Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2016-2017 оны

төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар

 Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дунд хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төрөөс баримтлах төсвийн бодлогын баримт бичиг болно. Энэхүү бодлогын баримт бичиг нь Төсвийн ерөнхийлөн захирагчдийн 2015 оны төсвийн хязгаар болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, дүн шинжилгээний хамт боловсрууллаа.

Монгол улсын 2015 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн дараах төсвийн бодлогоор тодорхойлогдож байна. Үүнд:

  1. Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх;
  2. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох;
  3. Тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх;
  4. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
  5. Төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаах;
  6. Төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох;
  7. УИХ, Засгийн газраас шинээр батлагдсан хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг төсвийн боломж, нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, шаардлагатай нөхцөлд төсвийн урсгал зардлын суурь хязгаарт багтаан үе шаттайгаар эхлүүлэх;
  8. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах чиглэл баримтлана.

Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийг тооцон гаргахад 2015 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,201.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,690.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.4 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 489.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэхээр байна.

Мөн төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, үнэт цаасны хөрөнгөөр хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн ил тод байдлыг сайжруулах, УИХ-д тайлагнадаг болгох зорилгоор  Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалагдсан үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаасны төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тайланг Монгол Улсын тухайн жилийн төсвийн гүйцэтгэлтэй хамт Улсын Их Хуралд танилцуулах тухай “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагалдуулан боловсрууллаа.

Холбогдох мэдээллийг доорхи холбоосоос татан  авна уу.

Танилцуулга-Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл

Дагалдах УИХ-ын тогтоолын төсөл, танилцуулгын хамт