ӨМӨЗО-НЫ БАЯННУУР АЙМГЫН НҮҮРСНИЙ ХУРААМЖ АВАХ ШИЙДВЭРИЙН ТУХАЙ

March 1, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дунд хошууны Ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс импортоор авч буй түүхий нүүрсний тонн тутмын үнэ дээр 60 юан, угаасан нүүрсний хувьд агуулахын төлбөр гэж тонн тутамд 120 юаны хураамжийг нэмж ногдуулах шийдвэр гаргаж энэ талаар ГХЯ-нд оны өмнө мэдэгдэж байсан хэдий ч одоогоор уг шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа болно. Тус хошуу нь манай Нарийн сухайтын боомтоор гарах нүүрсний экспортонд хамааралтай бөгөөд тус боомтоор БНХАУ-д экспортлох нүүрсний үнэд тус хураамж давхар ногдох юм.

Манай улсын нэмүү өртөг шингэсэн нүүрс боловсруулж экспортлох, түүхий нүүрсийн экспортын хэмжээг бууруулах бодлогын эсрэг энэхүү шийдвэрийг Гадаад харилцааны сайд Г. Занданшатар 1 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзахдаа уламжилсан бөгөөд айлын тал судлан үзэж хариу өгөхөө мэдэгдсэн болно. Тухайлбал БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцянтай хийсэн уулзалтын үеэр айлын тал дараах хариуг өгсөн болно. Үүнд:

“…Түүхий нүүрснээс тонн  тутамд 60 юань, баяжуулсан нүүрснээс 120 юанийн татвар, хураамж авах болсон тухай асуудлыг  өнгөрсөн оны арван хоёр дугаар  сард миний бие Элчин сайдтай уулзах үер анх удаа сонссон. Манай хүмүүс нөхцөл байдлыг судалсан. Энэ бол Урдын дунд хошууны Ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэр байсан. Тарифын болон тарифын бус арга хэрэглэх  нь Хятадын орон нутагт ихээхэн байдаг. Жишээбэл: Шаньси мужид ийм явдал гардаг.  Баяннуур хот нь танай  улстай хил залгаа оршдог учраас та бүхэнд хамаатай байгаа байх. Тэдний тарифыг ДХБ-ын дүрэмтэй холбогдуулж нягтлах хэрэгтэй.  Өнгөрсөн оны 11-р сарын 30-нд манай хороо нүүрсний үнийг зохицуулах тогтоол гаргаж журамд нийцэхгүй тарифыг арилгахыг заасан.  Баяннуур хотын гаргасан энэхүү шийдвэр нь  үнэхээр хуульд нийцэхгүй болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох болно. Эрхэм сайдад би өөрийн бодлоо илэх далангүй илэрхийлье гэж бодлоо. Орон нутаг татвар авах болсон тухайд би бодохдоо хошууны нутаг дэвсгэрээр дамжих нүүрсний тээвэрлэлт ихсэх тусам байгаль орчинг бохирдуулах, нутгийн хүн амын амьдрах орчинд нөлөөлөх  гэх мэт олон асуудал үүссэнтэй холбоотой болов уу. Танай улсад ч гэсэн нүүрсний тээвэрлэлтээс үүссэн  байгалийн бохирдол, тал хээрийг сүйтгэсэн хэмээх гомдлыг  танай Өмнөговь аймгийн оршин суугчид  байнга гаргадаг тухай манай элчин сайд Ван Сяолун ярьсан.

 Чингээд нүүрсний асуудлыг шийдвэрлэхэд олон зүйлийг бодож шийдвэр гаргах  нь зүйтэй. Хамтарч нүүрсний худалдааны талаар тохиролцох, авто зам барих, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн ард иргэдэд нөхөн олговор олгох  зэрэг асуудлыг  бодолцож байж, шийдвэрийг гаргах, төвийн гаргасан шийдвэрийг орон нутаг болон аж ахуйн нэгжүүд хамтарч биелүүлэх ёстой юм…” гэжээ.

2011 оны эхээр үүнтэй адил ӨМӨЗО-ны Эзний хошууны орон нутгийн захиргаа, дотоодын компаниудтай хамтран “Нүүрсний экспортын нийгэмлэг” гэгчийг байгуулан Монголын нүүрс экспортлогч компаниудтай үнэ дээр тохиролцоо хийнэ гэсэн шалтгаанаар Шивээхүрэн – Цэхэ боомтоор нүүрс гаргалгүй тав хонож байсан тохиолдол бий.

Орон нутгийн шинжтэй энэхүү арга хэмжээд нь хоёр талын худалдаанд тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний худалдаанд саад тотгор учруулах үр дагавартай байсан бөгөөд манай нүүрсний экспортын борлуулалтын сувгийг өргөтгөн, нэмүү өртөг шингэсэн нүүрсийг гаргах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.