Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьлаа

Монгол Улсын “Төсвийн тухай хууль”, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулиудирэх оноос эхлэн мөрдөгдөж байгаатай холбогдуулантөсвийн шинэ удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагуудад нийцүүлэн Монгол Улсын 2013 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн төслийг боловсруулан хүргүүлж байна.

Нэг. ОРЛОГО

      Монгол Улсын 2013 оны төсвийн орлогын төслийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагын дагуу төсвийн орлогыг тэнцвэржүүлэн тооцож, улмаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрээр төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигд санхүүжүүлэх үндсэн зарчмыг баримтлалаа.  Нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тэнцвэржүүлсэн үнээр тооцсоноор эрдэс баялгийн үнийн хэлбэлзэлийн улмаас төсөвт үзүүлж болзошгүй эрсдэлийг бууруулж байна. Улмаар гол эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ба тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс орох орлогыг  Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцлоо.

 Зарим стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг эргэн авч үзэж, гэрээнд өөрчлөлт оруулах замаар ирэх онд нийт 445.8тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцлоо.Төсвийн тухай хуульд тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилгоор орон нутгийн төсвийн орлогыг “суурь орлого”-оор буюу Улсын Их Хурлаас баталсан татварын хувь хэмжээний доод хязгаараар төлөвлөлөө. Улмаар 2013 оноос эхлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн орон нутгийн онцлогтой уялдуулан зарим татварын хувь хэмжээг өөрөө тогтоох бөгөөд төсөвт нэмж төвлөрөх орлогыг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, өөрөө захиран зарцуулах боломжтой байх зохицуулалтыг тусгасан болно.

      Ирэх оны төсвийн орлогын төлөвлөлтөнд татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар татварын хувь, хэмжээг өөрчлөхгүй, улмаар эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх гэсэн бодлогыг баримтлалаа.Түүнчлэн зорилтот үр дүндээ хүрч, нийгэм эдийн засагт үр ашгаа өгсөн, цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсон зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах замаар татварын орлогын суурийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга байх зарчмыг хангахаар төсвийн төсөлд тусгалаа.

    Бизнесийн орчныг сайжруулах үүднээс татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд учирч байгаа зарим саад бэрхшээлийг арилган, татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах замааар татвар төлөгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, түүнчлэн татвар, гаалийн албаны үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

 Ирэх оны төсвийн орлогын төлөвлөгөөг боловсруулахдаа 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцон, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2012 оны төсвийн тодотголоос 1,558.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7,088.3 тэрбум төгрөгт хүргэхээр тооцлоо.

Хоёр. ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРЛАГА

 Монгол улсын 2013 оны Нэгдсэн төсвийн урсгал зарлага нийт 4,859.4 тэрбум төгрөг байхаар тооцлоо.Үүнээс Улсын төсвийн урсгал зарлага 3,910.6 тэрбум төгрөг, Орон нутгийн төсвийн урсгал зарлага 1,982.7 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн урсгал зарлага 1,061.4 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн зарлага 284.2 тэрбум төгрөг байна. 2011 онд батлагдсан “Төсвийн тухай хууль”-ийн дагуу орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, томоохон чиг үүргүүдийг орон нутагт шилжүүлсэн. Үүний дүнд орон нутгийн төсөв 2012 онд нийт төсвийн 9.0 хувийг эзэлж байснаас 2.9 дахин нэмэгдэн 2013 онд 26 хувь болж байна.

 Монгол улсын 2013 оны нэгдсэн төсвийн урсгал зарлага 2012 оноос 253.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс цалин, хөлс 182.3 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 194.9 тэрбум төгрөг, зээлийн үйлчилгээний төлбөр 246.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, татаас ба урсгал шилжүүлэг 370.4 тэрбум төгрөгөөр буурч байна.

 Төсвийн урсгал зардлыг төлөвлөхөд дараах зарчмыг баримталлаа. Үүнд:

  • Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байх;
  • Засгийн газрын бус эрх мэдлийн байгууллагуудын төсвийн хараат бус байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, УИХ болон түүнд ажлаа тайлагнадаг Төсвийн ерөнхийлөн захирагчид, Прокурор зэрэг байгууллагуудын төсвийг зохих журмын дагуу зөвшилцсөн хэмжээнд төсөвт тусгах;
  • Урсгал зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;

–        Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 тусгай шаардлага бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхлэх анхны жил бөгөөд төсвийн алдагдлыг ДНБ-ий 5 хувиас 2 хувь хүртэл бууруулах шаардлагатай;

–        Болзошгүй хямралыг тооцон, урсгал зардлыг тэлэхгүй  байх;

–        2012 оны төсөвт хийгдсэн огцом тэлэлтийг саармагжуулах;

–        Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтвортой байлгах (2012 онд цалин дунджаар 53 хувь, тэтгэврийн доод хэмжээ 74.7 хувь, халамжийн тэтгэвэр 2 дахин өссөн);

–        Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх;

–        Нормын хувцасны зардлыг нэмэгдүүлэхгүй байх, шинэтөрлийнхангалтыгхойшлуулах;

  • 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш шинээр батлагдсан хууль, эрхзүйн актын дагуу нэмэгдэх зардлыг тооцон үзэж, зарим арга хэмжээг хойшлуулах, зогсоох арга хэмжээ авах;
  • Монгол улсын 2012 оны төсвийн тодотголд нэмж тусгагдсан арга хэмжээг 2013 онд үргэлжлүүлэх;
  • Нэн шаардлагатай зардалд инфляцийн тохируулга хийх (зөвхөн боловсрол, эрүүл мэнд, хүчний байгууллагуудын эм, хоолны зардалд үнийн өсөлтийн тохируулга хийх);

 Төсвийн урсгал зарлагын өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс

 2012 онд нэмэгдүүлсэн цалин, тэтгэврийн нэмэгдлийн улмаас 254.6тэрбум төгрөг;

  • 2012 оны төсөвт туссан боловч 2013 оноос эхлэн бүтэн жилээр хэрэгжиж эхлэх бусад арга хэмжээний нэмэгдэл зардал 16.2 тэрбум төгрөг;
  • Хөрөнгө оруулалтаар бий болсон объект, өргөтгөл зэргийн улмаас нэмэгдэх зардал 25.5 тэрбум төгрөг;
  • Шинээр хэрэгжүүлж эхлэх хөтөлбөр, арга хэмжээнд нийт 272.5 тэрбум төгрөг тусгалаа.
    • Хууль, эрх зүйн орчны өөрчлөлтөөр 110.2 тэрбум төгрөг;
    • Шинээр хэрэгжүүлж эхлэхээр санал болгосон хөтөлбөр, арга хэмжээ – 37.4 тэрбум төгрөг;
    • Хамрах хүрээ, үйлчилгээний тоо хэмжээ нэмэгдсэн хөтөлбөр, арга хэмжээ – 110.2 тэрбум төгрөг;
    • Өөрийн үйл ажиллагааны нэмэгдэл орлогыг зарцуулах байдлаар нэмэгдсэн зардал-12.3 тэрбум төгрөг;

 

 2013 онд санхүүжилтийг бууруулж, хамраххүрээг нь багасгахаар тооцсон хөтөлбөр, арга хэмжээ

 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш шинээр батлагдсан хууль, эрхзүйн актын дагуу нэмэгдэх зардлыг тооцон үзэж, зарим арга хэмжээг хойшлуулах, зогсоох саналыг төсвийн төсөлд тусгалаа. Үүнд:

  • 20012 онд батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдэх зарим арга хэмжээг өөрчөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төрийн албан хаагчдын нийтлэг жишигт дүйцүүлэн хувийн хэвшлийхэн сургуульд ажиллагсдад улсын сургуульд ажиллагсадтай нэгэн адил тэтгэмж олгох, багшаас бусад ажиллагсдад орон нутагт ажилласны тэтгэмж олгох, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ, хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах тухай заалтыг өөрчлөхөөр тусгалаа.
  • Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар орон нутгийн төсвийн томоохон орлогыг 100 хувь тусгаарлаж, зарцуулах чиглэлийг өөрчлөхөөр зохицуулсан байсныг өөрчилж, улсын төсөвт төвлөрүүлэх хэсгийг орон нутгийн төсөвт үлдээхээр хуулийн төсөл боловсруулан тусгалаа.
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн тогтоосон харилцааг тэтгэврийн даатгалын сангийн санхүүгийн байдал, тогтолцооны шинэчлэлтэй уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор хэрэгжилтийг 2014 он хүртэл хойшлуулах саналыг тусгалаа.

 Гурав. ХҮНИЙ ХӨГЖИЛ САН

 Хүний хөгжил сангаас иргэн бүрт бэлэн мөнгөөр хишиг, хувь хавтгайруулан олгож байсан өмнөх туршлага нь эдийн засагт үнийн өсөлтийн дарамтыг нэмэгдүүлж, инфляцийг хөөрөгдөх, улмаар орлогоос давсан зарлагыг санхүүжүүлсний улмаас тус санд багагүй хэмжээний өглөг үүсгэсэн зэрэг сөрөг үр дагаварууд гарчээ. Хүний хөгжил санд авч ашигласан урьдчилгаа төлбөрийг тус санд ойрын 2-3 жилд төвлөрөх татварын орлогоос суутган тооцох замаар барагдуулах шаардлага үүссэн байна.

 Иймээс Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн төслийг боловсруулахдааНэгдүгээрт –уг санд нэмж өглөг үүсгэхгүй байх, төсвийг ашигтай төлөвлөх, Хоёрдугаарт – зарлагыг хязгаарлаж, сангийн өглөгийг тэргүүн ээлжинд барагдуулах, Гуравдугаарт – Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг санд хуримтлуулах зарчим баримталлаа.

 Эдгээр зарчимд нийцүүлэн Хүний хөгжил санд 2013 онд нийт 621.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх, 284.2 тэрбум төгрөгийн зарлага санхүүжүүлж, 95.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөг, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийн барагдуулахаар тус тус тооцож төсвийн төслийг боловсрууллаа.

 Тус сангаас 2013 онд төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 12.2 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2010-2012 онд хүндэтгэн үзэх шалтгаанаар хишиг, хувиа аваагүй иргэдийн хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар тутам 20.0 мянган төгрөг олгох арга хэмжээнд зориулж 240.0 тэрбум төгрөгийг тус тус тусгалаа.

    Ингэснээр Хүний хөгжил санд үүссэн урьдчилгаа төлбөрийн өглөгийг 2013 онд ногдуулах татварын авлагыг суутган тооцох замаар бууруулах, үүссэн богино хугацаат өглөгийг барагдуулах, мөнгөн хөрөнгийн хуримтлалыг үүсгэх бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 Дөрөв. ТӨСВИЙН ТЭНЦЭЛ

 Дээрх зарчмуудыг баримтлан Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,088.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,449.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 360.9 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -2.0хувьтайтэнцэхээр байгаа бөгөөд ирэх онд шаардагдах 751.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын дунд хугацааны бонд гаргах замаар санхүүжүүлэхээр төлөвлөлөө.

 Тав. Дагалдах хууль тогтоомжийн өөрчлөлтүүд

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу концессын асуудал Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарах болсон. Манай улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болох дэд бүтцийн болон нийгмийн салбарын бүтээн байгуулалтын зарим төслийг хувийн хэвшилтэй концессын гэрээ байгуулах замаар  яаралтай шийдэх шаардлагатай байдаг тул төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг тухайн үед нь Засгийн газар баталдаг байх нь асуудлыг хурдан шийдэх, концессыг Засгийн газраас баримтлах бодлого зорилтод чиглүүлэх, тус бодлого нь тогтвортой, хараат бус байх, хувийн хэвшлийн шинэ санал, санаачлагыг нэвтрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн Эдийн засгийн хөгжлийн яам үзэж байгаа юм.

 Иймд Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчийн концессын зүйлийн хувьд эрх бүхий этгээд нь төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж байгааг өөрчилж, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байхаар, төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал батална гэснийг Засгийн газар баталдаг байхаар, мөн концессыг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт оруулахгүй байхаар холбогдох өөрчлөлтүүдийг “Концессын тухай хууль” болон “Төсвийн тухай хууль”-уудад оруулахаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас ирүүлсэн саналыг дагалдах хуулиудтай хамт өргөн барьж байна.

 Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлтэйдагалдууландараахь хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох төслийг боловсруулан хэлэлцүүлж байна. Үүнд:

  1. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хууль
  2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хууль
  3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль
  4. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
  5. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль
  6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай  хууль
  7. Хууль хүчингүйд тооцох тухай /НӨАТ татвараас чөлөөлөх тухай- Атрын 3/
  8. Хууль хүчингүйд тооцох тухай /НӨАТ татвараас чөлөөлөх тухай/
  9. Хууль хүчингүйд тооцох тухай /гаалийн татвараас чөлөөлөх тухай –оёмол/
  10. Хууль хүчингүйд тооцох тухай/гаалийн татвараас чөлөөлөх тухай –Атрын 3/
  11. Хүний хөгжил сангаас Монгол Улсын  иргэнд 2013 онд хүртээх хишиг,хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл
  12. Төсвийн тухай хууль
  13. Концессын тухай хууль
  14. Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга, тооцоог доорх холбоосууд дээр даран татан авна уу:

Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн танилцуулга

Монгол Улсын 2013 оны Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт, дэлгэрэнгүй тооцоо