Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах боломжийн тухай

July 12, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Монгол улсын ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтуудын биелэлт, тэдгээрийг 2011-2012 онд хэрэгжүүлэх боломжийг 2011-2013 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тулгуурлан судалж үзлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг судлан, төсвийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзээд дараахь тайлбаруудыг хүргүүлж байна. Үүнд:

  • Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж,  өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2011 онд ДНБ-ний 46.9 хувь, 2012 онд 42.8 хувь, 2012 онд 34.0 хувь байхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан. Гэвч энэхүү бүрэн дайчилсан  төсвийн орлого нь мөрийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байна.
  • Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хүний хөгжил сангаас олгох хишиг хувийг 2011-2012 онд бүрэн олгож дуусахаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасныг дор харуулав. Энэ хишиг, хувь олгох хэмжээ нь 2011 онд төсвийн урсгал зардлыг 1316 тэрбум төгрөгөөр, 2012 онд 1168 тэрбум төгрөгөөр тус тус өсгөхөөр байна.
  • 2010 он 2011 он 2012 он
    /тэрбум төгрөг/
    Бэлэн мөнгө 120 220 160
    Нийгмийн даатгал, ЭМД-ийн шимтгэл 0 250 250
    Орон сууц 0 125 125
    Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ 0 125 125
    Хүний тоо /сая хүн/ 2.7 2.8 2.85
    Шаардагдах хөрөнгө /тэрбум төгрөг/

    НИЙТ 324 2016 1881
    НД, ЭМД-ийн шимтгэлийг хассанаар 324 1316 1168

Монгол Улсын 2011-2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2011 онд он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээнд 318.4 тэрбум төгрөг, шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад 150.0 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тооцсон. Мөн Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 229.1 тэрбум төгрөгийн 67 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан.

Мөн түүнчлэн УБ хотын Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих, Гамшгийн холбоо, шуурхай зарлан мэдээлэх систем байгуулах, “Иргэний ухаалаг үнэмлэх”, “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” зэрэг төслүүд нэмэгдэж одоогийн байдлаар нийт 1,745.9 тэрбум төгрөгийн барилга байгууламжийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барихаар болж байгаа нь ирэх онуудын төсөвт ихээхэн дарамт учруулж, төсвийн ачааллыг нэмэгдүүлж байна.

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын улсын төсөвт үзүүлэх ачааллыг харуулбал,

/сая төгрөг/

# Утга Төсөвт өртөг Эргэн төлөгдөх дүн
2010 2011 2012 2013 2014
1 2010 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар батлагдсан 229,127.1 82,615.7 126,873.6 14,257.7 3,614.7
2 УИХ-ын 2008 оны 47-р тогтоолоор батлагдсан 1,452,266.6 23,505.3 322,778.0 478,245.0 353,809.0 194,055.0
3 УБ хотын Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих 24,500.0 12,250.0 11,025.0 1,225.0
4 Гамшгийн холбоо, шуурхай зарлан мэдээлэх систем байгуулах 6,000.0 3,000.0 2,700.0 300.0
5 “Иргэний ухаалаг үнэмлэх”, “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо” хөтөлбөр 34,000.0 10,200.0 10,200.0 13,600.0
НИЙТ 1,745,893.7 106,121.0 462,851.6 517,652.7 382,348.7 195,280.0

Хүснэгтээс харахад өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын арга хэмжээний эргэн төлөлтөөр 2011 онд гэхэд л 126.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр байна. Үүний зэрэгцээ 2010 оноос дамжиж хэрэгжиж буй 191.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээг 2011 оны төсөвт тусгах шаардлагатай бөгөөд нийтдээ 318.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр байна.

  1. УИХ, ЗГ-аас өнөөг хүртэл гаргасан Засгийн газрын бонд гаргахтай холбоотой шийдвэрүүд болон гаргахаар хэлэлцэгдэж буй бондуудыг бүтэн арилжаалагдахаар тооцон үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг тооцоолоход 2010-2019 оны хугацаанд Засгийн газар нь 2,023.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 497.9 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр нийт 2,521.2 тэрбум төгрөгийг гадаад болон дотоод бондод төлөхөөр байгаа нь ирэх жилүүдийн мөнгөн хөрөнгийн удирдлагад нилээд томоохон эрсдлийг бий болгож байна. Үүнээс 2011 онд 149.2 тэрбум төгрөг, 2012 онд 152.8 тэрбум төгрөг, 2013 онд 205.4  тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирэхээр байна.
  2. Хүний хөгжил сангийн орлого болон эх үүсвэр нь 2011 онд 373.9 тэрбум төгрөг, 2012 онд 306.9 тэрбум төгрөг, 2013 онд 364.8 тэрбум төгрөг болохоор байна. Иргэн бүрт олгох 1.5 сая тө тэгрөгийг бүрэн хэмжээгээр олгоход үлдэх хугацаанд нийт 3,726.0 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд Хүний хөгжил сангийн 2011-2013 онуудад бий болох орлого, эх үүсвэрийг бүрэн дайчилна гэж тооцоход дахин 2,680.4 тэрбум төгрөг шаардагдахаар байна.
  3. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтын дагуу 2011 оны төсвийн нийт алдагдлын дээд хязгаарыг ДНБ-ий 4 хувь байлгах зорилт тавиад байгаа билээ. Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлан, зарлага, хөрөнгө оруулалтын шаардлагатай өөрчлөлтүүдийг тооцон тусгаснаар нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэх хувиар 2011 онд 4.0 хувь, 2012 онд 3.0 хувь, 2013 онд 2.0 хувь байхаар байна. Нөгөө талаас ийм хэмжээнд  алдагдлыг барих шаардлага тулгарч буй тул зарлагыг огцом өсгөх бололцоо байхгүй байна.
  4. Засгийн гзрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зөвхөн мөнгөн хэлбэрээр улсын төсвөөс олгохоор заасан бүх төрлийн мөнгөн амлалт,цалин тэтгэвэр, халамжийн зардлын тооцоог хийхэд улсын төсвөөс нийт 6.5 их наяд төгрөг шаардагдахаар байгаа нь төсвийн өнөөгийн зарлагатай харьцуулахад 2.5 дахин их байгаа энэхүү зарлагыг орлогын өсөлт хангаж чадахааргүй байна.
  5. Төсвийн урсгал зардлыг шууд нэмэгдүүлэх дээрх зорилт арга хэмжээ нь төсвөөс хийх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад хүргэж байна.
  6. Одоогийн төсвийн нөөц бололцоогоор Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг биелүүлэхэд ихээхэн хүндрэлтэй, боломжгүй байна. Учир нь зөвхөн мөнгөн амлалтыг тооцоход одоогийн төсвийн зарлагаас 2.5 дахин их байна.
  7. Энэхүү тооцооллыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зөвхөн мөнгөн амлалт, зорилтуудын хүрээнд авч үзсэн бөгөөд төсвөөс хийх хөрөнгө оруулалтуудыг нэмж тооцвол төсвийн боломж бололцооноос хэтэрсэн , санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй зарлагууд нэмэгдэхээр байна. Мөн Засгийн газрын бонд, эргэж төлөгдөх зээлийн эргэн төлөлт, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ их байгаа нь мөнгөн амлалтаас гадна төсөвт үзүүлэх ачааллыг  ихээхэн нэмэгдүүлэхээр байна.

Энэхүү шинжилгээний хавсралтыг доорх холбоос дарж татаж авна уу.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтэнд хийсэн шинжилгээ-2010