Хөтөлбөр батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр тогтоол

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг 1 дүгээр, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж ажиллахыг Зөвлөлийн даргад үүрэг болгосугай.

3. Эрхлэх ажлынхаа хүрээнд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, тэвчиж болох зардлыг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, түүний явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан хавар, зуны улиралд махны улирлын нөөц бүрдүүлэх хөрөнгийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгах, цаашид жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 307 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.