Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн найруулга

July 6, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 6 дугаар сарын 24-ний  өдөр

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтоомж

2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нэгдсэн төсвийн тэнцлийн зорилтыг тодорхойлж тусгах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайн жилийн нэгдсэн төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах, хяналт тавих, санхүүгийн хуримтлалын удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд хамаарна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“төсвийн тусгай шаардлага” гэж нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, төсвийн богино, дунд, урт хугацааны бодлого, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тодорхойлоход баримтлах, энэ хуулиар тогтоосон зохистой үзүүлэлтийн түвшин, харьцаа, хязгаарлалтыг;

4.1.2.“гол нэр төрлийн эрдэс баялаг” гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг нь бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг;

4.1.3.“гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгаас энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тодорхойлсон үнийн түвшинг баримтлан тооцож төсөвт оруулах орлогын дүнг;

4.1.4.“нэгдсэн төсвийн суурь орлого” гэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлогоос бусад орлогын эх үүсвэрийг;

4.1.5.“нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогогэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн суурь орлогын нийлбэрийг;

4.1.6.“нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл” гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүүг;

4.1.7.”эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүн” гэж уул уурхайн салбараас бусад бүх салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний дүнг;

4.1.8.“улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг;

4.1.9.“дунд хугацаа” гэж дараа жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийг хамарсан төсвийн гурван жилийг;

4.1.10.“дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” гэж тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв байдал, дунд хугацааны макро эдийн засгийн ба төсвийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичгийг;

4.1.11.“нэгдсэн төсөв” гэж Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай[2] хуулийн 3.2-т заасныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨСВИЙН УДИРДЛАГЫН ЗАРЧИМ, ТУСГАЙ ШААРДЛАГА

5 дугаар зүйл. Төсвийн удирдлагын зарчим

5.1.Төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.төсвийн богино, дунд хугацааны бодлого, стратеги зорилт, урт хугацааны чиг хандлагын төсөөлөл, тэдгээрийн агуулга, хэрэгжилт нь ил тод байх;

5.1.2.төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх; 

5.1.3.төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох;

5.1.4.төсвийн бодлогыг тодорхойлохдоо олон улсад нийтлэг хэрэглэгддэг аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашиглах замаар төсвийн тооцооны хараат бус, үнэн зөв байдлыг хангах;

5.1.5.үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах;

5.1.6.төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн

засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх.

6 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлага

6.1.Төсөвт дараахь тусгай шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан байна:

6.1.1.нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх;

6.1.2.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх;

6.1.3.тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний  өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн  эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх;

6.1.4.уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх.

7 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагыг баримтлах

7.1.Төсвийн тусгай шаардлагыг дараахь үйл ажиллагаанд баримтална:

7.1.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн тэнцлийн зорилтыг тодорхойлж тусгах;

7.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах;

7.1.3.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах.

7.2.Энэ хуулийн 7.1.1-д заасан төсвийн тэнцлийн зорилтыг дөрвөн жил тутамд нэг удаа өөрчлөн тогтооно.

7.3.Төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ.

7.4.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүйгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхгүйгээр төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

8 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр

түдгэлзүүлэх тохиолдол

8.1.Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг дараахь тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно:

8.1.1.тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад  “0”, эсхүл түүнээс бага, хасах хувьтай  бол;

8.1.2.гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААРХИ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

9.1.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тусгаж тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, төсвийн тусгай шаардлагад нийцүүлж хуульчлан батлах;

9.1.2.жилийн төсөв батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тусгаж тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх;

9.1.3.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасныг үндэслэлтэй гэж үзвэл төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж, тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

9.1.4.энэ хуулийн 10.1.6-д заасан хөтөлбөрийг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

10 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

10.1.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.энэ хуулийн 6.1.2-т заасан төсвийн тусгай шаардлагыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар, жилээр тооцож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах;

10.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10.1.3.төсвийн төсөл болон батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх;

10.1.4.төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд тайлагнахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтийг хангасан эсэх тухай тайлбарыг хамтад нь  хүргүүлэх;

10.1.5.энэ хуулийн 8.1-д заасан аль нэг тохиолдол бий болсон бол төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай санал, түүнтэй холбогдуулан тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулга, тооцоо, үндэслэлийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10.1.6.энэ хуулийн 8.1-д заасан тохиолдол арилсны дараа гурван сарын дотор төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах саналаа энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10.1.7.төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг  баталж, нийтэд мэдээлэх.

11 дүгээр зүйл. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын бүрэн эрх

11.1.Төсвийн тогтвортой байдлыг хангахад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн тусгай шаардлага, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан боловсруулж, холбогдох тооцоо, дүн шинжилгээний хамт Засгийн газарт өргөн мэдүүлэх;

11.1.2.төсвийн төсөл болон батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахдаа төсвийн тусгай шаардлага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баримтлах;

11.1.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд болон жилийн төсвийн төсөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг  дараахь аргачлалаар тодорхойлж байх:

11.1.3.а.тухайн төсвийн жилийн дараахь жилийн төсвийн төсөлд баримтлах, түүний дараагийн хоёр, гурав дахь жилийн төсвийн төсөөлөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах 12, 11, 10 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг  мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайн төсвийн жилийн болон түүний дараахь гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцох;

11.1.1.3.б.энэ хуулийн 11.1.3.а-д заасан гол нэр төрлийн эрдэс

баялгийн тэнцвэржүүлсэн үнийн тооцоонд алтны тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах жилүүдийн дундаж үнийг тусгахдаа эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас гаргасан статистикт тусгасан үнийн дунджаар тооцох;

11.1.4.төсвийн гүйцэтгэл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэрхэн хангасан байдалд дүн шинжилгээ хийх;

11.1.5.энэ хуулийн 10.1.6-д заасан хөтөлбөр боловсруулах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨСВИЙН ТУСГАЙ ШААРДЛАГЫГ ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН

ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛД БАРИМТЛАХ

12 дугаар зүйл. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл

12.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дараахь үзүүлэлтийг тусгана:

12.1.1.дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ;

12.1.2.хэрэглээний үнийн өсөлтийн түвшин;

12.1.3.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ;

12.1.4.нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ;

12.1.5.нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ;

12.1.6.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл;

12.1.7.нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ;

12.1.8.улсын  өрийн нийт хэмжээ;

12.1.9.Нийгмийн халамжийн тухай[3] хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх  зардлын нийт хэмжээ.

12.2.Энэ хуулийн 12.1.3-12.1.9-д заасан үзүүлэлтийг төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн үнэмлэхүй хэмжээ болон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар тооцно.

12.3.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараахь агуулгатай байна:

12.3.1.төсвийн бодлого, зорилтыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн удирдлагын зарчим, 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлж дунд хугацаагаар тодорхойлсон байдал;

12.3.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн тусгай шаардлагад нийцүүлж тусгасан төсвийн бодлогын зорилтыг хангах арга хэмжээ;

12.3.3.макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн  талаар хийсэн дүн шинжилгээ;

12.3.4.өмнөх хоёр жилийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөвлөлт, дараагийн жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийн төлөв байдлыг хамруулан тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн, хэрэглээний үнийн түвшин, мөнгөний бодлогын үндсэн үзүүлэлт, ажил эрхлэлт болон ажилгүйдлийн түвшин, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны урсгал тэнцлийн талаархи макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд;

12.3.5.макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл;

12.3.6.төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл, улсын хөрөнгө оруулалт, төсвийн нийт орлого, зарлагыг багтаасан төсвийн гол үзүүлэлтүүд, тэдгээрийн  төлөвлөгөөг  гүйцэтгэл, үр дүнтэй нь  харьцуулсан байдал;

12.3.7.төсвийн болзошгүй өр төлбөр, түүний талаархи шинжилгээ;

12.3.8.өмнөх 2 жилийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөвлөлт, дараагийн жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийн төлөв байдлыг хамруулан тооцсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө болон түүний гүйцэтгэл, төсвийн нийт зарлагын хэмжээ, түүний өсөлт, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн зорилтот үзүүлэлт, түүний гүйцэтгэл, улсын өрийн нийт үлдэгдэл, авч ашиглах зээл, өрийн бичиг гаргалтын талаархи нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд;

12.3.9.төсвийн төлөвлөлтийн төсвийн тусгай шаардлагад нийцсэн байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр тавигдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байдал.

13 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагын

хэрэгжилтэд хяналт тавих

13.1.Төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон

харилцааг Төрийн аудитын тухай[4] хуульд заасны дагуу зохицуулна.

14 дүгээр зүйл. Төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтийг тайлагнах

14.1.Засгийн газар төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангасан тухай дүгнэлт, тайланг бэлтгэн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгаж, Улсын Их Хуралд тайлагнана.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан төсвийн гүйцэтгэлийн тайланд төрийн аудитын төв байгууллага аудит хийхдээ төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хэрэгжүүлсэн байдалд дүгнэлт гаргана.

15 дугаар зүйл. Төсвийн төсөлд нэмэлт, өөрчлөлт

оруулахад үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах

15.1.Улсын Их Хурал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсөвт, эсхүл Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эдгээр баримт бичгийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэ хөтөлбөр нэмж тусгах тохиолдолд уг асуудал нь макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад хэрхэн нөлөөлөх талаар Засгийн газраар үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

16 дугаар зүйл. Төсвийн тогтворжуулалтын сан

16.1.Төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагад нийцсэн нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Төсвийн тогтворжуулалтын сантай байна.

16.2.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас доошгүй байна.

16.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах,

хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай[5] хуулиар зохицуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

САНХҮҮГИЙН ХУРИМТЛАЛЫН УДИРДЛАГА

17 дугаар зүйл. Санхүүгийн хуримтлал, түүний хөрөнгө оруулалт

17.1.Энэ хуулийн 16.2-т заасан Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас давсан санхүүгийн хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хийх хөрөнгө оруулалтын оновчтой хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр  жил бүр тогтооно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан хэмжээг тогтоохдоо инфляцийн өсөлтийг нэг оронтой тоонд хязгаарлах, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зорилттой уялдуулна.

17.3.Засгийн газар дотоод зах зээлд хийх хөрөнгө оруулалтын энэ хуулийн 17.1-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтааж төрийн өмчит хөгжлийн банкны  буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан урт хугацаат үнэт цаасыг хууль тогтоомжийн дагуу худалдан авна.

17.4.Төрийн өмчит хөгжлийн банк энэ хуулийн 17.3-т заасан үнэт цаасыг борлуулж, татан төвлөрүүлсэн санхүүгийн хуримтлалын эх үүсвэрээр зөвхөн хөгжлийн хөрөнгө оруулалтын дараахь төсөл, арга хэмжээг дунд, урт хугацааны зээлээр санхүүжүүлж болно:

17.4.1.төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим

хүчний цахилгаан станц барьж байгуулах;

17.4.2.олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх. 

17.5.Төрийн өмчит хөгжлийн банк энэ хуулийн 17.4.1, 17.4.2-т заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг сонгон санхүүжүүлэхдээ Банкны тухай[6], Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай[7] хуулийг баримтална.

17.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.1-д заасны дагуу тогтоосон гадаад зах зээлд хийх санхүүгийн хөрөнгө оруулалтыг Монголбанкаар гэрээний дагуу гүйцэтгүүлнэ.

17.7.Энэ хуулийн 17.1-д заасан санхүүгийн хуримтлалын хөрөнгийг энэ хуулийн 17.3-т зааснаас өөр зориулалтаар зарцуулах, энэ хуулийн 17.6-д зааснаас өөр хэлбэрээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД

18 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

18.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

18.2.Засгийн газраас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн нэгдсэн төсвийн төсөл нь төсвийн тусгай шаардлагыг хангаагүй тохиолдолд төсвийн төслийг буцаана.

18.3.Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8.1-д зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.

18.4.Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсөв батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төсвийн тусгай шаардлагыг хангаагүй нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно.

19 дүгээр зүйл. Хуулийг дагаж мөрдөх журам

19.1.Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2013 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө.

19.2.Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг 2014 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө.

19.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр орд ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.

19.4.Энэ хуулийн 19.3-т заасны дагуу өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээний 40 хувиас давсан хэсэгт Засгийн газар зөвхөн энэ хуулийн 17.1-д заасан санхүүгийн хуримтлал бий болгох хүртэлх хугацаанд энэ хуулийн 17.4.1, 17.4.2-т заасан хөгжлийн хөрөнгө оруулалтын зориулалтаар төрийн өмчит хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргана.

19.5.Энэ хуулийн 16.2-т  заасан нөхцөлийг 2018 оны төсвийн жилээс өмнө хангана.

19.6.Улсын Их Хурлын  нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Гарын үсэг

Эцсийн найруулга

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 6  дугаар

сарын 24-ний  өдөр                                                                                               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “энэ хууль болон” гэсний дараа “Төсвийн тогтвортой байдлын тухай,” гэж, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсгийн “Засгийн газрын нөөц хөрөнгө,” гэсний дараа “Төсвийн тогтворжуулалтын сан,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

Эцсийн найруулга

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 6  дугаар

сарын 24-ний   өдөр                                                                                  Улаанбаатар хот

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН

ТУХАЙ ХУУЛЬД  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” гэсний өмнө “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан,” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын “улсын төсвийн төслийг” гэсний дараа “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийг баримтлан боловсруулж” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт” гэсний өмнө “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд болон” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “төсвийн гүйцэтгэл” гэсний дараа “, түүний дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд хэрхэн нийцсэн талаархи дүн шинжилгээ“ гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

”6.1.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасныг баримтлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн батлах;”

3 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн “төсвийн хүрээний мэдэгдэл” гэснийг тохиолдол бүрт нь “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” гэж  өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг


[1] Монгол Улсын Їндсэн хууль -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 44 дугаарт нийтлэгдсэн.

[3] Нийгмийн халамжийн тухай хууль- “Тєрийн мэдээлэл” эмхттгэлийн 2006 оны 4 дугаарт  нийтлэгдсэн.

[4] Тєрийн аудитын тухай хууль-Тєрийн мэдээлэл эмхтгэлийн 2003 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[5] Засгийн газрын тусгай сангийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

[6] Банкны тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[7] Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1996 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн найруулга татах