ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ 12 ДУГААР САРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ын дагуу Сангийн яамнаас Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулах, тус сангаас Хүүхдийн мөнгийг цаг хугацаанд нь иргэдэд хүргэх санхүүгийн нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллаж байна.

             Сангийн яам нь Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хүүхдийн мөнгө олгоход зориулан Хүний хөгжил сангаас нийт 19.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 12 дугаар сарын 17-ны өдөр Монголбанкинд шилжүүллээ. Ингэснээр 12 дугаар сарын 20-ний өдөр арилжааны банкууд дахь хүүхэд бүрийн дансанд хүүхдийн мөнгө бүрэн шилжих боломж бүрдлээ.

 Хүний хөгжил сангаас 2012 оны 12 дугаар сарын байдлаар 894.2 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна.  Засгийн газраас баталсан журамд “Хүүхдийн мөнгийг иргэний хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүр олгоно” гэж заасан тул өмнөх саруудад хүсэлтээ гаргасан боловч арилжааны банкуудад давхар данс нээлгэсэн зэрэг шалтгааны улмаас 10, 11 дүгээр сарын мөнгөө авч чадаагүй нийт 76.5 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг 12 дугаар сард нөхөж олгов.

                         Мөн Засгийн газраас 2012 оны 12 дугаарын сарын 03-ны өдөр Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж яаралтай горимоор хэлэлцүүлэн 2012 оны 12 дугаар сарын 13 өдөр батлууллаа. Уг хууль батлагдсанаар тухайн жилд хүүхдийн мөнгөнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулагдаагүй, хэмнэгдсэн хөрөнгийг дараагийн жилүүдэд хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулдаг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ