Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

МОНГОЛ УЛСЫН 2014 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ТОДОТГОЛ

1.      Төсвийн тодотгол хийх үндэслэл, баримтлах зарчим

1.1.   Төсөвт тодотгол хийх үндэслэл

Төсвийн тухай хуулийн  34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолд Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг энэ тогтоолын хүрээнд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж  тус тус заасан нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үндэслэл болж байна.

1.2.   Төсөвт тодотгол хийхэд баримталсан зарчим

Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дараах зарчмыг баримтлав.

  1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагууд болон төсвийн тухай хуулийн заалтуудыг хангах;
  2. Монгол Улсын Их хурлын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолыг баримтлах;
  3. Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах;
  4. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэйгээр суусан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтаас 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэх;
  5. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд 2014 онд тавьсан зорилтын хэрэгжилтийг хангах;
  6. УИХ, Засгийн газраас шинээр батлагдсан хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг төсвийн боломж, нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, шаардлагатай нөхцөлд төсвийн урсгал зардлын суурь хязгаарт багтаан үе шаттайгаар эхлүүлэх.

 2.                  Төсвийн тодотголоор хийгдэх өөрчлөлтүүд

2.1 Нэгдсэн төсвийн 2014 оны урсгал зардлын төлөвлөгөөний тодотгол

Улсын Их Хурлын 2014 оны 30 дугаар тогтоолоор Монгол Улсын 2014 оны төсвийн бараа, үйлчилгээний зарим зардлыг 10-30 хувиар бууруулж, хэмнэлттэй ажиллах боломжийг судлан, саналаа Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан.

Иймд УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу 2014 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн зарим урсгал зардлыг 10-30 хувь бууруулахаар тооцож нийт 40 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан төсвийн нийт урсгал зардлыг бууруулж төсвийн тодотголын төсөлд тусгав.

Үүний зэрэгцээ төсвийн тодотголд зайлшгүй тусгах шаардлагатай дараах арга хэмжээний урсгал зардлыг төсөлд нэмж тусгалаа. Үүнд:

  1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2013-2014 оны улсын хэлэлцээрээр 2014 оны төсвийн жилд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэр дээр төсвийн тодотголоор 35.0 тэрбум төгрөг нэмж тусгахаар харилцан тохиролцож, шийдвэрлэсний дагуу урсгал зардлыг уг хэмжээгээр нэмэгдүүлэхээр тусгав. Цалин нэмэгдэж байгаатай холбогдуулан төсөвт байгууллагаас төлөх нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлого тодорхой хувиар нэмэгдсэн болно.
  2. УИХ-аас 2013 онд баталсан “Банк дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” болон УИХ-ын 2013 онд гаргасан 6 дугаар тогтоолын дагуу Хадгаламжийн даатгалын санд Засгийн газраас 50.0 тэрбум төгрөг төлөх ёстой боловч 15.0 тэрбум төгрөг төсвийн орлогын байдлаас шалтгаалан дутуу олгоод байна. Иймд дээрх хөрөнгийг 2014 оны төсвийн жилд нэн даруй олгоход шаардагдах хөрөнгөнд эхний ээлжид 7.2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд мөн тусгалаа.

Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн нийт урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр дараах зохицуулалтыг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардлыг шилжүүлж төсөлд тусгалаа. Үүнд:

  1. Засгийн газраас цалин хөлсийг 2014 оны төсвийн жилд нэмэгдүүлэхдээ салбар бүрийн онцлогийг харгалзан үзэж, хугацаа болон хувь хэмжээг зарим салбарууд дээр ялгаатай байхаар ЗГ-ын 2014 оны 75 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу цалингийн зардлын зохих өөрчлөлтийг Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд шилжүүлж тусгалаа.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль болон эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор батлагдсан УИХ-ын 2014 оны 22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Улсын ерөнхий прокурорын төсвийн багцаас нийт 765.9 сая төгрөгийг Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн багцад шилжүүлэхээр зохих өөрчлөлтийг тусгав.
  3. Хилийн боомтын тухай хууль, уг хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Засгийн газраас гаргасан “Төсөвт зохицуулалт хийх, хөрөнгө шилжүүлэх тухай” 2014 оны 90 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдын багцаас тус тус зохих зардлыг бууруулж, эдгээр буурсан зардлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад буюу Боомтын нэгдсэн захиргааны төсөвт шилжүүлж тусгалаа.

2.2 Улсын төсвийн 2014 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотгол

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 243 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг “0.0” дүнтэй баталж, тэдгээрийн төсөвт өртөг нь нэмэгдсэн болон гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоож танилцуулахыг Улсын Их Хурлын 2013 оны 63 дугаар тогтоолоор Үндэсний аудитын газарт үүрэг болгосон билээ.

Үндэсний аудитын газраас шалгалтын дүн, тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд танилцуулсан бөгөөд 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Тус ажлын хэсгээс боловсруулсан санал, шийдвэрийн төслийг Улсын Их Хурал 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чуулганы Нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 30 дугаар тогтоолыг баталсан бөгөөд энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар 156 төсөл, арга хэмжээг 2014 оны төсөвт тусгаж хэрэгжүүлэхээр, 2 дугаар хавсралтаар 21 төсөл, арга хэмжээний ажил нь бүрэн дууссан тул төсөвт нэмж хөрөнгө тусгахгүйгээр, 15 төсөл, арга хэмжээг Засгийн газар дахин судалж цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр, 16 төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтэд шилжүүлэхээр, 61 төсөл, арга хэмжээг 2015 оны төсөвт тусган хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор 2014 оны төсөвт хөрөнгө тусгаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэг бүрчлэн баталсны дагуу Сангийн сайдын 2014 оны төсвийн багцад бөөн дүнгээр батлагдсан “0.0” дүнтэй төсөл, арга хэмжээний санхүүжилт болох 139.4 тэрбум төгрөгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад шилжүүлэн тусгах өөрчлөлтийг хийлээ.

2.3 Орон нутгийн 2014 оны санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төлөвлөгөөнд тодотгол хийх тухай

Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилт 824.7 сая төгрөгөөр 2014 оны батлагдсан төлөвлөгөөнөөс буурч тооцогдлоо. Ингэснээр Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуулиар батлагдсан орон нутгийн 159.2 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ төсвийн тодотголоор 158.6 тэрбум төгрөг болж 597.3 сая төгрөгөөр буурахаар байна. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн зарлага 393.5 сая төгрөгөөр 2014 оны төлөвлөгөөнөөс буурахаар тооцлоо.

2.4     Төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд, төсвийн тэнцэл, эх үүсвэр

Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 39.2 сая төгрөгөөр буурч 6,883.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал батлагдсан түвшинд буюу ДНБ-ний 2.0 хувьтай тэнцүү байна.

о О о

Холбогдох мэдээллийг доорх холбоосоос

Монгол Улсын төсвийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Төсвийн тодотголын дэлгэрэнгүй тооцоо