Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах журам батлагдлаа

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, байгууллагын орлогоо давуулан биелүүлэх идэвх, санаачилгыг бий болгож, уян хатан захиран зарцуулах эрх олгохын зэрэгцээ, сахилга хариуцлагыг бүх түвшинд сайжруулах зорилгоор Төсвийн тухай хуульд 2016 оны 11 сард зохих нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд энэхүү харилцааг 2017 оны төсвийн жилээс мөрдөж эхэлж байна.

Тус яамнаас Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг[1] зарцуулах,тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ыг боловсруулж Сангийн сайдын 2017 оны 216 дугаар тушаалаар батлуулаад байна.

Энэхүү журам батлагдсанаар төрийн аливаа байгууллага урсгал зардлыг хэмнэх, мөн хуулиар зөвшөөрсөн эрх хэмжээний хүрээнд бүтцийн өөрчлөлт хийсний үр дүнд орон тоог бууруулж цалингийн сан, тогтмол зардал гэх мэт байнгын шинжтэй зардлыг хэмнэсэн, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлого олсон бол тухайн төсвийн жилдээ багтаан уян хатан захиран зарцуулах боломж бүрдлээ.

Журмын хүрээнд тусгагдсан өөр нэгэн онцлог зүйл гэвэл аливаа зарлагын хэмнэлт болон давсан орлогын 20-30 хүртэл хувь нь татвар төлөгчдөд учрах санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдах бөгөөд энэ нь төсвийн байгууллагын зарлага хэмнэх, нэмэлт орлого бий болгох сонирхлыг бууруулахгүй гэсэн үг. Тодруулбал, хэмнэсэн зардал, давсан орлогынхоо 70-80 хүртэлх хувийг тухайн байгууллага захиран зарцуулах, харин үлдэх 20-30 хувийг төсвөөс уг байгууллагад олгох санхүүжилтийг тухайн жилд бууруулдаг байхаар зохицуулсан. Гэхдээ ийнхүү төсвийн санхүүжилтийг бууруулах нь дараагийн төсвийн жилд тухайн байгууллагад олгох санхүүжилтийг бууруулах үндэслэл болохгүй.

Төсвийн энэхүү уян хатан зохицуулалт нь төсөв захирагч нарт удирдлагын оновчтой шийдвэр гаргаж төсвөө үр ашигтай зарцуулах сонирхол бий болгоно гэж үзэж байна. Ингэснээр зардлын хэмнэлт болон нэмэлт орлогоо төсвийн хүндрэлтэй үед үндсэн үйл ажиллагаанд дутагдаж байгаа бусад зардалд шилжүүлэн зарцуулах, хамт олон, ажилтныг ажлын үр дүнгээр нь урамшуулах, тэдний нийгмийн баталгааг сайжруулах, тухайн байгууллагын хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байна.

Дэлгэрэнгүйг татан авч танилцана уу:  Сангийн сайдын тушаал№216 – Журам батлах тухай


[1] “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны орлого” гэдэгт хууль тогтоомжоор бүх шатны төсөвт төвлөрүүлэхээр тусгайлан тогтоосон орлого (татвар, хураамж, төлбөр г.м) хамаарахгүй.