Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын Төсвийн Байнгын Хорооны 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд УИХ-ын гишүүдээс гаргасан зарим асуултад хийсэн тодруулга тайлбар

July 6, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Асуулт: Хуулийн төслийн 6.1.4-д  заасан өрийн хязгаар нь эдийн засгийн өсөлтийг хэт хязгаарлах тал гарах эсэх. Олон улсын түвшинд ямар хязгаарлалт тавигддаг вэ?

Тайлбар: ОУВС, Дэлхийн банкны 2009 оны шинэчилсэн ангиллаар нэг хүнд ногдох үндэсний нийт орлого нь 976 америк доллараас доош бол доогуур орлоготой орны, харин  976-3855 америк долларт байгаа улсыг дундаас доогуур орлоготой орны ангилалд хамруулдаг байна. Доогуур болон дундаас доош орлоготой орнуудад улсын өрийн хэмжээ ДНБ-ний 40%-аас хэтрэхгүй байлгах босгыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зөвлөдөг бөгөөд манай улс дундаас доош орлоготой орны ангилалд багтаж байна. Иймд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд улсын өрийг/өнөөгийн үнэ цэнээр хэмжигдсэн/ ДНБ-ий 40%-иас хэтрүүлэхгүй байлгах тусгай шаардлагыг тусгах талаар ОУВС, Дэлхийн банк  зөвлөснийг харгалзан үзэв. Өрийн түвшиний энэхүү босго нь эцсийн дүнд:

  • Төсвийн урт хугацааны тогтвортой бодлого явуулах
  • Төсвөөр дамжуулж макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
  • Үндэсний компаниуд гадаад зах зээлд өрсөлдөх, гадаад хөрөнгө оруулалтын сонирхлыг нэмэгдүүлхэх таатай орчин бүрдүүлэх
  • Орны зээлжих зэрэглэлийг дордуулахгүй байлгах гол шалгуур болдог.

Одоогоор манай улсын өр өнөөгийн цэвэр үнээр тооцсоноор ДНБ-ний 38 орчим хувийг эзэлж байгаа. Хэрэв улсын өрийн хэмжээг одоогийн байгаа түвшинд (төгрөг, ам. долларын одоогийн ханшаар тооцсон байдлаар) царцаана гэж үзвэл ДНБ-нд өрийн эзлэх хувь 2015 онд 16.0 хувь, 2020 онд 9.0 орчим хувийг эзлэхээр байна. Хэрэв улсын өрийн хэмжээг 40 хувьд хүртэлх хэмжээнд зээл авна гэж үзвэл 2015 онд одоогийн байгаа нийт өр дээр 3.8 тэр бум долларын, 2020 онд 5.0 орчим долларын зээл нэмж авах боломжтой гэсэн тооцоо гарсан болно. Үүний сацуу 2016-2020 онд одоо байгаа улсын өрийн зохих хэсэг эргэж төлөгдөх хуваарьтай тул  зээл нэмж ашиглах боломж нээлттэй байх урьдчилсан төлөв байгаа юм. Иймд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд улсын өрийн хэмжээ ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байх тухай нөхцлийг хуульчилж болох талтай.

Асуулт: Энэ хуулийн  төсөл нь хүний хөгжил сангийн тухай хуультай нийцэж байгаа юу? Жишээ нь ашигт малтмал аншигласны төлбөрийг уг санд оруулахаар хуульчилс ан. Энэ орлого тус санд орохгүйгээр гадаад зах зээлд байршуулах хуримтлалд тооцогдох болж буй биш үү:

Тайлбар: Хүний хөгжил сангийн тухай хуулд заасан тус сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд эрдэс баялгийн орлогоос ашигт малтмал ашигласны төлбөр зэрэг хэлбэрээр орох орлого нь төсвийн тэнцвэржүүлсэн орлогод хамаарна. Хүний хөгжил сангийн төсөв нь Улсын төсвийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болж УИХ-аар батлагддаг тул тэнцвэржүүлсэн орлогын хүрээнд тус сангийн орлого хамаарч тодорхойлогдож байх юм. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар Хүний хөгжил сангийн тухай хуультай зөрчилдөхгүй, тус сангаас санхүүжүүлэх урсгал зарлагыг хууль тогтоомжийн дагуу одоо мөрдөж байгаагаас илүүтэй хязгаарлах нөхцөл үүсэхгүй болно.

Асуулт: Төсвийн тогтворжуулалтын сан байгуулах, санхүүгийн хуримтлалаар санхүүгийн хөрөнгө оруулалт хийх нь манай өнөөгийн хөгжлийн түвшинд аль хир нийцэх вэ? Төсвийн хариуцлагын тухай хуультай орнуудад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ямар байдаг вэ?

Тодруулга: Төсвийн хариуцлагын болон тогтвортой байдлын тухай хууль тогтоомж баталж хэрэгжүүлж байгаа олон улсын практикийн нэг онцлог нь тухайн улс орны хөгжлийн түвшнээс үл хамаарч ийм хууль эрх зүйн орчин бүрдүүлдэг, түүний дотор ашигт малтмалаас эдийн засаг нь хамааралтай орнууд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой тогтолцоо гэж үздэг нийтлэг практик байна. Ийм ижил төстэй хууль тусгайлан гаргаж хэрэгжүүлж байгаа бага орлоготой зарим орнуудаас дурдвал:

Орны нэр ДНБ-ний хэмжээ*

(US$)

Сан байгуулсан

он

Зүүн Тимор 1,368 2000
Нигери 1,162 2004
Папуа Шинэ Гвиней 2,108 2006
Мавритан 2,055 2006
Болив 3,500 2006
Филиппин 2,300 2004
Вьетнам 2,800 2007
Пакистан 2,500 2008
Казакстан 4,314 2001
Азербайжан 4,694 1999
Иран 4,000 1998
Алжир 3,700 2000
Криват 1,122 1956
Мексик 5,495 2000
Монгол 3,240

*Сан байгуулах үед нэг хүнд ногдож байсан ДНБ-ний хэмжээ, худалдан авх чадвараар тооцсон.

Тогтворжуулалтын сангаас давсан хэсгийг бүхэлд нь гадаад зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалт хийх нь манай улсын өнөөгийн хөгжлийн түвшинд төдийлөн тохиромжтой биш байгаа болон энэ талаарх УИХ-ын ажлын хэсгийн  саналыг харгалзан үзэж, уг хуримтлалын зохих хэсгийг хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулах талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 17.3 дахь хэсэгт  тусгахнь зүйтэй гэж үзэв.

Асуулт&санал: Хуулийн төслийн 12 дугаар зүйлд заасан “зөвлөл”-ийн асуудлыг хуульчлах шаардлагагүй гэж үзэж байна. Энэ асуудлыг хэрхэх талаар ямар шийдэл байж болох вэ?

Тодруулга: Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгээр хэлэлцүүлэх явцад энэхүү “зөвлөл”-ийн асуудлаар УИХ-ын гишүүдийн тавьсан асуулт ба гаргасан санал, зөвлөмжийг анхааралтай судлан үзээд эрдэс баялгийн үнэ тодоройлох болон ДНБ-нийг тооцох чиг үүрэг бүхий зөвлөл байгуулахтухай зүйл, заалтыг хуулийн төслөөс хасаж болно гэж үзэж байна. УИХ-ын төсвийн байнгын хороогоор энэ хуулийн төсөл хэлэлцүүлэхэд авч үзэж шийдвэрлэх боломжтой юм.

Асуулт: Улс төрийн намын сонгуулийн хөтөлбөрт тусгагдсан амлалтын үнэлгээ хийх тухай хуулийн төсөлд тусгагдсан хэсгийг хасах нь зүйтэй  бус уу? Энэ үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага хийх нь зохисгүй. Учир нь тус байгууллагыг улс төрийн албан тушаалтан удирдах тул улс төрийн намын амлалтын үнэлгээг улс төржүүлэх тал гарч болзошгүй юм.

Тайлбар: Төсвийн хариуцлагын тухай болон түүнтэй ижил төстэй хууль хэрэгжүүлдэг зарим оронд, тухайлбал: Австрали (Төсвийн итгэлцлийн тухай хууль), Англи (Төсвийн тогтворжуулалтын хууль), Шинэ Зеланд (Төсвийн  хариуцлагын тухай хууль), Бразил (төсвийн хариуцлагын тухай хууль)-д улс төрийн намуудын сонгуулийн хөтөлбөрт тусгагдсан амлалт, аливаа зорилт нь эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх байдлын үнэлгээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (тухайлбал тухайн улсын Сангийн яам, эсхүл Treasury зэрэг түүнтэй ижил төстэй чиг үүрэг бүхий)-ын байнгын хариуцлагатай нарийн бичгийн дарга (permanent responsible secretary) нь хариуцан гүйцэтгэж олон нийтэд мэдээлдэг тогтолцоо үйлчилдэг байна. Олон улсын энэ жишгийг харгалзан үзэж дээрх хуулийн төслийг боловсруулав.

САНГИЙН ЯАМ