Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн 4-р хуралдааны тэмдэглэл

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Хурал 2012.3.16-ны өдөр Сангийн яамны 913 тоотод 17.25 цагаас эхлэн 18.25 цагт дууссан. Хурлын ирц нийт 79 хувьтай ба 5 гишүүн биечлэн, 10 гишүүн төлөөллөөр (ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, ҮХШХ, ГЕГ, ҮТЕГ, Газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, МАОЭНХ, МҮЭХ) оролцон, 4 гишүүд (Үндэсний статистикийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо) хуралд оролцсонгүй.

            Хэлэлцсэн асуудал:

            Зөвлөлийн дарга: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон Зөвлөлөөс хүргүүлсэн албан тоотын дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар зарим байгууллагаас ирүүлсэн мэдээллийг та бүхэнд хүргүүлсэн байгаа.

            Өнөөдрийн хурлаар нэгдүгээрт, инфляци, валютийн ханшийн талаарх мэдээллийг Монгол банк, хоёрдугаарт, нефть бүтээгдэхүүний хангамж ямар байна, цаашид ямар онцлогтой байхаар байгаа талаар Гарамжав дэд сайд танилцуулъя. Тэгээд гуравт, махны хангамжийн талаар нийслэл, ХХААХҮЯ мэдээлэл хийе. Ингэхдээ одоо хэдэн тоннын нөөцтэй байна, махны талаар авсан арга хэмжээний үр дүн ямар байна, махны үнэ өсөөд байна уу, буураад байна уу талаарх мэдээллийг танилцуулаад, хүнсний зарим гол нэрийн барааны үнэ ханшны талаар ХХААХҮЯ мэдээлэл хийе.

Нэгдүгээр асуудал: Монгол Банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан инфляци, валютийн ханшийн талаар танилцуулав. Энэ талаар Монгол банкнаас өгсөн мэдээлэл: Инфляцийн талаар: ҮСХ-оос авсан мэдээллээр 2012 оны 2-р сарын байдлаар инфляци жилийнхээр улсын хэмжээнд 12.5%, Улаанбаатар хотын хэмжээнд 13.3 хувьд хүрч өссөн байна. Сүүлийн 1, 2-р сарын байдлаар инфляцийг задалж харвал Улаанбаатар хотод 5.5% хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс бараг 2 дахин нэмэгдсэн байна. Үүнд гол нөлөөлсөн хүчин зүйл нь мах, бензин шатахууны үнэ шууд нөлөөлсөн. Инфляцийн бүтцийг нарийвчилан авч үзвэл 58%-ийн шалтгаан нь махны үнийн өсөлтөөс болсон байна. Сүүлийн 2 сард мах 30%, бензин шатахуун 15.6%, хүнснээс бусад барааны үнэ 2.4%-ийн өсөлттэй байгаа ба нийт инфляцийн 31%-ийн шалтгааныг ингэж тайлбарлаж байна. Энэ нь Монгол Банкны төсөөлж байснаас өндөр гарсан байна. 2012 оны 3-р сарын 15-ны өдөр хуралдсан Монгол Банкны Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлийн хурлаар өнөөгийн макро-эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч хэлэлцээд, цаашид гарч болзошгүй хүлээлт, хандлагыг тооцоолоод төв банкны бодлогын хүүг 0.5%-аар нэмж 12.75 нэгжид хүргэх бодлогын арга хэмжээ авсан. Валютын ханшны талаар: Хашны хувьд сүүлийн сар гаруйн хугацаанд цагаан сараас өмнөх хоёр долоо хоног болон уагаан сараас хойшхи гурван долоо хоногийн хугацаннд ханш 1320-1350 төгрөгийн хооронд тогтвортой байна. Энэ хэлбэлзэл нь сарын дотор гэхэд ханш харьцангуй тогтвортой байлаа. Гэхдээ бага өртгөөр ийм тогтвортой байгаа зүйл биш юм. Төв банкнаас урьд байснаас захруу арай ахиу интервеэнц хийх шаардлага гарсан. Учир нь сүүлийн сар гаруйн хугацаанд 200-аад сая долларын захын эрэлтнээс 60-70%-ийг тогтмол захруу нийлүүлж ирлээ. Захруу ингэж доллар нийлүүлнэ гэдэг нь төв банкны нөөцрүү орж байгаа гэсэн үг бөгөөд өнөөдрийн байдлаар 2 тэрбум 155 сая долларын нөөцтэй байна. Хэрэв нөөцрүү ингэж хурдан орвол эдийн засгийн энэ том өөрчлөлтөд төв банк тийм хангалттай хэмжээний нөөцтэй биш юм. Цаашдаа ханшийг тодорхой түвшинд онилж ингэж интервенц хийх замаар ханшийг тогтвортой барих нь төв банкны үндсэн бодлого биш, харин зах дээр эрэлт нийлүүлэлтийн огцом хөдөлгөөн гарч, ханш дээр огцом савалгаа үүссэн тохиолдолд төв банк оролцох үүрэгтэй.  Гадаад худалдааны алдагдал үлэмж өсөх хандлагатай байна. Манай улсын экспорт, импортын бүтэц нилээд өөрчлөлттэй байна. Манай улсад орж ирж буй хөрөнгө, орох урсгалын 2/3 нь шууд хөрөнгө оруулалт болж ирсэн. Сонгуулийн жилтэй холбогдуулаад өнгөрсөн жилийн сүүлийн хагас жилээс шууд хөрөнгө оруулалт буурч ирсэн. Энэ жил ч мөн 10-15 хувиар буурах хандлагатай байна. Төгрөгтэй хийх сулралт, дарамт эхний 6 сард маш хүчтэй үйлчлэх ийм прогнозтай байна. Тэгэхээр инфляци, валют төгрөгийн   ханшны сулралт, дарамт ийм өндөр байгаа үед Засгийн газраас шалтгаалах шаардлагатай арга хэмжээг маш тодорхой болгох, ялангуяа, төсвийн сар улирлын хуваарийг Сангийн яам эргэж харах шаардлагатай байна гэсэн саналыг Сангийн сайдад хүргүүлсэн байгаа.

Гишүүдийн санал, асуулт: МХЕГ-ын дарга Содхүү: Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар Монгол Банк явна гэж байгаа бол бид яаж валютын ханшийн өсөлтийг барих вэ?

Монгол Банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч: Төв банкинд валютын ханшийг нам дор барих гэсэн зорилго байхгүй. Эрэлт нь илүүдсэн үед татдаг, дутсан үед захруу хангаж нийлүүлдэг. Энэ л зарчмаар явж байгаа.

Зөвлөлийн дарга: Монгол Банк саяын хийсэн мэдээллийг нэгтгээд төр засгийн зүгээс ийм ийм арга хэмжээ авах ёстой гэсэн саналтайгаа хамт зөвлөлийн гишүүдэд хүргүүлбэл зүгээр байна.

            Хоёрдугаар асуудал: ЭБЭХ-ний дэд сайд Гарамжав Монгол улсын газрын тосны 3-р сарын байдлын талаар мэдээлэл хийв.

            Гишүүдийн санал, асуулт: Дараагийн хурал дээр хаврын тариалалтад шаардлагатай нефть бүтээгдэхүүний нөөцийн талаар ярих хэрэгтэй гэсэн саналыг МХЕГ-ын дарга Содхүү гаргаж хаврын тариалалтад хичнээн хэмжээний нөөц шаардагдах талаар тооцоо байгаа эсэхийг асуухад ХХААХҮЯ-ны мэргэжилтэн яамнаас 30 тэрбум төгрөг шаардагдах санал оруулснаас 16 тэрбум төгрөг нь батлагдсан гэсэн хариу өгөв.

            Зөвлөлийн дарга:Энэ асуудал дээр ХХААХҮЯ тооцоо гаргаж, дараа тодотгож ярих.

            Гуравдугаар асуудал: Махны нөөц, хангамж, махны талаар авсан арга хэмжээний үр дүн, махны үнийн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Бат, хүнсний зарим гол нэрийн барааны үнэ ханшны талаар ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Нармандах нар тус тус танилцуулав.

            Гишүүдийн санал, асуулт: МХЕГ-ын дарга Содхүү: Вьетнам, ОХУ, Арабруу гаргах махны экспортыг зогсоосон. Хилээр ямар ч мах нэвтрэхгүй байгаа.

Гишүүд хэлэлцэх асуудлыг дуусч, зөвлөлийн дарга дараахь чиглэлийг өгч дараахь байдлаар ШИЙДВЭРЛЭСЭН нь:

            Нэгдүгээрт, Нефть бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар ХХААХҮЯ хаврын тариалалттай холбоотойгоор аймгуудаас мэдээллийг аваад холбогдох тооцоо, судалгааг ЭБЭХЯ, ГТГ-т гаргаж өг. Энэ тооцоо судалгааг эртхэн хийж, нефтийн нөөц, бусад холбогдох зүйлтэй зохицуулж, нөөцөө бэлдэж байх асуудал өнөөдөр чухал байна. Хаврын тариалалтад 3, 4-р сараас эхлээд нефтийн бүтээгдэхүүн шаарлагатай болно. Тэр үед нь нийлүүлэлт доголдоод эхэлбэл үнэ нь өсөөд эхэлнэ. Иймд дараагийн хурал дээр ХХААХҮЯ хичнээн хэмжээний нефтийн  бүтээгдэхүүн шаардлагатай байгаа тооцоо судалгааг ЭБЭХЯ-нд гаргаж өгч, ЭБЭХЯ, ГТГ үүнийг нь хэдий хэмжээнд хангах бололцоотой байгаа талаарх дүгнэлтээ гаргаж ирэх.

            Хоёрдугаарт, нефть бүтээгдэхүүнийн импортын онцгой албан татварын тухай сая ярьлаа. Энэ талаар Засгийн газрын гишүүд, мөн УИХ-ын гишүүд ч ярьдаг, уул уурхайн томоохон компаниудын хувьд эд нар яагаад ердийн хэрэглэгчидтэй адилхан байх ёстой гэж, тэдний хувьд онцгой албан татвар бий болгох ёстой талаар. Үүнийг Батжаргал аа, манайхан энэ асуудлыг судлаад саналаа эртхэн боловсруулаад Засгийн газарт танилцуулах шугамаар явъя. Энд хэрэглэгчдийг ялгаж салгахад зарчмын хувьд хүндрэл гарахгүй байх гэж гэж бодож байна. Харин гарах реакци нь ямар байх вэ гэдгийг бид сайн бодож тооцож үзэх хэрэгтэй.

            Гуравдугаарт, Нийслэл, ХХААХҮЯ мах бэлтгэл, махны нийлүүлэлтийг ямар шугамаар яаж зохион байгуулж, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг тодорхой гаргаж 3 дахь өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах хэрэгтэй.

            Махтай холбоотой асуудал дээр нийслэл, Та нарын үнийн талаар барих бодлого чинь биш байна. Нийлүүлэлтийн систем чинь ч биш байна. Өөрөөр хэлбэл, үнийг эндээс бид нэм, одоо тэг гэсэн чиглэл өгөхгүй. Ямар ч тийм ойлголт байхгүй. Яагаад гэвэл нийслэл, ХХААХҮЯ-нд 40 тэрбум төгрөгийн асуудлыг шийдээд өгсөн л бол махны асуудалгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр мах асуудалтай болсон явж байна. Тэгэхээр та нар менежмент дээрээ өнөөдөр суугаад ярих хэрэгтэй байна. 3300 төгрөгөөр зарна, одоо 4600 гээд тэр үнээ өөрчилмөөр байна гээд сууж байдаг. Та нарын гаргасан шийдвэр дээр бид нар чиглэл өгнө гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Нийслэлийн Засаг даргад би ямар чиглэл өгсөн бэ гэхээр манхы үнэ өндөр байгаа тохиолдолд ийм хямдхан үнээр зарна гэсэн ойлголт байхгүй. 8000 гэвэл 7500, 7300 гэдэг юм уу, тэгээд тэр нь буугаад ирэхээр дагуулаад ч болтугай 50, 50-аар нь, 100, 100-аар нь дагуулж буулган үнээ бууруулах тухай ярина уу гэхээс биш 3200 г.м.-ээр хямдаар тогтоогоод давхар завших юмыг хийгээд байна. Бат дарга, өнөөдөр Засаг даргатайгаа энэ асуудлыг сайн ярь, яаж зохион байгуулах вэ гэсэн схем чинь туйлын тодорхой байх ёстой. Бид эндээс үнийг тогтоохгүй. Та нарын хүлээсэн үүрэг бол махны үнийг тогтвортой барих. Бид махны үнийг одоо байгаа түвшингээс овойж оцойтол буулга гэж шаардахгүй. Энэ түвшиндээ барь. Энэ түвшинд барих асуудлыг та нар хийх ёстой. Нийслэл, ХХААХҮЯ мах бэлтгэл, махны нийлүүлэлтийн асуудал дээр туйлын хариуцлагагүй хандаж байна. Мөнгө шийдээд өгвөл болно гэж байсан, өнөөдрийн байдлаар гуравхан тонн мах бэлдсэн байна. Тиймээс энэ асуудлыг Зөвлөлийн дараагийн хурал дээр гэхгүй 3 дахь өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах хэрэгтэй. Ямар шугамаар яаж зохион байгуулж, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг та нар тодорхой болгох хэрэгтэй. Үнийн асуудлаар эндээс чиглэл өгөхгүй. Энэ асуудлыг өөрдсийн ажил төрөлтэй уялдуулан өөрсдөө шийд. Гаргасан шийдвэртээ өөрсдөө хариуцлагаа хүлээ.

            Дөрөвдүгээрт, ШӨХТГ үнийн судалгаа хийж долоо хоногт нэг удаа энэ талаарх мэдээллийг иргэдэд хүргэж бай. ХЭАХН, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай маш сайн хамтарч ажилла. Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтраад зохион байгуулалттайгаар өөрсдөө захаар явж, долоо хоног бүр үнийн судалгааг авч бай. Бензиний үнэ буурсан, валютын ханш  тогтвортой байхад өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнэ, жишээ нь, будаа, элсэн чихрийн үнэ өсөөд байвал энэ дээр та нар байнга мэдээлэлтэй бай. Зөвлөлийн эхний хурал дээр бид мэдээллийн хомсдол их байна гэж ярьж байсан. Тиймээс иргэдэд зөв мэдээлэл өгөхийн тулд ШӨХТГ-аас долоо хоногт нэг удаа энэ талаарх мэдээллийг өгч бай. Тэгэхээр ШӨХТГ дараагийн хурал дээр энэ талаар маш товчхон танилцуулна.

            Ийм үндсэн дөрвөн чиглэлээр холбогдох байгууллагууд дараагийн хурал дээр бэлдэж ирье. Танилцуулгаа бэлтгэхдээ маш тодорхой, товчхон бэлдэж ирж байх хэрэгтэй. Зөвлөлийн гишүүд асуудлаа танилцуулахдаа маш тодорхой саналтай орж ирж байх хэрэгтэй байна. Тухайлбал, махыг ингэвэл махны үнийг тогтвортой барьж болохоор байна г.м.-ээр тодорхой саналтай орж ирж байх.

            Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхдөө махны нөөц шавхагдаж байна гэж ярих бус махны хангалт хийгдэж байгаа, үнийг тогтвортой барина г.м.-ээр мэдээлэл өгөх хэрэгтэй.

            Манай яамны зүгээс анхаарах зүйл байна. Цалин нэмэх тухай асуудлыг 4-р сарын 1-ээс цалин нэмнэ гэж ярихгүй. Харин 2-р сарын 1-ээс цалин нэмэх тухай шийдвэр гарсан, бид тооцоо судалгаагаа хийж байна, өгнө, хэзээнээс өгөх вэ гэвэл тооцоо судалгааг хийж байна, өгнө өө гэж хэлж байх хэрэгтэй.

Сангийн яам дээр эхний улирлуудын сар, улирлын санхүүжилтийн хуваарь шахуу байна гэж яригдсан. Эхний улиралд овоороод байгаагаас хойш нь татах ёстой юмнаасаа хойш нь татаж хийе. Улс төрчдийн зүгээс шахалт байх л  байх. Гэхдээ 1 дэх өдөр энэ талаар бид маш тодорхой ярьж, Сангийн яам хурал дээрээ ярьж төчнөөн тэрбум төгрөгөөр 2-р улирлын хөрөнгө оруулалт санхүүжилттэй холбоотой асуудлыг дараагийн улиралруу хойшлууллаа гэсэн мэдээллийг Монгол Банкинд өгье. Монгол Банкнаас өгсөн мэдээллээр оны эхнээс инфляци 5.5 хувиар өссөн байна гэдэг чинь 5, 6-р сард инфляци энэ байдлаар өсвөл 20 руу дөхөх учир аюултай. Иймд энэ дээр тодорхой арга хэмжээ авахгүй бол болохгүй. Инфляцийн энэ өсөлтөд нөлөөлж буй хамгийн гол зүйл бол мах байна. Бат дарга аа, та нар саяын миний ярьсан зүйлийг хот дээрээ яриад зөвхөн энэ махны асуудлаар нийслэл, ХХААХҮЯ хоёр Засгийн газрын хуралдаанд та нар энэ асуудлыг танилцуулна. За ингээд хурлаа дуусгая.