Монгол Улсын 2015 оны төсөв батлагдлаа.

“Төсвийн тогтвортой байдлын тухай”, “Төсвийн тухай”, “Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулиуд болон эдгээрт тогтоосон тусгай шаардлагуудад нийцүүлэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсын 2015 оны төсвийн орлогын төлөвлөгөөг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон бөгөөд төсвийн орлого бүрдүүлэгч гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэс, нүүрсний олон улсын зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр байна.

Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, энгийн, ойлгомжтой татварын орчин бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой хадгалах бодлогыг үргэлжлүүлэн баримтална.

Түүнчлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас орлогын нэр төрөл бүрд шинжилгээ хийж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж учирч болзошгүй эрсдлийг харгалзан тооцооллоо.

Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь болохоор батлагдлаа.

Танилцуулгыг татан авч танилцана уу:

Танилцуулга

Батлагдсан төсөв