МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

June 21, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны 5 дугаар сарын мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85.3 хувь гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 313.4 тэрбум төгрөгөөр бага байна.

 Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны 5 дугаар сарын гүйцэтгэлээр 1,819.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 313.4 тэрбум төгрөгөөр буюу 14.7 хувиар дутуу биелж, 2011 оны мөн үеийнхээс 19.0 хувиар буюу 289.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 89.5 хувь, татварын бус орлогоор 10.1 хувь, хөрөнгийн орлогоор 0.3 хувь, тусламжийн орлогоор 0.1 хувийг тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна. “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”- ийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 25.5 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын сангийн дансанд төвлөрүүллээ.

 1.     УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ

            Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 1,222.8 тэрбум төгрөгт хүрч 25 хувиар буюу 407.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс тасарсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 22.4 хувиар буюу 64.2 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 23.8 хувиар буюу 153.2 тэрбум, онцгой албан татварын орлого 46 хувиар буюу 82.0 тэрбум,  гадаад худалдааны орлого 40.1 хувиар буюу 87.4 тэрбум, татварын бус орлого 7.6 хувиар буюу 12.5 тэрбум, тусламжийн орлого 21.0 хувиар буюу 21.0 тэрбум тєгрєгєєр тус тус тасарсан бол, бусад татварын орлого 38.3 хувиар буюу 13.2 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.

             1.2 ААН-ийн орлогын албан татвар

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар улсын төсөвт 330.0 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 244.8 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс төвлөрүүлж, төлөвлөгөө 25.8 хувиар буюу 85.2  тэрбум төгрөгөөр тасарлаа. Төлөвлөсөн ААН-ийн орлогын албан татвараас 43.8 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын санд төлөвлөснөөс эхний 5 сард 23.1 тэрбум төгрөг төвлөрч, 52.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

ААНОАТ-ын орлого өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 71.0 тэрбум төгрөгөөр буюу 40.8 хувиар  орлого нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Татварын тайлангийн 2012 оны 1 дүгээр улирлын  ногдуулалтаас харахад ААНОАТ-ын тайлангийн ногдуулалт 115.1 тэрбум төгрөг гарсан нь урд оны мөн үеийн ногдуулалтаас 5.9 тэрбум төгрөг буюу 5.5 хувийн өсөлттэй байна.  ААНОАТ-аар 5 сард 26.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч,  62.9 тэрбум төгрөгийн татварын орлогыг илүү дайчилж, 36.9 тэрбум төгрөгийн татварын авлагын үлдэгдэлтэй гарлаа.

ААНОАТ-ын авлагын үлдэгдэл 36.9 тэрбум төгрөгийн 8.4 тэрбум төгрөг буюу 22.8 хувийг Алтандорнодмонгол ХХК,  1.7 тэрбум төгрөг буюу 4.6 хувийг Зоос банкны, 2.1 тэрбум буюу 5.7 хувийг Монгол газар ХХК-ний өр эзлэж байна.  ШШГА –д байгаа татварын өрийг барагдуулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа хэдий ч том өртэй татвар төлөгчийн өрийг графикаар барагдуулж байгаагаас барагдуулалт удаашралтай байна.

Дэлхийн зах зээл дээр  2011 оны эхний 3 сарын байдлаар зэсийн дундаж үнэ 9523.52 ам доллар байсан бол 2012 оны эхний 3 сард 8011.23 ам доллар болж буурснаас  Эрдэнэт ХХК-ны ААНОАТ-ын ногдол  өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.6 тэрбум төгрөгөөр буурч гарлаа.

            1.2 Нэмэгдсэн өртгийн албан татвар

Дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт 275.0 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөгдсөнөөс 195.1 тэрбум төгрөг оруулж, төлөвлөгөө 79.8 тэрбум төгрөгөөр тасарлаа. Өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад НӨАТ-ын  орлогоор 70.2 тэрбум төгрөг илүү төвлөрсөн байна.

Татварын тайлангийн 2012 оны 4 сарын ногдуулалтаар НӨАТ төлөгч  18931 аж ахуйн нэгжийн 94.4 хувиас НӨАТ-ын тайлан авсан бөгөөд нийт татвар төлөгчийн 31.7 хувь буюу 5665 татвар төлөгч үйл ажиллагаа явуулаагүй тайлан ирүүлжээ. НӨАТ-ын тайлангийн үзүүлэлтээс харахад 205.2 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголттой, 78.5 тэрбум төгрөгийн татварын авлагатай  гарсан байна. Татварын дутуу төлөлтийг бүрэн барагдуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын эх үүсвэр дутагдаж байгаагаас төлөвлөгөө тасарч, батлагдсан төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэлтэй байна. НӨАТ-ын орлогын эх үүсвэрийг олохын тулд ТЕГ-аас хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн НӨАТ –ын падаанд суурилан том дүнтэй борлуулалт, татан авалт хийсэн аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт хийж зөрчлийг илэрүүлж байгаа боловч татвар төлөгч шат шатны шүүхэд хандаж байгаа учраас өрийг барагдуулахад цаг хугацаа алдаж байна.

Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт 405.7 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөгдсөнөөс 342.5 тэрбум төгрөг оруулж, төлөвлөгөө 63.2 тэрбум төгрөгөөр тасарлаа. Өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад НӨАТ-ын  орлогоор 84.3 тэрбум төгрөг илүү төвлөрсөн байна.

1.3 Онцгой албан татвар

Дотоодын бараанд ногдох онцгой албан татвараар 2012 онд улсын төсөвт онцгой албан татварын орлогоор 70.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 41.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, архины онцгой албан татварын төлөвлөгөө 21.7 тэрбум төгрөг буюу 40.9 хувиар, пивоны онцгой албан татварын төлөвлөгөө 3.2 тэрбум төгрөг буюу 33.3 хувиар, тамхины онцгой албан татварын төлөвлөгөө 3.9 тэрбум төгрөг буюу 49.3 хувиар тус тус тасарч гарлаа.

Оны эхний 5 сард дотоодын архи, дарс, спиртийн онцгой албан татварын ногдуулалт 29.8 тэрбум төгрөг гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 тэрбум төгрөг буюу 28.4 хувиар, пивоны ногдуулалт 43.4 хувиар тус тус өсч, тамхины ногдуулалт 2.2 хувиар буурсан  байна. ОАТ –ын орлого өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орсон болно.

Мөн дотоодын согтууруулах ундаа, тамхины онцгой албан татвартай бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээг өнгөрсөн онтой харьцуулахад архи, дарс, спирт 178.7 мянган литр буюу 8,8 хувиар, пиво 876,1 мянган литр буюу  16,1 хувиар тус тус өсч, тамхи 9,1 мянган ширхэг буюу 7,9 хувиар буурсан  мэдээ гарч байна.

Улсын хэмжээнд архи, дарс, пиво, шимийн архи, тамхи үйлдвэрлэгч 141 аж ахуйн нэгжийн бүртгэлтэй байгаа боловч 53 хувь буюу 70 үйлдвэр тогтмол, 12,9 хувь буюу 17 үйлдвэр тогтмол бус, 34,1 хувь буюу 45 үйлдвэр  үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй үйлдвэрүүдээс архины 28, дарс 4, пивоны 10, спиртийн 3 үйлдвэр байна.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан архины 17 ААН, пивоны 7 ААН, спиртийн 4 ААН, дарсны 6ААН, тамхины 4ААН, нийт 38 ААН-д байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлээд  байна.

Импортын онцгой албан татварын хувьд орлогын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Согтууруулах ундаа: Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.0%-иар буюу 2061.5 мянган литрээр өссөн байна. Үүний дотор  шар айраг 28.0%-иар буюу 1917.4 мянган литрээр, дарс 17.5%-иар буюу 127.9 мянган литрээр, архи виски 25.7%-иар буюу 16.1 мянган литрээр тус тус өссөн байна.

Янжуур тамхи: Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7%-иар буюу 75470 мянган ширхэгээр өсөж, дүнсэн болон задгай тамхи 11.8%-иар буюу 47.2 тонноор буурсан.

Автобензин, дизелийн түлш: Тоо хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 47.7%-иар буюу 142531 тонноор өссөн байна. Үүнээс  90 хүртэл октантай автобензиний импорт 4675 тонноор, 90-ээс дээш октантай автобензин 20496  тонноор, дизелийн түлш 117360 тонноор тус тус өссөн.

Суудлын автомашин /онцгой албан татвартай/: импорт 30.2%-иар буюу 4794 тоо ширхэгээр өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна. Гэхдээ гаалийн үнэлгээ нь өссөн үзүүлэлттэй байна.

Онцгой албан татвартай барааны импортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 75.0%-иар буюу 400.4 тэрбум төгрөгөөр өсөж, ногдуулсан татвараар 1.0% -иар буюу 1.7 тэрбум  төгрөгөөр өссөн байна.

 Импортын барааны татварын бүтцийг авч үзвэл 2011 оны эхний 5 сард онцгой албан татвартай бараанд ногдуулсан татвар нийт импортын бараанд ногдуулсан татварын 36.5 хувийг эзэлж байсан бол 2012 оны 5 сард  31.8 хувь болж 4.7 пунктээр буурсан байна.

 1.4 Тусгай зориулалтын орлого

 Автобензин, дизелийн түлшний албан татвараар 232.8 сая төгрөгөөр буюу төлөвлөгөөнөөс 6.1 хувиар давж биелсэн байна. Энэхүү өсөлтөнд автобензин, дизелийн түлшний импорт 47.6 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

 1.5 Импортын барааны гаалийн албан татвар

 Нийт импорт 2012 оны эхний 5 сард  3646.1 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс  28.9 хувиар буюу 817.4 тэрбум төгрөгөөр, үүнээс татвартай импорт 25.1 хувиар буюу 642.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Татвараас чөлөөлөгдсөн импорт өнгөрсөн оны мөн үеэс 66.2 хувиар буюу 174.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Татвараас чөлөөлөгдсөн импортын  нийт импортын дүнд эзлэх хувийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.7 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.

 Импортын барааны гаалийн албан татвараас эхний 5 сард 218.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөнөөс 130.6 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 40.1 хувиар буюу 87.4 тэрбум төгрөгөөр тасарсан байна.

 1.6 Экспортын гаалийн албан татвар

 Энэхүү татвараар эхний 5 сард 35.0 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 22 сая төгрөг төвлөрч, төлөвлөгөө 37 хувиар тасарсан байна. Үүнд татвартай экспорт өнгөрсөн оны мөн үеэс 18.6 сая төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

 1.7 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

АМНАТ болон  Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн орлого өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 32.9 тэрбум төгрөгөөр буурсан байгаа нь 2011 оны 3 сард  цаг үеийн төсвийн санхүүжилтийн шаардлагын улмаас уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий  аж ахуйн нэгжээс 78.8 тэрбум төгрөгийн нөөцийн төлбөрийн орлогыг илүү дайчилсаны дотор Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс 4,5,6, саруудад төлөх нөөцийн төлбөрийн орлогыг урьдчилан авч төсөвт төвлөрүүлж байсантай холбоотойгоор АМНАТ-ын төлбөрийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад төсөвт бага орлого төвлөрсөн мэт харагдаж байгаа болно.

АМНАТ-өөр 5 дугаар сарын тайлангийн урдчилсан ногдуулалтаар 43.7 тэрбум төгрөгийн татварын авлагатай, 4.6 тэрбум төгрөгийн татварын өглөгтэй гарлаа. Нийт татварын авлагын 22.3 тэрбум төгрөг буюу 51.0 хувийг Эрдэнэт үйлдвэр ХХК,  11.5 тэрбум төгрөг буюу 26.3 хувийг Монголын алт МАК ХХК, 2.6 тэрбум төгрөг буюу 5.9 хувийг Алтайн хүдэр ХХК, 3.1 тэрбум төгрөг буюу 7.1 хувийг Болдтөмөр ерөө гол  ХХК, 1.7 тэрбум төгрөг буюу 3.9 хувийг Эрдэнэставан толгой ХХК тус тус  эзлэж байна. Авлагыг 6 сард барагдуулахаар ажиллаж байна.

Алт олборлогч аж ахуй нэгжүүдээс  1439.0 кг цэвэр алтыг Стандарчлал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн лабораториар сорьц тогтоолгож,  Монгол банк болон арилжааны бусад банкинд 747.4 кг алт тушаан 52.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж алтны АМНАТ-ийн орлогоор 4.6 тэрбум төгрөгийн ногдуулалттай гарлаа.

МХЕГ-ын улсын байцаагчийн 2012 оны  4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/15 тоот актаар “Чинхуа-МАК Нарийн сухайт”, “Монголын алт МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК-уудын уурхайгаас Шивээхүрэнгийн хилийн боомт хүртэлх хөрсөн замын ашиглалтыг 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хааж 5 сарын 12-д нээгдэж, Таван толгойгоос Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх зам одоо болтол хэзээ нээх нь тодорхойгүй байна. АМНАТ-ийн орлогын 2012 оны төлөвлөгөөг хуваарилахад дээрх 3 компаниудад 221.6 тэрбум төгрөгийн орлогыг хуваарилсан бөгөөд  дээрхи шалтгааны улмаас төлөвлөгөөт орлого тасарч байгаад анхаарч холбогдох байгууллагуудтай ярьж хилийн боомт хүртлэх замыг ашиглалтанд оруулах асуудал шийдэгдэхгүй байх тохиолдолд АМНАТ ын орлогын төлөвлөгөө тасрах төлөвтэй байна.

1.8 Агаарын бохирдлын төлбөр

Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор улсын төсөвт 12.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 11.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 86.8 хувиар буюу 1.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна.

Үүний дотор Нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөр 11.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 9.9 тэрбум төгрөгийн төлбөрийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж  төлөвлөгөө 86.2 хувиар биелсэн. Агаарын бохирдлын төлбөрийн 2012 оны 1 дүгээр улирлын тайлангаар 3.4 тэрбум төгрөгийн татвар ногдуулж, 3.6 төгрөгийн илүү төлөлттэй, 2.7 тэрбум төгрөгийн татварын авлагатай гарсан байна.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн агаарын бохирдолын төлбөрөөр улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1.3 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 96.6 хувийн биелэлттэй гарлаа. “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах” нэгдсэн арга хэмжээ Татварын ерөнхий газрын 2012 оны 185 дугаар тушаалын дагуу  явагдаж дуусах шатандаа орж байна.

2012 оны 06 дугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд урьдчилсан дүнгээр “АТБӨЯХ-ийн албан татвар хураах нэгдсэн арга хэмжээнд 216791 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 11.2 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн дансанд төвлөрүүлж, жилийн татварын орлогын 58.6 хувийн орлогыг оруулсан байна. Авто тээврээс оруулах агаарын бохирдлын төлбөрөөр улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 177037 тээврийн хэрэгслээс 1351.8 сая төгрөгийг улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлжээ.

1.9 Газрын тосны орлого

Газрын тосны орлогоос өмнөх оныхоос 22.5 хувиар өсч төлөвлөгөө 6.7 хувиар буюу 1.5 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд үүнд боловсруулаагүй газрын тосны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 42.0 хувиар өсч 1261.7 мянган баррель хүрсэн нь голчлон нөлөөлсөн байна.

1.10 Навигацийн орлого

Навигацийн орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 1.7 тэрбум төгрөгөөр буурч 17.2 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь 5 сарын төлөвлөгөөнөөс 0.2 хувиар бага буюу 29 сая төгрөгөөр бага байгаа болно.

1.11 Гарын үсгийн төлбөр

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар 496.4 тэрбум төгрөгийн гарын үсгийн төлбөрийг авахаар төлөвлөснөөс эхний 5 сарын байдлаар гарын үсгийн төлбөр орж ирээгүй байна.

2.     ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО

Орон нутгийн төсвийн нийт орлого эхний 5 сарын байдлаар 313.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөнөөс 0.2 хувиар буюу 2.4 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Энэ хугацаад 13 аймагт 47.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. Говь-Алтай, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Дархан-Уул аймгуудын орлогын гүйцэтгэл тасалдалтай явж байна. Өмнөговь аймаг 67.0 хувь, Ховд аймаг 83.6 хувийн орлогын гүйцэтгэлтэй байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад хүндрэл үүсч болзошгүй байна.

Аймаг

Төлөв.

Гүйцэт.

Хувь

   Архангай

1,527.5

1,865.9

122.2

   Баян-Өлгий

1,123.6

1,425.6

126.9

   Баянхонгор

1,198.8

1,752.9

146.2

   Булган

2,432.2

2,508.9

103.2

   Говь-Алтай

4,389.4

4,328.5

98.6

   Дорноговь

4,924.5

5,858.0

119.0

   Дорнод

2,101.2

3,068.5

146.0

   Дундговь

1,158.4

1,375.9

118.8

   Завхан

1,434.4

1,745.0

121.7

   Өвөрхангай

1,139.8

1,469.5

128.9

   Өмнөговь

81,599.3

54,682.4

67.0

   Сүхбаатар

2,495.5

3,385.0

135.6

   Сэлэнгэ

6,683.8

6,442.5

96.4

   Төв

3,462.7

4,117.5

118.9

   Увс

1,509.7

1,669.0

110.6

   Ховд

3,168.4

2,653.7

83.8

   Хөвсгөл

1,816.2

2,146.5

118.2

   Хэнтий

3,105.7

3,092.8

99.6

   Дархан-Уул

5,401.9

5,097.8

94.4

   Улаанбаатар

120,301.3

132,878.0

110.5

   Орхон

16,266.1

22,928.8

141.0

   Говьсүмбэр

891.6

1,228.2

137.7

ДҮН

268,132.1

265,720.8

99.1

3.     ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ОРЛОГО

Хүний хөгжлийн санд 163.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 8.3 хувиар буюу 14.6 тэрбум төгрөгөөр бага байна. Хүний хөгжил санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 90.9 тэрбум төгрөг орсон нь төлөвлөгөөнөөс 15.9 хувиар буюу 12.4 тэрбум төгрөгөөр давсан, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөр 72.1 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 62.3 хувиар буюу 27.7 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.

 4.     НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО

Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 415.3 тэрбум төгрөгт хүрч, 16.6 хувиар буюу 59.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Үүнээс 124.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг хэлбэрээр олгоод байна.  Нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийн орлого 290.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 25.5 хувиар буюу 59.1 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.

5.     Төлөвлөгөөний тасалдалд нөлөөлсөн хүчин зүйлс

  •   Дэлхийн зах зээл дээрх металийн түүхий эдийн үнийн бууралттай холбоотойгоор зэсийн баяжмал болон молибдений хүдэрийн тоо хэмжээ өмнөх оны мөн үеийн түвшинд байсан боловч үнийн дүнгээр өмнөх оныхоос 19.3 хувь, 26.5 хувиар тус тус буурсан нь Эрдэнэт ХХК-ны ААНОАТ-ын ногдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.6 тэрбум төгрөгөөр буурч гарахад нөлөөлсөн байна.
  • УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор баталсан хавсралтын импортын газрын тосны бүтээгдхүүний гаалийн тарифыг 0-сэн, Засгийн газрын 2011.11.09-ны өдрийн 318 дугаар /2011.11.11-ээс хэрэгжсэн/ тогтоолоор импортын автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 0-сэн зэрэг хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүдтэй холбоотойгоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татвараас төвлөрүүлэхээр тооцсон 34.9 тэрбум төгрөгийн  төлөвлөгөө тасрахад нөлөөлсөн байна.
  • Татвараас чөлөөлөгдсөн импорт өнгөрсөн оны мөн үеэс 66.2 хувиар буюу 174.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Татвараас чөлөөлөгдсөн импортын  нийт импортын дүнд эзлэх хувийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.7 пунктээр өссөн нь гаалийн албан татварын бүрдүүлэлтэнд сөргөөр нөлөөлсөн байна.
  • Улсын төсөвт онцгой албан татварын орлогоор 70.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 41.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, архины онцгой албан татварын төлөвлөгөө 21.7 тэрбум төгрөг буюу 40.9 хувиар, пивоны онцгой албан татварын төлөвлөгөө 3.2 тэрбум төгрөг буюу 33.3 хувиар, тамхины онцгой албан татварын төлөвлөгөө 3.9 тэрбум төгрөг буюу 49.3 хувиар тус тус тасарч гарлаа.
  • Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар 496.4 тэрбум төгрөгийн гарын үсгийн төлбөрийг авахаар төлөвлөснөөс эхний 5 сарын байдлаар гарын үсгийн төлбөр орж ирээгүй байна.