Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхны хуралдааны тэмдэглэл

Зөвлөлийн анхны хуралдаан 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 18:20 цагаас 19.30 цагийн хооронд Сангийн Яамны байрны Хүндэтгэлийн өргөөнд болж, хуралдааныг Сангийн сайд Д.Хаянхярваа даргалан явуулав. Хуралдаанд нийт 15 байгууллагаас 19 хүн оролцсон ба үүнээс зөвлөлийн дарга болон 3 гишүүн өөрийн биеэр, зөвлөлийн 10 гишүүд бие төлөөлөгчөөр дамжуулан оролцсон. Харин Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Монгол Банк, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Гаалийн ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос томилогдсон гишүүд оролцоогүй.

ХЭЛЭЛЦСЭН нь: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг сонсож Зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлахаар тогтов.
2. Зөвлөлийн хуралдааныг тогтмолжуулах зорилгоор 7 хоног бүрийн Баасан гаригийн 17 цагт Сангийн Яамны байрны 9 давхарын уулзалтын өрөөнд зохион байгуулж байхаар тогтов.
3. Шатахууны үнийн өсөлтөөс үүссэн нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын алдагдлыг тооцож олгох болон Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10 мянган тонн махны нөөцийг нэмж бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд Зөвлөлөөс танилцуулахаар тогтов.
4. Засгийн газрын хуралдаанд оруулж байх барааны үнийн мэдээг танилцуулах хүснэгтийн загварыг Үндэсний статистикийн хороо, Газрын тосны газар хамтран бэлтгэж, энэхүү хүснэгтийн дагуу үнийн мэдээг долоо хоног бүр Зөвлөлийн хуралд танилцуулж байхаар тогтов.
5. Зөвлөлийн анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулан шаардлагатай ажлуудаар Ерөнхий сайдын захирамж гаргуулахаар тогтов.
6. Асуудал танилцуулах үүрэг хүлээсэн байгууллага тухайн асуудалтай холбогдуулан бэлтгэсэн судалгаа, тооцоо, танилцуулгаа зөвхөн бичгээр хурал болох өдрөөс ажлын гурав хоногийн өмнө Зөвлөлийн нарийн бичгийн даргын гарт хүргүүлнэ. Ийнхүү ирүүлэхдээ гишүүдийн тоогоор хувилж бэлтгэсэн байхаас гадна тухайн асуудлын талаар гаргах шийдвэрийн төслийг хавсаргасан байна.
7. Зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын 2012 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд өөрийн биеэр оролцох үүрэгтэй. Хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд гишүүд Зөвлөлийн даргад зайлшгүй мэдэгдэх шаардлагатай.
8. Зөвлөлийн асуудлаар Зөвлөлийн нарийн бичгийн даргатай дараахь и-мэйл болон утсаар (Утас:99012107, erdemchimeg@mongol.net) холбогдож байна.