Засгийн Газраас төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр гаргав

Монгол Улсын Засгийн газар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ээлжилт хуралдаанаараа төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол гаргав. Эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсч буй хүндрэлийн улмаас Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл оны эхнээс тасалдаж, улмаар жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд хүндрэл учирч болзошгүй байдал үүсээд байна.  Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт замаар  давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг  нэгтгэн зохион байгуулах,   аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж  төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээ авч шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

            Түүнчлэн энэхүү тогтоолоор 2014 оны батлагдсан төсвийг зарцуулахдаа тэвчиж болох зардлыг бууруулж, төсөв хэмнэх талаар 12 зүйл бүхий удирдамжийг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгов. Ингэснээр УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор  Засгийн газарт чиглэл өгсөний дагуу 2014 онд зарцуулахаар төлөвлөөд байсан төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн тодотгосон төсвийн хүлээгдэж буй жилийн гүйцэтгэлд үүсч болзошгүй эрсдлийг бууруулах боломж бүрдэх юм.

Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай