Татварын хөнгөлөлт ба чөлөөлөлтийн талаар хийсэн судалгааны тухай танилцуулга

July 2, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

2006 онд татварын хуулийн шинэчлэлтээр зарчмын шинжтэй асуудлуудыг шийдвэрлэсний дотор хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах, татварын хувь хэмжээг бууруулах замаар татварын тэгш шудрага байх зарчмыг хэрэгжүүлж, татварын суурийг өргөтгөсөн явдал юм.

Монгол Улс  бага татвартайгаараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд дэлхийн 106 орноос гуравдугаарт,  хувь хүний орлогын албан татвараар 87 орноос хоёрдугаарт, нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 88 орноос тавдугаарт бичигдэж олон улсын хэмжээнд хамгийн бага татвартай орны нэг болсноор хөрөнгө оруулалтыг дэмжсэн, бизнесийн тааламжтай орчин бүрдэж чадсан билээ.

Гэвч хамгийн бага татвартай орны нэг боловч татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээгээ ихээхэн нэмэгдүүлж байгаа юм.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь эдийн засгийг зохицуулагч гол хэрэгслүүдийн нэг боловч  хэт их хавтгайруулан хэрэглэснээр дараах сөрөг нөлөөллийг үүсгэж байна.Үүнд:

  1. Татвар төлөгчдийн дунд тэгш бус байдал үүсгэх
  2. Татварын тооцоолол хийх, татварын алба хяналт тавихад хүндрэлтэй байх
  3. Татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэхэд саад болох
  4. Татварын бааз суурь, татварын орлого буурах зэрэг болно. /судалгаагаар 2009 онд нийт 100.3 тэрбум төгрөг татвараас хөнгөлөгдөж, 532.0 тэрбум төгрөгийн татвар ногдох орлого татвараас чөлөөлөгдсөн байна./

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон албан татвараас чөлөөлөхөөр тусдаа гарсан хуулиудад татвараас хөнгөлөх, татвар ногдох орлогыг чөлөөлөх 82 хуулийн заалт байна.

Эдгээрийг тус бүрээр нь судлаж үзэхэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, урамшуулах 12, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зохицуулдаг 4, нийгмийн орлогын түвшингийн ялгааг багасгах 11, эх орны ой модыг хамгаалах зорилготой 1, татвар ногдуулахад татварын орлого төдийлөн өсөхгүй боловч зардал, цаг, хүний нөөц харьцангуй их шаардагдах тул татварын үр ашигтай байх зарчмын дагуу хөнгөлж, чөлөөлж байгаа 17, гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын хэрэгцээнд худалдан авсан бараа гэх мэт олон улсын хэмжээнд чөлөөлөгддөг бараа, үйлчилгээ 6, иргэдэдийн онцгой чухал хэрэглээтэй холбоотой 6, Засгийн газрын бараа, үйлчилгээтэй холбоотой 5, бодит бус орлогын 3 заалтыг хэвээр мөрдөх нь зүйтэй гэж үзэж байна.

Харин 1 заалт нь татварын тооцоолол хийх, татварын алба хяналт тавихад хүндрэлтэй үүсгэх, 14 заалт нь татварын тэгш, шудрага байх зарчмыг алдагдуулж, нийгмийн орлогын түвшний ялгааг ихэсгэх, салбараар нь ялгаварлан гадуурхах,  “энэ төлөхгүй байхад би яагаад татвар төлөх ёстой вэ” гэсэн татвар төлөхөөс зайлсхийх сөрөг хандлагыг үүсгэх зэрэг нөхцлийг бий болгож байгаа тул хүчингүй болгох,  хэт хавтгайруулан татварын хөнгөлөлт үзүүлж байгаа 2 заалтыг өөрчилж, төрөөс шууд санхүүжүүлэх хэлбэрт шилжүүлэх, татварын хөнгөлөлтийн агуулгад нийцэхгүй 1 заалтыг өөрчлөн найруулж хуульд тусгах шаардлагатай гэж үзлээ.

Ингэснээр хэт хавтгайрсан хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоог багасгах,  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үр ашигтай хэлбэрээр хэрэглэх, татвар төлөгчдийн сэтгэлгээнд сөргөөр нөлөөлдөг, татвараас зугтаах, татвар ногдох орлогыг бууруулах боломжийг хаах, татварын суурийг өргөтгөж, татварын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. / жилд 48.9 тэрбум төгрөгөөр/