Монголын өндөр хүүний түвшний таавар

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Шилжилтийн үеэс эхлэн Монгол дахь зээлийн болон хадгаламжийн хүүний түвшин Төв болон Зүүн Европын орнууд ба Балт (ТЗЕБ), Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (ТУХН)[1] болон Азийн хөгжиж буй орнуудтай[2] харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байсаар ирсэн. Хэдийгээр шилжилтийн эдийн засагтай бусад орнуудын хүүний түвшин үнэмлэхүйц хэмжээнд буурч, үүнийг дагаад инфляцийн түвшин буурсаар байсан ч, Монголд ийм зүйл болоогүй юм. 1990-ээд оны сүүлчээр болсон санхүүгийн хямралын дараагаас уг хямралд өртсөн ихэнх шилжилтийн эдийн засагтай орнууд аль болох доогуур түвшний хүү тогтоох болсон. Харин Монголын шилжилтийн үйл явц хоцрогдсон ба хүүний доогуур түвшинд ойртох явдал хэдийгээр саяхнаас эхэлсэн байж болох ч юм мөн л хоцорсон юм. Сонирхолтой нь Монголд хүүний түвшин өндөр хэвээр үлдсэн ч, зуучлалын зөрүү (хүүний түвшний зөрүү)[3] 2005 оноос хойш нэг түвшний улс орнуудтай ижилхэн хэмжээнд хүрч буурсан.

Энэхүү өгүүлэлд Монголын зээлийн болон хадгаламжийн хүүний түвшин нь, инфляци ба зуучлалын зөрүү бага буюу доогуур түвшинд байгаа нөхцөлд хэрхэн өндөр хэвээр байсаар байгаад дүн шинжилгээ хийхийг зорьсон юм. Ялангуяа, энд дараахь асуудлуудыг хөндөнө: Монголд зээл ба хадгаламжийн хүүний түвшин өндөр бөгөөд зуучлалын зөрүү бага байгаа зэрэг нь ямар нэгэн сэтгэл түгшээсэн асуудлын эхлэл болох уу? Зээлийн болон хадгаламжийн хүүний түвшин маш удаанаар буурах нь жам ёсны зүйл мөн үү? Эдгээрийн зэрэгцээ, Заавал Монгол банкнаас бодлогын арга хэмжээ явуулж, банкны салбар ба зах зээлийн хүч нөлөөгөөр замаа чиглүүлэх ёстой юу?

Уг өгүүлэл дараахь хэсгүүдээс бүрдэнэ. I хэсэгт Монголын банкны салбарын орчны талаар авч үзнэ. II хэсэгт сонгогдсон шилжилтийн эдийн засагтай болон Азийн хөгжиж буй орнуудын зээл, хадгаламжийн хүүний түвшинг Монголын зээл, хадгаламжийн хүүний түвшинтэй харьцуулсан харьцуулалтыг харуулна. III хэсэгт хүүний түвшин Монголын банкны салбарын эрүүл мэндэд тодорхой сөрөг нөлөө үзүүлж болох эсэх талаар авч хэлэлцсэн. IV хэсэгт хүүний түвшнийг бууруулах үйл ажиллагаанд дэмжлэг болгох зорилгоор боломжит бодлогын арга хэмжээнүүдийг санал болгосон.

I.    Оршил

1990-ээд оноос эхэлсэн Монголын шилжилтийн үйл явц бусад шилжилт явагдсан улс орнууд, ялангуяа ТУХН-ийн орнуудтай харьцуулахад харьцангуй өвдөлт багатай явагдсан. Эхэн үедээ алдагдал төдийлөн байгаагүй хэдий ч, ТЗЕБ-ын шилжилтийн үйл явцыг амжилттайгаар даван туулсан улс орнуудаас өсөлт нь хоцрогдсон юм.

Монголын шилжилтийн үйл явц 1990-ээд оны шат дараалсан санхүүгийн хямралын улмаас удааширсан[4]. Хэдийгээр эл байдал нь гадаад орчны нөлөөллөөс бий болсон ч, дараахь олон тооны хүчин зүйлс байдлыг улам бүр дордуулж байсан: засгийн газар ба улс төрийн хүчнүүд банкуудын шууд болон уламжлалт зээлийн бодлогод нөлөөлж байсан; банкны удирдлагын сул бүтэц нь гол хувьцаа эзэмшигчдийг активаа эргүүлж татахад хүргэсэн; мөн банкууд өөрсдөө дадлага, туршлага муутай байсан. Үүнээс гадна зээлийн эргэн төлөлтийн талаарх хууль, эрх зүйн оновчтой бус зохицуулалтууд нь зээлдэгчдийг “санаатайгаар төлбөрийн чадваргүй” болох нөхцөлийг бүрэлдүүлсэн. Энэ үед Монгол банк хатуу хяналтын дүрэм тогтоохын оронд дампуурлын ирмэгт тулсан банкуудад (өвчилсөн) туйлын уян хатан нөхцөлтэй, онцгой байдлын зээлийг олгож байсан. Үүний сацуу хадгаламжийн хоршоод бүр мөсөн хяналтаа алдаж, хууль, эрх зүйн хориг, хязгаарлалтуудыг ил тодоор зөрчиж, хийдүүлж байв.[5]

1998-1999 онд болсон хүндхэн хямралын дараагаас Засгийн газраас банкны системийг бэхжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулж, амжилттай хэрэгжүүлсэн. Стратегийн гол зорилго нь өвчилсөн банкуудын бүтцийг өөрчлөх, төрийн өмчийг бууруулах, Монгол банкнаас оновчтой заавар, журам гаргаж, тэдгээрийг дагаж мөрдүүлэх явцыг сайжруулж, зах зээлийн дэг журам, хөшүүргүүдийг бэхжүүлэх замаар банкны үйл ажиллагааг оновчтой удирдахад чиглэсэн. Хэдийгээр төлөвлөгөөг хэсэгчлэн хэрэгжүүлж байсан ч, банкны салбарт итгэх итгэлийг амжилттайгаар дахин бий болгож, мөнгөжүүлж чадсан юм. 2007 он гэхэд улсын өмчит бүх банкууд хувьчлагдсан. Сүүлийн жилүүдэд хурдацтай өргөжсөн ихэнх тэргүүлэгч банкууд санхүүгийн хувьд харьцангуй бэхжиж, зарим хувийн банкууд илүү боловсронгуй болгосон зээлийн арга хэлбэрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол банкнаас гаргасан заавар, журмыг мөрдлөг болгон баримталж ажиллах болсон.

Гэсэн хэдий ч зээлийн болон хадгаламжийн хүүний түвшин өндөр хэвээр л байна. Зарим банкуудын өсөлт, дэвшлийг эс тооцвол жижиг банкуудын хувьд зээлдэгчдийн зээлийн түүхийг хянан шалгах үйл явц нь хязгаарлагдмал хүрээнд явагдсаар байгаа нь тэдгээр банкууд улам бүр сул бүтэцтэй болсон мэт санагдуулж буй юм. Инфляцийн түвшин доогуур хэдий ч хадгаламжийн хүү маш өндөр бөгөөд банкууд тэдгээрийг бууруулахаас татгалздаг учир нь (i) зарим банкуудын хувьд хадгаламж нь санхүүжилтийн дийлэнх хэсгийг бүрдүүлж өгдөг (ii) банкуудын өрсөлдөгчид болох хадгаламж зээлийн хоршоодоос урьтаж харилцагч – хадгаламж эзэмшигчдээ татахын тулд өнөөг хүртэл бодит бус – өндөр хувийн хүүг санал болгосоор байгаа явдал юм. Тийм учраас банкууд зөвхөн шилдэг харилцагчдаас бусад харилцагчиддаа маш өндөр хувийн хүүтэй зээл олгосоор байгаа бөгөөд энэ нь зөвхөн богино хугацааны арилжаа хийх боломжийг олгох байдлаар үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг мохоож буй хэрэг юм. Гэхдээ 2007 оны 6 дугаар сард томоохон банкууд зээлийн хүүний түвшнээ бага зэрэг бууруулснаас үзэхэд эл байдал нь аажимаар өөрчлөгдөж эхэлж байгаагийн илэрхийлэл болж магадгүй л юм.

II.    Монголд хүүний түвшин өндөр үү?

Монгол болон түүнтэй ижил түвшний бусад орнуудын нэрлэсэн болон бодит хүүний түвшин хоорондын энгийн харьцуулалтыг хийж үзэхэд энэ асуултын хариулт нь – “тийм”.

А. Хүүний түвшин

Монгол дахь хадгаламжийн нэрлэсэн дундаж хүүний түвшин 1999 оноос эхлэн ТЗЕБ, ТУХН болон Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байсан. 2002 онд Монголд инфляцийн түвшин тогтмол буурсаар байсан хэдий ч хадгаламжийн хүүний дундаж түвшин тогтвортой байсаар ирсэн. Хэдийгээр 1999 оноос эхлэн Монголын зээлжилтийн дундаж түвшингийн үзүүлэлт буурч байсан ч энэ нь дээрх бусад бүлэг улсуудтай харьцуулахад хамгийн өндөр нь хэвээр байсан. (Зураг 1)

Монголын болон бусад сонгосон шилжилтийн эдийн засагтай орнууд ба Азийн хөгжиж буй орнуудын хадгаламжийн хүүний дундаж түвшинг харьцуулахад мөн л ижил туршилтын дүр зураг гарч байна (Зураг 2)[6]. Монголын хадгаламжийн хүүний дундаж түвшин 2003 оноос буюу Хуучны Югославын Бүгд Найрамдах Македон улсын хадгаламжийн хүүний түвшний огцом уналтын дараагаас Хорват, ХБН Македон, Румын, Серби зэрэг улсуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байсан. 1999-2007 онуудад Монгол дахь хадгаламжийн хүүний дундаж түвшин Камбож, Хятад, Лаос, Вьетнам болон бусад ТУХН-ийн ижил түвшний улсуудтай харьцуулахад хамгийн өндөр байсан ба зээлийн хүүний түвшин Хуучны Югославын Бүгд Найрамдах Македони болон Серби улсуудын хүүний түвшний огцом уналтын дараах үеэс буюу 2003 оны дунд үеэс эхлэн хамгийн өндөр түвшинд хүрсэн. 2003 онд Азийн хөгжиж буй орнуудын харьцуулалт хийсэн бүлэг улсууд дунд Лаос улсын зээлийн хүүний дундаж түвшин хамгийн өндөр түвшинд хүрч, Монголын зээлийн хүүний дундаж түвшин буурсаар байсан хэдий ч бусад харьцуулалт хийсэн орнууд дундаа хамгийн өндөр түвшний хүүтэй хэвээр байсан юм.

Бодит байдал дээрээс харахад Монгол болон бусад сонгогдсон орнуудын хадгаламж ба зээлийн хүүний түвшин эрс зөрүүтэй байгаа нь ажиглагдаж байна. Монгол дахь инфляцийн түвшин 2002 оноос тогтворжиж эхэлсэн ба 2005 оноос буурч эхэлсэн байна. 2006 оноос эхлэн Монгол дахь инфляцийн түвшин ТУХН-ийн болон ТЗЕБ-ын орнууд, Азийн хөгжиж буй орнуудаас доогуур түвшинд хүрсэн (Зураг 3). Хэдийгээр бусад харьцуулагч орнуудад инцфляцийн түвшиний бууралтыг дагаад хүүний түвшиний бууралт бий болж байсан ч, 2002-2007 онуудад Монголын банкууд сэтгэл ханамжтайгаар зээл болон хадгаламжийн бодит хүүний түвшинг өндөр хэвээр байлгасаар байв (Зураг 4). Үнэхээр ч 2007 оны 4 дүгээр сарын байдлаар Монголын бодит хүүний түвшин 14.1% байсан бол бусад ТУХН-ийн орнуудад 7%, ТЗЕБ-ын орнуудад 4% байсан юм. Гэхдээ Лаосын зээлийн хүү өндөр түвшинд байсны ачаар азийн хөгжиж буй орнуудын хүүний дундаж түвшин бараг л иймэрхүү хэмжээнд байсан. Энэ үед Монгол дахь хадгаламжийн хүүний дундаж түвшин 8.3% байсан бол бусад шилжилтийн эдийн засагтай орнуудад уг үзүүлэлт тэг рүү ойртсон буюу зарим нь сөрөг утгатай байсан юм.

В. Хүүний түвшний зөрүү

Монголд зуучлалын зөрүү 1999 оноос тогтмол буурч эхэлсэн. Ингээд 2007 оны эхэнд ТЗЕБ орнуудын зуучлалын зөрүүний дундаж түвшинд хүрч, 2006 оны дунд үеэс хойш ТУХН болон Азийн хөгжиж буй орнуудын дундаж түвшнээс доогуур түвшинд байх болсон (Зураг 4).

Хүүний түвшин өсч, зуучлалын зөрүүний буурсаар байсан нь Монголын арилжааны банкуудад магадгүй өндөр эрсдэлтэй алхам хийх буюу зээл олголтын шийдвэр гаргахтай холбоотойгоор ихэнх зардлаа хадгаламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

III.     Монголын банкны салбарын эрүүл байдалд ямар нэгэн асуудал бий юу?

Шилжилтийн эдийн засагтай орнуудад хэдэн жилийн өмнө тохиолдсоны адилаар, зээлийн болон хадгаламжийн хүүний түвшин хурдацтайгаар унаж эхлэх үед Монгол улс эргэлтийн агшин дээр ирж болох юм. Үнэхээр ч Монгол улс 2000 оны эхэн үеэс алслагдсан зай, санхүүгийн хямрал ба хахир хатуу өвөл зэргээс шалтгаалан шилжилтийн үйл явц нь удааширч эхэлсэн юм. Магадгүй энэ нь зээл, хадгаламжийн хүүний түвшингээ бусад шилжилтийн эдийн засагтай орнуудаас дээгүүр хэмжээнд хадгалж үлдэх нөхцөл нь болсон байж болно.

Монголын банкны сектор дахь өнөөгийн ахиц дэвшил нь, зээл болон хадгаламжийн хүүний түвшин буурах жам ёсны үйл явц нь одоо дөнгөж эхэлж байгааг эсвэл аль хэдийнэ эхэлчихсэн гэдгийг илэрхийлж байж болно. 2007 оны 2 дугаар улирлаас эхлэн Монголын томоохон банкууд зээлийн хүүгээ бууруулсаны дараагаас хадгаламжийн хүүний түвшингээ мөн бууруулах болсоноо мэдэгдэж эхэлсэн. Гэхдээ зарлагдсан хүүний түвшинээс гажсан зарим нэг дүр зургийг, тухайлбал зарим арилжааны банкууд шилдэг харилцагчиддаа нилээд доогуур хувийн хүүтэй зээл олгодог зэргийг эндээс харж болно[7]. Энэ нь жижиг арилжааны банкуудын хувьд санхүүгийн байдлаа сайжруулахад нь дөхөм болохуйц үлгэр дууриал болж, үүнийг мөрдлөг болгон дагах үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй юм.

Нөгөө талаас сүүлийн үеийн судалгаануудаас харахад уламжлалт санхүүгийн статистик болон банкны зохистой харьцааны үзүүлэлтүүд зэрэг нь хөгжингүй орнуудын нөхцөлд илүү тохиромжтой бөгөөд эдгээр орнуудад ашиглагддаг банкны үйл ажиллагааны үнэлгээний үзүүлэлтүүд болоод банкны салбарыг тогтворжуулах арга хэрэгслүүд нь хөгжиж буй зах зээлтэй орнуудын хувьд тийм ч үр нөлөөтэй бус байж болох талтай. Үнэхээр ч, макроэдийн засгийн тогтворгүй байдал нь хөгжиж буй зах зээлтэй орнуудын банкуудад ихээхэн бэрхшээл бүхий дараахь 2 замаар аюул учруулж болзошгүй юм: банкны санхүүжилтийн нөөцийг цөлмөх, эсвэл банкны активын зэрэглэлийг бууруулах явдал юм. Rojas Suarez (2007) (i)хадгаламжийн хүүний түвшин, (ii) зуучлалын зөрүүний өсөлт ба (iii) зээлийн багцын өсөлт гэсэн 3 хэсгээс бүрдсэн, хөгжиж буй зах зээлийн орнуудын банкны салбарын эрүүл байдлыг шинжлэх альтернатив багц үзүүлэлтүүдийг санал болгосон.

Эдгээр 3 үзүүлэлтүүд нь, зарим банкны зээлийн багцын өсөлт бусад банкуудаас илүү хурдацтай байгаа үед; хадгаламжийн хүүний түвшин банкны систем дэх бусад банкуудын санал болгосноос илүү өндөр байх үед; мөн зуучлалын зөрүү банкны системийн дундажаас доогуур байх зэрэг тохиолдолд банкны үйл ажиллагааны эрсдэлийн түвшний үр ашигтай үнэлгээг хийх нөхцөлийг бүрдүүлж өгч чадна.

Эмпирик дүн шинжилгээнд хөгжингүй орнуудын зуучлалын зөрүүний талаарх тайлбарын харьцуулалт нь, хөгжиж буй зах зээлийн орнуудад хүүний түвшний зөрүү бага байх нь үргэлж банкны үйл ажиллагааны үр ашигтай байдлын өсөлтийг илтгэдэггүй болохыг баталж харуулсан. Хүүний зөрүү бага бөгөөд хадгаламжийн хүү өндөр хувьтай байгаа нь сул бүтэцтэй, жижиг банкуудад илүү их өндөр эрсдэл хүлээх нөхцөлийг бүрэлдүүлдэг. Чухамдаа, хөгжиж буй зах зээлийн орнуудын банкууд зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийн тулд эрсдэлтэй зээлдэгчдэд зээл олгож, зээлийн хүүний түвшинг өндөр тогтоох замаар богино хугацаанд зээлийн багцаа өргөжүүлж болзошгүй юм. Ингэхийн тулд өндөр хувийн хүүтэй хадгаламж санал болгох замаар илүү их хэмжээний хадгаламжийн хөрөнгийг татаж, түүгээрээ эдгээр зээлийн санхүүжилтийг бүрдүүлсэн байж болно. Ингэснээр эрсдэлтэй банкуудын хувьд зуучлалын зөрүү буурдаг бөгөөд бүр өндөр эрсдэл хүлээх үед энэ нь бүр ч доогуур түвшинд очдог[8].

Монгол улс хувийн сектор дахь зээлийн өндөр өсөлтийн үеийг даван туулсан бөгөөд энэ нь 2005 болон 2007 онуудад дахин хурдацтайгаар өссөн юм. Зарим талаар үүнийг 2000 оноос эхэлсэн хахир хатуу өвлөөс үүдэлтэй санхүүгийн хямрал болоод эдийн засгийн уналтаас хойш бодит эдийн засгийг гүйцэж очсон байдал гэж тайлбарлаж болох юм. Гэсэн хэдий ч, сүүлийн 2 жилд (2005 оны 3 дугаар сараас 2007 оны 3 дугаар сард) эдийн засгийн жилийн бодит өсөлт 6-8% байх үед, хувийн сектор дахь зээлийн түвшин дунджаар 31% өссөн байв. 2007 оны 1 дүгээр улиралд хувийн сектор дахь зээлийн өсөлт 57% хүртэл хурдацтайгаар нэмэгдсэн (Зураг 6). Хувийн сектор дахь зээлийн бодит хүүний түвшин ба зээлийн өсөлт хоорондын хамаарал 2005-2007 оны 3 дугаар сард -0.6[9] байсан ба энэ нь зээлийн тэлэлт болон зээлийн эрэлт нь бодит зээлийн хүүний түвшинд мэдрэмжтэй байсныг илэрхийлж буй юм: бодит зээлийн хүүний түвшин буурахад банкууд хувийн компаниудад илүү их зээл олгож байсан ба эсрэгээрээ, бодит зээлийн хүүний түвшин өсөхөд зээлийн олголт буурч байсан.

Монголын банкны салбарыг эрүүл байлгахын тулд хөгжиж буй зах зээлийн орнуудын эрсдэлийн түвшинг тогтоогч 3 альтернатив үзүүлэлтүүдийг бүгдийг нь урьдчилсан байдлаар онцолж тодотгох нь зүйтэй болов уу.

Нэгд, хэдийгээр Монголд инфляцийн түвшин тогтмол буурсаар байсан ч, хадгаламжийн хүүний түвшин бусад ижил түвшний орнуудтай харьцуулахад үнэмлэхүй өндөр байсан ба энэ нь 2002 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй.

Хоёрт, Монголын зуучлалын зөрүү 2006 оны дунд үеэс эхлэн багассан ба сүүлийн жилүүдэд ТУХН-ийн болон Азийн хөгжиж буй орнуудаас ч доогуур түвшинд хүрсэн. Тийм учраас Монголын зарим банкууд магадгүй доогуур түвшний инфляци болоод эдийн засгийн өндөр өсөлттэй нөхцөлд наад зах нь их хэмжээний эрсдэлийг үүрч эхэлсэн байж болох юм.

Санхүүжилтийн альтернатив хувилбаруудтай, эрсдэлийн удирдлагын арга хэрэгслүүдээ сүүлийн жилүүдэд өөрчилж, шинэчилсэн Монголын томоохон банкууд нь эрсдэлтэй бус байж болно. Учир нь тэдгээр банкууд нь өөрсдийн зээлийн багцын чанар, зэрэглэлийг сайжруулсан байхын зэрэгцээ  олон улсын санхүүгийн зэх зээл дээрээс санхүүжилтийн хямд эх үүсвэр бий болгох өөр нэгэн хувилбартай учраас хадгаламжаас шууд хараат бус байж чаддаг.

Харин, сул бүтэцтэй банкуудын хувьд хадгаламжийн хүү өндөр, зуучлалын зөрүү бага байх тохиолдолд банкинд тавигддаг шаардлага, нөхцөлийг биелүүлж, хэрэгцээгээ хангахын тулд хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч эхэлж болзошгүй юм. Монголын жижгэвтэр банкууд магадгүй олон улсын санхүүгийн зах зээлд гарах эрхгүй байдаг ба тэдгээрийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь (банк хоорондын хадгаламжийг мөн оролцуулан) хадгаламж юм. Гэсэн хэдий ч зээлийн өндөр хувийн хүү санал болгож байгаа нь эрсдэлтэй зээлдэгчдийг татаж буй хэрэг. Зээлийн нэгдсэн бүртгэлийн товчоогүйгээр зээлдэгчдийн чадвар, зээлийн чанарыг шалгах гэдэг бараг л боломжгүй зүйл ба эл байдал нь магадгүй найдваргүй зээлийн түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд ийм маягаар банкууд хадгаламжийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг.

IV.  Шилжилтийн эдийн засагтай сонгогдсон орнуудын хувийн сектор дахь зээлийн өсөлт

1990-ээд оны дунд үеэс эхлэн Монгол болон бусад шилжилтийн эдийн засагтай улс орнуудын хувийн сектор дахь зээлийн өсөлт хурдацтайгаар нэмэгдсэн. Энэ нь магадгүй дараахь 2 эрс ялгаатай хөгжлийн үйл явцад тусгалаа олсон юм. Нэгдүгээрт, тогтолцооны өөрлөлтийн дараа  санхүүгийн салбарын хөгжил улам гүнзгийрч хурдацтай хөгжиж эхэлсэн; хоёрдугаарт, дотоод дахь эрэлт хэрэгцээг хүчтэй нэмэгдүүлж, дотоодын урсгал дансыг хэт халааж, уналтанд оруулах нөхцөлийг бүрэлдүүлсэн их хэмжээний зээлийн мөчлөгийн өсөлт зэрэг болно[10].

Энэ хэсэгт Монгол улс санхүүгийн салбарын хөгжлийн гүнзгийрэлд эсвэл их хэмжээний зээлийн өсөлтийн үеийн алинд байгаа эсэхийг судална. Үүний тулд бүтцэд болон эдийн засгийн “тулгуурт” суурилсан, хувийн секторын зээлийн түвшний “тэнцвэрт” байдлыг үнэлэхэд  чиглэсэн боломжит дүн шинжилгээний арга хэрэгслийг ашиглана. Гэхдээ эконометрик шинжилгээнээс гарах үр дүн нь хамгийн оновчтой нь биш байж болож болох талтайг анхаарах хэрэгтэй.

Уг шинжилгээнд хувийн сектор дахь банкны зээлийн бүтцийг тодорхойлогч хүчин зүйлийн эконометрик загварыг ашигласан (BCPS)[11].  Энэхүү загвар нь BCPS-ийг ДНБ-ний дараахь харьцаанаас хамааруулан:

  • Улсын өр ба ДНБ-нийг харьцаа (Улсын өр Ү). Энэ нь хувийн секторт хэдий хэмжээний зээл олгогдсоныг илэрхийлэгч үзүүлэлт.
  • Нэг хүнд ногдох ДНБ (GDPPC), энэ нь улс орны эдийн засгийн хөгжлийг илэрхийлэгч үзүүлэлт.
  • Инфляци, энэ нь эдийн засгийн тогтвортой байдлыг илэрхийлэгч үзүүлэлт.
  • Санхүүгийн чөлөөт байдлын индекс (LibIndex)[12], банк байгуулахад тавигдах шаардлагууд (EntryRestrictions) ба удирдлагын зэрэглэл (Inst).
  • Хуулийн эх сурвалж, гарал үүсэл (Герман, Франц эсвэл Англи) (GermanOrigin).
  • Бусад завсрын хувьсагдахуунуудын өөрчлөлт (хэдийгээр коэфициент нь өчүүхэн бага утгатай)[13].

Үнэлгээг хийхдээ хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай 24 орны 1973-1996 оны тоон мэдээллүүдийг болон санамсаргүй хувьсагдахууны нөлөөллийн GLS үнэлгээний аргыг уг загварт ашигласан.

 * – энэ нь 10% гэсэн утгыг илэрхийлнэ.

Тооцоологдсон коэффициентууд нь ТЗЕБ-ын зарим сонгогдсон орнуудын болон Монголын (2006 оны байдлаарх) BCPS хувьсагдахууны тэнцвэрт түвшнийг үнэлэхэд ашиглагдсан. Тэдгээр улсуудын тоон мэдээллийг цуглуулахад маш олон төрлийн мэдээллийн эх сурвалжуудыг ашигласан[14] болно. Сонгогдсон орнуудын хувийн зээлжилтийн тэнцвэрт буюу таамагласан түвшин 2006 онд одоогийнхоос үнэмлэхүй доогуур түвшинд (Албаниас бусад орон) байсан байна. Энэ нь магадгүй эдгээр орнуудын зээлийн хурдацтай өсөлтөөс үүдэлтэйгээр үүсч болзошгүй эдийн засгийн халалтын шинж тэмдгийг илэрхийлж байж болно.

Зээлийн хурдацтай өсөлт нь макроэдийн засгийн болон санхүүгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг учраас үүнийг маш нарийн удирдлага, хяналтан дор байлгах шаардлагатай. Банкны зээлээр дэмжигдсэн өндөр эрэлт нь урсгал дансыг хэт халалт, уналтанд чиглүүлж болох бөгөөд мөн түүнчлэн валютын ханшинд нөлөөлж, хэлбэлзэлд оруулж болзошгүй юм. Дотоод зээлийн хэрэгцээгээ хангахын тулд гадаадын банкуудаас зээл авах нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр эзлэх байр суурийг улам бүр сулруулж, амархан уналтанд орох боломжийг нэмэгдүүлж болзошгүй. Үүнээс гадна, макроэдийн засгийн зарим сул талууд нь магадгүй зээлийн эрчимтэй өсөлтийн нэг хэсэг нь болж тайлбарлагдаж болно. Мөн түүнчлэн, хурдацтай зээлийн өсөлт нь банкуудын, ялангуяа жижиг, сул бүтэцтэй зээлийн байгууллагуудын активын зэрэглэлийг бууруулахад хүргэж болно.  Хэрвээ зээлийн үнэлгээний стандарт хэтэрхий сул байвал, эрсдэлийн талаар илүү өөдрөг ойлголттой болж, эргэн төлөгдөхгүй зээлийн хуримтлал бий болно. Макроэдийн засгийн тогтворгүй байдал ба банкны тайлан тэнцэлийн доройтол зэргийн хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд банкны стресс буюу бүр цаашилбал банкны системийн хямралд хүрэх болно.

Тийм учраас, эрсдэлийн удирдлага хангалттай бус, зээлдэгчдийн талаарх мэдээлэл хомс, эдийн засгийн олон талт хөгжлийн үйл явц бүрэлдээгүйгээс үүдэлтэй томоохон эрсдэлийн төвлөрөл бүхий, харьцангуй энгийн бүтэцтэй банкны салбартай улс орнууд нь зээлийн хурдацтай өсөлтийг маш анхааралтай судлах шаардлагатай. Эдгээр хүчин зүйлсийн зарим нь (төвлөрөл ба зээлийн эрсдэл) Монголд тулгамдаад буй асуудлууд юм. Энэ тохиолдолд зохицуулалтын дүрэм, журмыг  чанд хатуу баталгаажуулж, зээлийн мэдээллийн нэгдсэн товчоо байгуулах замаар зээлдэгчдийн талаар нэмэлт мэдээлэл цуглуулдаг болох зэрэг нь нэн тэргүүний зорилтууд болно.

V.  Бодлогын арга хэмжээний талаар санал болгох нь

Хэрэв шаардлагатай тохиолдолд Монгол банкнаас хэрэглээний хүүний түвшинг бууруулах замаар банкны салбарт тодорхой туслалцаа үзүүлж болно. Үүнтэй холбоотойгоор банкны системийн эрсдэлийг оновчтойгоор удирдах зайлшгүй нөхцөл нь үйл ажиллагаа нь хэвийн, зохистой явагдаж буй зээлийн товчоотой байх явдал юм. Мөн түүнчлэн Монгол банкнаас хадгаламж зээлийн хоршоод зэргийг багтаасан, илүү өргөн хүрээнд үйлчлэх, хувийн эзэмшлийн зээлийн товчоо байгуулах үйл явцыг дэмжих боломжтой. Зээлийн товчоодын үйл ажиллагаа зөв чиглэлд явагдаж, нэгэнт тогтворжсон байхад зээлийн хүүний түвшин буурсаар байгаа нөхцөлд ч зээлийн хурдацтай өсөлтийн эрсдэл нь тодорхой нэг түвшинээс хэтрэхгүй, тогтмол хэмжээнд хадгалагдсаар байх болно.

Үүний сацуу Монгол банк сонор сэрэмжтэй байдлаа хэвээр хадгалж, банкны салбарын зохицуулалт, хяналт зэргийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлсээр байх шаардлагатай. Мөн банкны салбарт учирч болох эрсдэлийн түвшний альтернатив үзүүлэлтүүдийн боломжит шинж тэмдгүүдийг Монгол банкнаас үнэлж, тогтоох хэрэгтэй. Хадгаламжийн хүү өндөр түвшинд, зуучлалын зөрүү бага байх нь жижиг, сул бүтэцтэй банкуудыг дампууралд хүргэж, улмаар энэ нь цаашлаад хадгаламж эзэмшигчдэд халдварлаж болзошгүй юм. Тийм учраас Монгол банкинд хадгаламжийн даатгал болон аюулгүй байдлыг хангах бусад арга хэрэгсэл бүхий, урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүсэхэд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө байх шаардлагатай.

Зээлийн мэдээллийн нэгдсэн товчоог оновчтой зохион байгуулж, үр нөлөөтэй хяналтын системийг бүрдүүлэх үйл явц нь удаан хугацааны туршид авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүд болохоор эдийн засгийн халалтыг бий болгож, банкны потенциал хямралын нөхцөл байдлыг үүсгэдэг юм. Тиймээс Монгол банк дээрхи арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардагдана. Монгол банкнаас дээрхи арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ банкны эрсдэлийн удирдлагын чанарыг сайжруулах ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай.

Богино хугацааны нөхцөлд, өндөр түвшний зээлийн хүүний асуудлыг шийдвэрлэж, хүүний түвшинг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол банкинд засгийн газрын зүгээс дарамт шахалт учруулж болзошгүй юм. Энэ тохиолдолд, ялангуяа эдийн засгийн потенциал халалтаас үүдэлтэй дарамт бий болсон тохиолдолд, богино хугацаанд авч хэрэгжүүлдэг хэд хэдэн аргууд байдаг. Тэдгээр аргуудын дунд тухайлбал, зээлийн хүүний түвшин болон зээлийн өсөлтийн дээд хязгаарыг тогтоож, хяналт тавидаг, удирдлагын шууд хяналтын арга гэж байдаг. Гэхдээ шууд хяналтын аргын зах зээлийг удирдагч параметрүүд нь зөвхөн бий болсон үр дүнг нь судалдаг ба өндөр хүүний түвшний болоод зээлийн хурдацтай өсөлтийн асуудлуудын уг гарал, шалтгааныг нь судалдаггүй учраас энэ аргыг зөвхөн богино хугацаанд ашиглахад илүү үр нөлөөтэй байж болох талтай. Учир нь бусад улс орнуудын туршлагаас харахад, хүүний түвшний дарамт болоод зээлийн хурдацтай өсөлт зэрэг нь эдийн засгийн аль нэг өөр хэсэг рүү шилжиж, бусад салбаруудын үйл ажиллагааг доголдуулж, уналтанд оруулж байгаа нь эдгээр арга хэмжээний хэрэгжилтийн үр нөлөөгүй байдлыг илэрхийлдэг юм.

 Ашигласан материалууд

Abiad, A. and A. Mody, “Financial Reform: What Shakes It? What Shapes It?,” IMF Working Paper WP/03/70 (Washington: International Monetary Fund).

Bath, R., C. Gerard, and R. Levine, 2002, “Bank Regulation and Supervision: What Works Best?” Journal of Financial Intermediation, National Bureau of Economic Research, Working Paper Series (U.S.) No. 9323, pp.1-46 (November).

Cottarelli, C., G. Dell’Ariccia, and I. Vladkova-Hollar, 2003, “Early Birds, Late Risers, and Sleeping Beauties: Bank Credit Growth to the Private Sector in Central and Eastern Europe and the Balkans,” IMF Working Paper WP/03/213 (Washington: International Monetary Fund).

International Monetary Fund, Mongolia: Country Reports, various years.

International Monetary Fund, 2004, Are Credit Booms in Emerging Markets a Concern? In World Economic Outlook, April. (Washington: International Monetary Fund).

International Monetary Fund, 2005, Mongolia: Ex Post Assessment, Washington D.C.:

International Monetary Fund.

Rojas-Suarez, L., 2007, “Rating Banks in Emerging Markets: What Credit Rating Agencies Should Learn from Financial Indicators,” Mimeo, Institute on International Economics, Washington D.C.


[1] Туркменистанаас бусад.

[2] Азийн хөгжиж буй орнуудад Камбож, Хятад (эх газар), Лаос ба Вьетнам зэрэг улсуудыг багтаасан.

[3] Зуучлалын зөрүү гэдэг нь зээлийн болон хадгалмжийн хүүнйи түвшний зөрүүг хэлнэ.

[4] Банкны системийн хямрал 1994, 1996 ба 1998-1999 онуудад тохиолдсон.

[5] ОУВС, 2005.

[6] Тоон өгөгдлүүдийг дунджаар авч үзэх нь мэдээллийг  бүрэн илэрхийлэхгүй байж болно. Тийм учраас тоон өгөгдлүүдийг тухайн тус бүрээр авч үзэх нь илүү чухал юм.

[7]  ”Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд сонгогдсон арилжааны банкуудтай хийсэн уулзалтын үр дүнд үндэслэгдсэн.

[8] Rojas-Suarez, 2007.

[9] Эдгээр 2 хувьсагчдын хоорондын хамаарал 1996-2007 оны 12 сард -0.49 байсан.

[10] ОУВС, 2004

[11]  Cottarelli, Dell’Ariccia, ба Vladkova-Hollar, 2003.

[12]  Монголоос бусад орнуудын санхүүгийн чөлөөт байдлын 2002 оны байдлаарх индекийн үзүүлэлтийг авч ашигласан (хамгийн сүүлд гаргасан мэдээллийн дагуух).

[13] HighInfl –тогтоосон хязгаараас давсан инфляцийг илэрхийлэгч dummy хувьсагдахуун. (1/Infl-1/InflThreshold) – хугацааны I болон t үеүдэд тухайн орны инфляцийн түвшин тогтоосон хязгаараас хэр хол эсвэл ойр түвшинд байгааг илэрхийлэгч. LibIndexурт хугацаанд санхүүгийн салбарын хөгжлийн гүнзгийрэлд эерэг нөлөө үзүүлэнэ гэсэн таамаглал бүхий, дотоодын санхүүгийн системийн болон хөрөнгийн дансны санхүүгийн чөлөөт байдлыг илэрхийлэгч индекс. EntryRestrictionsбанкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад хууль, эрх зүйн хэдий хэрийн хатуу чанга шаардлага тавигддаг эсэхийг илэрхийлэгч, банкны салбарын чөлөөт байдлын индекс; энэ нь санхүүгийн салбарын хөгжлийн гүнзгийрэлд сөрөг нөлөөтэй гэж таамагласан. Удирдлагын зэрэглэл (Inst) – зээл олгох шийдвэр гаргахад үндэслэж буй мэдээллийн хяналтыг илэрхийлэгч индекс; энэ нь санхүүгийн салбарын хөгжлийн гүнзгийрэлд эерэг нөлөөтэй гэж таамагласан. Учир нь илүү их мэдээлэлтэй болсноор учирч болох активын эрсдэлийг бууруулна гэж үзсэн. Хуулийн эх сурвалж нь мөн л санхүүгийн салбарын хөгжлийн гүнзгийрэлд онцлох нөлөөтэй гэж үзсэн. Ялангуяа Германы иргэний хуулийн системд хувийн өмч, гэрээ хэлцлийг боловсронгуй болгох болон сайн-банкыг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг давамгайлан хамгаалсан байдаг. Үүнийг тооцоолохын тулд Германы хуулийн эх сурвалжийг уг загварт багтаасан.

[14] 2006 оны байдлаарх макроэдийн засгийн үзүүлэлтүүдийг Дэлхийн Эдийн Засгийн (WEO) Тойм болон ОУСК (IFC)-иас авсан. Монголын санхүүгийн чөлөөт байдлын индексийн 2006 оны үзүүлэлтийг Санхүүгийн Салбарын Үнэлгээний Баг (FSAP)-ийн боловсруулсан судалгаанаас, харин бусад орнуудын мэдээллийг Cottarelli, Dell’Ariccia, ба Vladkova-Hollar (2003) 2002-аас авсан болно. Удирдлагын зэрэглэлийн үзүүлэлтүүдийг Дэлхийн банкнаас гаргасан удирдлагын 6 үзүүлэлтүүдийн дунджаар тооцсон. Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хяналтыг Barth, Caprio, ба Levine (2002)-д үндэслэж тооцоолсон бөгөөд утга нь өндөр болох тусам хяналт өндөр түвшинд байгааг илэрхийлнэ. Энэхүү индексийг http://www.worldbank.org/research/interest/prr_stuff/bank_regulation_database.htm. хаягаар орж үзэх боломжтой. Монголын хувьд уг индексийг Монгол банкны мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, хянагдсаны үндсэн дээр, ойролцоо утгаар авсан.