МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ЗАДАРГААГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7,088.3 тэрбум төгрөг, тогтворжуулалтын сангийн орлого 169.8  тэрбум төгрөг, нийт орлого ба тусламжийн дүн 7,258.1 тэрбум төгрөг байхаар УИХ-аар батлагдсан.

Нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн тооцоход 2013 оны нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ний -6.8 хувьд хүрэхээр байгаа нь Төсвийн тухай хуулийн 34.1.2 зүйлийн  “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу 2013 оны төсөвт тодотгол хийх нөхцөлийг үүсгэж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байхаар энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан тооцоход энэ оны төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,289.1 тэрбум төгрөг болж, батлагдсан төсвөөс 799.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 6,629.8 тэрбум төгрөг болж батлагдсан төсвөөс 814.8 тэрбум төгрөгөөр тус тус буурч нийт алдагдал 340.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байгааг үндэслэн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг боловсрууллаа.

1.1.   Төсөвт тодотгол хийхэд баримтласан зарчим

Төсвийн орлогын гүйцэтгэлд дараах хүчин зүйлс голлох нөлөө үзүүлэхээр байна. Үүнд:

1.         Эдийн засгийн өсөлт;

2.         Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт;

3.         Импортын бууралт;

4.         Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал шийдэгдээгүй.

1.      Тодотголоор хийгдэх өөрчлөлтүүд

1.1.   Төсвийн орлого

Төсвийн тогтворжуулалтын сан

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх заалтын дагуу 2013 онд Төсвийн тогтворжуулалтын санд нийт 169.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсоноос энэ оны эхний 8 сарын байдлаар 34.2 тэрбум төгрөг, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 48.9 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

Нүүрсний зах зээлийн үнэ тэнцвэржүүлсэн үнээс буурч тонн тутам 50.7-94.3 ам.долларт хүрсний улмаас Тогтворжуулалтын санд нүүрснээс төвлөрүүлэхээр төлөвлөсөн 66.0 тэрбум төгрөгийн орлого энэ онд буурах төлөвтэй байна. Мөн зэсийн зах зээлийн үнэ энэ оны эхний 8 сарын байдлаар 7,508.9 ам.доллар буюу төлөвлөсөн дүнгээс 8 хувиар буурснаас шалтгаалан зэсээс төвлөрүүлэхээр тооцсон орлого энэ онд буурахаар байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого

Орлогын бууралт: Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг 1,016.7 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцож байна. Үүнд:

  • Нийт импортын бууралтаас шалтгаалан төсвийн орлого 354.8 тэрбум төгрөг;
  • Нийт экспортын бууралтаас шалтгаалан төсвийн орлого 146.5 тэрбум төгрөг;
  • Өмч хувьчлалын орлого болон ус, рашааны нөөц ашигласны төлбөр зэрэг бусад нөлөөллөөс үүдэлтэй төсвийн орлого 515.3 тэрбум төгрөг;

Импортоос хамааралтай орлогын нийт бууралт

Импортын бууралтаас хамааралтайгаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 354.8 тэрбум төгрөгөөр бууруулан тооцлоо.

Импортоос хамаарсан орлогын бууралтын 40.0 хувь буюу 142.1 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 16.5 хувь буюу 58.7 тэрбум төгрөгийг гаалийн албан татвар, 30.2 хувь буюу 107.2 тэрбум төгрөгийг автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, үлдэх хувь буюу 46.9 тэрбум төгрөгийг суудлын автомашины онцгой албан татвар, автобензин, дизелийн албан татвар, гаалийн байгууллагын өөрийн орлого тус тус эзэлж байна.

Импортын барааны тоо хэмжээний бууралтаас хамааран 2013 оны төсвийн тодотголоор импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараар 1,117.4 тэрбум төгрөг, гаалийн албан татвараар 516.4 тэрбум төгрөг тус тус улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.

Харин автобензин, дизелийн түлшний импортын албан татварын хувьд тоо хэмжээний бууралтаас гадна хувь хэмжээний өөрчлөлт давхар нөлөөлж байна. Оросын Холбооны Улсаас импортлодог автобензин, дизель түлшний хилийн үнэ болон нийлүүлэлттэй уялдуулан автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлогыг 107.2 тэрбум төгрөгөөр бууруулж, 47.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцлоо.

Суудлын автомашины онцгой албан татварын хувьд 2013 оны эхний 8 сард 19.5 мянган ширхэг суудлын автомашин импортлож, 76.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байгаа бөгөөд суудлын автомашины импорт өнгөрсөн оны мөн үеэс 1,274 тоо ширхэгээр буурсантай холбоотойгоор 6.1 тэрбум төгрөгөөр уг татвар буураад байна. Мөн онцгой албан татварын тухай хуулийн дагуу хос хөдөлгүүртэй суудлын автомашины албан татвар чөлөөлөгддөг болсноор сүүлийн жилүүдэд хос хөдөлгүүртэй суудлын автомашины импортын тоо хэмжээ өсч байгаа тул 2013 оны төсвийн тодотголоор онцгой албан татвар ногддог суудлын автомашины тоог 8.8 мянган ширхэгээр буюу 41.8 тэрбум төгрөгөөр бууруулж тооцлоо.

Экспортоос хамааралтай орлогын нийт бууралт

Экспортын бууралтаас хамааралтайгаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 146.5 тэрбум төгрөгөөр бууруулан тооцлоо.

Экспортоос хамаарсан орлогын бууралтын 65.5 хувь буюу 96.0 тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр, 5.1 хувь буюу 7.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлын төлбөр, 11.8 хувь буюу 17.3 тэрбум төгрөгийг ногдол ашгийн орлого, үлдэх хувь буюу 25.7 тэрбум төгрөгийг гаалийн байгууллагын тэмдэгтийн хураамж тус тус эзэлж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны  болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хувьд дэлхийн зах зээл дэх гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүний үнийн бууралт, тоо хэмжээний бууралтаас хамааран 96.0 тэрбум төгрөгөөр багасч, 2013 оны төсвийн тодотголд нийт 470.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцлоо. Нийт орлогын 295.1 тэрбум төгрөг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 175.3 тэрбум төгрөгийн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр юм.

Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор 30.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд нүүрсэнд ногдуулж буй агаарын бохирдлын төлбөр нүүрсний экспортын бууралтаас шалтгаалан төлөвлөснөөс 7.5 тэрбум төгрөгөөр буурч, 22.5 тэрбум төгрөг болохоор байна.

Ногдол ашгийн орлогын хувьд орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ий экспортолсон нүүрсний тоо хэмжээ эрс буурч, компаний ашигт ажиллагаа төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй, мөн бусад төрийн өмчит байгууллагын ашигт ажиллагаа буурсан тул ногдол ашгийн орлогын төлөвлөгөө 17.3 тэрбум төгрөгөөр буурч байгаа болно.

Гаалийн байгууллагын улсын төсөвт төвлөрүүлдэг тэмдэгтийн хураамжийн орлогын 87 хувь нь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспортоос үлдсэн хувь нь бусад бараа бүтээгдэхүүнээс бүрддэг байна. Экспортлох бүтээгдэхүүний тоо хэмжээний бууралтаас шалтгаалан улсын тэмдэгтийн хураамжийг 25.7 тэрбум төгрөгөөр бууруулж, 44.5 тэрбум төгрөг болгон тодотгож байна.

Бусад орлогын бууралт

Өмч хувьчлалын орлогын хувьд 2013 оны төсөвт тусгасан томоохон төрийн өмчит компаниудын хувьчлалын зохион байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанд зохион байгуулагдаагүй байна. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд “Монголын цахилгаан холбоо” ХК-ны өмч хувьчлалын орлогоор 15.7 тэрбум төгрөг, “УБЦТС” ТӨХК-ны өмч хувьчлалын орлогоор 1.5 тэрбум төгрөг, “Улаанбаатар авто зам засвар арчлалт” ТӨХК-ний хувьчлалын орлогоор 1.0 тэрбум төгрөг нийтдээ 18.2 тэрбум төгрөг төлөвлөсөн хэдий ч хувьчлалын орлого төвлөрөх боломжгүй болоод байна.

Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК зэрэг гол орлого төвлөрүүлэгч байгууллагууд усны хэрэглээгээ бууруулах, хэрэглэсэн усыг дахин ашиглах, дахин ашигласан усны төлбөрийг хуулийн дагуу чөлөөлүүлэх замаар төлөх татвараа бууруулж байгаатай холбоотой. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу Засгийн газар усны нөөц ашигласны төлбөр тооцох суурь үнэлгээнд хамаарах усны ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг баталсан нь усны төлбөрийн орлого буурахад нөлөөллөө. Иймд усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг 12.5 тэрбум төгрөгийг бууруулж, 2013 оны төсвийн тодотголд 40.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцлоо.

Дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого энэ оны 8 дугаар сарын байдлаар 349.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 47.9 тэрбум төгрөгөөр өссөн байгаа боловч нийт импортын бууралттай холбоотойгоор төлөвлөсөн хэмжээнд хүрэх боломжгүй байна. Иймээс 2013 оны төсвийн тодотголд дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварыг 33.3 тэрбум төгрөгөөр бууруулан тооцлоо.

Оюу толгой төслийн Хөрөнгө хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүйн улмаас 2013 оны нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 445.7 тэрбум төгрөг, үүнээс улсын төсөвт 290.9 тэрбум төгрөг, Хүний хөгжлийн санд 154.8 тэрбум төгрөгийн орлого буурахаар байна.

Монголбанкнаас төвлөрүүлэхээр тооцсон 5.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрөхгүй байхаар тооцож төсвийн тодотголын төсөлд хасч тооцлоо.

 Нэмэгдэх боломжтой орлого: Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 217.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцлоо. Үүнд:

Импортын архи, тамхины онцгой албан татвар: 2013 оны эхний 8 сарын байдлаар импортоор оруулсан согтууруулах ундааны тоо хэмжээ өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өсч 7.1 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэж орсон байна. Янжуур тамхи, дүнсэн тамхины татварын орлого мөн 23.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  Иймд энэ оны тодотголоор импортын архи, тамхины онцгой албан татвараар улсын төсөвт 91.0 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөсөн хэмжээнээс 9.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Газрын тосны орлого: Газрын тосны орлого энэ оны эхний 8 сарын байдлаар өмнөх оныхоос 117.0 хувиар буюу 53.4 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд үүнд боловсруулаагүй газрын тосны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 42.2 хувиар өсч 3,052.3 мянган баррель хүрсэн нь нөлөөлсөн байна. Энэ онд газрын тосны орлогоор 145.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөхөөр батлагдсан бөгөөд 2013 оны тодотголоор газрын тосны олборлолтын хэмжээ 4.8 сая баррельд хүрч, улсын төсөвт 161.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцлоо. Энэ нь энэ оны батлагдсан төсвөөс 15.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Навигацийн орлого: Улсын төсөвт төвлөрүүлэх навигацын орлого нь өнгөрөлтийн тоо хэмжээ, валютын ханш болон нэг нислэгт ногдох орлогоос шууд хамаардаг тул 2013 оны тодотголоор улсын төсөвт 58.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон нь батлагдсан төсвөөс 7.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Нийгмийн даатгалын орлого: Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2013 оны 8 дугаар сарын байдлаар 834.5 тэрбум төгрөгт хүрсэн нь сарын төлөвлөгөөнөөс 69.5 тэрбум төгрөгөөр буюу 9.1 хувиар өссөн байдалтай байна. Тиймээс тус сангийн орлогыг нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 94.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

Хувь хүний орлогын албан татварын болон хувь хүний орлогын албан татварын буцаан олголт: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц худалдан авах, хүүхдийнхээ болон өөрийн сургалтын төлбөрт төлсөн татварыг буцаан авахаар хуульчилсны дагуу төсөвт 29.2 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор төлөвлөсөн. Гэвч бодит байдал дээр 24.2 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт тайлангаар гарсан тул 5.0 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хасч, төсвийн орлогод нэмэлт эх үүсвэр бий болохоор тусгалаа.

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон хог хаягдлын үйлчилгээний хураамж: Орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон хог хаягдлын үйлчилгээний хураамжийг энэ оны 8 дугаар сарын гүйцэтгэлд үндэслэн 2.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.

Хүү торгуулийн орлого болон бусад орлого: Төрийн сангийн дансны үлдэгдэлд ногдох хүүгийн орлого Чингис бондын хөрөнгийн байршуулалттай холбоотойгоор 71.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хүү торгуулийн орлого 4.0 тэрбум төгрөгөөр нийтдээ 75.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Төсөвт байгууллагын өөрийн орлого: Улсын төсөвт орлого төвлөрүүлэгч төсөвт байгууллагуудын өөрийн орлогыг 5.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.

Энэхүү орлогын нэмэлт өөрчлөлтийг оруулснаар 2013 оны батлагдсан нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 920.0 тэрбум төгрөгөөр буурах, нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 799.2 тэрбум төгрөгөөр буурахаар төсвийн тодотголын төсөлд тооцож тусгалаа.

Төсвийн урсгал зардлын 2013 оны тодотголын санал

      Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ний 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх зорилгоор төсвийн зарлагыг нийт 814.8 тэрбум төгрөгөөр бууруулах, үүнээс урсгал зардлыг 234.2 тэрбум төгрөгөөр батлагдсан түвшингээс бууруулан тооцлоо.

      Дараах зарчмыг үндэслэн урсгал зардлыг бууруулах тодотголын саналыг боловсрууллаа. Үүнд:

  1. 2013 оны эхний 8 сард хэрэгжсэн төсөл, арга хэмжээнээс хэмнэгдсэн урсгал зардлыг олгохгүй байх;
    1. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны 10 дугаар сараас он дуусах хүртэлх хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, өмнөх саруудад ашиглагдаагүй зардлыг хэмнэх;
    2. Төсвийн санхүүжилтийг бууруулснаар өр, авлага үүсгэхгүй, төсвийн сахилга батыг хатуу сахих, зардал хэмнэх боломжийг дайчлах;
    3. Зардлыг санхүүжүүлэхдээ төсвийн орлогын эх үүсвэртэй уялдуулан үе шаттай санхүүжүүлэх;

      Дээрх зарчмын дагуу холбогдох тооцооллыг хийж, Төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодотголын төсөлд ирүүлсэн саналыг харгалзан тэргүүлэх ач холбогдолтой, үйл ажиллагаа нь эхэлсэн бөгөөд 2013 онд багтаан зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг бууруулахгүй байхаар авч үзвэл нэгдсэн төсвийн нийт урсгал зардал 234.2 тэрбум төгрөгөөр анхны батлагдсан түвшингээс буурахаар байна. Төсвийн тодотголоор урсгал зардлыг бууруулах дараах арга хэмжээ, зардлууд байна. Үүнд:

-       Бүх шатны төсөвт байгууллагуудын тэвчиж болох урсгал зардлыг 101.2 тэрбум төгрөгөөр бууруулах;

-       Зээлийн үйлчилгээний төлбөрийг 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн 47.5 тэрбум төгрөгөөр бууруулах;

-       Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зарим арга хэмжээний урсгал зардалд төлөвлөсөн зардлыг 25.0 тэрбум төгрөгөөр бууруулах;

-       Эрсдлийн санд төлөвлөсөн 5.0 тэрбум төгрөгийг бууруулах;

-       ҮХААС-ын төсвийн багцад батлагдсан махны нөөц бүрдүүлсэн аж ахуйн нэгжид олгодог урамшууллын зардлын хэмнэлтийг буюу 4.0 тэрбум төгрөгөөр бууруулах;

-       Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжихээр төлөвлөсөн Эрүүл мэндийн төвлөрсөн арга хэмжээний зардлыг 5.1 тэрбум төгрөгөөр бууруулах;

-       Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахтай холбоотой 2013 онд төлөвлөгдсөн урсгал зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл 5.0 тэрбум төгрөгийг хэмнэх;

-       Халамжийн сангаас олгож буй зарим нэр, төрлийн халамжийн зардлыг хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн 2.0 тэрбум төгрөгөөр бууруулах;

-       НДС-д төлөх өглөгийг хугацааг хойшлуулах. Улсын төсвөөс нийгмийн даатгалын санд төлөх өглөгийг барагдуулахаар 2013 онд төлөвлөсөн дүнг бууруулж, төлбөр хийх хугацааг 2014 онд хойшлуулах;

-       Хүний хөгжил сангийн зардлын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийт зардлын хэмжээг 10.0 тэрбум төгрөгөөр бууруулж хүүгийн төлбөрт 8.6 тэрбум төгрөг тусгах;

-       Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд Төсвийн тухай хууль тогтоомжийн дагуу төвлөрөх орлогын биелэлт, хүлээгдэж буй гүйцэтгэл буурч байгаатай холбогдуулан тус сангаас орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын шилжүүлгийг 38.0 тэрбум төгрөгөөр бууруулах.

      Ингэснээр 2013 оны нэгдсэн төсвийн урсгал зардлыг нийт 234.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцов.

1.1.   Орон нутгийн төсөв

Орон нутгийн төсвийн орлого тодотгосон төлөвлөгөөгөөр 1,776.8 тэрбум төгрөг, зарлага нь 1,796.5 тэрбум төгрөгөөр тооцогдлоо. Орон нутгийн төсвийн орлого, зарлагын бууралтад дараах хүчин зүйл гол нөлөөлсөн байна. Үүнд:

  • Монгол улсын 2013 оны төсвийн тухай хуулиар орон нутагт 152.0 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгогдохоор төлөвлөгдсөн нь төсвийн тодотголоор 154.8 тэрбум төгрөг болж 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Энэхүү өсөлтөд санхүүгийн дэмжлэг авдаг аймгуудын орлого өндөр дүнгээр тасарсан нь гол нөлөөлсөн. Тухайлбал, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын 2013 оны орлого тасарч байгаатай холбогдуулан төсвийн тодотголоор аймгуудын орлогын төлөвлөгөөг 2.9 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Мөн ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогыг 12.5 тэрбум төгрөгөөр бууруулан тооцлоо.
  • Орон нутгийн төсвийн суурь зарлага 5,216.0 сая төгрөгөөр буурсан. Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Дархан–Уул аймгуудын нийгмийн халамжийн сангийн зардал 2013 оны эхний 8 сарын байдлаар хэмнэлттэй байгаа тул орон нутгийн халамжийн суурь зардлыг нийт 5,456.0 сая төгрөгөөр бууруулсан бол Булган аймагт дутагдаж буй ахмад настны хөнгөлөлтийн дэмжлэгийн зардалд 240.0 сая төгрөг нэмж тусгалаа.
  • Төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын урсгал зарлагыг 2,662.4 сая төгрөгөөр хэмнэхээр тооцсон.
  • Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн зарлага 38.0 тэрбум төгрөгөөр 2013 оны төлөвлөгөөнөөс буурахаар тооцогдлоо.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн талаар: Нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа төсвийн орлого буурахтай холбоотойгоор орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг дундажаар 1.5 тэрбум төгрөгөөр, нийслэлийн хөгжлийн санд олгох дүн 6.5 тэрбум төгрөгөөр тус тус буурахаар тооцогдлоо.

Улсын төсөвт дотоодын бараа, ажил үйлчилгээний НӨАТ-ын орлогоос 2013 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэнд санд шилжүүлэх дүн 27.5 тэрбум төгрөгөөр буурч байна. Харин орон нутгийн суурь төсвийн тэнцлийн ашгаас суурь зардалтай тэнцэх хэмжээний хэсгийг тухайн шатны төсөвт нь үлдээн, давсан ашгийг ОНХНСанд төвлөрүүлэхээр хуульчилсны дагуу Улаанбаатар, Өмнөговь болон Орхон аймгуудаас төвлөрөх орлогыг 24.2 тэрбум төгрөг болгон бууруулж, аймаг, нийслэлд хуваарилахаар тооцлоо. Хандив тусламжийн орлого байхгүй ба дээрх эх үүсвэрээс бүрдсэн нийт 186.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг хүн ам, газар нутаг, татварын идэвх, орон нутгийн хөгжлийн индексийн итгэлцүүрүүдэд харгалзуулан хуваарилсан. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувь болох 28.3 тэрбум төгрөгийг 4.8 тэрбум төгрөгөөр бууруулж хүн амд хамааруулан шилжүүлэхээр байна.

1.2.   Хөрөнгө оруулалт

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар нийт 1,550.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсанаас 10 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 473.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 30.5 хувьтай байна.

УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолоор 4 дүгээр сарын 1 гэхэд хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дүгнэж, гэрээ байгуулсан байхыг даалгасан боловч 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 399.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг төсөв нь бэлэн болоогүй төсөл, арга хэмжээ тусгагдсанаас тэдгээрийн зураг төслийг боловсруулах, магадлал хийлгэхэд цаг хугацаа ихээхэн зарцуулж, улмаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагаа оройтдог, түүнчлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Барилгын дүрмүүд батлах тухай” 18 тоот тушаал, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Барилгын норм ба дүрэм батлах тухай” 181 тоот тушаалаар барилга угсралтын ажлын машин механизмын болон тээврийн зардал, хөдөлмөр зарцуулалтын жишиг норм тус тус өссөнөөс барилгын төсөвт өртөг нэмэгдэж, улмаар барилгын магадлал хийгдсэн төсөвт өртөг нь хуулиар батлагдсан төсөвт өртгөөс хэтэрсэнээс гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боломжгүй болсон байдал түгээмэл болжээ.

Барилга угсралтын ажлыг технологийн горим, стандартын дагуу гүйцэтгэх шаардлага, одоо эхэлж байгаа барилгын ажлыг төсвийн жилдээ багтаан чанартай барьж дуусгах боломж үндсэндээ хязгаарлагдсан зэргийг харгалзан оройтож гэрээ байгуулагдсан хөрөнгө оруулалтын ажилд төсөвлөгдсөн хөрөнгийг ашиглах боломжгүй болсон гэж үзлээ.

Түүнчлэн, газрын асуудал эцэслэн шийдэгдээгүй, техникийн нөхцөл бүрдээгүй, тендер шалгаруулалт оройтсон, зураг төсөвт өөрчлөлт орсон болон гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээ байгуулагдаж ажил нь эхэлсэн боловч ажлын явц удаашралтай байгаа зарим барилга байгууламжид төсөвлөгдсөн хөрөнгийг бүрэн зарцуулж чадахгүйд хүрч байна.

Иймд 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дүнг нийт дүнгээр 425.8 тэрбум төгрөгөөр бууруулж, тодотгосон төлөвлөгөөг танилцуулж байна.

Хэдийгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хэмжээг ийнхүү анх төлөвлөснөөс 30 шахам хувиар бууруулж байгаа боловч эдийн засгийн өсөлтийг дэмжих, дотоодын аж ахуйн нэгжүүдийн чадавхи, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад эх үүсвэрээр хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Тухайлбал, энэ 2013 онд Хөгжлийн банк болон Чингис бондын хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оныхоос 3  дахин нэмэгдүүлж 1.5 орчим их наяд, 2014 онд 2.4 орчим их наяд төгрөгт хүргэхээр тооцож байна.

1.3.   Хүний Хөгжил сан

ХХС-гийн 2013 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл

Орлого: Хүний хөгжил санд оны эхний 9 сард ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр нийт 284.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр тооцсоноос 197.8 тэрбум төгрөг төвлөрч орлогын төлөвлөгөө эхний 9 сарын байдлаар 86.7 тэрбум төгрөгөөр тасарч байна.

Хүлээгдэж буй гүйцэтгэлээр тус санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 67.2 тэрбум төгрөгөөр тасарч, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулсанаар төвлөрөхөөр тооцсон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлого 154.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөргүй байна.  Мөн тус санд 70.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого орохоор тооцсон нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 68.3 тэрбум төгрөг болж Хүний хөгжил сангийн 2013 оны тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө нийтдээ 223.8 тэрбум төгрөгөөр бага гарахаар байна.

Зарлага, өр төлбөр: Хүний хөгжил сангаас оны эхний 9 сард нийт 214.7 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийхээс 204.1 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийлээ. Эхний 9 сард тус сангийн төсвөөс иргэдэд өмнөх онуудад аваагүй хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг зарцуулахаас 27.4 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгөнд 173.6 тэрбум төгрөг зарцуулахаас 168.6 тэрбум төгрөг зарцуулагдаж төсвийн зарлага эхний 9 сарын байдлаар зарлага 9.6 тэрбум төгрөгөөр хэмнэгдэж байна.

Эхний 9 сард Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өмнөх онуудад төвлөрүүлсэн урьдчилгаа төлбөрт 3.7 тэрбум төгрөгийг татварын орлогод суутган тооцлоо. Мөн 2013 оны 10 дугаар сарын эхэнд тус компанийн төлөх татвар, төлбөрөөс нэмж 5.8 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрийн өглөгт суутган тооцож, нийт суутган тооцсон хэмжээ 9.5 тэрбум төгрөг боллоо.

Тэнцэл, мөнгөн хөрөнгийн өөрчлөлт: Хүний хөгжил сангаас үлдэж буй саруудад Эрдэнэс МГЛ компанитай байгуулсан урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу нэмж 52.9 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрт суутган тооцохоор байгаа бөгөөд 2012 оны төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын бондын гэрээний дагуу 108.1 тэрбум төгрөгийн бондын төлбөрийг барагдуулна.  Өөрөөр хэлбэл хүний хөгжил сангаас 2013 онд нийт 170.5 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг төлж барагдуулах шаардлагатай байгаа ба тус сангийн 2013 оны орлогын хэмжээ сангийн зарлага болон өр, төлбөрийг санхүүжүүлж хүрэлцэхээргүй байна. Хүний хөгжил сангаас 2013 онд нийт 282.8 тэрбум төгрөгийн урсгал зарлагыг санхүүжүүлж, өмнөх 2010-2012 онуудын төсөвт авсан урьдчилгаа төлбөр болон Засгийн газрын бондын төлбөрт нийт 170.5 тэрбум төгрөгийг төлж барагдуулахад 453.3 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүний 397.6 тэрбум төгрөгийг төсвийн орлогоор санхүүжүүлж үлдэх 55.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бонд гарган бүрдүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.

Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлт, шийдвэрлэх асуудлууд: ХХС-гийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хангахад дараах асуудлуудыг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхээр хууль, тогтоолын төсөлд тусгалаа.  Үүнд:

  1. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор нийт 313.1 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоол 64 дүгээр тогтоол 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буюу Хүний хөгжил сангийн 2013 оны төсөв батлагдсаны дараа гарсан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын худалдаж авсан 108.1 тэрбум төгрөгийн бондын хүүгийн төлбөр 8.6 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангийн 2013 оны төсөвт нэмж тусгалаа.
  2. Хүний хөгжил сангийн 2013 оны төсөвт Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулсанаар өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөр орохоор тооцсон 154.0 тэрбум төгрөгийн орлого бүхэлдээ тасрахаар байгаа;
  3. Тус санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 67.2 тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа;

Дээрх асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Хүний хөгжил сангийн 2013 оны төсөвт дараах өөрчлөлтийг хийхээр  “Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон дагалдах УИХ-ын шийдвэрийн төслүүдэд тусгасан. Үүнд:

  1. Хүний хөгжил санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг нийт 222.1 тэрбум төгрөгөөр, ногдол ашгийн орлогыг 1.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах;
  2. Эхний найман сарын гүйцэтгэлд үндэслэн Хүний хөгжил сангаас иргэдэд олгох бэлэн мөнгийг 10.0 тэрбум төгрөгөөр бууруулах;
  3. Засгийн газрын бондын үндсэн төлбөрийг гэрээнд заасныг баримтлан 84.0 тэрбум төгрөгөөр бууруулах;
  4. Тус сангийн 2012 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын бондын хүүгийн зардал 8,648.0 сая төгрөгийг төсөвт нэмэх;
  5. Тус сангийн 2013 оны төсөвт дутагдаж буй эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 55.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргах зөвшөөрөл олгох асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх;

   Төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд, төсвийн тэнцэл, эх үүсвэр

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 799.2 тэрбум төгрөгөөр буурч 6,289.1 тэрбум төгрөг, нийт зарлага 814.8 тэрбум төгрөгөөр буурч нэгдсэн төсвийн нийт зарлага 6,629.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 340.7 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэхээр байна.

Төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлого 666.1 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 809.5 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвийн нийт алдагдал 143.4 тэрбум төгрөгөөр буурч 608.1 тэрбум төгрөгт хүрэхээр тооцлоо.

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хавсралт 2

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хавсралт 1

НДС-ийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль

ХХС-ийн 2013 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Төсвийн тодотголын талаарх танилцуулга

ТӨСВИЙН ТООЦООЛОЛ, ЗАДАРГААГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ