БАЯЛАГИЙН ХАРААЛААС СЭРГИЙЛЖ ЧАДСАН ЧИЛИЙН ТУРШЛАГА

July 6, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТӨСВИЙН ТОГТВОРЖУУЛАЛТААР БАЯЛГИЙН “ХАРААЛ”-ААС

СЭРГИЙЛЖ ЧАДЖЭЭ: Чили  улсын туршлагаас

Чили улсын эдийн засгийн онцлог

Чили улсад 1970-аад оны дунд үе хүртэл төвлөрсөн эдийн засгийн тогтолцоо ноёрхож эдийн засгийн өсөлт буурч, улсын эдийн засгийн бүтцэд зөвхөн зэс молибден зэрэг цөөн нэр төрлийн эрдэс баялгийн олборлолт хэт давамгайлж, тэдгээрээс бүхэлдээ төсөв хамаардаг, эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийн үед дэлхийн зах зээлийн үнэ эдгээр түүхий эдийн хувьд савалж, эдийн засгийн ба төсийн тогтвортой байдлыг ихээр алдагдуулдаг (тэр үед төсвийн алдагдал ДНБ-ний 25 хувьд хүрсэн, үүний улмаас инфляци жилдээ 1000 хувьд хүрч нэмэгдэн, ажилгүүчүүдийн тоо өндөр өссөн), энэ нь нэг үгээр хэлбэл баялгийн “хараал тусаад” байжээ.  Чиличүүд “тэр үед бид нартай өдөр цатгалдаж, бороотой өдөр өлсдөг байлаа” гэж хошигнон ярьдаг.

Дээрх байдал нь тус улсад бүхэлдээ нийгэм эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэхэд хүргэсэн бөгөөд энэ хямралаас гаргах шинэчлэлийн 8 гол чиглэлийг социалист системээс 90-ээд оны эхэн үеэс  шилжилт хийж байгаа зүүн европын болон шилжилтийн эдийн засагтай бусад орнуудын практиктай ижил төстэй байдлаар, тэгэхдээ бүр 70-аад оны сүүлийн хагасаас өвөрмөцөөр тогтоож хэрэгжүүлсэний нэг гол хэсэг нь төсвийн шинэтгэл ажээ. Гэхдээ төсвийн шинэтгэл нь зарим талаар өвөрмөц онцлогтой бөгөөд төсвийн хариуцлагын тогтолцоогоор дамжуулж  макроэдийн засгийн тогтвортой байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх талаар манай улсын засгийн газрын зорьж байгаа зорилттой агуулгын хувьд зарим талаар ижил төстэй  бодлогыг Чилид 1987 оноос эхлэн явуулж, энэ туршлагадаа тулгуурлаж 2006 оноос хариуцлагын тогтолцоог хуульчилж хэрэгжүүлжээ. (Судалгаанаас үзэхэд төсвийн хариуцлагын шинэ тогтолцоонд шилжих алхамуудыг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулагын гишүүн орнуудад 80-аад оны дундуур, шилжилтийн болон хөгжлийн эдийн засагтай улсуудад гол төлөв  90-ээд оны эхэн, дундаас эхэлсэн бөгөөд  хөгжлийн болон хөгжсөн эдийн засаг бүхий дэлхийн 70 гаруй орон төсвийн хариуцлагын ийм жишиг тогтолцоог хуульчилжээ. Үүнээс үзвэл төсвийн хариуцлагын тогтолцоо нь аливаа улс орны хөгжлийн түвшнээс үл хамаарч үйлчлэх жам ёсны зүйл гэж үзэж болох юм).

Чили улс нь үндсэндээ уул уурхайн орон бөгөөд ер нь уул уурхайн орон бие дааж хөгжиж болдог, эсхүлбаялгийн хараал тусаж эс хөгжих тавилантай юу гэдэг сорилтыг  дээрх шинэчлэлээр бодит байдлаар дэлхий нийтэд харуулсан гэж дүгнэдэг байна.

Одоо тус улсын эдийн засаг Уул уурхайн салбар тус улсын ДНБ-ний 33 хувийг эзэлдэг, дэлхийн цэвэршүүлсэн зэсийн 17 хувийг үйлдвэрлэдэг, Баяжуулсан молибдений жилийн экспорт нь 120 мянган тонн. Дэлхийн зэсийн нөөцийн 38 хувь нь Чилид ногддог. 2008 оны байдлаар  хүн амынх нь  худалдан авах чадвараар тооцсон нэг хүнд ногдох  ДНБ 14.9 мянган америк доллар. ДНБ-нд хөрөнгө  оруулалт 30 хувь, цэвэр мөнгөн хуримтлал 18.2 хувь,  валютын гадаад цэвэр нөөц 14 хувьтай тус тус тэнцдэг болжээ. Энэ нь тогтвортой хөгжлийн бодлогыг төсвийн удирдлагаар дамжуулж хэрэгжүүлсэн дээрх шинэтгэлийн үр дүн ажээ.

Тус улсын Конгресс, засгийн газар нь ийнхүү эдийн засгийг макро түвшинд, түүний дотор улсын төсвийг дунд, урт хугацаанд тогтворжуулах бодлогыг олон жилийн өмнөөс “нартай өдөр” мөнгө босгон хуримтлуулж, “бороотой өдөр” түүнийг хэрэглэх зарчмаар хэрэгжүүлж  ирсэн нь эдийн засгийн шинэтгэлийн нэг гол тулгуур багана болсон гэж дүгнэдэг.

Дээрх шинэтгэл нь зөвхөн төсвийн тогтворжуулалтын төдий асуудлаар хязгаарлагдахгүй, бүхэлдээ эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд чиглэсэн бөгөөд эдийн засгийн шинэ бүтцийг дэмжих нэг гол хүчин зүйл нь эрдэс баялгийн орлогын зохистой менежемент байсан ба энэ нь  одоо ч хэвээр байна.

Эдийн засгийн, түүний дотор санхүү, төсвийн тогтволржуулалтын энэхүү цогц шинэчлэлт, эрдэс баялгийн орлогын зөв менежементийн үр дүнд Чилийн эдийн засагт бүтцийн эрс ахиц өөрчлөлт хэрхэн гарч баялгийн “хараалыг хариулж” чадсаныг  дараах үзүүлэлтээс харж болохоор байна.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт 1973-1987 он 2008 он
1. ДНБ-ний өсөлт

2. Нэг хүнд ногдох ДНБ, мян. ам. долл.

3. Нийт хүн амд ядуучуудын эзлэх хувь

4.Нийт экспортод зэсийн  эзлэх хувь

5. ДНБ-нд зэсийн эзлэх хувь

6.Уул уурхайн бус а/ү-ийн эзлэх хувь

7.Уул уурхайн бус бусад секторын  хувь

8.ДНБ-нд мөнгөн хуримтлалын эзлэх хувь

9.  ДНБ-нд хөрөнгө оруулалтын эзлэх хувь

  1. Инфляфи, хувиар
  2. Төсвийн алдагдал (ДНБ-нд эзлэх хувь)
Бууралттай

байжээ.

2.8-1.7

22

80.1

80.1

7.0

13.0

1000

25.0

Сүүлийн 20 жилд жил тутам 4-14 хувийн өсөлттэй

14.9

5

49.4

48.9

24.1

27.0

22.2

30

5

1% ашигтай

Эдийн засгийн шинэчлэлийн чиглэлүүдийг энд бүхэлд нь эс өгүүлэн, зөвхөн төсөв тогтворжуулалт, эрдэс баялгийн орлогын зохистой менежементийг төсвийн шинэчлэлтэй  хэрхэн уялдуулж явуулсан гол бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэлтийн талаар энд голлож мэдээлэхийг зорив.

Эрдэс баялгийн орлогын менежементийг Төсвийн бодлогын

шинэчлэлтэй уясан нь

Эрдэс баялгийн орлогыг төсвийн шинэчлэлтэй уялдуулах бодлогыг дараах  таван гол чиглэлээр явуулжээ. Үүнд:

  1. Зэс, молибдений тухайн жилийн өндөр үнэ бус, олон жилийн дундаж үнэд суурилж  р Улсын төсвийн бодлогын хүрээ тогтоож тэнцлийн зорилтыг тодорхойлох
  2. Зэс, молибдений үнийн хэлбэлзэл төсвийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлсөн тухай  өнгөрсөн хугацааны гүйцэтгэл-үр дүнд шинжилгээ хийж сургамж авч, шийдвэр гаргах зарчим баримтлах
  3. Эрдэс баялгийн орлогын тогтволртой хэсгийг зохистой хязгаарлалтын хүрээнд гүйлгээнд оруулах тухай асуудлыг зохицуулсан төсвийн хариуцлагын тогтолцооны тухай хуульчилж мөрдүүлэх
  4. Зэс молибдений орлогын хуримтлуулалтын ач холбогдлыг нийтээр танин мэдэх,  энэнхүү ганц салбараас хуримтлагдсан орлогыг зарцуулсанаас үүсэх тогтворгүй байдлаас сэргийлэх бодлогыг шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч түвшинд болон үндэсний хэмжээнд зөвшилцөж  баримтлах.

Зэс, молибдений үнийн өсөлтийн орлогыг харгалзаж Улсын төсвийн бодлогын хүрээ тогтоохдоо:

Нэгд, ДНБ-ний хандлага, түүнээс зэсийн олборлолт, үйлдвэрлэлийг хассан зэсийн бус эдийн засагт суурилсан төсвийн тэнцлийг тооцож түүнд гол ач холбогдол өгдөг;

Хоёрт, Зэс, молибдений дунд, урт хугацааны үнийн дунджаар тооцож төсвийн тэнцэл тодорхойлдог;

Гуравт, Улсын валютын нөөцөөс гадна засгийн газрын мэдлийн бөгөөд хөдөлшгүй сангийн үйл ажиллагааны орлого-өгөөжийн тооцоонд үндэслэгддэг ажээ.

Энэ үндсэн дээр төсвийн бодлогод баримтлах тусгай шаардлагыг “стандартчилан”  хуулчилж, зарлагыг төсвийн санхүүжилтийн дурын эрэлт, хэн нэгний хүсэл зоргоор бус, гагцхүү хараат бус мэргэжлийн багийн тодорхойлсон тэнцвэржүүлсэн төсвийн орлогод  хатуу захируулах, илүүдэл орлогыг ухамсартайгаар бий болгож хуримтлуулдаг, төсөв ямагт ашигтай байх хатуу чанд дүрэм, хариуцлагын тогтолцоо үйлчилдэг байна.

Тэнцвэржүүлсэн төсвийн гол зохицуулалт нь: (i) тэнцвэржүүлж тооцсон төсвийн орлогоос давсан хэсгийг Эх орны баялагийн хуримтлалын санд тогтмол шилжүүлэх, (ii) засгийн газрын мэдлийн хуримтлалын хөдөлшгүй сангийн удирдлагыг хэрэгжүүлж түүнийг үйл ажиллагааны орлого, нормативт өгөөжөөр нь нэмэгдүүлэхэд чиглэгджээ. Энд нэг анхаарал татсан нэг зүйл бол тогтворжуулалтын сан, хуримтлалын гол эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд “төсвийн орлого тэнцвэржүүлж тооцох зарчмыг баримтлах” тусгай шаардлагыг бүр 1987 онд тогтоож хуульчилсан явдал мөн. Энэ тогтолцоог 2001 онд улам боловсронгуй болгож, түүнд тулгуурлан 2006 онд “Төсвийн Хариуцлагын Тухай” хууль гаргаж эрх зүйн талаас баталгаажуулжээ. Гэхдээ уул уурхайн салбараас орох төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос гадуурх төлөвлөгөөт бус орлогыг нөөцлөх ажиллагааг үнэн хэрэгтээ бүр 1987 онд нэг хүнд ногдох ДНБ- нь 1.7 мянган ам. доллартай тэнцүү байх үед явуулж эхэлсэн бөгөөд Төсвийн хариуцлагын тухай хууль гаргаж эх орны баялгийн сангийн тогтолцоог хуульчилсан 2006 онд энэ сангийн хуримтлал 14 тэрбум долларт нэгэнт хүрсэн байжээ. Дашрамд дурдахад тогтворжуулалтын сан байгуулсан доогуур орлоготой зарим улс, тухайлбал Мавритан, Зүүн Тимор, Папуа Шинэ Гвиней, Нигер гэх зэрэг хүн амын худалдан авах чадвараар тооцсон ДНБ-ний хэмжээ 1.6—2.4 мянган доллартай тэнцдэг олон орон, бас хөгжсөн орнууд хөгжлийн түвшнээс үл хамааруулан тогтвортой хөгжлийн бодлого явуулах үүднээс төсвийн хариуцлагын тогтолцоо, хуримтлал, тогтворжуулалтын сангийн тогтолцоо бүрдүүлжээ. Иймд манай улс эрдэс баялгийн орлогоос хуримтлалын сан байгуулж жил жилээр арвижуулж тогтвортой хөгжлийн бодлого явуулах, үүнийг хэрэгжүүлэх хариуцлагын тогтолцоо бий болгож баялгийн хараалаас сэргийлэх хэрэгсэл болгох нь эртэдсэн зүйл бус бололтой.

Чилид тэнцвэржүүлсэн төсвийн бодлого хэрэгжүүлэхдээ дараах нөхцлийг сайтар бүрдүүлэх хэрэгтэй гэж үздэг байна. Үүнд:

  • Уул уурхайн, түүний дотор зэс, молибдений орлого тэнцвэржүүлж тооцох ажиллагаанд улсын байгууллагын оролцоо, чиг үүргийн тогтоож хэрэгжүүлдэг (тухайлбал Чилид CODELCO  нол чухал үүрэг гүйцэтгэдэг) байх;
  • Тэнцвэржүүлсэн төсвийн талаар засгийн газарт болон төсвийн асуудал эрхэлсэн байгууллагад тавигдах  тусгай шаардлагууд нь хэмжиж, монторинг хийж дүгнэж болох хялбар бөгөөд тодорхой тоон үзүүлэлтээр тусгай шаардлаг хэлбэрээр тогтоогдсон, энэ талаар төсвийн бүртгэл явуулах, дүн  шинжилгээ хийхэд тохиромжтой байх
  • Улсын секторын чиг үүрэг, бүтэц, нягтлан бодох бүртгэл, төсвийн санал-төсөөлөл, төслүүд нь маш ойлгомжтой, олон улсын стандарттай харьцуулж болохуйц үзүүлэлттэй, ил тод байх шаардлага тавигдаг байна.

Чилийн төсвийн бодлогын хүрээг тодорхойлж байгаа гол суурь зарчим нь:

  • Тус улсын төсвийн тэнцвэржүүлсэн (structural) орлогоор тооцсон төсвийн тэнцлийн дунд хугацааны зорилтыг хуульчилдаг, түүнд захируулсан төсвийн тэнцлийн зорилтыг засгийн газар бүрэн эрхийн хугацаанд тогтоож мөрддөг.. Чилид 2000 оноос эхлээд төсөв нь жил бүр ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хэмжээнд ашигтай байх тогтвортой мөрдөх зорилт тавьж 2006 оноос энэ асуудлыг хуульчилжээ.
  • Төсвийн тэнцлийн дээрх зорилтыг хангахад засгийн газар төсвийн бодлогыг чиглүүлдэг. Гэхдээ тухайн богино хугацааны бэрхшээлт нөхцөл байдлаас хамаарч жилийн төсвийн төслийг засгийн газар  конгресст өргөн мэдүүлж батлуулахдаа үндэслэл гаргаж төсвийн тэнцлийн ерөнхий бодлогын зорилтыг тухайн жилд хатуу мөрдөх эсэх талаар шийдвэр гаргуулдаг.
  • Зэсийн үнийн талаарх Зөвлөлдөх Хороог Чилийн төв банк, Сангийн яамны дэргэд 2001 онд байгуулж тус хорооноос тооцоолсон ДНБ-ний тооцоог төсвийн тэнцвэржүүлсэн орлогын суурь болгох, зэс, молибдений олон жилийн дунджийг тусгай аргачлалаар тооцож орлогын суурь болгодог практиктай.
  • ДНБ-нийг тооцох арга зүйг тогтоох, түүнийг хянаж шинэчилж байх, ДНБ-ний талаар хийсэн тооцоог хянах чиг үүрэг бүхий ДНБ-ний “Зөвлөлдөх Хороо”-г 2002 оноос байгуулж ажиллуулсан. (ийм орон тооны бус ажлын хэсэг, хороог манайд Сангийн яам ба Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын бус байгууллага, судалгааны нэгжийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулдаг байж болох юм)
  • Эдийн засгийн мөчлөгийн өөрчлөлтийг харгалзаж төсөв зохицуулах журмыг 2005 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь (i) зэс, молибдений үнийг тэнцвэржүүлж тооцох аргад зохицуулалт хийх, (ii) шинэ уурхай бүрд түүний нөөцийн төрөл, хэмжээ, агуулга, уул геологийн ба ашиглалтын нөхцөл зэргээс хамааруулж онцлогт нь тохирсон  төрөлжүүлсэн татвар тогтоох тусгайлсан хууль 2002 онд гаргасан байна.

Төсвөөр дамжуулж үйлдвэрлэл, хэрэглээг урамшуулах замаар эдийн засгийг тогтворжуулж, өмнөх үед нэгэнт хүрсэн төсвийн зарлагын түвшинг хэвийн нөхцлөөр  хадгалах боломжийг 2008 оны сүүлчээс бий болсон хямралын нөхцлийг харгалзан олгосон байна. Ингэхдээ:

(i)                 2008 оны  тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн тэнцлийн ашгийг төсвийн тусгай шаардлагаар тавигдсанчлан ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байх нөхцлийг хөнгөвчилж 2008 онд төсөв ДНБ-ний 0.5 хувийн ашигтай байхаар Засгийн газраас оруулсан саналыг  Конгресс нь 2007 оны 5 дугаар сард;

(ii)               Төсвийн тусгайлсан урамшуулагч үүргийг нэмэгдүүлэх үүднээс 2009 оны төсвийг ДНБ-ний 0 (тэг) хувьтай тэнцэх ашигтай буюу тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн тэнцлийн ашгийн түвшин тэгтэй тэнцүү байх саналыг  2009 оны 1 дүгээр сард;

(iii)    Санхүүгийн хямралаас үүдээд төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн зарлагад тодотгол хийж 2009 оны хүлээгдэж байгаа төсвийн тэнцлийг ДНБ-ний 0.4 хувьтай тэнцэх алдагдалтай байж болох тухай засгийн газрын саналыг  2009 оны 6 дугаар сард Конгресс нь тус тус зөвшөөрч шийдвэр гаргажээ.

Чили улсын төсвийн бодлогод зайлшгүй анхаардаг нэг асуудал нь Төсвийн бодит буюу нийт орлогод зохицуулалт хийх асуудал бөгөөд үүнийг хэрэгжүүлэхдээ уул уурхайн бус салбарын татварын орлого тооцолтод дараах ажиллагааг заавал мөрдлөг болгодог ажээ. Энэ нь:

  • ДНБ-ний дунд хугацааны хандлагын тооцоо ба бодит гүйцэтгэлийн байж болох зөрүүг тооцож анхааралд авах, түүнд ногдох төсвийн орлогын өсөлт, бууралтыг сангийн бодлогтой уялдуулдаг,
  • ДНБ-ний хандлагын тооцоог ийнхүү хийхдээ ОУВС-аас зөвшөөрсөний дагуу хөгжсөн орнуудад хэрэглэгдэж байгаа тэнцвэржүүлсэн төсвийн тэнцэл тодорхойлох “Коб-Дагласын үйлдвэрлэлийн фүнкц”-ийн аргыг хэрэглэдэг.  Энэхүү арга нь нарийн мэргэшсэн мэргэжлийн 14 экспертийн оролцоотойгоор (нийт ажиллагчдын хөдөлмөрийн зах зээл бүрдэлт, ажиллах хүчний тоо ба бүтэц, гол түүхий эдийн баланс, бүтээмжид нөлөөлөх гол  хүчин зүйлийн нөлөөллийн түвшинг оролцуулж) боловсруулсан тусгай загвар, томьёог ашиглаж тооцоолдог
  • Дээр дурдсан тооцоог ямагт тав таван жилийн хугацааг хамарч хугацааны тасралтгүй залгуулах зарчмыг баримтлан хийдэг.
  • Уул уурхайн салбараас орох орлогын хувьд Чили гол төлөв зэс, молибден дээр тооцох бөгөөд манай улсын хувьд үүнийг ОУВС-ийн зөвлөсний дагуу эхний ээлжинд гол төлөв зэс, алт, цаашид уран, цайр, коксжих нүүрс, төмөр, мөнгө дээр тооцох шаардлага гарна байх. Чили улсад зэс, молибдений нийт ба тэнцвэржүүлсэн  орлого тооцохдоо 12 экспертээс бүрдсэн засгийн газрын өайгууллагаас хараат бус ажиллагаатай Хороо нь уг тооцоог 10 жилээр тасралтгүй хугацааны үечлэлээр явуулах бөгөөд тэд үзэхдээ одоогооор зэсийн үнийн урт хугацааны дундаж үнэ нь нэг паунд зэс тутамд 199 цент гэж хэдэн жилийн өмнө тооцож гаргасан байжээ. Харин 2009 онд бодит байдлаар уг үнийн түвшин 213 цент болж байгаа  нь Чилийн дээрх хэдэн жилийн өмнөх тооцоо харьцангуй оновчтой болсоныг одоо харуулж байгаа ажээ. Зэсийн үнэ 2008 онд дунджаар нэг паунд нь 4 доллар байсны зөрүүг хуримтлалын санд оруулсан нь оносон гэж мэдээлэв.  Чили улс молибдений дэлхийн хэрэглээний 1/3-ыг хангадаг. Чили улс жилд 120 мянган тонн цэвэршүүлсэн молибден үйлдвэрлэдэг ( “Эрдэнэт” үйлдвэр жилд 4 мянган тонн молибден олборлодог)  ба  Чили тэрхүү молибдений 1/3-ыг нь стратегийн нөөцөд хадгалж, үлдэх хэсгийг нь дэлхийн зах зээлд борлуулдаг байна. Молибдений эрэлт хэрэгцээ ба үйлдэрлэлээс хамаараад зөвхөн өнгөрсөн жилүүдийн түүхэн хандлагад суурилж үнийн түвшинг нь 4 жилээр тасралтгүй хугацааны үечлэлээр тооцож байгаа ажээ.  Молибдений үнэ 2009 оны эхээр 10 долларт хүртэл буурсанаа одоо 18 доллар болох төлөвтэй бөгөөд цаашид 30 долларт хүрэх хандлагатай. 1992 онд нэг паунд молибдений үнэ 1.8 доллар байсан бол 1998 онд 40 доллар болж савалсан. Ойрын 3 жилд 15-20 долларт хэлбэлзэх төлөвтэй байна гэж Чилийн  мэргэжлийн судлаач-экспертүүд үзэж байгаа юм байна. Үүнээс үзэхэд манай улсын Сангийн яам ба Үндэсний хөгжил шинэчлэлтийн хороо Чилийн энэхүү тооцоолох хороотой холбоо тогтоож зэс, голлох  бусад эрдсийн түүхий эдийн үнийн прогнозын судалгаа, үнэлгээг авах, уг аргачлалаас нь суралцах, мэргэжилтэн солилцох, сургалт явуулах талаарх ажиллах хэрэгтэй юм. Зэсийн зах зээлийн үнийн дунд, урт хугацааны прогноз төсөөллийг ийнхүү тонн тутамд бус харин 1 паунд зэс, молибденоор нарйивчлан тооцдог байдал нь сонирхолтой бөгөөд Чилийн төв банк, Сангийн яам энэ талаар олон жилийн сайн туршлага хуримтлуулжээ. Иймд манай улс алтнаас бусад эрдэс байлгийн зах зээлийн үнийн тооцоог “тонн” гэсэн бүдүүн тоймоор бус “паундчилсан” нарийвчлан тооцох арга эзэмших нь чухал.
  • Засгийн газрын мэдлийн тогтворжуулалтын хуримтлалын хөдөлшгүй  мөнгөн сангийн үйл ажиллагаанаас орох нэмэлт  орлого буюу олон улсад Чили улсаас санхүүгийн хөрөнгийн удирдлагаар дамжуулж оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцдог бөгөөд энэ нь:

(i)                 Санхүүгийн буюу дээрх тогтворжуулалтын хуримтлалын сангийн ажиллагаагаар гадаад зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас орсон ба орох орого, түүний хэлбэлзлийн түвшинг тооцоолох

(ii)               Уг сангийн үйл ажиллагаагаар урт хугацаанд орлого оруулж байх боломжийг тооцоолох

(iii)             Чили улсын хувьд дээрх тогтворжуулалтын хуримтлалын  буюу “Эх орны баялгийн сангийн жилийн өгөөжийг уг сангийн дүнгийн 6 -8 хувиар жил бүр тооцож тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл “ Эх орны баялгийн сан”-гийн удирдлагыг  төв банкаараа дамжуулж гадаад зах зээлд хэрэгжүүлсэнээс олох жилийн дундаж нэмэлт орлого нь уг сангийн нийт дүнгийн 6 хувиас доошгүй байна гэсэн үг юм. /Энд мэдээж энэхүү сангийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төв банк болон мэргэжлийн гадаад зуучлагчийн талаас зарцуулсан зардлыг энд тооцож хассан цэвэр өгөөжөөр сангийн өгөөжийг тодорхойлсон байгаа/.

Тэнцвэржүүлсэн төсвийн зорилт бол хууль

Тэнцвэржүүлсэн орлогоор тоооцсон төсвийн тэнцлийн  зорилтот үзүүлэлтийг засгийн газар дунд ба урт хугацаагаар төсөөлөн тооцох боловч жил бүрийн төсвийн тэнцлийг тооцож конгресст оруулдаг. Ингэхдээ тэнцвэржүүлсэн төсвийн тэнцэл ямагт ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хэмжээнд ашигтай байх үндсэн зорилт тавигдсан байдаг боловч онцгой нөхцөлд энэхүү зорилтыг түр баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэнийг  засгийн газар  тодорхойлж  Конгресст тавьж шийдвэрлүүдэг ажээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон тэнцлийн зорилтот үзүүлэлт нь:

  • Төв банкны үйл ажиллагааны алдагдал, хөрөнгийн чадавхийн түвшин ямар байгаа (энэ нь арилжааны банкуудын системийн эрсдэл ба валютын ханшийн хэлбэлзлээс хэрхэн хамаарах байдлыг гол төлөв судалсан дүгнэлтэд үндэслэгдэнэ)-гаас хамаарна. Дээрх байдлаас хамаарч төв банкийг дахин хөрөнгөжүүлэх шаардлага гарах эсэхийг төсвийн тэнцэл ба тогтворжуулалтын сангийн хүрээнд тооцно.
  • Засгийн газрын болзошгүй ирээдүйн өглөг, өр төлбөрийн байдлаас хамаарна. Жишээ нь: тэтгэврийн сангийн бүрдэлтийн төлөв байдал, үүнд шимтгэлийн түвшин, сангийн өгөөж, тэтгэврийн доод хязгаарыг Засгийн гараас амалсан байдал нөлөөлнө.
  • Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын цар хүрээ ба чанар, түүнийг өргөжүүлэх боломж
  • Гадаад талд эмзэг байдал. Үүнд валютын ханшийн хэлбэлзлээс үүсэх алдагдал, хохирол нөхөлт, нийт гадаад өрийн төсөвт нөлөөлөх байдал зэргийг тооцож төсвийн тэнцлийн зорилтыг тогтоодог. Дашрамд дурдахад Чили улсын салбарын гадаад өр (улсын үйлдвэрийн газрын бие дааж авсан өрийг оруулаад) одоогоор 65 тэрбум доллар байгаа нь  ДНБ (169 тэр бум доллартай тэнцүү)-нийх нь  38 хувьтай тэнцэх бөгөөд цаашид  бууруулах чиглэл баримталж байна.

Төсвийн хариуцлагын тухай хууль

Чили улсын конгрессоос  “Төсвийн Хариуцлагын Тухай” буюу “Fiscal Responsibility Law” хуулийг 2006 онд батлан  цогц байдлаар шийдвэрлэсэн боловч үнэн хэрэгтээ энэ хуулийн үндэс суурийг анх 1987 онд зэсийн хуримтлалын сан байгуулах асуудлыг төсвийн орлогыг тэнцвэржүүлэн тооцох замаар төсвийн mэнцэл тодорхойлох шинэ зарчим тогтоохтой хамтад нь (“Structural Budget Balance Estimate Act” гэсэн нэртэй эрх зүйн акт гаргаж) шийдвэрлэж эрх зүйн хувьд баталгаажуулсан тал байна. Төсвтийн хариуцлагын тухай хуулиар дараах асуудлыг зохицуулжээ. Үүнд:

  1. Тэнцвэржүүлсэн орлогоор төсвийн тэнцлийг зохиож байх
  2. Урт хугацаанд мөрдөх төсвийн тэнцлийн бодлогын үндсэн зорилтыг тодорхойлон   (төсвийн тэнцлийг  жил бүр ДНБ-ний 1 хувьтай тэнцэх ашигтай байлгахаар)  тогтоох;
  3. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн цаг үеийн бодит орлогын илүүдлээр “Улсын Баялагийн Сангууд” буюу “Sovereign Wealth Funds” байгуулж  удирдлагыг хэрэгжүүлэх;
  4. 4. Засгийн газрын үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагавартай уялдуулж Чилийн төв банкийг дахин хөрөнгөжүүлж байх;
  5. Засгийн газрын болзошгүй ирээдүйн өглөг, өр төлбөрийн үнэлгээ-тооцоог хийж, түүнийг төсвийн тэнцэлд харгалзан үзэх, энэ талаар конгресс, олон нийтийг мэдээллээр хангаж байх асуудлыг Засгийн газар гүйцэтгэж байхаар хуульчилжээ.  Дээрх байдал нь бусад орнуудын төсвийн хариуцлагын тухай эрх зүйн тоголцооны агуулгаас арай өөр онцлогтой байна. Гэтэл бусад орнууд төсвийн хариуцлагын тогтолцоог гол төлөв улсын өр ба төсвийн алдагдлыг хязгаарлах, түүнийг орлого тэнцвэржүүлж тодорхойлох аргатай уялдуулахад чиглэсэн нийтлэг жишигтэй юм.

Чили улсад Төсвийн Хариуцлагын Тухай хуулиар тодорхойлсон дээрх таван гол чиглэлийн нэгдэх хэсэг буюу тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн тэнцлийн тогтвортой мөрдөх үндсэн суурь зорилтыг тус улсын ерөнхийлөгч нь өөрийн засаглалын бүрэн эрхийн хугацаанд тогтоож Засгийн газрын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байхаар хуульчилдаг, энэ нь одоо Чили улсад мөрдөж ирсэн “Тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн тэнцлийн ашиг нь ДНБ-ний 1 хувьтай тэнцүү байна” гэж хуульчилсан тухай дээр дурдсан билээ. Улсын Ерөнхийлөгч (Чили улс ерөнхийлөгчийн засаглалтай) нь энэхүү төсвийн тэнцэлд тогтвортой мөрдөх зорилтыг тодорхойлох талаар өөрийн санал, зөвлөмжийг Сангийн яаманд шууд өгдөг байна.

Эх орны Баялагийн Сангийн бүрэлдэхүүн ба удирдлагын зарчим

Эх орны баялгийн сан дотроо хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нэгдэх нь тэтгэврийн нөөцийн сан. Энэ санд 2001 оноос эхэлж 2016  он хүртэл төсвийн төлөвлөгөөнөөс давсан орллогоос ДНБ-ний 0.2-0.5 хувьтай тэнцэх хуримтлуулалыг заавал бий болгодог зарчим баримталдаг. Хоёр дахь нь: эдийн засаг, нийгмийн байдлыг тогтворжуулах  сан. Энэ санг нэмэгдүүлэхдээ Эх орны баялгийн санд оруулсан хөрөнгөөс тэтгэврийн нөөцийн санд оруулсан орлогыг хасаад үлдэх хэсгийг бүхэлд нь  эдийн засаг, нийгмийг тогтворжуулах санд оруулдаг ажээ. Сүүлчийн энэ сангийн зориулалт нь зөвхөн эдийн засгийн өсөлт буурсан, хямралын үед төсвийн алдагдал санхүүжүүлэх, улсын өрийг хугацаанаас нь өмнө бууруулах, төв банкийг дахин хөрөнгөжүүлэхээс өөр ямар нэг зарцуулалт явагддаггүй.

Төв банкийг эдийн засаг, нийгмийн тогтворжуулалтын сангаас дахин хөрөнгөжүүлэхдээ Засгийн газрын болзошгүй өглөг өр төлбөрийг төв банк хариуцаж барагдуулсаны улмаас тус  банк  алдагдалд орох, хөрөнгийн чадваргүйдэх байдалд хүрсэн бол ийм шалтгааны улмаас төв банкинд учирсан хөрөнгийн дутагдлыг Засгийн газар нь нөхөж дахин санхүүжилт хийж байх ёстой гэж үздэг.

Гэтэл тэтгэврийн нөөцийн сангийн зориулалт нь 2016 оноос эхлээд тэтгэврийн доод хэмжээнээс доогуур тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүүг, мөн тэтгэвэрт хамрагдаагүй хүмүүст тэтгэврийн доод хэмжээгээр нөхөн олговор олгоход  тэтгэврийн нөөцийн сангаас зарцуулах чиглэлтэй ажээ. Үүнээс дүгнэлт хийхэд зарим орны туршлагаар хүн ам зүйн урт хугацааны өөрчлөлт төсөвт хэрхэн нөлөөлөх байдлын тайланг Үндэсний хөгжлийн хороо, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Сангийн яамнаас эрхлэн  манай улс 5-10 жил тутамд бэлтгэж  УИХ-д хэлэлцүүлж, нийгмийн баялгийг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй, шударга хуваарилж байх бодлого явуулах асуудлыг хуульчлах нь зүйтэй юм.

Засгийн газрын дээрх хоёр сангийн үйл ажиллагаа, эрсдлийн удирдлага, өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг засгийн газар (Сангийн яам) нь Чилийн төв банктай гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хоёр санг бүхэлд нь төв банкинд засгийн газрын тусгай дансанд байршуулдаг. Төв банк нь тус хоёр сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлд байршуулж нэмэлт мөнгөн хөрөнгө босгох, эрсдлээс хамгаалах ажиллагааг гэрээгээр зохион байгуулж явуулдаг байна. Одоо энэ хоёр сангийн хөрөнгийн 66.5 хувийг АНУ, Герман, Францын засгийн газрын буцааж худалдан авах нөхцөлтэй богино хугацааны үнэт цаас худалдан авах, 30 хувийг олон улсын мөнгөний зах зээл дээр, үлдэх 3.5 орчим хувийг инфляцийг индексжүүлж тооцсон тухайн орны засгийн газрын үнэт заас авах хэлбэрээр байршиж байна. Ийм арга  замаар уг санг арвижуулах, хөрвөлтийн бэлэн байдлыг хангаж, эрсдлээс хамгаалах, ийнхүү мөнгөний гадаад зах зээлд байршуулах замаар дотоодод эдийн засагт мөнгө шингээх зохистой байдлыг хангаж байдаг ажээ. Ингэхдээ тэрхүү сангийн хөрөнгийг байршуулах гадаад валютын сагсыг тогтоох ажиллагааг мэргэжлийн удирдлага хэрэгжүүдэг. Үүний дагуу ам. доллар, паунд стерлинг, иен, еврогоор уг сангийн хөрөнгөөс ямар харьцаагаар хадгалуулах, байршуулах, тайдлагнах, өгөөжиг нь тооцох  стратеги боловсруулж хэрэгжүүлдэг байна.   Сангийн нийт хөрөнгийн багцыг валютын сагсаар ангилж үзвэл: 45-55 хувийг америк долларт, 35-45 орчим хувийг евро-д, 5-15 хувийг Японы иенд багцлан байршуулдаг жишиг тогтоожээ. Эдгээр төрлийн валютаар сангийн  хөрөнгө гадаад зах зээлд байршуулах шалгуурыг валют бүрээр, мөн байршуулах зах зээлийн орон зай буюу сегмент ба санг үйлчлэн менежемент хийх этгээдээс хангасан байвал зохих шалгуурыг хөрөнгө оруулалтын хороогоор хэлэлцэн тогтоож мөрддөг байна. Дашрамд дурдахадЧилийн  төв банк нь мөнгөжсөн алтны нөөцгүй бөгөөд энэхүү нөөцөө одоогоос  6 жилийн өмнө худалджээ. Учир нь  түүхий алт нөөцлөх нь түүнийг байршуулах зардал өндөртэйн сацуу түүнийг валют болгож олон улсын мөнгө, санхзүүгийн хөрөнгө оруулалтын зах зээлд ажиллагаа явуулах нь эрсдлийг нь удирдахад зохистой гэж үздэг ажээ.

Эдийн засаг, нийгмийн байдлыг тогтворжуулах сан болон тэтгэврийн нөөцийн санг хоёуланг нь мөнгөний гадаад зах зээлд дээр төв банк нь  хариуцаж менежемент хийхдээ гадаад менежерүүдийг 4 үе шатаар сонгон шалгаруулж гэрээгээр ажиллуулаг ба одоогоор Жи Пи Морган Чейз Банк уг сангийн гадаад зах зээл дэх менежмент хийх ажлыг гэрээлэн эрхэлж байгаа ажээ. Эх орны Баялгийн энэхүү сангуудын хөрөнгө нь улсын чөлөөт валютын нөөцөөс тусдаа байдаг тухай дээр тэмдэглэсэн билээ.

Хуримтлалын зарцуулалтад харам ханддаг  учир шалтгаан нь

тогтвортой хөгжлийн номлолоос үүдэлтэй

Дээрх сангийн хөрөнгийг ийнхүү хуримтлал болгосон атал эдийн засгийн дотоод эргэлтэд оруулж ашиглахгүйгээр  олон улсын санхүүгийн  зах зээлд удирдаж байгаа голмөн чанар, , шалтгаан нь: Чили улсад мөнгө илүүдээд, эсхүл бүтээн байгуулж хөгжөөд дээд цэгтээ хүрсэн гэж үзсэндээ  биш ажээ. Хэргийн учир нь байгалийн баялагаас ийнхүү олж байгаа мөнгөний нөөцийг Чилийн нийт ажиллах хүчний зөвхөн 1.4 хувь нь тус салбарт ажиллаж бий болгож байгаа юм. Байгалийн нөөц ухаж гаргаж олсон энэ мөнгө бол эдийн засгийн төрөлжилт бүхий салбарууд, үйлдвэрлэл, үйлчилгээний замаар олсон мөнгө бус. Ийм учраас нэг талдаа үйлдвэрлэгдэж, хэрэглэхэд бэлэн эцсийн бүтээгдэхүүнээр баталгаажаагүй учраас нэг ёсондоо гэнэт олсон “олз” хэлбэртэй зүйл. Хэрэв түүнийг гүйлгээнд бүл цулаар гаргаваас уг мангийг шингээх Чилийн эдийн засгийн чадавхи одоогоор хангалттай  эсэхийг харгалзаад үзэхээр гүйлгээнд ихээр гаргаж хараахан болохгүй байна гэж үздэг. Хэрэв уг мөнгийг эдийн засгийн шингээх чадвараас хэтрүүлж гүйлгээнд гаргавал инфляци хөөрөгдөх, импортод өндөр “үнэ хаялцаж” импортын үнийг хөөрөгдөх, импортын үнийн өсөлтийн өрсөлдөөн үүсэх, ингэснээр дотоод зах зээлийн нийлүүлэлт ба гадаад үнийн хайчинд эдийн засаг, хүн амын орлого өртөж эцсийн дүнд эдийн засаг их өндөр халсанаас тогтворгүй байдал үүсгэнэ гэж болгоомжилдог ажээ. Нөгөө талаар, хэрэв энэхүү мөнгийг чөлөөт валютаар дотоод зах зээлд оруулбал Чилийн песогийн ханш хэт чангарч, улмаар тус улсын үндэсний валютаар төсөвт оруулах орлого буурна. Энэ нөхцөлд экспротын нэг америк доллар тутамд ногдох Чилийн песогийн тоо хэмжээ буурна. Энэ нь дотооддоо төсвийн орлого хомсдож зарлагаа санхүүжүүлэхэд хүндрэл учрах, ханшийг дагасан  цалин хөлсний хатуу реформ байнга давтагдах, ингэснээр  төсөв-санхүүгийн төдийгүй улс төр- эдийн засгийн тогтворгүй байдал үүсч болзошгүй гэж болгоомжилдог байна..

Чилийн засгийн газрын энэ бодлого нь  байгалийн түүхий эдийн олборлолтын орлого бол тийм ч их бүтээмжит мөнгөний агуулгатай бус тул түүнийг дотоодод гүйлгээнд оруулахдаа  болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн анхааруулга юм гэж ойлгогдохоор байна. Дээрх байдлаас харахад уул уурхайн эдийн засаг дахь тогтвортой хөгжлийн тухай Солоу-гийн онолыг тус улс ОУВС, Дэлхийн Банкны зөвлөмжийг харгалзан засгийн газрын эдийн засгийн хөгжлийн бодлогоо тодорхойлоход нэлээд хатуу баримталдаг нь ажиглагдав. Үүний мөн чанар нь  байгалийн баялгаас олсон мөнгөн орлогыг ирээдүйн урт хугацаанд нэмүү өртөг бүтээх эдийн засгийн чадавхи суулгах, уул уурхайгаас олсон нэгж валютын орлогыг дор хаяж нэг болон түүнээс дээш валютын нэгжтэй тэнцэх материаллаг баялаг байнга бүтээх хүч чадал бий болгох, эсхүл нийгмийн зориулалттай дэд бүтцийн хөгжилд  зориулах, тодорхой хэсгийн ирээдүй хойч үеийнхэнд өвлүүлэх нь шударга гэсэн зарчим баримтлахад оршдог байна.

Дээрх зарчмыг баримтлах үндсэн дээр Чили улс зэсийн орлогоос бий болгосон Эх орны баялагийн санг зарцуулахад маш болгоомжтой хандаж байгаа бөгөөд энэхүү сангаас дээр дурдсан хязгаарлагдмал цөөн тооны зориулалтаас гадна 2010 оноос эхэлж өндөр мэргэжлийн боловсон хүчнийг хөгжсөн орнуудад сургаж бэлтгэх сан байгуулах хууль гаргаж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ба энэ тусгай сангийн нөөцийг одоогоор 6 тэрбум доллараар тооцжээ. Ийнхүү өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэлт нь цаашид Чили улсыг хөгжүүлэх хамгийн гол тогтвортой бөгөөд найдвартай байлаг болно гэж шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч түвшний байгууллага үзэж байгаа ажээ. Харин Эх орны баялгийн сангаас ямар нэг бэлэн мөнгө нийтэд тараах, нийгмийн халамж үзүүлэх, төсвийн гадуур хөрөнгө оруулалт хийх, урсгал аливаа зарлага гаргахыг хатуу хориглосон байна.

Энд нэг онцолж тэмдэглэх зүйл бол үндэсний валютын ханш хэт сулрах, эсхүл бас хэт чангарахын аль аль нь макро эдийн засаг, төсөв санхүүгийн тогтворгүй байдал өдөөх тул ялангуяа байгалийн баялаг олборлолтоос бөөн цангаар олох мөнгийг гүйлгээнд оруулахдаа нэн болгоомжтой хандах хэрэгтэй ажээ. Үүнээс үзвэл манай улсын хувьд Оюу толгойн болон Таван толгой зэрэг стратегийн орд ашиглалттай уялдаж орох орлогыг эдийн засагт шингээх дотоод чадавхийг дээшлүүлэхэд хүч тавих, уул уурхайн салбарын экспортын орлогын удирдлагыг оновчтой явуулах шаардлага цаашид хурцаар тавигдах бололтой.

(Чили улс “Эх орны баялгийн сан”-г улам арвижуулж ийм төрлийн сан бүхий бусад улсуудын жишигт хүрэхийг алсдаа зорьж буй ажээ. Дашрамд дурдахад ийм ижил төстэй зориулалтын сан бүхий 21 орныг хамруулсан судалгаанаас үзэхэд Арабын нэгдсэн улс энэхүү санг ДНБ-нээсээ 4 дахин давсан хэмжээнд байгуулсан бөгөөд энэхүү сангийн хөрөнгийн нэг хүнд ногдох дүн нь 180 мянган доллар ажээ. Үүний дараа Брүней, Кувейт, Сингапур, ӨАБНУ, Австрали, Норвеги, Шинэ Зеланд зэрэг улс орнууд ордог. Хөгжиж байгаа орнуудаас Хятад, Вьетнам, БНСУ, Азербайжан, ОХУ зэрэг нэлээд олон улс орон ийм чиглэлийн сантай болж эхэлжээ).

Чили улсад мөрдөж байгаа Төсвийн Хариуцлагын Тухай хуулийн гол ач холбогдол нь:

  • Эдийн засгийн мөчлөгт тохиолдох хэлбэлзлийн үед төсвийн зарлагыг автоматаар тохируулан тогтворжуулагч хуульчилсан механизм төсвийн тэнцвэржүүлсэн орлогод дүйцсэн зарлагын хязгаарлалтаар дамжиж үйлчилдэг байхын сацуу төсөвт учирсан алдагдлыг санхүүжүүлэх дотоод эх үүсвэрийн бэлэн байдлыг хангадаг. (Үүнийг олон улсын нэр томъёогоор “мөчлөгийн зохицуулалт”  гэж нэрлэдэг)
  • Засгийн газрын хөдөлшгүй сангуудын удирдлагыг төв банк нь өөрийн ажиллагааны хэм хэмжээнд нийцүүлсэн олон улсын санхүүгийн  зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх замаар эх орны экспортыг дэлхийн экспротын өрсөлдөөнөөс хамгаалж байгаа (валютын давхар нөөцөд суурилж ханшийн тогтворжуулалтын бодлого хэрэгжүүлдэг)
  • Улсын гадаад өрийн хэмжээг үлэмж бууруулж чөлөөт валютын давхар нөөц бүрдүүлсэнээр Чили улсын бизнес эрэхлэгчдэд гадаад зах зээлд гарахад нь итгэл өндөржүүлэх, орны зээлжих зэрэглэлийг ахиулж байдаг
  • Эдийн засаг, санхүүгийн дэлхий нийтийн болон улс орны дотоод хямралын улмаас үүсэх сөрөг үр дагаврыг арилгахад санхүүгийн хараат бус байдлыг хангадаг
  • Нийгмийн хөгжлийн урт хугацааны төлөвөлөлтийг мөнгөн хуримтлалын сангийн нөөцөөр баталгаажуулдаг.

Чили улс сүүлийн 13 жилд жил бүр ДНБ-ний 1 хувьтай тэнцэх мөнгөн хуримтлал бий болгох хатуу зорилт тавьж хэрэгжүүлснээр одоо улсын мөнгөн хуримтлалын энэхүү сан нь ДНБ-ний 20 шахам хувьтай тэнцэж байна.

Сүүлийн 20 жилд жил бүрийн төсвийн зарлага нь  үнэмлэхүй хэмжээгээр 6-4 орчим хувиар зугуухан нэмэгдсэн атал ДНБ-нд эзлэх хувь нь 1.2-0.6 хувьтай тэнцэх байдлаар жилээс жилд тогтмол буурчээ.

Засгийн газрын зарлагын хэлбэлзлийн индех 1970-1989 онд 7.1 хувь байсан бол 1990-1999 онд 3.1 хувь, 2000-2005 онд 2.2 хувь болж  хэлбэлзлийн түвши нь байнга  багассан явдал төсвийн зарлагын реформ амжилттай болсоныг нотолдог.

Энд онцлон тэмдэглэх нэг зүйл бол Чили улс ерөөс төсөв зохиолтод эрдэс баялгийн бус төсвийн тэнцлийн горим баримталж, тэнцвэржүүлсэн төсвийн орлогод зэс, молибдений үнийн түвшинг  маш консерватив байдлаар тооцож, үндсэндээ энэ хоёр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн төсөвт бараг нөлөөгүй байхаар төсвийн тооцоог хийдэг ажээ. Энэ үндсэн дээр зэс, молибденоос төсөвт орох бодит орлогын гүйцэтгэлээс нь барагцаалбал 30 хувийг хуримтлалын сангийн дансанд заавал оруулж, үлдэх хэсгийг нь төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дүнд тооцож төсвийн санхүүжилтэд хэрэглэж иржээ. Зарим жилүүдэд нэг паунд зэсээс орох орлогын ¾-ийг хуримтлалын санд оруулж зөвхөн ¼-ийг нь тэнцвэржүүлсэн төсвийн орлогод тооцож хуримтлалын тэвчээр гаргаж иржээ. Энэ нь улсын төсөв бүхэлдээ зэс, молибденээс хараат бус байдлыг хангаж, төсвийг бараг зэсгүй, молибденгүйгээр төсөөлөн тооцож зохиох аргад шилжсэн гэж хэлж болно. Ийнхүү тухайн улс орон эрдэс баялгийн нэг л эх үүсвэрт орлогогүйгээр, тухайлбал зэсгүйгээр төсөөлөн төсөвлөх процесст яваандаа алхам алхамаар дасан зохицох нь эдийн засгийн бусад салбарын төрөлжилтийг өдөөн сайжруулахад нэн тустай бөгөөд. үүнийг товчоор байгалийн баялагийн “хараал хариулах” гэж нэрлэдэг байна.

Чили улс нь Засгийн газрын Төсвийн тэлэлтийн хэмжээтэй уялдуулж төв банк мөнгөний бодлогыг чангатгаж, төсвөөр дамжиж мөнгө гүйлгээнд хэт гаргах, түүнээс хамаарч инфляци өсөхөөс төв банк сэргийлэх мөнгөний хатуу бодлого явуулдаг байна. Өөрөөр хэлбэл засгийн газар  төсвийн зарлага тэлэхийн хирээр  төв банк мөнгөний бодлогыг чангатгадаг ажээ.

Чилийн туршлагаас  авууштай зүйл нь юу вэ?

  1. Төсвийн тогтворжуулалтын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан бодит орлогоос  ДНБ-ний 5 хувиас доошгүй хэмжээнд байгуулж түүнийг мөнгөжсөн хэлбэрээр тогтвортой байлгах. Ийнхүү төсвийн тогтворжуулалтын сангийн минимум түвшнээс давсан орлогыг гадаад зах зээл дээр удирдах.
  2. Хүн ам зүйн бүтцийн өөрчлөлтийн тайланг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ба Сангийн яам 5 жил тутамд гаргаж УИХ-д танилцуулж, үүнтэй уялдсан мөнгөний эрэлт, нийлүүлэлтийг тооцож мөнгөний болон төсвийн бодлогод харгалзан тусгуулж байх. энэ үндсэн дээр Улсаас тэтгэврийн ирээдүйд шаардагдах санг бүрэн мөнгөжүүлэхийн тулд  жил бүр түүнд хийх зузаатгалыг тогтворжуулалтын сангийн нэг салшгүй хэсэг гэж үзэхийн сацуу санд хийх зузаатгалыг төсвийн тогтворжуулалтын сангаас идлүү гарсан хэсгээс, эсхүл сан хүрэлцэхгүй нөхцөлд төсвийн хөрөнгөөр, эсхүл засгийн газар авах төв банкны зээлээр жил бүр заавал хийж удирдлагыг гадаад зах зээлд хэрэгжүүлэх
  3. Ирээдүйд хуримтлагдах төсвийн тогтворжуулалтын сангийн мөнгөн хуримтлалыг үндэсний баялаг тасралтгүй  шинээр бүтээх төслөөр хөрөнгө оруулалт хийх сайн сонголт хийх нь чухал бөгөөд Чили улсын өнөөгийн баримталж байгаа бодлого нь хөгжсөн орнуудад өндөр мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх замаар оюуны потенциалд чиглүүлэх сонголт хийж байгаа туршлага байна.
  4. ДНБ-ний тооцоололт, эдийн засгийн өсөлтийн болон зэс, алт, ураны үнийн урт хугацааны төлөв байдлыг судалж төсвийн тэнцвэржүүлсэн орлогод тусгах хэмжээг тооцож байдаг нарийн мэргэжлийн хөндлөнгийн экспертийн багийг Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэчлэлтйин хороо, Үндэсний статистикийн хороо, Төв банк, төрийн бус судалгааны байгууллагын оролцоотой ажиллуулж болох.
  5. Тэнцвэржүүлсэн төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэл тодорхойлох аргачлалыг хэрэглэх талаар ОУВС-ийн зүгээс техникийн туслалцаа авч бусад орнуудад хэрэглэхийг зөвшөөрөгдсөн “Коб Дагласын үйлдвэрлэлийн фүнкцийн загварчлал”-ыг Сангийн яам, Үндэсний хөгжил шинэчлэлтийн хороо, Үндэсний стаистикийн хороо Төв банк эдийн засаг, төсөв,  мөнгөний бодлого, судалгаа, төлбөрийн тэнцлийн тооцоонд тогтмол хэрэглэх.
  6. Байгалийн баялагт голлож суурилсан шилжилтийн эдийн засагтай манай орны хувьд  “Тогтвортой хөгжлийн” тухай ойлголтын мөн чанарын талаар удирдлагын бүх түвшинд нэгдмэл ойлголттойгоор эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад баримталдаг байх.
  7. Стратегий орд ашиглалттай уялдсан валютын орцын урсгал нэмэгдэх хирээр  төгрөгийн чөлөөт валюттай харьцах солилцооны ханшид хэт савалгаа үүсэх, ялангуяа төгрөгийн  ханшийн хэт чангаралтаас болгоомжилж ханшийн харьцангуй тогтвортой байдлыг хангах чөлөөт валютын эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг оновчтой зохицуулах. Үүнтэй уялдуулж стратегийн ордоос хэрэв урьдчилгаа мөнгө их хэмжээгээр нэг дор авсан нөхцөлд төсөв тогтвортой байхын тулд жил жилийн хуваариар 5-10 жилд үргэлжлүүлж суурь дэд бүтцийн хөгжилд уг урьдчилгаа орлогоос жигд зарцуулах стратегийг баримталж болох.

***    ***    ***

БАЯЛАГИЙН ХАРААЛААС СЭРГИЙЛЖ ЧАДСАН ЧИЛИЙН ТУРШЛАГА ТАТАХ