Хөгжлийн банкууд: Үүрэг болон тэдгээрийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам

Энэхүү судалгаа нь хөгжлийн банкуудад өөрсдийн зорилго, үүрэг, ажиллах зарчмыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой. Тухайлбал зах зээлийн эдийн засагтай улс орнуудын хөгжлийн банкууд нь хагас арилжааны журмаар ажиллаж, нээлттэй зах зээлийн эдийн засагт урт хугацааны бүтцийн, богино хугацааны мөчлөг бүхий зайг нөхөж ажилладаг, Засгийн газрын бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэх хэрэгсэл байх нь илүү зохистой гэж үзжээ.

Судалгаанд төрийн санхүүгийн байгууллагууд, нэн ялангуяа Хөгжлийн банкуудын талаар илүүтэйгээр өгүүлсэн байна. Учир нь зарим улсуудад 1980-90 онуудад өрнөсөн хувьчлалын давалгаанаас үлдсэн цорын ганц төрийн санхүүгийн байгууллага нь Хөгжлийн банк болсонтой холбоотой аж. Хөгжлийн банк нь хувийн хөрөнгө оруулагчдын санхүүжүүлэх сонирхолгүй, нийгмийн ач холбогдол ихтэй төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байдаг. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, барилга орон сууцны салбарт санхүүжилт хийдэг.

Бодлого боловсруулагчид улс орны эдийн засгийн хөгжил, бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэх явцдаа тухайн улсын онцлогийг харгалзан Хөгжлийн банкаа хэрхэн хамгийн үр ашигтай ажиллуулахаа тодорхойлох хэрэгтэй. Зах зээлд шууд оролцох уу, эсхүл шууд бусаар хоёр дахь үеийн банк болж ажиллах уу, эсхүл хувийн сектортой өрсөлдөх үү, үйл ажиллагааны зардлаа бүрэн нөхөх үү, улсаас татаас авч явах уу зэрэг асуудлыг сайтар судалж зохих дүгнэлтийг гаргасан байх шаардлагатай байдаг. Хэдийгээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй төрийн арилжааны банкуудтай холбоотой түүх тийм элбэг биш ч, зарим банкууд өөрсдийн санхүүгийн байршлаа алдалгүйгээр өмнөө тавьсан зорилтондоо хүрч чаджээ.

Энэхүү судалгааны зорилго нь санхүүгийн хямралаас авсан сургамж, хөгжлийн банкуудын тэргүүн туршлагаас танилцуулахад мөн оршино. Эдийн засагт зах зээлийн зарчим үйлчлэхгүй байх тохиолдлыг урьдчилан харж түүнтэй холбоотой гарах сөрөг үр дагаварыг бууруулах чадвар, Хөгжлийн банкны үүрэг оролцоо маш сайн тодорхойлогдсон байх, нөхцөл байдалд зохицох шинэлэг арга хэрэгсэлүүдийг ашиглах чадвар, компанийн засаглалын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх зэрэг нь эдгээр банкуудын үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэхэд ихээхэн нөлөөлдөг байна.

Хөгжлийн банкууд: Үүрэг болон тэдгээрийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зам