МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ УИХ-д ӨРГӨН БАРЬЛАА

February 8, 2012 · Нийтэлсэн: · 1 Сэтгэгдэл   Post to Twitter

Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 оны 2 дугаар сарын 1, 5 дугаар сарын 1-ээс үе шаттай нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх шаардлага бий болсны улмаас төсвийн тодотголыг боловсруулан хүргүүлж байна.

1.            ТӨСВИЙН ОРЛОГО

Монгол Улсын төсвийн орлогын 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, 2012 оны эхний 1 дүгээр сарын орлогын урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн тооцоход энэ оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр 161.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Улсын төсөвт 2010 оны 1 дүгээр сард улсын төсөвт импортын барааны татварын орлогоор 29.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч байсан бол 2011 оны 1 дүгээр сард 69.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 2 дахин нэмэгдсэн байна.  2012 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 109.1 тэрбум төгрөгийн орлого импортын татварын орлогоор төвлөрсөн нь өмнөх 2011 оны мөн үеийнхээс 1.6 дахин өссөн байна.

Иймд 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 115.4 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварын орлого 49.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх хандлагатай байна.

2.            ТӨСВИЙН ЗАРЛАГА

Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсөвт төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс болон 10 дугаар сарын 1-ний өдрөөс хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тусгасан.

            Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг 2 дугаар сарын 1-ний болон 5 дугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт  13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж  байна.

Нэмэгдэх зардлыг дотор нь нарийвчлан авч үзвэл:

  • Цалингийн нэмэгдэл болон нийгмийн даатгалын шимтгэлд 157.8 тэрбум,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрт 11.1 тэрбум,
  • Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр болон зарим тэтгэмжид 1.8 тэрбум,
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэмэгдэх 1.4 тэрбум төгрөг,
  • Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татааст 7.2 тэрбум төгрөг
  • Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст 5.0 тэрбум төгрөг тус тус нэмж шаардагдана.

 Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар Тэргүүн шадар сайдын төсвийн багцад нийт 48.5 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд үүнээс 32.7 тэрбум төгрөг урсгал зардалд, 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардалд тусгагдсан болно.

  Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Тэргүүн шадар сайдын төсвийн багцаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад 26.3 тэрбум төгрөгийн урсгал зардал, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг, Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад 6.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 13.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус шилжүүллээ.

3.            ТӨСВИЙН ТЭНЦЭЛ, ЭХ ҮҮСВЭР

Монгол Улсын 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдэд гарч буй өөрчлөлтүүд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд 3.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3 хувьтай тэнцэхээр байна.

  МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Монгол улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагалдах материал, тооцооллыг доорх холбоосуудаас татан авна уу.

МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Монгол Улсын 2012 оны тодотгосон төсвийн төслийн тооцоо

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай