотоодын бараа, үйлчилгээний албан татварын орлого 3.9 хувиар буюу 0.3 тэрбум, бусад татварын орлого 3.5 хувиар буюу 3.0 тэрбум, татварын бус орлого 9.5 хувиар буюу 2.5 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс илүү төвлөрч, хөрөнгийн орлого 45.5 хувиар буюу 2.5 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Нийслэлийн хувь хүний орлогын албан татварын орлого 11.8 тэрбум, татварын бус орлого 1.2 тэрбум төгрөгөөр тус тус давж, хөрөнгийн орлого 2.2 тэрбум төгрөгөөр дутуу биелж, нийт дүнгээр 11.3 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж биелсэн байна. Орхон аймгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 1.6 тэрбум, газрын төлбөрийн орлого 0.4 тэрбум, өмчийн татварын орлого 0.3 тэрбум төгрөгөөр тус тус давж, аймгийн дүнгээр 2.3 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давсан байна. Өмнөговь аймгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 1.5 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлого 0.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давж, аймгийн нийт дүнгээр 2.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж биелсэн. Төв аймгийн хувь хүний орлогын албан татварын орлого 0.3 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 2.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс дутуу биелснээр тус аймгийн нийт орлого 1.8 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Түүнчлэн Сүхбаатар, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор аймгуудын орлого 0.8-0.5 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж, Архангай аймгийн орлого 0.1 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна.
  • Монгол Улсыг хөгжүүлэх санд алтны үнийн өсөлтийн татварын орлого 186.5 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөөнөөс 56.9 тэрбум төгрөгөөр давсан. Нийгмийн даатгалын сангийн орлого 320.1 тэрбум болж 1.4 хувиар буюу 4.5 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөөг давуулсан. Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгох 145.9 тэрбум төгрөгийн татаас, санхүүжилтийг бүрэн олгосон байна.

Б. Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт:

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2481.3 тэрбум төгрөг, үүнээс улсын төсвийн зарлага 1854.7 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн зарлага 2321.6 тэрбум төгрөг болж, төлөвлөгдсөн нийт зарлагын 93.6 хувийг, улсын төсвийн зарлага 1730.7 тэрбум төгрөг болж, нийт төлөвлөгдсөн зардлын 93.3 хувийг тус тус санхүүжүүлсэн байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бүрэн тавьж олгосон бөгөөд халамжийн сангаас хүүхдийн мөнгөний хөтөлбөрт 33.6 тэрбум төгрөг, шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тусламжинд 7.8 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгөн тусламжинд 8.9 тэрбум төгрөг, шинэ гэр бүлд олгох мөнгөн тусламжид 18.5 тэрбум төгрөг, ахмад настнуудад үзүүлэх хөнгөлөлт, нэг удаагийн тэтгэмжинд нийт 6.5 тэрбум төгрөг, жирэмсэн нярай эхчүүдэд 16.8 тэрбум төгрөгийн, ахмад дайчдын орон сууцны дэмжлэгт 3.5 тэрбум төгрөгийн халамжийн санхүүжилтийг тус тус олгосон байна.

Нэгдсэн төсвийн нийт урсгал зардлын 12.8 хувь буюу 229.2 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангийн зардал, 35.4 хувь буюу 633.5 тэрбум төгрөгийг цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, нийтдээ 48.1 хувь буюу 862.8 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр тэтгэмжийн зардал эзэлж байна. Орон нутгийн төсвийн зарлага 267.5 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардлын 98.5 хувийг санхүүжүүлсэн байна. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн зарлага төлөвлөгдсөн зардлын 90.2 хувь буюу 262.1 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн зарлага төлөвлөгдсөн зардлын 98.1 хувь буюу 444.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилт 252.9 тэрбум төгрөг буюу төлөвлөгдсөн зардлын 87.5 хувь, МУХС-ын хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилт 172.1 тэрбум төгрөг буюу төлөвлөгдсөн зардлын 92.6 хувийн гүйцэтгэлтэй байна. МУХС-аас 21.1 тэрбум төгрөгийг ахмад дайчдад олгосон орон сууцны санхүүжилтэнд олгосон байна.

Нэгдсэн төсвийн зарлагын  төлөвлөгөө, гүйцэтгэл

Эргэж төлөгдөх цэвэр зээл :

Монгол Улсын Засгийн газар 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр олон улсын байгууллага, гадаадын. хандивлагч орнуудаас 154.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төслийн зээлийн хөрөнгийг авч ашиглахаар төлөвлөсөн бөгөөд тайлант хугацаанд 93.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг ашигласан гүйцэтгэл гарчээ. Улсын төсвөөс 4251.1 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөцөлтэй зээлийг дотоодод шинээр олгож, 6347.3 сая төгрөгийн үндсэн төлбөр, 308.5 сая төгрөгийн хүү болон алдангийн төлбөр улсын төсөвт төвлөрсөн байна.

Төсвийн тэнцэл:

Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 196.2 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 328.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 153.8 тэрбум, нийт тэнцэл 293.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Төсвийн нийт алдагдлыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлж урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг цаг хугацаанд нь санхүүжүүлсэн.

Үүнд: 1. МУ-н төсвийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн эрсдлийн хэсгээс 219.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр,

2. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан “Стэнд бай” хөтөлбөрийн дагуу Дэлхийн банкнаас 60.9 тэрбум, Азийн Хөгжлийн банкнаас 59.4, Япон Улсаас 44.1 тэрбум, Энэтхэг Улсаас 35.7 тэрбум нийт 200.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр,

3. УИХ-ын 2009 оны 77 дугаар тогтоолыг дагуу Монголбанкинд арилжсан 170.0 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээс тус тус  улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн байна.