Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүллээ.

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Монгол Улсын төсвийн 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлогыг бодитой төлөвлөх, урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан 2015 оны төсвийн төслийг боловсрууллаа.

2015 онд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 7,160.4 тэрбум төгрөг, нийт зарлага 7,640.1 тэрбум төгрөг болохоор байгаа бөгөөд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 479.7 тэрбум төгрөг болж ДНБ-ий 2 хувьтай тэнцүү байхаар байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зөвлөмжид “Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулан тооцох асуудлыг боловсруулж Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу Засгийн газрын үнэт цаасны орлогоор Хөгжлийн банкаар дамжин хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ болон төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкны эх, үүсвэрээс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг нийт дүнгээр УИХ-аар жил бүр баталж, төсөвт тусгадаг байх механизмыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулав. Үүнтэй уялдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол улсын 2015 оны төсвийн төсөл нь Төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцтэй байх шаардлагатай тул төсвөөс гадуурх зарцуулалтыг төсөвт тусгах болон улсын өрийн тухай бүтэц, тодорхойлолт, түүний тооцооллын аргачлал, хязгаарт өөрчлөлт оруулах асуудлыг Төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлттэй хамт төсвийн хуулиас тусад нь өргөн барилаа.

Дээрх хуулийн өөрчлөлтийн дагуу Хөгжлийн банкаар дамжин хэрэгжиж ирсэн зарлага, санхүүжилтийг төсөвт оруулан тооцсоноор төсвийн нийт зарлага 8,595.4 тэрбум төгрөг, төсвийн алдагдал 1,435.1 тэрбум төгрөг болж ДНБ-ий 6.0 хувьтай тэнцэж байна.

Монгол Улсын 2015 оны Нэгдсэн төсвийн тооцоолол