ХБНГУ-ЫН НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙН ТУХАЙ

March 12, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Нефть нь ХБНГУ-ын эрчим хүчний хангамж, хэрэглээний чухал болоод салшгүй хэсгийн нэг бөгөөд 2010 онд германы эрчим хүчний хэрэглээний 33 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байв. Эрчим хүчний хэрэглээнд нефтийн бүтээгдэхүүний эзлэх жин 70-аад онд тавиас илуу хувийг эзлэж байсан юм. Тухайлбал, 1970 онд 53,1 хувь, 1975 онд 52,1 байжээ. Дулааны хангамжинд байгалийн хийг ихээхэн ашиглах болсон тэр үед буюу 80-аад онд нефтийн бүтээгдэхүүний эрчим хүчний хэрэглээнд эзлэх байр суурь буурч эхэлсэн юм. 1980 он гэхэд нефтийн бүтээгдэхүүн 40,6 хувь, 1985 онд 33,9 хувь хуртэл буурчээ.

 Тээврийн салбар дахь нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд маш ихээр хэлбэлзэж байна. Энэ нь нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн унийн хэлбэлзэлтэй холбоотой юм. 1990 онд 35,0 хувь, 1995 онд 39,9 хувь, 2000 онд 38,2 хувь байв.

ХБНГУ-ын 2010 оны нефтийн бүтээгдэхүүний борлуулалтыг авч үзвээс:

Нийт 105,7 сая тонн нефтийн бүтээгдэхүүнээс автобензин-19,6 сая тонн, дизель-32,1 сая тонн, хөнгөн түлш 21,0 сая тонн, аж үйлдвэрт хэрэглэдэг хатуу түлш 5,3 сая тонныг борлуулжээ.

Авто тээврийн салбар дахь нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ нь техникийн болон эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалан суулийн үед өсөх хандлагатай байна. Ялангуяа энэхүү тээврийн салбарт гарч буй технологийн өөрчлөлт, мөн ЕХ-ны өмнө хулээсэн үүрэг зэргээс шалтгаалан Холбооны Засгийн газар био түлш, шатахууныг хэрэглээнд нэвтрүүлэх, түүний Германы нефтийн зах зээлд эзлэх хувийн жинг нэмэгдуулэх зорилтыг тавьж буй болно. Үүний зэрэгцээ шингэн хий, байгалийн хий болон цахилгаан автомашин үйлдвэрлэх санаачлагад хамаарагдаж буй улстөрөгч зэргийг түлш болгон тэдгээрийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна. Жишээлэхэд 2010 оны 3 дугаар сард Холбооны Засгийн газар, германы аж үйлдвэрийн салбараас гаргасан хамтарсан мэдэгдлийн дагуу цахилгаан автомашины тоог 2020 онд нэг саяд, 2030 онд 6 саяд тус тус хүргэх стратегийн зорилго тавьсан. Энэхуу цахилгаан автомашиныг худалдан авагчийг нэмэгдүүлэхэд зориулан тэдгээрт давуу эрх олгох, зарим төрлийн хөнгөлөлт эдлуулэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, цахилгаан автомашины төлбөргүй зогсоол гэх мэт.

 Нефтийн бүтээгдэхүүний хангамж

 ХБНГУ 2010 онд нийт 93,3 сая тонн боловсруулаагүй нефтийг импортоор худалдан авсан байна. ОХУ нь германы боловсруулаагүй нефтийн зах зээлийн 36,3 хувийг эзлэн, нийт 33,9 сая тонныг нийлүүлсэн байна. Дараагийн чухал түнш нь Норвеги болон ЕХ юм. Эдгээрээс нийтдээ 24,5 сая тонн боловсруулаагүй нефтийг худалдан авсан байна. Энэ нь нийт боловсруулаагүй нефтийн импортын 26,3 хувийг эзлэж байна. ОПЕК-ийн гишүүн орнуудаас нийлуулсэн боловсруулаагуй нефтийн хэмжээ 70-аад оны эхэн үетэй харьцуулахад багассан байна. 2010 онд ХБНГУ дотооддоо нийт 2,5 сая тонн боловсруулаагүй нефтийг олборлосон байна.

Германы дотоодын нефтийн бүтээгдэхүүний борлуулалт 105,7 сая тонн байсны 35,3 сая тонныг импорлосон байна.

Германы нефтийн холбоодын харьяа аж ахуйн нэгжүүд 2010 онд өөрсдийн түүхий нефтийн үйлдвэруудэд нийт 117,6 сая тонн бүтээгдэхүүнийг боловсруулжээ.

Дэлхийн нефтийн бүтээгдэхүүний зах зээл дээрх унийн савалгаа, тогтворгуй байдал германы дотоодын зах дээрх борлуулалт, хангамжийн аюулгуй байдалд зарим нэг доголдол, хундрэл учруулж байна.

 Нефтийн бүтээгдэхүүний нөөц

 Германы эдийн засаг дахь нефтийн бүтээгдэхүүний гадаад ертөнцөөс хамааралтай байдлыг түлш, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, мөн түүнчлэн түлш, эрчим хүчний арвилан хэмнэлт болон түлш, эрчим хүчний хангамжийн сонгодог эх сурвалжуудыг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах арга замаар хэтдээ багасгаж болно хэмээн Холбооны Эдийн засгийн яамнаас гаргасан “Түлш, эрчим хүчний үзэл баримтлал”-д тусгажээ.

Гадаадын улс орнуудаас их хэмжээгээр импортоор оруулан ирж буй нефтийн бүтээгдэхүүн, улмаар дэлхийн зах зээл дээрх хомсдол зэргийг тооцоолон, нефтийн бүтээгдэхүүний тур хугацааны хомсдлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь Холбооны Засгийн газрын чухал зорилтын нэг юм. Үүнтэй холбогдуулан германы нефтийн бүтээгдэхүүний нийгэмлэг болон байгууллагууд 1966 оноос эхлэн онцгой болоод бусад хомсдол, хямралын байдалд зориулан нефтийн бүтээгдэхүүний нөөц, хуримтлалыг бий болгох үүргийг хүлээх болсон. Аж үйлдвэржсэн 28 улс орон гишүүнчлэлтэй олон улсын түлш, эрчим хүчний агентлагийг байгуулсны дараа дээрх байгууллагын гишүүн орнууд болоод ХБНГУ-д нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны хямралаас урдчилан сэргийлэх тухай журмыг анхлан боловсруулж байжээ. Дээрх байгууллагын журам ёсоор гишүүн улсууд 90 хоногийн шатахууны нөөцийг бүрдүүлэх үүргийг хулээсээр ирсэн бөгөөд энэ журам Европын Холбооны гишүүн бүх орнуудад үйлчилж байгаа болно. Улс бур дотооддоо дээрх уургээ “Нефтийн бүтээгдэхүүний хангамжийн” тухай хуулинд тодорхой тусгасан байдаг. Германд дээрх хуулийг баталсны дараа Германыи нефтийн бүтээгдэхүүний хангамжийн холбоо байгуулагдсан. Энэхуу холбоо нь хуульд заасны дагуу ХБНГУ-ын нефтийн бүтээгдэхүүний онцгой байдлын нөөцийн хангамжийн асуудлыг зохицуулах үүрэгтэй байгууллага юм. Санхүүжилтийн асуудлыг нефтийн салбарын байгууллагуудад хэрэглэгчдээс оруулсан хөрөнгөөр шийддэг юм байна. Аливаа нэгэн бэрхшээлтэй асуудал тулгарсан тохиолдолд түүнийг Холбооны Эдийн засаг, технологийн яам чиг үүргийн дагуу шийдвэрлэхээр заасан байдаг.

 Шатахууны борлуулалт

 Германы шатахуун түгээх станцуудад 2003 оноос эхлэн хүхэр багатай шатахуун түгээж буй бөгөөд тухайн шатахуун дахь хүхрийн агуулга нь хуульд зааснаар 10мг/кг хуртэл байх ёстой ажээ. Энэхуу стандартын шинэ шаардлагатай холбогдуулан Холбооны Засгийн газраас литр шатахуун тутамд 1,5 центийн татварын хөнгөлөлт үзүүлэх болсон. 2011 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар ХБНГУ-ын хэмжээнд хот суурин газарт 14379 ШТС, хурдны замын дагуух 350 ШТС үйл ажиллагаа явуулж байна. Шатахууны борлуулалтын 70,5 хувийг шатахуун түгээх Aral, Shell, Total, BP зэрэг үндэстэн дамнасан корпорациуд, 9 орчим хувийг Холбооны чөлөөт ШТС-дын холбоо, Холбооны нефтийн бүтээгдэхүүн түгээх жижиг дунд үйлдвэрүүдийн холбоо зэрэг, улдсэн 20,5 хувийг бусад эзлэж байна.

Берлинд төвтэй, германы нефтийн аж үйлдвэрээс хамааралгүй компаниудын нэгдэл болох Нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний гадаад худалдааны холбоо нь германы нефтийн бүтээгдэхүүний дийлэнхийг импортлох давуу эрхийг эдэлдэг. Үүнээс гадна дээрх байгууллага байгалийн хий болон цахилгааныг импортлох эрхтэй.

 Нефтийн бүтээгдэхүүний төрөл

 Германы нефтийн үйлдвэруудийн бүтээгдэхүүнийг боловсруулалтын тувшнээс хамаарч хоёр ангилалд хуваадаг болно. Үүнд:

Үндсэн бүтээгдэхүүн

Хоёрдагч бүтээгдэхүүн

 Үндсэн бүтээгдэхүүн: 1.бензин хөдөлгүүрт автомашинд хэрэглэх

-91 автобензин /Normalbenzin/,

-95 автобензин /Super/,

-98 автобензин/Super plus/,

-/Super E10/

-100 автобензин /Shell V-Power Racing, Aral ultimate 100 or Aral ultimate 102/

2. Дизель хөдөлгүүрт автомашинд хэрэглэх

-ердийн дизель

-супер дизель

3. Мазут 2 төрөл

4. бусад

Хоёрдагч бүтээгдэхүүн

Шингэн хий /Flussiggas/

Үйлдвэрийн хаягдал хий /Raffigeriegas/

Тусгай бензин /Spezialbenzin/

Туршилтын бензин /Testbenzin/

Керосин

Битум

Нефтийн кокс

Тослох материал

Парафин, вазелин болон бусад хаягдал

ХБНГУ-ын нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах үнэ

ХБНГУ-д 2012 оны 1 дугээр сарын 9-ний байдлаар 1000 литр Супер 95 бензиний үнэ 1,604.00 евро, 1000 литр дизель түлш ний үнэ 1,489.00 евро, 1 тонн мазутын үнэ 910.62 евро, 1 дугээр сарын 16-ны байдлаар 1000 литр тонн Супер 95 бензиний үнэ 1,579.00 евро, 1000 литр дизель түлш ний үнэ 1,475.00 евро, 1 тонн мазутын үнэ 935.58 евро, мөн 1 дүгээр сарын 23-ны байдлаар 1000 литр тонн Супер 95 бензиний үнэ 1,590.00 евро, 1000 литр дизель түлш ний үнэ 1,460.00 евро, 1 тонн мазутын үнэ 915.40 евро тус тус байв.

 Нефтийн бүтээгдэхүүний хангамжинд тулгарах саатал, хямралыг даван туулах

 Олон улсын түлш, эрчим хүчний хөтөлбөрийн заалтууд нь ХБНГУ-ын дотоодын Түлш, эрчим хүчний баталгааг хангах тухай хуулинд тусгагдсан байдаг. Энэхүү хуулийн дагуу үндэсний хямралын системийг байгуулсан бөгөөд шатахуун хэрэглэгчдийн үндсэн хангамжийг баталгаатай болгох, зохицуулах, мөн түүнчлэн түлш , шатахууны зах зээл дээрх тогтвортой байдлыг буй болгох зорилготой юм.

ХБНГУ-ын түлш , шатахууны хямралаас урдчилан сэргийлэх гол нэгжүүдийн чиг үүрэг:

-Үндэсний онцгой байдлын алба нь хямралын үед бухий л үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүрэгтэй.

-Холбооны Эдийн засаг, технологийн яам уг асуудлаар улс төрийн шийдвэр гаргах бөгөөд хэрэглээний талаар зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Жишээлбэл, тодорхой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглох, Засгийн газрын уриалга гаргах, шатахууны талон тараах гэх мэт.

-Нефтийн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоодын шинжээчид салбарын хангамжийн асуудлыг хянах зохицуулалтыг хийнэ.

-Газрын тосны нөөцийн алба хуримтлагдсан нөөцөөс зохих хэмжээгээр олгох ажлыг хийнэ.

-Холбооны эдийн засаг, экспортын хяналтын алба нь шатахуун хэрэглэгчдийн талаарх өөрийн мэдээллийн баазаас шаардлагатай мэдээллийг дээр дурдсан байгууллагуудын албан хэрэгцээнд зориулан өгөх үүрэгтэй.

Дүгнэлт, санал

1.Нефтийн бүтээгдэхүүнээр хувьд гаднаас шууд хамааралтай байдлаас гарахын тулд төрөл бүрийн түүхий эдийг ашиглан дотооддоо шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр барих нь зүйтэй гэж үзэж байна.

 2.Шатахууны хомсдол, хямралаас урьдчилан сэргийлэх бүтцийг бий болгох нь чухал. Хомсдол үүссэн үед хэрхэхийг хуульчлах талаар холбогдох яам, агентлагууд ажиллах нь зүйтэй гэж үзнэ.

 З.ХБНГУ-ын Түлш , эрчим хүчний аюулгүй байдал, нефтийн бүтээгдэхүүний хангамж, хямралаас урьдчилан сэргийлэх, хямралын ееийн мөнежментийн асуудлаар хамтран ажиллах талаар Эрчим хүч, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамд, холбогдох агентлагуудаас тодорхой санал гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэхүү танилцуулах мэдээг Холбооны Эдийн засаг, технологийн яам, Холбооны байгаль орчин, реакторын аюулгүй байдлын яам, хэвлэлийн мэдээ, дүгнэлт материалыг үндэслэн боловсруулав.

Ашигласан эх сурвалж:

 1. http://www.bmu.de/files/pdfs/allgemein/application/pdf/energiekonzept_bundesregierung.pdf.

2. http://bmwi.de/BMWi/navigation/eneriepolitik.html

3. http://bmwi.de/BMWiRedaktion/PDF/E/energiestatistiken-energietraeger,property=pdf,bereich=bmwi,sprache=de,rwb=true.pdf

4. http://bmwi.de/BMWi/navigation/enerie/energietraeger/oel,did=159704.html

5. http:/www.bafa.de/bafa/en/index.html

6. http://ec.europa.eu/energy/observatory/oil/bulletin_en.html