Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол батлагдлаа

1.    ТӨСВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

1.1.         Эдийн засгийн өнөөгийн байдал 

Эдийн засгийн өсөлт. Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2011 онд уул уурхайн бүтээн байгуулалтын ажил, гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэлхийн зах зээл дээрх үнүүдийн тааламжтай байдал, цаг агаарын таатай нөхцөл байдлын үр дүнд 17.5 хувийн бодит өсөлттэй байсан. Сүүлийн жилүүдэд гарч байгаа эдийн засгийн огцом өсөлтийн гол шалтгааныг өмнөх жилүүдийн эдийн засгийн суурь өсөлт харьцангуй бага, хүн ам зүйн тааламжтай үе үргэлжилж байгаа болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын түвшин харьцангуй өндөр байгаагаар тайлбарлаж байна. 

Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2012 онд уул уурхайн салбарын өсөлт, уг салбарын бусад салбаруудад нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл байдал, цаг уурын нааштай байдлаас үүссэн мал аж ахуйн салбарын өсөлт зэрэг шалтгаануудаас эдийн засгийн өсөлтийг 15.2 хувьтай байхаар тооцооллоо. Уг өсөлтөд уул уурхайн салбарын өсөлт 17 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 14.9 хувь байхаар байна. Манай улсын эдийн засгийн өсөлт хөрш орнуудын аж үйлдвэрлэлийн хэмжээ, импортлогдох инфляцийн түвшин, болон газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байгаа бөгөөд ирэх онуудад ч үргэлжлэхээр байна. Ирэх 2013-2015 онуудад эдийн засгийн өсөлт 11.2-21.2 хувьтай байхаар байгаа бөгөөд Оюу толгойн зэс, алт, мөнгөний үйлдвэрлэл 2013 оноос эхлэхээр тооцоолсон.

Инфляци. Өнгөрсөн 2010 оноос сэргэж эхэлсэн эдийн засаг тэлснээр аж ахуйн нэгжийн зээл нэмэгдэж, инфляцийн түвшин хоёр оронтой тоонд орон халалтын шинж тэмдэг хэдийнээ илрээд байгаа бөгөөд 2012 оны эхний 7 сарын байдлаар жилийн инфляци 14.5 хувьтай байна.

Инфляцийн өсөлтөд нефтийн бүтээгдэхүүний үнийн индексийн өсөлт, хүнсний импортын бүтээгдэхүүний үнийн индексийн өсөлт,  цалингийн өсөлт, эдийн засгийн мөчлөг шууд нөлөөлдөг бол өмнөх үеийн инфляцийн өсөлт, цалингийн өсөлтийн хүлээлт зэрэг нь дараа улирлын инфляцийг өсгөж байна. Инфляцийг шууд өсгөж буй шатахууны үнийг тайлбарлагч гол хүчин зүйл болсон дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн хэлбэлзэл зэрэг үзүүлэлт нь инфляцийг өсгөх дам нөлөө болж байна.  Ирэх онд эдийн засаг үргэлжлэн өсөж байгаатай холбоотойгоор инфляцийг 9 хувьтай байхаар таамаглаж байгаа бөгөөд цаашид суурь инфляцийг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээнүүд, эрэлтийг дэмжих бодлого барихгүй тохиолдолд инфляцийн түвшин 2012-2015 онуудад нэг оронтой тоонд орох боломжтой гэж үзлээ.

Валютын ханш. Валютын ханш болон инфляци зэрэг үзүүлэлтүүд нь тухайн улсын хэрэглэгчдийн макро эдийн засгийн аливаа бодлогын талаарх хүлээлтээс ихээхэн хамаардаг. Уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэх, манай улсын дэд бүтэц болон бусад томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг хүчин зүйлс, мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох, алт, зэсийн дэлхийн зах зээл дээрх эрэлт болон үнэ өсөх хандлага байгаа зэргээс үүдэн валютын ханш ирэх онуудад чангарахаар байна.

1.2.         Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны эхний 7 сарын гүйцэтгэл

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны эхний 7 дугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88.2 хувь, нийт зарлага 72.0 хувийн гүйцэтгэлтэй, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 599.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 932.5 тэрбум төгрөгөөр бага байна.

Оны эхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2,744.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 368.5 тэрбум төгрөгөөр буюу 11.8 хувиар дутуу биелэсэн боловч 2011 оны мөн үеийнхээс 21.2 хувиар буюу 479.5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2,744.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 585.4 тэрбум төгрөгөөр буюу 24.5 хувиар дутуу биелж, 2011 оны мөн үеийнхээс 37.7 хувиар буюу 200.0орчим тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.

            Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2012 оны эхний 7 сарын байдлаар 4,645.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,344.1 тэрбум төгрөг буюу 72.0 хувь, улсын төсвийн зарлага  2,313.8 тэрбум төгрөгийн буюу 69.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 2012 оны эхний 7 сарын байдлаар 64.0 тэрбум төгрөгийн ашигтай байхаас 148.5 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 1,532.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаас 599.6 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 260.4 тэрбум төгрөгийн ашигтай байхаас 35.2 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 963.0 тэрбум алдагдалтай байхаас 509.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

 НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГЫН ЭХНИЙ 7 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт эхний 7 сарын байдлаар 84.3 хувьтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 514.3 тэрбум төгрөгийн бага гүйцэтгэлтэй гарсан. Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 1,804.4 тэрбум төгрөгт хүрч 24.5 хувиар буюу 585.4 тэрбум төгрөгөөр төлөвлснөөс дутуу биелсэн дүнтэй гарлаа.

      Төсвийн орлогын гүйцэтгэлд дараах гол хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:

      Нэг. Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуульд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг 9760.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийг 199.9 ам.доллараар тооцож төсвийн тогтворжуулалтын санг бүрдүүлэхээр тусгасан боловч 2012 оны эхний 7 сарын байдлаар  дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ дунджаар 7,939 ам.доллар (2011 оны эхний 7 сард  дунджаар 9,432 ам.доллар байсан) болж төлөвлөсөн үнээс 18.6 хувиар буюу 1821 ам.доллараар буурсан, боловсруулсан нүүрсний үнэ өмнөх онтой харьцуулахад 23 хувь (190 ам.доллараас 146.7 ам.доллар болж буурсан )-иар буюу 43.3 ам.доллараар доогуур байгаа зэрэг нь Эрдэнэт үйлдвэр болон нүүрсний компаниудаас төвлөрүүлэх орлого буурахад гол нөлөө үзүүлсэн байна.

      Хоёр. Нүүрсний экспортын хэмжээ эхний 7 сарын байдлаар 11.3 сая тонн байгаа боловч компаниудын энэ жилийн төлөвлөгөө болон төсөвт тусгагдсан 31.5 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй харьцуулахад ихээхэн бага байна. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийтдээ 22.8 сая тонн нүүрс экспортлож, төлөвлөснөөс 8.7 сая тонноор буурах хандлагатай байна.

      Гурав. Нийт импортын хэмжээг эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2012 онд 10.9 тэрбум ам.доллар буюу 2011 оны гүйцэтгэлээс 62 хувиар нэмэгдүүлэн энэ оны төлөвлөгөөг тооцсон боловч эхний 7 сарын гүйцэтгэлээр 4.0 тэрбум ам.долларын гүйцэтгэлтэй гарлаа. Импортын гүйцэтгэлд дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл, Оюутолгой зэрэг стратегийн томоохон ордын бүтээн байгуулалтын ажлын дийлэнх нь өнгөрсөн онд хийгдсэн нь голлох нөлөөг үзүүлжээ.  Нийт импортын хэмжээ 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 9.3 тэрбум ам.долларт хүрэх хандлагатай байгаа нь төсвийн орлогын гүйцэтгэлд нөлөөлж байна.

Дөрөв. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар “Таван толгой” ордоос нийт 1018.7 тэрбум төгрөгийн орлого, эх үүсвэрийг улсын болон хүний хөгжлийн сангийн төсөвт төвлөрүүлэхээр тусгаснаас эхний хагас жилийн байдлаар 80.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлж 938.7 тэрбум төгрөгийн орлого, эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байгаа болно. Үүнд:

  • Улсын төсвийн орлогод “гарын үсгийн төлбөр”-ийн орлогоор 496.4 тэрбум төгрөг;
  • Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр эх үүсвэрт “урьдчилгаа” орлогоор 209.8   тэрбум төгрөг;
  • Хүний хөгжил сангийн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрт “урьдчилгаа” орлогоор 312.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 80.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 232.5 тэрбум төгрөгийг үлдэгдэлтэй байна.

                       Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын баруун цанхийн хэсгийг ашиглах, хөрөнгө оруулж хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой компани (консорциум)-ийг сонгон шалгаруулах шалгаруулалтын явц зогсонги байдалд орсноос шалтгаалан дээрх орлого, эх үүсвэр 2012 оны төсвийн жилд төвлөрөхгүй байх магадлал өндөр байгаа нь төсвийн бүрдэлтэд хүндрэл учруулахаар байна.

Тав. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд Төрийн банкны өмч хувьчлалын орлогоор 80.0 тэрбум төгрөг, “Монголын цахилгаан холбоо” ХК-ны өмч хувьчлалын орлогоор 15.0 тэрбум төгрөг, “УБЦТС” ТӨХК-ний хувьчлалын орлогоор 1.5 тэрбум төгрөг, Улаанбаатар авто зам засвар арчлалт ТӨХК-ний хувьчлалын орлогоор 0.7 тэрбум төгрөг нийтдээ 97.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. Гэвч Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д Төрийн банк хувьчлагдахаар тусгагдаагүй, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах ажил 2012 онд зохион байгуулагдахааргүй болоод байгаагаас үүдэн улсын төсөвт төвлөрүүлэх өмч хувьчлалын орлого төвлөрөх боломжгүй болоод байна.

    Зургаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдалтай ажилласан аж ахуйн нэгжийн тоо 12.9 хувиар, үйл ажиллагаа явуулаагүй тайлан ирүүлсэн аж ахуйн нэгжийн тоо 7.7 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

 Улсын төсвийн орлогын гүйцэтгэлийн талаар:

Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 1,804.4 тэрбум төгрөгт хүрч 24.5 хувиар буюу 585.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс тасарсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 23.9 хувиар буюу 92.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 27.8 хувиар буюу 272.3 тэрбум төгрөг, онцгой албан татварын орлого 35.0 хувиар буюу 79.7 тэрбум төгрөг,  гадаад худалдааны орлого 39.4 хувиар буюу 125.6 тэрбум төгрөг, тусламжийн орлого 23.6 хувиар буюу 40.7 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан бол, татварын бус орлого 5.9 хувиар буюу 13.3 тэрбум төгрөг, бусад татварын орлого 24.2 хувиар буюу 12.3 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.

       Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар улсын төсөвт 470.0 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 336.6 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс төвлөрүүлж, төлөвлөгөө 28.4 хувиар буюу 133.3  тэрбум төгрөгөөр тасарлаа. Төлөвлөсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 63.4 тэрбум төгрөгийг төсвийн тогтворжуулалтын санд төлөвлөснөөс эхний 7 сард 23.1 тэрбум төгрөг төвлөрч, 36.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

      Нэмэгдсэн өртгийн албан татвар: Дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт 375.0 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөгдсөнөөс 264.2 тэрбум төгрөг оруулж, төлөвлөгөө 110.8 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Эхний 7 сарын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 84.3 тэрбум төгрөгийн орлогыг илүү төвлөрүүлсэн буюу 46.9 хувиар өссөн байна. 2012 оны эхний 7 сарын байдлаар дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ-ын гүйцэтгэл жилийн төлөвлөгөөний 45.3 хувь байна.

Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт 658.4 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөгдсөнөөс 494.7 тэрбум төгрөг оруулж, төлөвлөгөө 163.6 тэрбум төгрөгөөр тасарлаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын НӨАТ-ын  орлогоор 89.9 тэрбум төгрөг илүү төвлөрсөн байна. Импортын хэмжээний өсөлт төлөвлөснөөс удаашралтай байгаа нь импортын барааны НӨАТ-ын гүйцэтгэл төлөвлөснөөс бага гарахад голчлон нөлөөлж байна. Мөн татвараас чөлөөлөгдсөн импорт өнгөрсөн оны мөн үеэс 59.8 хувиар буюу 231.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Татвараас чөлөөлөгдсөн импортын  нийт импортын дүнд эзлэх хувийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.9 пунктээр өссөн үзүүлэлттэй байгаа нь мөн нөлөөлсөн байна.

 Онцгой албан татвар: Дотоодын бараанд ногдох онцгой албан татвараар 2012 оны эхний 7 сард улсын төсөвт 89.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 56.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, архины онцгой албан татварын төлөвлөгөө 24.7 тэрбум төгрөг буюу 38.1 хувиар, пивоны онцгой албан татварын төлөвлөгөө 3.9 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар, тамхины онцгой албан татварын төлөвлөгөө 5.0 тэрбум төгрөг буюу 46.1 хувиар тасарсан хэдий ч архи, дарс, спиртийн онцгой албан татварын ногдуулалт өссөнөөр төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Импортын онцгой албан татварын хувьд: Импортын архи, тамхины онцгой албан татвараар 24.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 21.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Импортын пивоны онцгой албан татвараар 4.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 4.2 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Тоо хэмжээний хувьд согтууруулах ундаа 30.4 хувиар  буюу 4026.3 мянган литрээр өссөн байна. Үүнээс шар айраг 32.5 хувиар буюу 3930.9 мянган литрээр, дарс 5.5 хувиар буюу 58.1 мянган литрээр, архи виски 37.1 хувиар буюу 37.2 мянган литрээр тус тус өссөн байна.

Янжуур тамхины тоо хэмжээ 15.6 хувиар буюу 149436 мянган ширхэгээр өсөж, дүнсэн болон задгай тамхи 0.9 хувиар буюу 6.1 тонноор буурсан байна.

Засгийн газрын 2011.11.09-ны өдрийн 318 дугаар /2011.11.11-ээс хэрэгжсэн/ тогтоолоор импортын автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг “0” хувь хэмжээгээр тогтоосон нь автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг буруулахад нөлөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор 40.2 тэрбум төгрөгөөр онцгой албан татварын орлого буурсан байна. Авто бензин, дизелийн түлш тоо хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 23.3 хувиар буюу 122052 тонноор өссөн байна. Үүнээс  90 хүртэл октантай автобензиний импорт өнгөрсөн оны мөн үеэс 14850 тонноор,  90-ээс дээш октантай автобензин 27519 тонноор, дизелийн түлш 79682 тонноор тус тус өссөн байна.

      Суудлын автомашины онцгой албан татварын орлогоор 68.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 66.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Автомашины импортын хэмжээ 33.9 хувиар буюу 8815 тоо ширхэгээр өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна.

Импортын барааны татварын бүтцийг авч үзвэл 2011 оны эхний 7 сард онцгой албан татвартай бараанд ногдуулсан татвар нийт импортын бараанд ногдуулсан татварын 36.4 хувийг эзэлж байсан бол 2012 оны 7 сард  32.6 хувь болж 3.7  пунктээр буурсан байна.

Импортын барааны гаалийн албан татвар: Нийт импорт 2012 оны эхний 7 сард  5346.4 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс  19.1 хувиар буюу 857.4 тэрбум төгрөгөөр, үүнээс татвартай импорт 15.3 хувиар буюу 626.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Татвараас чөлөөлөгдсөн импорт өнгөрсөн оны мөн үеэс 59.8 хувиар буюу 231.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Татвараас чөлөөлөгдсөн импортын  нийт импортын дүнд эзлэх хувийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.9 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

Импортын барааны гаалийн албан татвараар эхний 7 сард 318.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөнөөс 193.2 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 39.4 хувиар буюу 125.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Импортын хэмжээний өсөлт төлөвлөснөөс удаашралтай байгаа нь импортын барааны гаалийн албан татварын гүйцэтгэл төлөвлөснөөс бага гарахад голчлон нөлөөлж байна.

Түүнчлэн УИХ-аас Засгийн газарт эрх олгосны дагуу Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 166-р тогтоолоор импортын автобензин дизелийн түлшний гаалийн тарифыг “0” хувь хэмжээтэй болгосон нь гол нөлөө үзүүлжээ. Татвараас чөлөөлөгдсөн импортын  нийт импортын дүнд эзлэх хувийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.9 пунктээр өссөн үзүүлэлттэй байгаа зэрэг нь тус тус нөлөөлсөн байна.

Ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор энэ оны эхний 7 сарын байдлаар 173.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гүйцэтгэлээр 222.7 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр эхний 7 сарын байдлаар 72.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 165.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Эхний 7 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр 76.3 тэрбум төгрөг, “Энержи Ресурс” ХХК 8.1 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлттэй байгаа нь гүйцэтгэлд нөлөөлсөн байна.

Агаарын бохирдлын төлбөр: Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор эхний 7 сард улсын төсөвт 18.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 15.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 20.5 хувиар буюу 3.9 тэрбум төгрөгөөр буурлаа. Энэ оны 2 дугаар улирлын түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн тайлангаар 8.4 тэрбум төгрөгийн ногдуулалттай, 2.7 тэрбум төгрөгийн авлагатай гарлаа. Суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигчээс 2012 онд 200.0 сая төгрөгийн агаарын бохирдлын төлбөрийн орлого төвлөрөх ёстой байсан боловч агаарын бохирдлын суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагаас төлбөр авах журам, төлбөрийн хувь хэмжээг одоо хүртэл шийдээгүйгээс уг төлбөрийн орлогыг төвлөрүүлэх боломжгүй байна. Мөн Органик уусгагч импортлогчийн эрх авсан аж ахуй нэгжүүдийн нэр тодорхойгүй, энэ талаар мэдээлэл гаргаж өгөх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас мэдээлэл гарахгүй байгаагаас органик уусгагч импортлогчоос улсын төсөвт төвлөрүүлэх 60.0 сая төгрөгийн төлөвлөгөө тасрахаар байна.

Гарын үсгийн төлбөр: Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар 496.4 тэрбум төгрөгийн гарын үсгийн төлбөрийг Эрдэнэс-Тавантолгой ХК-аас авахаар төлөвлөснөөс эхний 7 сарын байдлаар гарын үсгийн төлбөрийн орлого төвлөрөөгүй байна.

Хувьцааны ногдол ашиг: Эхний 7 сарын байдлаар хувьцааны ногдол ашгаар 141.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсоноос гүйцэтгэлээр 24.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын хурал 7 дугаар сард хуралдаж ногдол ашгийг хуваарилах шийдвэр гаргасантай холбоотойгоор тус үйлдвэрийн төвлөрүүлэх ногдол ашгийн орлого энэ оны сүүлийн  хагас жилд төвлөрөх болсонтой холбоотой юм.

       Орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлийн талаар:

      Орон нутгийн төсвийн нийт орлого эхний 7 сарын байдлаар 423.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөнөөс 6.0 хувиар буюу 26.9 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Хүн амын орлогын албан татварын орлогоор эхний 7 сарын байдлаар 164.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 177.9 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 13.1 тэрбум төгрөгөөр буюу 8.0 хувиар өссөн байна. Мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвараар 17.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 20.3 тэрбум төгрөг төвлөрч, 2.6 тэрбум төгрөгөөр буюу 15.1 хувиар өссөн байна. Газрын төлбөрөөр 19.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 25.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 6.1 тэрбум төгрөгөөр илүү төвлөрүүлсэн байна. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 56.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 49.2 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 7.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Түүнчлэн өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 5.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 0.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 5.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.Энэ хугацаад 14 аймагт 54.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгуудын орлогын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй явж байна. Ховд аймаг 78.8 хувь, Дархан-Уул аймаг 82.9 хувийн орлогын гүйцэтгэлтэй байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй бага хэмжээтэй байна.

      Нийгмийн даатгалын сангийн орлогын гүйцэтгэлийн талаар: Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 589.7 тэрбум төгрөгт хүрч, 10.7 хувиар буюу 56.8 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Үүнээс 158.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг хэлбэрээр олгоод байна.  Нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийн орлого 431.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 26.7 хувиар буюу 90.8 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.

      Тогтворжуулалтын сангийн орлогын талаар: Тогтворжуулалтын санд оны эхний 7 сард  25.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөтэй харьцуулахад 85 хувиар буюу 145.7 тэрбум төгрөгөөр бага байна. Тогтворжуулалтын сангийн орлогын бүрдүүлэлтэнд дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнийн бууралт болон үнээс шалтгаалан уул уурхайн компаниудын ашигт ажиллагаа буурч байгаа нь ихээхэн нөлөө үзүүлж байна. Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуульд дэлхийн зах зээл дээрх тонн цэвэр зэсийн үнийг 9760.5 ам.доллар, тонн боловсруулсан нүүрсний үнийг 199.9 ам.доллараар тооцож төсвийн тогтворжуулалтын санг бүрдүүлэхээр тусгасан боловч 2012 оны эхний хагас жилийн байдлаар  дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ дундажаар 7,939 ам.доллар болж 15.8 хувиар буурсан, боловсруулсан нүүрсний үнэ өмнөх онтой харьцуулахад 23 хувь (190 ам.доллараас 146.7 ам.доллар болж буурсан )-иар доогуур байгаа нь төсвийн тогтворжуулалтын сангийн орлогод нөлөөлж байна. Мөн нүүрсний экспортын хэмжээ эхний 7 сарын байдлаар 11.3 сая тонн байгаагаас үзэхэд энэ жилд экспортлохоор тооцсон нүүрсний хэмжээ буурахаар байна.

      УРСГАЛ ЗАРЛАГЫН ЭХНИЙ 7 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

       Монгол Улсын төсвийн урсгал зарлага 2012 оны эхний 7 дугаар  сарын байдлаар 1957.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1637.6 тэрбум төгрөгийн буюу 83.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс бараа үйлчилгээний зардалд эхний 7 сарын байдлаар 1,172.3 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэл 1,053.7 тэрбум төгрөг буюу 89.9 хувьтай, үүнээс төрийн албан хаагчдын цалин хөлсний зардлын гүйцэтгэл 99.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Бараа, үйлчилгээний бусад зардлын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс бага байгаа нь дараах үндсэн шалтгаантай байна. Үүнд:

  • Улсын төсвийн орлогын байдалтай уялдуулан зарим төрлийн зардлуудын санхүүжилтийг түр хугацаагаар хязгаарласан.
  • Томоохон худалдан авалт хийдэг байгууллага, төвлөрүүлэн захирагчдын худалдан авалт, нийлүүлэлт төлөвлөсөн хугацаанаас хоцорч байгаагаас хувцас хэрэглэл, шатахуун, хүнсний хангалтын зардлууд санхүүжээгүй үлдэгдэлтэй байна.

            Улсын төсвийн татаас, урсгал шилжүүлгийн зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна. Үүнд:

  • Улсын төсвөөс нийгмийн халамжийн зардалд нийт 103.9 тэрбум төгрөг буюу 83.9 хувийн санхүүжилт гарсан байна. Нийгмийн халамжийн сангийн зарлага төлөвлөсөн хэмжээнээс дутуу гүйцэтгэлтэй байгаа нь дараах үндсэн шалтгаантай байна. Үүнд:
    • Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 228 дугаар тогтоолоор  “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох журам”-ыг баталсан боловч нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй өрхийн гишүүн иргэдийн судалгаа бүрэн гарч нэгдсэн санд ороогүйгээс Халамжийн шинэ хуулийн дагуу олгогдох ядуу өрхийн мөнгөн тэтгэмж мөнгө олгогдоогүй, зарим нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээний хувьд иргэдийн нэр дээр олголт үүссэн боловч амралт, зусланд гарсан, мөн хуримтлуулан нэг дор авах хүмүүс банкнаас ирж аваагүй, амралт, рашаан сувилал, түлээ нүүрс, орон сууцны хөнгөлөлтийг 3, 4-р улиралд түлхүү авдаг зэрэгтэй холбоотой байна.
    • Хоол тэжээлийн тусламж, тэтгэмжийн зардлын гүйцэтгэл 38.6 хувь байгаа нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 228 дугаар тогтоолоор  “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох журам”-ыг баталсан боловч одоогийн байдлаар Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бүрэн бүрдээгүйтэй холбоотойгоор уг тэтгэмжийг 7 дугаар сард олгоогүй, хоол тэжээлийн дэд хөтөлбөрт бүх аймгийг бус тодорхой аймаг, дүүргийг хамруулж байгаа зэргээс шалтгаалан 9.3 тэрбум төгрөгийн хэмнэлттэй байна.
    • Улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох татаас хуваарийн дагуу бүрэн олгогдоогүй байгаагаас гүйцэтгэл 158.5 тэрбум төгрөг буюу 82.4 хувьтай гарсан байна.
    • Хотын нийтийн тээврийн татаас  25.4 тэрбум, эрчим хүч, дулааны алдагдлын татаас 18.3 тэрбум буюу 76.9 хувийн гүйцэтгэлтэй байна;
    • Засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 11.2 тэрбум төгрөг буюу 95.7 хувь;
    • Их, дээд сургууль коллежийн  оюутны тэтгэлэг 60.2 тэрбум төгрөг 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл УИХ-аар батлагдаагүйн улмаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2012 оны төсөвт туссан сум хөгжүүлэх сангийн хөрөнгө 24.0 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлээгүй байна.

 ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ

Төсвийн тухай хуулийн хавсралтаар 2012 онд нийт 1,489.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Эхний 7 сарын байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 710.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн нь батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 47.1 хувьтай байна. Үүнээс 485.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг салбарын яамд зохион байгуулж, 225.2 тэрбум төгрөгийн ажлыг аймаг, нийслэлд эрхийг шилжүүлэх замаар хэрэгжилтийг зохион байгуулж, санхүүжүүлээд байна.

УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 тоот тогтоолоор 2012 оны 4 дүгээр сарын 1 гэхэд хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дүгнэж дуусгасан байхыг Засгийн газарт даалгасан юм. Гэвч энэ оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 72.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, 90.9 тэрбум төгрөгийн барилга байгууламжийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нь зарлагдсан боловч гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй, 36.6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний ажлын явц удаашралтай байна.

Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь:

  1. Барилгын гол нэрийн материалын зах зээлийн үнэ оны эхнээс 30-150 хувь нэмэгдсэн;
  2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Барилгын дүрмүүд батлах тухай” 18 тоот тушаалаар барилга угсралтын ажлын машин механизмын болон тээврийн зардал, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын норм өссөнөөс барилгын төсөвт өртөг нэмэгдэх болсон байна.

Үүний улмаас шинэчилсэн норм, дүрмийн дагуу тооцож тендерт ирүүлсэн оролцогчдын үнийн санал хуулиар батлагдсан барилгын төсөвт өртгөөс хэтэрч, улмаар тендер хүчингүй болох тохиолдол нилээдгүй гарах болжээ. Тухайлбал, 40 орчим сургууль болон сургуулийн дотуур байрны барилга, 20 шахам цэцэрлэгийн барилга, 20-иод соёлын төвийн барилгын төсөвт өртөг хуулиар батлагдсан төсөвт өртгийн дүнгээс давж энэ онд ажил нь эхлэх боломжгүй болсон байна.

Түүнчлэн, барилга барих газрын зориулалт нь өөрчлөгдсөн, газрын маргаан гарсанаас барилга угсралтын ажил зогссон, гэрээ байгуулагдсан боловч тендертэй холбоотой гомдол гарч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаагийн улмаас ажил нь эхлээгүй байгаа нийт 10 гэрээт ажил төсөвлөгдсөн хөрөнгөө авч чадахгүй байдалд хүрчээд байна.

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2012 ОНЫ ТӨСӨВ, ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭЛ

Монгол Улсын Их Хурлаас 2012 онд хүний хөгжил сангаас нийт 787.1 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилт хийж, зардлыг тус санд төвлөрөх (i) ашигт малмталын нөөц ашигласны болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн орлого 364.6 тэрбум төгрөг, (ii) ногдол ашгийн орлого 110 тэрбум төгрөг, (iii) урьдчилгаа төлбөр 312.5 тэрбум төгрөгийн орлого, эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэхээр баталсан.

Хүний хөгжил сангийн эхний 7 сарын гүйцэтгэлээр нийт 338.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь жилийн төвлөрүүлэх орлогын 71.3 хувьтай тэнцэж байгаа бол тус сангаас нийт 645.8 тэрбум төгрөг буюу батлагдсан төсвийн зарлагын 82.0 хувийг санхүүжүүлээд байна. Ингэснээр сангийн төсвийн алдагдал эхний 7 сарын байдлаар 307.2 тэрбум төгрөг гарч, үүний 22.4 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлтөөр, 80.0 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрөөр, 204.8 тэрбум төгрөгийг Төвбанкны түр хугацаат зээлээр тус тус санхүүжүүллээ. Энэ оны эхний 7 сарын байдлаар  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/АМНАТ гэх/-өөр 173.5 тэрбум төгрөг, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр/ӨСНАТ гэх/-өөр 164.9 тэрбум төгрөг, нийт 338.6 тэрбум төгрөгийн орлогын гүйцэтгэлтэй буюу жилийн төлөвлөгөөний 71.3 хувь нь төвлөрсөн дүнтэй байна.

Оны эхний 7 сарын байдлаар төлөвлөсөн орлого 155.0 тэрбум төгрөгөөр давсан бөгөөд тус орлогын давалт нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 2012 онд төвлөрөх татварын орлогыг урьдчилж төвлөрүүлсэнтэй холбоотой. Хүний хөгжил санд 2012 онд Эрдэнэт үйлдвэрээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 52.1 тэрбум төгрөг, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 117.4 тэрбум төгрөг, ногдол ашгаар 110.0 тэрбум төгрөг, нийт 279.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр төлөвлөсөн. Энэ оны эхний 7 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 77.1 тэрбум төгрөг, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 142.6  тэрбум төгрөг, нийт 219.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Хүний хөгжил сангийн зарлага санхүүжилтэд хүндрэл үүссэний улмаас Эрдэнэт үйлдвэрээс 2012 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 75 сая америк доллар буюу 100.0 орчим тэрбум төгрөгийг урьдчилж авсан. Үүнээс шалтгаалан хүний хөгжил сангийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого давсан байна.

Өнгөрсөн хугацаанд тус сангаас иргэдэд олгох 21.0 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөр, хуулийн дагуу төр хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрийг санхүүжүүлсэн. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1.0 сая төгрөгийн үлдэгдэл 340.0 мянган төгрөгийг санхүүжүүлэх эх үүсвэр төвлөрөөгүй шалтгааны улмаас зарим аймгуудад бүрэн олгож чадаагүй байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1.0 сая төгрөгийн хишиг, хувийг бэлнээр авах хүсэлт гаргасан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй нийт 306925 иргэдийн 4, 5 дугаар сарын 330.0 мянган төгрөг олгоход 202.6 тэрбум төгрөг, Архангай, Дундговь, Дархан-Уул аймгуудын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 27493 иргэдийн 6 дугаар сард олгох 340 мянган төгрөгийн санхүүжилтэд 9.3 тэрбум төгрөг буюу нийт 211.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Цаашид Хүний хөгжил санд дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэх замаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөгийн үлдэж буй хэсгийг буюу нийт 122.3 тэрбум төгрөгийг 2012 оны төсвийн жилд багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авна.

2.    ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ШААРДЛАГА, БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,003.6 тэрбум төгрөг, тогтворжуулалтын сангийн орлого 322.4 тэрбум төгрөг, нийт орлого ба тусламжийн дүн 6,326.1 тэрбум төгрөг байхаар УИХ-аар батлагдсан.

Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2012 оны эхний хагас жилд 7.6 хувь гарч, 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн бага хэмжээндээ хүрсэн байна. Тус улсын эдийн засгийн өсөлт энэ оны 4-6 сард эрс муудсан байна[1]. Олон улсын валютын сангаас 2012 оны 7 дугаар сард гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал”-ын тайланд евро бүсийн өрийн хямрал улам дордож байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийн гол эрсдэл болоод байгааг анхааруулсан[2].

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаа болон үйлдвэрлэлийн түүхий эдийн дотоод эрэлт буурч байгаа зэрэг нь манай улсын эдийн засаг болон төсвийн орлогод мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Тухайлбал, тус улсын эдийн засаг хямран том том бүтээн байгуулалт нь танагдаж, үүнийгээ дагаад үйлдвэрлэл буурч улмаар төмөрлөгийн үйлдвэрийн гол түлш болох коксжих нүүрсний хэрэглээ буурч байна. 2012 оны эхний хагас жилд Хятадын дотоодын гангийн эрэлт буурсантай холбоотой манай улсын хувьд нүүрсний зах зээлийн нөхцөл байдал муудаж баяжуулсан болон коксжих нүүрсний экспортын үнэ 23-29 хувиар буураад байна.

Энэхүү үнийн огцом уналт, Хятадын нүүрсний эрэлтийн бууралтаас үүдэн Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ энэ оны 7 дугаар сард 0.9 сая тонн хүртэл буурч өмнөх сараасаа даруй 61.8 хувиар, өнгөрөгч 2011 оны мөн үетэй харьцуулбал 42.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа нь Хятадын эдийн засгийн нөхцөл байдал манай нүүрсний экспортод шууд нөлөө үзүүлж буйг харуулж байна.

Эх үүсвэр: Гаалийн Ерөнхий Газар

Хятадын зах зээл дээрх нүүрсний эрэлт, үнийн бууралтаас шалтгаалан нүүрсний экспортын хэмжээ 2012 оны батлагдсан төсөвт тусгагдсан хэмжээнд хүрэхээргүй болж байна. Нүүрсний экспортын хэмжээг 31.5 сая тонн байхаар тооцсон боловч энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний экспорт 8.7 сая тонноор буурч, 22.8 сая тонн-д хүрэх хандлагатай байна.

Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуульд дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 9760.5 ам.доллараар тооцож төсөвт тусгасан боловч 2012 оны эхний 7 сарын байдлаар  дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ дундажаар 7,939 ам.доллар (2011 оны эхний 7 сард  дундажаар 9,432 ам.доллар байсан) болж төлөвлөсөн үнээс 18.6 хувиар буюу 1821 ам.доллараар буурсан, энэ оны сүүлийн саруудад зэсийн үнэ 8000 орчим ам.долларт хэлбэлзэхээр байгаа нь 2012 оны тодотгосон төсвийн төсөлд зэсийн зах зээлийн үнийн төсөөллийг шинэчлэн 7970 ам.доллар байхаар тооцох шаардлагатай боллоо.

Эх үүсвэр: Лондонгийн металлийн бирж(http://www.lme.com/copper.asp)

Мөн 2012 оны төсөвт боловсруулсан нүүрсний үнийг 199.9 ам.доллараар тооцсон бөгөөд энэ оны эхний 7 сарын байдлаар боловсруулсан нүүрсний үнэ өмнөх онтой харьцуулахад 23 хувь (190 ам.доллараас 146.7 ам.доллар болж буурсан )-иар буюу 43.3 ам.доллараар доогуур байсан болон ирэх саруудын үнийн төсөөлөл улам буурах хандлагатай байгаа нь нүүрсний үнийн төсөөллийг шинэчлэх шаардлагатай болгож байна.

Эх үүсвэр: http://www.coalworld.net/

Иймд нүүрсний экспортын хэмжээ болон үнийн бууралт, зэсийн зах зээлийн үнийн төсөөллийн бууралттай холбоотойгоор зэс, нүүрснээс төвлөрөх зарим орлогыг бууруулан тооцох шаардлагатай байна.

Энэ оны 7 сарын байдлаар нийт импортын хэмжээ 4001.6 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеийнхээс 19.1 хувиар өссөн боловч импортын хэмжээний өсөлт төлөвлөснөөс удаашралтай байгаа нь импортод суурилсан импортын татваруудын төлөвлөгөө бууруулахад нөлөөлж байна.

Түүнчлэн Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаар тогтоолоор импортын автобензин, дизелийн түлшний гаалийн татварын хувь хэмжээг “0″ хувь болгон мөн  11 дүгээр сарын 9-ний өдрийн 318 дугаар тогтоолоор импортын автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг “0″ хэмжээтэй болгон тус тус тогтоосон боловч өнөөдрийг хүртэл буцааж тогтоогоогүйгээс шалтгаалан дээрх төрлийн татварын орлого төвлөрөх боломжгүй болоод байна.

Мөн Таван толгой ордоос төвлөрөх орлого болон өмч хувьчлалын орлого энэ онд багтан төсөвт  төвлөрөх боломжгүй байх магадлал өндөр байгаа нь 2012 оны төсөвт тодотгол хийх гол үндэслэл болж байна.

Иймд Монгол Улсын төсвийн орлогын эхний 7 сарын гүйцэтгэл, эдийн засгийн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2012 оны батлагдсан төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болж байна.

Төсвийн  тодотголыг боловсруулахдаа дараах зарчмыг баримтлан тусгалаа. Үүнд:

  • Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах;
  • Татварын зарим хуульд өөрчлөлт оруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх;
  • Эхний 7 сарын гүйцэтгэлээр зарцуулагдаагүй зардлын үлдэгдлийг судлан үзэж хэмнэж болох зардлууд болон хэрэгжиж эхлээгүй байгаа нэг удаагийн арга хэмжээг хойшлуулах;
  • Гүйцэтгэлээр хэмнэлттэй гарсан зардлуудыг хянан үзэж урьдчилсан гүйцэтгэлийг тооцон хэмнэж болох зардлуудыг бууруулах;
  • Гадаад томилолт, арга хэмжээний зардлыг бууруулах;
  • Энэ онд шинээр эхлэхээр төлөвлөгдсөн ажлаас гэрээ нь байгуулагдаагүй, тендер нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй барилга байгууламжид төсөвлөгдсөн  хөрөнгийг ирэх 2013 оны төсөвт тусгахаар шилжүүлэх;
  • Өөрийн хөрөнгөөр дараа төлөгдөх нөхцлөөр баригдаж байгаа, 2012 онд санхүүжилтээ аваагүй болон Төсвийн тухай хуулинд тусгагдсан томоохон төсөвт өртөгтэй авто замын ажлыг Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэхээр шилжүүлэх;
  • Газрын асуудал маргаантай байгаа болон тендер шалгаруулалттай холбоотой гомдол гарсанаас худалдан авах ажиллагаа түр зогссон, ажлын явц удааширч хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр он дуустал төсөвлөгдсөн хөрөнгөө бүрэн ашиглах боломжгүй болсон төсөл арга хэмжээг ирэх онд шилжүүлэх;
  • Ахмад болон тахир дутуу иргэдэд Хүний хөгжил сангаас олгох хишиг хувийг  ондоо багтаан бүрэн олгох;
  • Засгийн газрын бүтэц, яамд, агентлагийн бүтцийн өөрчлөлтийг тусгах;

Монгол Улсын 2012 оны тодотгосон төсвийн дэлгэрэнгүй тооцоог доорх холбоос даран татан авна уу.

Монгол Улсын 2012 оны тодотгосон төсвийн дэлгэрэнгүй тооцоо