Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2013 оны төсвийн хязгаарын талаар

1.                   Төсвийн хязгаарыг боловсруулсан үндэслэл

Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Энэхүү хуулиар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-ний 41.2 хувь (7,860 орчим тэрбум төгрөг), төсвийн алдагдлыг ДНБ-ний 2.0 хувь байхаар баталсан.

Монгол Улсын Төсвийн тухай хуульд УИХ-аас баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан нийт төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын хязгаарын төслийг Засгийн газар хэлэлцэн батална гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолын төсөл болон түүний хавсралтыг боловсруулсан.

2.                   Төсвийн нийт орлого

Монгол Улсын 2013 оны төсвийн хязгаарыг боловсруулахдаа УИХ-аар батлагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээнд багтааж, төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, Улсын Их хурал, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2013 онд 7,473.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 39.2 хувь байхаар тооцлоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2013 онд 2012 оны батлагдсан тодотгосон төсвөөс 24.0 хувиар өсөхөөр байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх ашигт малтмалын бүтээгдэхүүнийг “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэж тодорхойлохоор заасан. Гол нэр төрлийн эрдэс баялагт 2013 оны хувьд төсвийн нийт орлогын 6 хувийг бүрдүүлэх зэсийн баяжмал, 11 хувийг бүрдүүлэх нүүрс тус тус орж байна.

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгагдсан тэнцвэржүүлсэн үнэ зэсийн хувьд 2013 онд 1 тонн нь 6643.0 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд 1 тонн нь 124.0 ам.доллар, коксжих нүүрсний хувьд 1 тонн нь 102.0 ам.доллар байхаар тус тус тооцлоо.

Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнэ 1 тонн нь 2013 онд 8609.0 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 176.0 ам.доллар байх хандлагатай байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд 2013 онд нийт 333.9 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 109.6 тэрбум төгрөг, нүүрснээс 224.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцлоо. Тогтворжуулалтын сангийн санхүүгийн хуримтлалын нийт хэмжээ 2013 онд 897.4 тэрбум төгрөг буюу  ДНБ-ний 4.7 хувьд хүрэхээр байна.

 3.                   Төсвийн урсгал зардал

 Монгол Улсын 2012 оны тодотгосон төсвийн урсгал зарлага 3,348.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь байна. Үүнээс бараа үйлчилгээний зардал 1,970.1 тэрбум төгрөг, зээлийн үйлчилгээний төлбөр 191.9 тэрбум төгрөг, татаас ба урсгал шилжүүлгийн дүн 1,180.2 тэрбум төгрөг байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны урсгал зардлын хязгаарыг тооцохдоо 2012 оны тодотгосон төсвийн урсгал зардлаас 2012 онд хэрэгжиж дуусах хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулж, хууль эрх зүйн өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй шинээр нэмэгдэх арга хэмжээний зардлуудыг нэмж, бараа үйлчилгээний үнийн өсөлтийг тусгаж тооцоолсон болно.

 ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААР

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ

“Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 115 дугаар тогтоолоор Хөрөнгийн биржийг хөгжүүлэх шийдвэр гарч Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги хамтын ажиллагааны ажлын мастер гэрээ байгуулсантай холбогдуулан Лондонгийн хөрөнгийн биржид төлөх төлбөр болон Монголын хөрөнгийн биржийн дэд бүтэц сүлжээ, цахилгаан тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулж 10.0 тэрбум төгрөгийг төсвийн хязгаарт нэмж тусгалаа.

 НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН БАГЦ

Нийгмийн халамжийн багц хуулийг 2012 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан болон нийгмийн халамжийн тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 онд үе шаттайгаар нэмэгдүүлсэн, хуулийн дагуу ядуу иргэн, өрхөд тэтгэмж олгох болсонтой холбогдсон зардлыг 2013 онд бүтэн жилээр тооцож нийт 85.1 тэрбум төгрөгийг нэмсэн.

Түүнчлэн Засгийн газрын 2012 оны  дугаар тогтоолын дагуу халамжийн сангаас олгох амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх зарим тусламж, хөнгөлөлтийг 2-3 дахин нэмэдүүлсэнтэй холбоотойгоор нийгмийн халамжийн зардлыг 12.2 тэрбум төгрөгөөр нийт 97.3 тэрбум төгрөгөөр халамжийн сангийн зардал нэмэгдсэн болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг 2 үе шаттайгаар нэмсэн. Энэ арга хэмжээг бүтэн жилээр хэрэгжүүлэх, цалингийн өсөлттэй холбогдсон тэтгэмжийн өсөлтийг  хангахад шаардагдах  нийт 156.6 тэрбум төгрөгийг 2013 оны нийгмийн даатгалын сангийн төсвийн зарлагын хязгаарт тусгав.

Даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг 2012 оны 3 сарын 1-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн  шийдвэрийн дагуу төрийн өмчийн эмнэлэгүүдийн эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилтийг 2013 онд бүтэн жилээр тооцож олгоход зориулан 4.6 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн зардалд тусгав. Мөн Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр эмнэлэгийн орны тоо 570-аар нэмэгдсэнээс 4.2 тэрбум төгрөг, хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сан 50 гаруйгаар, тусламж үйлчилгээ авч буй даатгуулагчийн тоо өмнөх түвшингөөс нэмэгдсэн зэрэг шалтгаанаар эмийн үнийн хөнгөлөлтийн зардал 3.8 тэрбум төгрөгөөр нийт 12.6 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг нэмэгдүүлэв.

“Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 139 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 146/45 тоот хамтарсан тушаалаар байгуулагдсан  ажлын хэсэг тэтгэврийг нь төрөөс хариуцах иргэдийн тэтгэвэрт нийгмийн даатгалын сангаас зарцуулсан хөрөнгийн хэмжээг 2007 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар 236.3 тэрбум төгрөгөөр тогтоосон. Уг тооцоог баталгаажуулж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нар гарын үсгээ зурсан болно. Үүнээс 2008 онд 26.1 тэрбум төгрөг, 2009 онд 15.5 тэрбум төгрөг, 2010 онд 38.3 тэрбум төгрөг, нийт 79.9 тэрбум төгрөгийг тэтгэврийн сангийн дансанд байршуулаад байгаа бөгөөд 2011 онд батлагдсан төсөвт тусгагдсан 17.4 тэрбум төгрөгийг нэмж байршуулсан. Дээрх тооцооны дагуу санд байршуулах хөрөнгийн үлдэгдэл 139 тэрбум төгрөгөөс 2012 оны батлагдсан төсөвт 39 тэрбумыг байршуулахаар тусгасан болно. Үлдэх 100 тэрбум төгрөгийг 2013 онд бүрэн хэмжээгээр төлж дуусгахаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрээр тохирсон учраас уг үлдэгдлийг төсвөөс барагдуулахаар зардлын хязгаарт тусгав.

 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН БАГЦ

Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор төсвийн байгууллагын ажиллагсадын цалинг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор 2013 оны өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн хэмжээг  Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 оны 6 сарын 5-ны өдрийн 193/136 дугаар хамтарсан тушаалаар  шинэчлэн баталж мөрдүүлсэн. Энэ арга хэмжээтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн зардал нийт 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгдснийг 2013 оны төсвийн зардлын хязгаарт тусгасан болно.

Засгийн газрын 2012 оны 5 сарын 2-ны өдрийн “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай”, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай” 150-152 дугаар тогтоолуудыг үндэслэн энэ зориулалтаар Эрүүл мэндийн сайдын төсвийн зарлагын хязгаарт нийт 14.2 тэрбум төгрөг тусгав.

Даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг 2012 оны 3 сарын 1-ны өдрөөс эхлэн нэмэгдснийг 2013 онд бүтэн жилээр тооцсон.

 БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН БАГЦ

Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” 316 дугаар тогтоолоор Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг байгуулж үйл ажиллагааны зардлыг төсвөөс хариуцаж байхаар заасны дагуу уг төвийн зардал 382.3 сая төгрөгийг  зардлын хязгаарт тусгасан.

Засгийн газрын 2011 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн “Хөтөлбөр батлах тухай” 277 дугаар тогтоолоор Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороог байгуулж үйл ажиллагааны зардлыг төсвөөс хариуцаж байхаар заасны дагуу уг хорооны зардал 20 сая төгрөгийг  зардлын хязгаарт тусгасан.

 ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцын 2013 оны төсвийн урсгал зарлагын хязгаар 292.4 тэрбум төгрөг байна.

Төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлж, мөн 2012 оны төсвийн төсөлд тусгагдсан боловч УИХ-аас хасагдсан холбогдох тогтоол шийдвэр нь гарсан орон тооны цалин хөлс, ашиглалтыг зардлыг нэмж тусгасан.  Нийт 1461 орон тоог  нэмэгдүүлж  цалин хөлс, ашиглалтын зардалд 14.4 тэрбум төгрөгийг тусгасан.

Түүнчлэн Засгийн газрын 2012 оны 85 дугаар тогтоолоор шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчдад онцгой нөхцөлийн нэмэгдэл олгохоор заасны дагуу холбогдох зардлыг тооцож нийт 4.0 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөсөн.

Сүүлийн жилүүдэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо ихэсч байгаа, эм, хоол хүнсний бараа материалын үнэ өсч байгаа зэргийг харгалзан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Хорихын эмнэлэгүүдийн бараа үйлчилгээний бусад зардалд 379.9 сая төгрөгийг нэмж тусгасан.

Өмнөх онуудад хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн маргааныг захиалагч байгууллагаас төлбөрийг барагдуулах тухай шүүхийн шийдвэрүүд гарсан. Гүйцэтгэгч байгууллагын хохирлыг түргэн шуурхай барагдуулах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад 11.3 тэрбум төгрөгийг тусгасан байсныг 2013 оны төсвийн хязгаараас хассан.

Түүнчлэн иргэний шинэчилсэн бүртгэлийн дагуу нийт 1.9 сая иргэнд иргэний цахим үнэмлэхийг 2012 оны 6 дугаар сард багтаан олгож дуусгахаар төлөвлөсөн ба холбогдох 13.4 тэрбум төгрөгийн зардлыг хасч тооцсон.

2012 онд ой тэмдэглэн өнгөрүүлэх Архивын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын ой тэмдэглэх нэг удаагийн зардал нийт 121.9 сая төгрөгийг хассан.

 БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ

Батлан хамгаалахын сайдын төсвийн багцын 2013 оны төсвийн урсгал зардлын хязгаар 172.0 тэрбум төгрөг байна.

Төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлсэн.

Түүнчлэн цэргийн клиникийн төв госпиталийн өвчтөний тоо ихэсч байгаа, эмийн болон хоол хүнсний бараа материалын үнэ өсч байгаа зэргийг харгалзан бараа үйлчилгээний бусад зардлыг 90 сая төгрөгөөр нэмж төсөвлөсөн.

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын төсвийн багцын 2013 оны төсвийн урсгал зардлын хязгаар 507.0 сая төгрөг байна.

Төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлсэн.

Харин 2012 онд байгууллагын ой тэмдэглэх нэг удаагийн зардал 41.4 сая төгрөгийг хасч тооцсон болно.

 УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ТӨСВИЙН БАГЦ

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн төсвийн багцын 2013 оны төсвийн урсгал зардлын хязгаар 11.9 тэрбум төгрөг байна.

Төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлж, мөн 2012 оны төсвийн төсөлд тусгагдсан боловч УИХ-аас хасагдсан 5 орон тооны  цалин хөлс болон ашиглалтын зардал 115.6 сая төгрөгийг нэмж төсөвлөсөн.

Харин 2012 онд байгууллагын ой тэмдэглэх нэг удаагийн зардал 35 сая төгрөгийг хасч тооцсон болно.

 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцын 2013 оны төсвийн урсгал зардлын хязгаар 29.9 тэрбум төгрөг байна.

Төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлсэн.

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТӨСВИЙН БАГЦ

Монгол Улсын ерөнхий прокурорын төсвийн багцын 2013 оны төсвийн урсгал зардлын хязгаар 21.9 тэрбум төгрөг байна.

Төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлж, мөн  прокурорын байгууллагуудыг улсын хэмжээнд нэгдсэн сүлжээнд холбож байгаатай холбоотойгоор 25 орон тоог нэмэгдүүлж, тэдгээрийн цалин хөлс болон ашиглалтын зардал 159.4 сая төгрөгийг нэмж төсөвлөсөн.

Харин 2012 онд байгууллагын ой тэмдэглэх нэг удаагийн зардал 25 сая төгрөгийг хасч тооцсон болно.

 ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн багцын 2013 оны төсвийн урсгал зардлын хязгаар 1.38 тэрбум төгрөг байна.

Төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлж, мөн стратеги судалгааны хүрээлэн интернэт номын сан – “Ж стор”-т холбогдсонтой холбогдуулан төлбөр хураамжийн зардлыг 1 сая төгрөгөөр нэмж төсөвлөсөн болно.

Харин тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардлыг 9.6 сая төгрөгөөр бууруулж тооцсон.

 АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТӨСВИЙН БАГЦ

Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн багцын 2013 оны төсвийн урсгал зардлын хязгаар 7.0 тэрбум төгрөг байна.

Төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлсэн.

 БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцын 2013 оны төсвийн хязгаарын нийт урсгал зардал 1,143.2 тэрбум төгрөг ба 2012 оны тодотгосон төсвөөс 14.8 сая төгрөгөөр буурахаар байна. Нэмэгдсэн зардлуудыг авч үзвэл:

Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу тэтгэвэрт гарах багш ажилчдын нэг удаагийн тэтгэмжийн зардалд 8.7 тэрбум төгрөг, эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зориулж 4.0 тэрбум төгрөг нэмж тусгалаа.

Мөн хүний хөгжлийн сангаас олгож байсан оюутны сургалтын төлбөр зогссонтой холбогдуулан оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлийн эх үүсвэрт 11.1 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн.

 ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын төсвийн багцын 2013 оны төсвийн  хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлсэн, мөн “Өр барагдуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 109 тоот тогтоолын дагуу “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас 2008-2011 онуудад импортоор авсан цахилгаан эрчим хүчний нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татварын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах 2,083,646,000.00 / Хоёр тэрбум наян гурван сая зургаан зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлд тусгах замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгосны дагуу  тооцсон болно.

 ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ

            Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын төсвийн багцын 2013 оны төсвийн хязгаарыг тооцохдоо 2012 оны төсвийн бараа үйлчилгээний бусад зардлыг суурь болгон авч түүн дээр цалингийн өсөлтийг индексээр тооцон нэмэгдүүлсэн, түүнчлэн 2011 онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж байгаа Дархан-Уул аймаг дахь салбарын Зорчигч үйлчилгээний төв “Дархан автовокзал”-ын орон тоо, цалин хөлс, ашиглалтын зардлыг , Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Орон сууцны сангийн 2013 оны үйл ажиллагааны зардлыг тус тус  нэмж төсөвлөсөн болно.

 4.                   Төсвийн хөрөнгийн зардал

Төсвийн хөрөнгө оруулалтын 2013-2015 оны төсөөллийг  боловсруулахдаа дараах бодлого чиглэлийг баримталлаа. Үүнд:

  • Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх;
  • УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Урьд оноос шилжин баригдаж буй барилга байгууламжийг дуусгах;
  • УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;

 Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлыг ирэх 2013 онд ДНБ-ний 17.3 хувь буюу 3,297.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс 2,554.6 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрээр санхүүжих хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн зардалд, 671.5 тэрбум төгрөгийг гадаадын зээлээс санхүүжих хөрөнгийн зардалд, 71.7 тэрбум төгрөгийг хөрөнгийн бусад зардалд тус тус зарцуулахаар тооцож байна.

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн зардлыг эх үүсвэрээр нь авч үзвэл улсын төсвөөс 2,204.4 тэрбум, Нийгмийн даатгалын сангаас 5.5 тэрбум, орон нутгийн төсвөөс 344.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

Улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын зардлын 2,204.4 тэрбум төгрөгөөс 1,173.4 тэрбум төгрөгийг өмнөх онуудад эхэлсэн барилга байгууламж, төсөл, арга хэмжээнд (317.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс дараа төлөгдөх нөхцөлтэйгээр өмнөх онуудад хэрэгжүүлж эхэлсэн дэд бүтцийн төслүүдэд), 100.0 тэрбум төгрөгийг шинээр эхлэх зураг төслийн ажлын санхүүжилтэд, 250.0 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтад, 600.0 тэрбум төгрөгийг шинээр эхлэн хэрэгжүүлэх урсгал болон хөрөнгө оруулалтын арга хэмжээнд, 81.0 тэрбум төгрөгийг бодлогын нөөцийн арга хэмжээнд тус тус зарцуулахаар байна.

УИХ-аас батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зөвхөн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан төслийг тусгаж байхаар хуульчлагдсан, бүтээн байгуулалтын ихээхэн ажлуудыг хэрэгжүүлэх бодит шаардлагын үүднээс зураг төслийн ажлын санхүүжилтийн хэмжээг эрс нэмэгдүүлж, 100.0 тэрбум төгрөг байхаар төлөвлөлөө.

Ирэх 2013 оны нийт хөрөнгө оруулалтын 54.8 хувийг эрчим хүч, дулаан, авто зам  зэрэг  дэд бүтцийн, 23.6 хувийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 4.9 хувийг хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, байгаль орчны салбарт, 5.1 хувийг батлан хамгаалах, хил хамгаалал, нийгмийн хэв журам сахиулах, хууль, эрх зүйн салбарын хөрөнгийн зардлыг санхүүжүүлэхээр тус тус тооцлоо.

5.                   Хүний хөгжил сан

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь хэсэгт зааснаар хүний хөгжил санд ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг буюу 70 хувь нь Хүний хөгжил санд орохоор хуульчилсан. Энэ дагуу хүний хөгжил санд 2013 онд  503.5 тэрбум төгрөг, 2014-2015 онуудад жилд дунджаар 601.9 тэрбум төгрөг орно.

Тус сангаас 2013 онд нийт 68.7 тэрбум төгрөгийн зарлагыг санхүүжүүлэхээр тооцов.
Үүнд: Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2013 онд  12.4 тэрбум төгрөг, 2014-2015 онд жилд дунджаар 12.6 тэрбум төгрөгийг зарцуулна. Өмнө төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тус сангаас 10.9 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2011 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулиар дээд боловсролын байгууллагын өдрийн ангийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцах болсоноор тус зардал нэмэгдэж 12.4 тэрбум төгрөг болохоор байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй улмаас аваагүй иргэдэд хишиг, хувийг нөхөн олгоход 54.2 тэрбум төгрөг шаардагдахаар байна.

            Санд хуримтлагдсан хөрөнгийг дунд хугацаанд удирдах, санхүүгийн хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулах асуудлыг Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах, Хүний хөгжил сангийн тухай хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулсны үндсэн дээр тодруулах шаардлагатай байна.

Төсвийн хязгаарыг боловсруулсан зарчим

 Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2013 оны төсвийн хязгаарын төслийг боловсруулахдаа дор дурдсан зарчмыг баримталсан болно. Үүнд:

  • 2011 оны сүүлчээр батлагдсан Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах;
  • УИХ-аас баталсан 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг суурь болгон ашиглах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлэх арга хэмжээг бодлогын өөрчлөлтгүйгээр тооцон тусгах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын шилжих хөрөнгө оруулалтыг тооцон тусгах;
  • Төсвийн зарлагын хязгаарыг батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээнд багтаах;
  • Одоо мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн бусад актанд үндэслэн боловсруулах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг төсвийн шатлал тус бүрээр тооцон, нэгдсэн төсөвт цэвэрлэгдэх дүнг тодорхойлох;
  • Төсвийн хүрээний мэдэгдэлд туссан нийт зарлагын дээд хэмжээ, хөрөнгийн зардлын дүн болон тус бүрийн суурь төсвийн дүнгийн зөрүүг бодлогын нөөц байдлаар Ерөнхий сайд болон Сангийн сайдын багцад тусгаж, улмаар Засгийн газрын үйл ажиллагааны бодлогын зорилттой уялдуулан жилийн төсөв боловсруулах явцад Засгийн газраар хэлэлцүүлэн хуваарилах;
  • Гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүнг төсвийн ерөнхийлөн захирагч, зардлын зүйл бүрээр тодорхойлон тусгах;

 Энэхүү тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсанаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хязгаар нь төсвийн үндсэн суурь болж, 2013 оны төсвийн төслийг боловсруулах нөхцөл бүрдэх юм.

Засгийн газраас 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 214 дугаар тогтоолоор батлагдсан 2013 оны төсвийн хязгаарыг дор дурдсан холбоосоор татаж авах боломжтой ба http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=85315 хуудсанд байрлуулсан.

Татаж авах