Нэг хүнд ногдох ДНБ ба сангийн хуримтлалын тухай

July 6, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ БА  САНГИЙН ХУРИМТЛАЛЫН ТУХАЙ

Чили улс төсвийн хариуцлагын эрх зүйн орчинг бий болгох асуудлыг одоогоос 20 жилийн өмнөөс эхэлж явуулсан гэж үздэг. Үүнийг төгөлдөржүүлсээр 2006 онд “Төсвийн хариуцлагын тухай” хууль гаргаж мөрдүүлжээ. Энэ хуулиар үндсэний мөнгөн хуримтлалын тогтолцоог анх “Эх орны баялгийн сангууд” гэсэн агуулгаар хуульчилжээ. Гэхдээ Чили улс хуримтлалын санг төсвийн орлого тэнцвэржүүлж тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх замаар бүр 1987 оноос  эхлэн алхам алхамаар бүрдүүлж ирсэн бөгөөд 2006 онд төсвийн хариуцлагын тухай хууль гаргахаас өмнөх жилүүдэд уг хуримтлалын санг 14.6 тэр бум америк доллартай тэнцэх хэмжээнд хүргэсэн байжээ. Хуримтлалын сангийн тогтолцоог хуульчлаагүй байсан боловч Засгийн газар нь ийнхүү хүчин чармайлт гаргаж үндэсний мөнгөн хуримтлал анхлан үүсгэж эхэлсэн 1987 онд тус улсын нэг хүнд ногдох ДНБ 1.7 мянган америк доллартай тэнцэж байв. Энэ нь манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ний 2008 оны гүйцэтгэлээс бараг хоёр дахин бага юм.  Ийнхүү сангуудын хуримтлалыг бий болгож эхэлсэнээс хойших 9 жилд буюу 1996 оны байдлаар тэдгээр сангийн хуримтлалын дүн ДНБ-ний 3.3 хувьтай буюу 7.5 тэр бум америк доллартай, Чилийн нэг хүн амд ногдох ДНБ-ний хэмжээ 8.2 мянган америк доллартай тус тус тэнцэж  байв.  Судалгаанаас үзэхэд эдийн засгийн өсөлт тогтвортой явагдаж, ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ түргэн хурдацтай өсөхийн зэрэгцээ “Эх орны баялгийн сан” буюу тогтворжуулалтын нэгдсэн сангийн хуримтлалын хэмжээ мөн дагаж нэмэгдсэн байна.

Дүгнэлт:

Чили улсад эдийн засгийн тогтворжуулалтын зориулалттай хуримтлалын санг үүсгэн байгуулсан 90-ээд оны эхэн үед нэг хүнд ногдох ДНБ нь манай улсын 2008 оны гүйцэтгэлээс харьцангуй доогуур байжээ. Монгол улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ийм жишигтэй хуримтлалын санг үүсгэн цаашид нэмэгдүүлэхээр шийдвэрлэх нь цаг хугацааны хувьд эртдэхгүй гэж үзэж байна. Учир нь стратегийн зарим ордыг ойрын жилүүдэд ашиглаж эхлэх нөхцөлд манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ тухайлбал 2013-2015 онд    4.4-7.2  мянган ам. доллар, 2020 оны түвшинд 9,3; харин 2025 онд 10.4 орчим мянган ам. долларт тус тус хүрч одоогийн байгаа түвшнээс харьцангуй өндөр хурдацтай нэмэгдэх төлөвтэй гэсэн тооцоог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яамнаас гаргаад байна. Үүнээс үзэхэд  манай улс хүн амын худалдан авах чадвар (purchasing power parity)-аар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээнээс  хамаруулахгүйгээр төсвийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг авч үзэх нь зүйтэй байна.

Монгол улс, Чили улсын хүн амын худалдан авах чадвар (purchasing power parity)-аар тооцсон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг дараах байдлаар харьцуулан авч үзэв.

Улсын нэр Сангийн хуримтлал үүсгэж эхэлсэн (Монгол улсын хувьд эхлэхээр төсөөлж буй) хугацаа Тухайн үед нэг хүнд ногдож байсан(ногдох) ДНБ-ний хэмжээ, $US
Чили улсад
  • 1987 оноос тогтворжуулалтын сан байгуулж эхэлсэн үед
  • 2006 онд Төсвийн хариуцлагын тухай хуулиар сангийн тогтолцоог хуульчилах үед
  • 2008 онд
1,687. 5

13,067. 5

14,500.0

Монгол улсад

2010 оны төсөв хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан тогтоолын дагуу 2011 оны төсвийн жилээс эхэлж төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн  аргаар тооцох журамд шилжинэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд заасан тусгай шаардлагыг баримталсан нөхцөлд тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг эхний ээлжинд төсвийн тогтворжуулалтын санд шилжүүлнэ.   Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд тусгаснаар уг сангийн хэмжээг 2018 оны өмнө ДНБ-ний 5 хувьд хүргэсэн байх ёстой.

2010-2012 онуудад баримтлагдах дунд хугацааны төсвийн хүрээнд тусгагдсан үндсэн үзүүлэлтүүд болон эдийн засгийн одоогийн төлөв байдлаас шалтгаалж 2018 оноос өмнөх хугацаанд зөвхан төсвийн тогтворжуулалтын санг ДНБ-ний 5 хувиар байгуулах боломжтой гэж тооцож байгаа бөгөөд түүнээс давсан орлогоор 2019 оноос л хуримтлалын сан байгуулж эхлэх боломж гарах төлөвтэй байгаа нь симүляцийн шинжилгээгээр харагдав. харагдав.

Монгол  улсын нэг хүнд ногдох ДНБ-ний урьдчилсан төсөөлөл, (ХАХАЧ-аар тооцсон байдлаар):

  • 2008 онд (ДБ-ны статистик, гүйц.)
  • 2010 онд
  • 2013 онд
  • 2015 онд
  • 2020 онд
  • 2025 онд

3250. 0

3640.0

4334. 0

7250. 0

9270. 0

10400.0

Нэг хүнд ногдох ДНБ ба сангийн хуримтлалын тухай