Монгол Улсын 2011 оны төсвийн хязгаар батлагдлаа

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-нд эзлэх дээд хэмжээг 40.4 хувь, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх дээд хэмжээг 5.0 хувь байхаар баталсан.

УИХ-аас баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын дээд хязгаарт багтаан нийт төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын зарлагын дээд хязгаарыг Засгийн газраас тогтоох журамтай. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үе шатыг батлах тухай” 256 дугаар тогтоолын хавсралтын 6 дугаарт Засгийн газар Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн төсвийн зарлагын хязгаарыг хэлэлцэн батална гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолын төсөл болон түүний хавсралтыг боловсрууллаа.

Төсөв, санхүү, макро эдийн засгийн тогтвортой байдал, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах үүднээс УИХ-аас баталсан Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг ДНБ-ий 40.4 хувь буюу 3,250.0 орчим төгрөг байхаар тооцон тусгасан.

УИХ-аас 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай тогтоолыг хугацаа алдаж баталснаас үүдэн зарлагын хязгаарын төслийг яаравчлан боловсруулах шаардлагатай болсон. Засгийн газрын танхим 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаагаар завсарлах болсон, мөн Засгийн газрын 2008 оны 256 дугаар тогтоолын дагуу 8 дугаар сарын 15-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хязгаарт суурилан дараа жилийн төсвийн төслөө боловсруулан Сангийн яаманд хүргүүлэх ёстой тул 7 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар зарлагын хязгаарын төслийг хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна.

ОУВС-тай байгуулсан хөтөлбөр 2010 оны 11 дүгээр сард дуусна. Хэрэв 11 сар хүртэл Засгийн газар хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд Монголбанкинд төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор орж ирэх 71 сая ам.доллар, улсын төсвийг алдагдлыг санхүүжүүлэх Дэлхийн банк, Японы ЗГ-аас орж ирэх нийт 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хүлээн авах юм.

УИХ, Засгийн газраас татварын багц хуулиудад 2007 онд оруулсан бодлогын өөрчлөлтийн хүрээнд татварын ачааллыг бууруулсан. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээний дээд, доод хязгаарыг тус бүр 5 пунктээр, НӨАТ-ын хувь хэмжээг 5 пунктээр, хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг 10 хувь болгон бууруулсан. Үүний дүнд нийт татварын ачаалал буюу төсвийн орлого 200 орчим тэрбум төгрөгөөр буурсан боловч эрдэс баялгийн үнийн өсөлтөөс шалтгаалж уул уурхайн орлого 380 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Эндээс харахад 2007 оны төсвийн жилээс эхлэн Монгол Улсын төсвийн орлогын бүтцэд эзлэх уул уурхайн бус орлогын хувь хэмжээ багасч, уул уурхайн орлогын хэмжээ эрс нэмэгдсэн зарчмын өөрчлөлт орсон онцлогтой байна.

Төсвийн орлогод уул уурхайн орлогын хувь хэмжээгээр нэмэгдэхийн хирээр төсвийн зарлага талд нийгмийн халамжийн шинжтэй зардлууд нэмэгдэж улмаар тогтвортой бус орлогод суурилсан байнгын шинж чанартай зардлын хувь хэмжээ өссөн нь төсвийн тогтвортой байдалд бүтцийн шинжтэй эрсдэлийг бий болгосон. Энэхүү эрсдэлийн бодитой үр нөлөөг 2008, 2009 оны төсвийн жилүүдэд тохиолдсон санхүү, эдийн засгийн хямралын үр дагавраас тодорхой харж болно.

Энэхүү бүтцийн шинжтэй сул тал өнөөг хүртэл хадгалагдаж байна. 2011 оны төсвийн хувьд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болгож, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөцийн төлбөрийг бий болгосноор цэвэр дүнгээр 250 орчим тэрбум төгрөгийн орлого дутагдахаар байна. Гэтэл зардлын хувьд дараах томоохон өөрчлөлтүүд орох төлөвтэй байна. Үүнд:

  • Урсгал зардлын хувьд
    • Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг бүтэн жилээр тооцох (234 тэрбум төгрөг)
    • Тогтмол зардлын үнийн өсөлтийг тооцох
    • Нэг удаагийн шинжтэй төсөл, арга хэмжээг хасч, зөвхөн 2011 онд дамжин хэрэгжих арга хэмжээг тооцох
    • Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох хувь хишгийн зардлыг тооцох (401.6 тэрбум төгрөг)
  • Хөрөнгө оруулалтын хувьд
    • Эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зардлыг тооцох (251.4 тэрбум төгрөг)
    • Өмнөх онуудад хэрэгжиж эхлэн 2011 онд дамжих хөрөнгө оруулалтыг тооцох (378.9 тэрбум төгрөг)
    • Үндсэн чиглэлд туссан төсвийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг тооцох (189.6 тэрбум төгрөг)
    • Тоног төхөөрөмж, их засварын зардлыг 2010 оны түвшнээр тооцох (69.0 тэрбум төгрөг)
    • Хөрөнгийн бусад зардлыг 2010 оны түвшнээр тооцох (16.2 тэрбум төгрөг)
    • Гадаадын төслийн зээлээр санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг тооцох (67.5 тэрбум төгрөг)

Ингэснээр төсвийн суурь зарлага ДНБ-ий 45.9 хувь хүрч, нийт алдагдал ДНБ-ий 11 хувь хүрэхээр байна. Зөвхөн хөрөнгийн зардал гэхэд 973 тэрбум төгрөг буюу бараг 1 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй болж байна.

УИХ-аас баталсан ТХМ-д туссан 5 хувьд төсвийн тэнцлийг барихын тулд дараах байдлаар төсвийн хязгаарын төслийг боловсрууллаа. Үүнд:

  • 2010 оны төсвийн тодотголтой холбогдуулан баталсан УИХ-ын тогтоолын дагуу орон тоо, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэж тооцон цалин, бараа, үйлчилгээний зарим зардлыг нийт 30 тэрбум төгрөгөөр бууруулах. Орон тоо, бүтцийн өөрчлөлтийн асуудлыг дараах чиглэлээр цогц байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:
    • Ажлын ачааллыг нягтруулах замаар орон тоог бууруулах
    • Төрөөс үзүүлж буй зарим ажил үйлчилгээг арилжааны горимд шилжүүлэх
    • Зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох
    • Салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа нэгжийн норм нормативыг бууруулах
    • Төрөөс заавал үзүүлэх шаардлагагүй зарим зардлыг зогсоох;
    • Бүх төрлийн татаасыг бууруулах
    • Шинээр боловсруулсан Нийгмийн халамжийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж 20 тэрбум төгрөг тусгах
    • Эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтыг хасах (251.4 тэрбум төгрөг)
    • 2011 онд шинээр хийх хөрөнгө оруулалтыг 78.9 тэрбум төгрөгт багтаах (ингэснээр улсын төсвийн хөрөнгийн зардал 610 тэрбум төгрөг болно)
    • Эдийн засгийн шингээх чадварын түвшинд нийцүүлэн хөрөнгө оруулалтын зардлыг тогтвортой хэмжээнд барих
    • Шаардлагатай тохиолдолд татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх

ОУВС-тай байгуулсан хөтөлбөр 10 дугаар сард дуусна. Хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгийг хүлээн авахын тулд Засгийн газар 2011 оны төсвийг шалгуур үзүүлэлтэд нийцүүлсэн байх ёстой.

Тогтоолын төсөл нь 2 хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарлагын хазгаарыг батлах, 2 дахь хэсэгт батлагдсан хязгаарт багтаан дараа жилийн төсвөө боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.

Тогтоолын төслийн хавсралтад бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарлагыг урсгал зардал, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх цэвэр зээл гэсэн 3 үзүүлэлтээр бэлтгэсэн.

Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2011 оны төсвийн зарлагын хязгаар, 2012-2013 оны төсвийн зарлагын хязгаарын төсөөллийг боловсруулахдаа дор дурдсан зарчмыг баримталсан болно. Үүнд:

  • УИХ-аас баталсан 2010 оны төсвийн үзүүлэлтүүдийг суурь болгон ашиглах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээг тооцон тусгах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын шилжих хөрөнгө оруулалтыг тооцон тусгах;
  • Үндсэн чиглэлд тусгагдсан шинэ хөрөнгө оруулалтыг тооцон тусгах;
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай УИХ-ын 2010 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээнд багтаах;
  • Одоо мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн хүрээг чиглэл болгох;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг улс, орон нутаг, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн төсөв тус бүрээр тооцон, нэгдсэн төсөвт цэвэрлэгдэх дүнг тодорхойлох;
  • Гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүнг төсвийн ерөнхийлөн захирагч, зардлын зүйл бүрээр тодорхойлон тусгах (өнөөг хүртэл энэ дүн Сангийн сайдын багцад бүхэл дүнгээр туссаар ирсэн).

Энэхүү тогтоолын төслөөр төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарлагын хязгаарыг баталж өгснөөр Засгийн газрын 2008 оны 256 дугаар тогтоол мөрдөгдөж, тогтоолын төсөл нь дараа жилийн төсвийн төслийг боловсруулах суурь болно.

2011 оны зарлагын хязгаарын дэлгэрэнгүй тооцоог доорх холбоос дээр даран татаж авна уу.

Limit-2011-2013-7-18