Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн 3-р хуралдааны тэмдэглэл

Хурал 2012.2.17-ны өдөр Сангийн яамны 913 тоотод 17.24 цагаас эхлэн 19.15 цагт дууссан. Хурлын ирц нийт 84 хувьтай ба 8 гишүүн биечлэн, 8 гишүүн төлөөллөөр (ХХААХҮЯ, СЗХ, Монгол Банк, ШӨХТГ, Тагнуулын ерөнхий газар, ГЕГ, МҮЭХ, МХЭАХНҮХ) оролцон, 3 гишүүд (МХЕГ, Нийслэлийн ЗД, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо) хуралд оролцсонгүй.

Хэлэлцсэн асуудал: Зөвлөлийн 2-р хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэл болон 3-р хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд.

Гишүүд хариуцсан асуудлаа танилцуулсны дараагаар энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудалд орох нь:

Зөвлөлийн дарга: гишүүдийн хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцсаны дараагаар гишүүдэд албан ёсоор доорхи анхааруулгыг хүргүүлэв. Үүнд:

  • “Бидний энэ хурлын зарчим зөв биш байна. Гишүүд авсан үүрэг, хариуцлагаа сайн биелүүлэх хэрэгтэй байна. Ямар нэг тайлбар ирүүлэхгүй. Нэгэнт нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор байгуулагдсан зөвлөл учраас асуудал бүрд гишүүн нэг бүр ач холбогдол өгч ажиллахыг анхааруулав.
  • Мөн зөвлөлийн гишүүдийг төлөөлж ирж буй төлөөлөгч нь асуудлаа сайн мэдэхгүй байна. Ийм байж таарахгүй. Юу танилцуулахаа мэддэг байх хэрэгтэй байна.”

 Нэгдүгээр асуудал: Сангийн яамнаас боловсруулсан “Орон сууцны үнийн хөөрөгдлийн асуудал”-ыг  Сангийн яамны ТБГ-ын дарга Б.Батжаргал танилцуулав. Уг асуудлаар: 1. Гадаадын иргэд, ААН-д орон сууц өмчлүүлэхийг хориглох, 2. Гурав ба түүнээс дээш тооны орон сууц өмчлөгчдийн төлөх татварын хувь хэмжээг өсгөх, 3. Орон сууцны үнэлгээний асуудлыг сайжруулах гэсэн саналуудыг танилцуулав.

Гишүүдээс ирүүлсэн санал: а/ үнэлгээний асуудлыг эргэн харах, хуучин аудитын агуулгаар яваад байна. б/ судалгаа хангалтгүй байна. Өөрчлөх шаардлагатай байгаа хуулийн зохицуулалтад судалгаа хэрэгтэй. Хэдэн хүн, хэдий хэмжээний орон  сууц өмчилж байгаа талаар. в/ гадаадын иргэдийг гадуурхаж байгаа нь олон улсын гэрээгээр хүлээсэн бусад үүргийг зөрчихгүй юу?, г/ зөвхөн орон сууц бус газрын төлбөрийн хувьд энэ өөрчлөлтийг тусгах. Газар үнэтэй байгаагаас болж орон сууцны үнэ өсч байгаа. Мөн газрын төлбөрийг зохицуулах. Ашиглахгүйгээр газар аваад байгаа хүмүүсийг татвараас дарамтлаад ирвэл газрыг гүйлгээнд оруулах, д/ ингэж татвар нэмэх нь нийгэмд эргээд хэрхэн нөлөөлөхийг тооцох, е/ заавал орон сууцны тоо бус харин өмчлөлд байгаа орон сууцны метр квадратаар нь татвар төлөх, баригдаагүй байшинд татвар ногдуулалгүйгээр борлуулалтад ногдуулах, ё/ ЗТБХБЯ-дээр уг асуудлаар ажил хийгдэж байгаа ба барилгын материалыг бөөнөөр авч хадгалахаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж байна.

  • Зөвлөлийн дарга: За тэгэхээр энэ асуудалтай холбоотойгоор зөвлөлийн гишүүд бүгд саналаа ирүүлэх, ингэхдээ тодорхой санал ирүүлэх хэрэгтэй байна. Тэгээд ирүүлсэн саналыг нэгтгэх нь зөв юм. Саналыг бичгээр ирүүлэх хэрэгтэй. Дараагийн хуралд саналаа танилцуулах.

 Хоёрдугаар асуудал. Валютын бирж байгуулах асуудлаарх судалгаа: Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-оос танилцуулахдаа валютын арилжаа эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр төлөвлөөд байна. Энэ нь валютыг зохих зөвшөөрлийн дагуу хийж байгаа эсэх, зөвшөөрөлгүй этгээд байж энэ нь үнийн өөрчлөлтөд нөлөөлж буй эсэхийг, мөн Монгол төгрөгөөр төлбөр тооцоо хийх хуулийн хэрэгжилтийг хянах зорилготой. 4 сарын 1 гэхэд шалгалтын үр дүнг танилцуулна. Энэхүү биржийн асуудалд Монгол Банк өөр байр суурьтай байгаа ба СЗХ, СЯ ижил байр суурьтай байна.

Зөвлөлийн гишүүдийн санал: Монгол банк валютын ханшийг тогтоохын тулд өглөө 09.00-16.00 цагийн хооронд бүх гүйлгээг хянан, дундачлан гаргадаг. Гэхдээ энэ хяналт нь 14 банкны гүйлгээг л хянадаг байгаа. Улирлын онцлогоос шалтгаалан 3-р сард ам. долларын ханш сулрах хандлагатай байдаг.

ЭБЭХ-ний сайд: ер нь сарын эхний 7 -10 хоногт валютын ханшийг барьж чадвал, манайх бензин, шатахууны үнийг барих боломжтой. Бензин, шатахууны үйл ажиллагаа эрхлэх ердөө 10 хүрэхгүй компани байгаа, тэд нартай Монгол банк хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тэдний ажлын төлөвлөгөөг авч валютын ханшийг барих асуудлаар арга хэмжээ авах хэрэгтэй. Тус компаниуд: Монгол банк хүсвэл бид гүйлгээгээ урагшуулж чадна гэж байсан. Тэр асуудлаар уулзаж тохирох хэрэгтэй.

  • Зөвлөлийн дарга гишүүдийн тайлбарын дагуу дараахийг даалгав: томоохон нефть импортлогчидтойгоо хамтарч ажиллах, нууцлалд үл хамаарах шаардлагатай мэдээллийг байнга хүргэж байхыг Монгол банкинд даалгав. Түүнчлэн яагаад долларын ханшийг барьж чадахгүй байгааг ойлгохгүй байгааг чухалчлан хэлэв.

 

Гуравдугаар асуудлын хүрээнд: Махны нийлүүлэлтэд учирч буй захиргааны бэрхшээлийн талаар ХХАХҮЯ-аас танилцуулахад мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ, цагдаагийн тодорхойлолт, хүнсний зах дээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, лангууны түрээс, машины зогсоол, хотруу нэвтрэх хураамж зэрэг бэрхшээлүүд байна. Энэ нь: Богийн 1 кг маханд 34 төгрөг, бодын 1 кг маханд 44 төгрөг байхаар тооцогдсон байна.

 Иймд уг асуудлыг зохицуулах үүднээс дараахь саналыг боловсруулжээ: нэгдсэн тарифтай болох, махны эрэлт, нийлүүлэлтээс хамаарч хураамжийн хэмжээг хөнгөлөх буюу чөлөөлөх, лангууны хураамжийг зохицуулах, махны экспортыг зохицуулах, малын үржлийн асуудалд анхаарах гэсэн байгаа.

Гишүүдээс өгсөн санал: Статистикийн хорооны мэдээллээс зөрж байна. Иймд бодьтой баймаар байна.

 Гишүүд хэлэлцэх асуудлыг дуусч, зөвлөлийн дарга дараахь чиглэлийг өгч дараахь байдлаар ШИЙДВЭРЛЭСЭН нь:

  1. Бид ажлаа уялдуулах хэрэгтэй юм. Зөвлөлийн гишүүн тус бүр орон сууцны үнийн хөөрөгдөлттэй холбогдуулан гаргасан хуулийн төсөлд албан ёсны саналаа бичгээр дараагийн хурал гэхэд өгөхийг;
  2. Валютын ханшийн хувьд /3-р сарын 1 хүртэл/ онцгой өөрчлөлт гарахгүй гэж ойлгож байгаа тул ханшийг савлуулахгүй байх тал дээр Монгол Банк хяналт тавин ажиллахыг;
  3. Нефть бүтээгдэхүүний импортыг хангахад шаардагдах гадаад валютын эх үүсвэрийг тогтвортой байлгах чиглэлээр ашиглаж болох санхүүгийн механизмын талаар судалгааны хэсэг томилж судалгааг хийж, санал боловсруулан Зөвлөлийн хуралд танилцуулах. Судалгааны хэсэгт: Монгол банкнаас  С.Батхүрэлийг, Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас Эрдэнэпүрэв, Газрын тосны газраас Газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэл, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос Г.Батхүрэл нар болон Сангийн яамнаас СЭЗБ-ын газрын мэргэжилтэн М.Цолмон нар оролцохыг;
  4. ОХУ-ын нефть бүтээгдэхүүний үнийн судалгааг хийхийг  Газрын тосны газарт даалгав. /П.Сарангэрэл/
  5. ХХАХҮЯ-наас хүнсний бүтээгдэхүүний судалгаагаа тухай бүр гаргаж өгч байхыг, мөн зөвлөлийн хуралд тогтмол танилцуулж байхыг;
  6. Нийслэлийнхнийг дараагийн хуралд оролцуулах. Энэ нь махны эрэлтийг хангахтай холбоотой тэдэнд учирч буй хүндрэл, бэрхшээлийг судлах, энэ тухай дараагийн хурал дээр танилцуулах гэснээр хурал өндөрлөв.

 

– o O o –