Экологийн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулан засгийн газарт өргөн бариад байна

January 24, 2012 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Аливаа улсын тогтвортой хөгжлийн зарчим нь байгаль орчин, эдийн засгийн оновчтой харьцааг бүрдүүлснээр иргэдийн эрүүл мэнд, амьжиргааны түвшинг дээшлүүлж, байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймээс ч байгаль орчныг доройтсон хойно нь нөхөн сэргээх биш, харин доройтохоос урьдчилсан сэргийлэх, улмаар бодитой бий болсон нөхцөл байдлыг арилгах тодорхой орлогын эх үүсвэртэй байх шаардлагад тулгуурлан Экологийн албан татварын тухай хуулийг санаачилж байна.

Экологийн татварыг европын холбооны улсууд өөрсдийн татварын тогтолцоондоо бий болгосноор байгаль орчныг хамгаалах эдийн засгийн нэг чухал арга хэрэгсэл гэж авч үзсэн ба үүнд карбон татвар, экологийн бус эрчим хүч ихээр зарцуулагдах барааны импортын татвар, байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах онцгой албан татвар, бохирдол хаягдал болон бусад аюултай хог хаягдлын татвар, газрыг доройтуулсны татвар гэх мэт олон төрлийн татварыг хэрэглэж байна.

Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хэт мэдрэг, цөлжилт нийт нутгийн 70 гаруй хувийг хамарсан, ой, усны нөөц багатай, уул уурхайгаас экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл болон хот суурин газрын хүн амын механик өсөлт их, дэд бүтэц сул хөгжсөн нь байгаль орчин доройтох нөхцлийг бүрдүүлж байна.

Байгалийн нөөцийг ашигласны төлбөрийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн орлогод оруулахаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эдийн засгийн бусад үйл ажиллагааны хохирлыг бууруулах, эдийн засгийн  хөшүүргийг бүрдүүлж,  байгаль орчны бохирдлыг багасгах хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн зарцуулах эрх зүйн орчин дутагдаж байна.

Байгаль орчны салбараас 2009 онд байгалийн нөөц ашигласны  төлбөр, хураамж болох 40.552,9 тэрбум төгрөгийн орлогыг / ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 141379.8 тэрбум төгрөгийн орлогыг оруулаад/ улсын төсөвт оруулсан байна. 2010 онд байгалийн нөөц ашигласны  төлбөр, хураамж болох 43377,2 тэрбум төгрөгийн орлогыг / ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 203564.5 тэрбум төгрөгийн орлогыг оруулаад/ улсын төсөвт оруулсан байна. Улсын төсвөөс байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2010 онд 27  тэрбум төгрөг төлөвлөгдөн 19,2 тэрбум төгрөг урсгал зардалд зарцуулагдсан. Гэтэл улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 8,255.1 тэрбум төгрөг байгаагийн  0,3 хувийг байгаль орчныг хамгаалахад зарцуулж байгаа бол нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг байгалийн нөөцөд тулгуурласан буюу түүнийг ашигласан бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эзэлдэг байна. Харин дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийг хангахын тулд байгаль орчныг хамгаалах зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2-оос доошгүй хувьд хүргэж хүний амьдрах орчны эрүүл байдлыг хангахын тулд эдийн засгийн татвар хураамжийн үйл ажиллагаагаа чиглүүлснээр байгальд халгүй эдийн засгийн хөгжлийг бий болгож байна.  Байгаль орчны салбарын тогтвортой хөгжлийг хангахад урьдчилсан байдлаар 2011-2013 онуудад жилд дунджаар орчны бохирдлыг бууруулах, усны нөөцийн менежментэд 440 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдаж байгаа тооцоо гарч байна

2010 оны байдлаар манай улсад импортолсон зарим бараанд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэдэг бодис /мөнгөн ус/ агуулсан Магни давхар исэлт агуулга бүхий батерей 23, литийн бүхий батерай 165, цайрийн исэл бүхий батерей 6066, бусад анхдагч элемент болон анхдагч батерей 2,105 мянган ширхэг, мөнгөн усны эсвэл натрийн уурын чийдэн, металлын галидын чийдэн 121, өдрийн гэрэл 2,090,795,00, шингэнээр дүүргэгчтэй, шууд хэмжлийн термометр болон пирометр 19,068 ширхэг байгаа нь эргээд хог хаягдал болон байгаль экологид сөрөг нөлөө үзүүлсээр байна.

2009-2010 оны уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газрын тооллогын нэгдсэн дүнгээр Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ, Булган гэсэн 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт нийт 500 гаруй нэгж талбарт 3984.46 га газар эвдрэлд орж орхигдсон байгааг тогтоосон байна.

Иймд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлбөр, хураамж, нөхөн төлбөр зэргээс гадна экологийн татварыг бий болгож байгаль орчны тогтвортой хөгжилд зарцуулах санхүүгийн хуримтлалыг үүсгэх нь зүйтэй гэж үзэн Экологийн татварын тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн бариад байна.