Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн 2-р хуралдааны тэмдэглэл

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Зөвлөлийн 2 дугаар хуралдаан 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 17.20 цагаас 19.20 цагийн хооронд Сангийн Яамны байрны 913 тоот уулзалтын өрөөнд болж, Сангийн сайд Д.Хаянхярваа автобензин, дизель түлшний асуудлаар холбогдох байгууллагуудтай уулзалттай байсан учир Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хуралдааныг даргалан явуулав. Хуралдаанд нийт 15 байгууллагын 28 хүн оролцсон ба үүнээс зөвлөлийн дарга болон 5 гишүүн өөрийн биеэр, зөвлөлийн 9 гишүүд бие төлөөлөгчөөр дамжуулан оролцсон. Харин Монгол Банк, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос томилогдсон гишүүд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл оролцсонгүй.

            ХЭЛЭЛЦСЭН нь: Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын захирамжийн төсөл, Зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэл болон Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 2012 оны 2 дугаар сарын 10-ны дотор танилцуулахаар тусгагдсан асуудлууд.

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

  1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын захирамжийн төсөлд Зөвлөлийн гишүүд 2012 оны 2-р сарын 15-ны дотор саналаа Зөвлөлийн Нарийн бичгийн даргад ирүүлж, гишүүдээс ирсэн саналыг тусган шинэчлэн боловсруулж, Зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэн, Засгийн газрын дараачийн хуралдаанд оруулж, батлуулахаар тогтов.
  2. Зөвлөлийн хоёр удаагийн хуралдаанд ирээгүй Монгол Банкинд дараа дараачийн хуралдаанд оролцож байхыг анхааруулахаар тэмдэглэв.
  3. Шатахууны үнийн өсөлтөөс үүссэн нийтийн тээврийн байгууллагуудын алдагдлыг тооцож олгох асуудлыг хэлэлцээд үүнийг хоёр хувилбараар авч үзэх, нэгд, нийтийн тээврийн байгууллагуудын алдагдлыг нөхөх, хоёрт, үнийн зөрүүг олгох гэсэн хоёр хувилбарыг Сангийн сайдтай зөвлөлдөж, Засгийн гарын хуралд танилцуулах; ЗТБХБ-ын дэд сайд Б.Цэнгэлийн гаргасан санал ” Адил хандах, шударга байх гэдэг үүднээс таксиг мөн нийтийн тээврийн хэрэгслийн төрөлд хамруулж, татаас олгоход нийтэд нь хамруулах нь зүйтэй” гэсэн санал болон ҮХШХ-ны дарга Ч.Хашчулууны гаргасан санал “Таксины үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан бүртгэлтэй болон бүртгэлгүй гэсэн хоёр төрлийн такси үйлчилгээнд гарч байгаа бөгөөд татаасын асуудлыг бүртгэлтэй таксинд хамруулах” гэсэн саналыг тэмдэглэд тусгаж Сангийн сайдад танилцуулан энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хуралдаанаар шийдвэрлүүлэхээр тусгав.
  4. Бензин шатахууны үнийг өнөөгийн түвшинд барих болон энэ түвшинг 100 төгрөгөөр бууруулсан болон өсгөсөн үнэ гэсэн гурван хувилбараар тооцоогоо хийж, Сангийн яаманд 2012 оны 2-р сарын 13-ны Даваа гаригт ирүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батад даалгав.
  5. Нийслэлийн хүн амын 2012 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж нөөцийн махыг нэмж бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцээд арван мянган тонн мах нэмж бэлдэхэд шаардагдах 40 тэрбум төгрөгийн тооцоог ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захиргаа дахин нарийвчлан тооцож, ийм арга хэмжээ авсан тохиолдолд хэдэн сар хүртэл махны  үнэ хэвийн байх талаар саналаа бэлтгэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батад даалгав.
  6. ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнхийн дэвшүүлсэн санал болох “Зөвлөлөөр шийдсэн асуудлыг яамдаас санал авахгүйгээр Засгийн газарт оруулж болох эсэх”-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тодруулж Зөвлөлийн гишүүдэд танилцуулахаар тогтов.
  7. Орон сууцны үнийн зохиомол хөөрөгдлийг сааруулах зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төсөлд яамдаас санал авч, 2012 оны 2 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.
  8. Газрын тосны газар, Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байх гол нэр төрлийн бүтээгдэхүүн, автобензин, дизель, хийн түлшний үнийн мэдээг Зөвлөлийн дараа дараачийн хуралдаан дээр дэлгэцэн дээр гаргаж байх санал гаргав.
  9. Газрын тосны газар, Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байх гол нэр төрлийн бүтээгдэхүүн, автобензин, дизель, хийн түлшний үнийн мэдээнд оруулах бүтээгдэхүүнийг сонгох аргачлалыг дахин авч үзэх; Үнийн мэдээний хүснэгтэд үнийн өөрчлөлтийг 7 хоногоор харуулж, одоо үйлчилж байгаа үнэ болон хувийг тавих, аймгуудын мэдээллийг аймаг тус бүрээр болон бүсүүдээр нь дундажлаж харуулах; талх, гурил гэсэн бүтээгдэхүүний хувьд нийтлэг, түгээмэл нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлдэг 3 компанийг сонгож, тэдгээрийн дундаж үнийг тавьж байхыг Үндэсний статистикийн хороонд даалгав.
  10. Дор дурдсан арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг дараахь байдлаар өөрчлөхөөр тогтов:

10.1.         “Валютын биржийг түүхий эдийн биржтэй хамтатган үүсгэн байгуулах чиглэлээр бусад улсын туршлагыг судлан санал бэлтгэж Зөвлөлийн хуралд танилцуулах” 2.2 дахь арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хариуцуулах.

10.2.        “Шинээр батлагдсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж”-ийн тухай хуулийн дагуу биржийн үйл ажиллагааг 2012 оны 6-р сараас тогтмол ажиллуулахад шаардлагатай барилга байгууламж, зохион байгуулалтын бүхий л бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган Зөвлөлийн хуралд танилцуулах” 5.2 дахь арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хариуцуулах.

10.3.        “Нүүрснээс автобензин гарган авах үйлдвэр байгуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Монгол улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж, санал боловсруулан танилцуулах” 21.1 дэх арга хэмжээг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хариуцуулах.

  1. Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлд ”Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, түүнийг импортлох, үнэ тогтоох ажиллагаанд төрийн үүрэг, оролцоо, хариуцлага ямар байх талаар судлаж, Зөвлөлийн хуралдаанд танилцуулах”-ыг Зөвлөлд даатгасныг төлөвлөгөөний 21.2-т нэмж тусган, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хариуцуулахаар тогтов.
  2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 2012 оны 2 дугаар сарын 10-ны дотор танилцуулахаар тусгагдсан ажлын хэрэгжилттэй танилцаад, цаашид эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.