Хэрэглээний үнийн индексийн өсөлтийн талаар ОУВС-гийн хийсэн судалгааны тухай

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэн манай улсын Хэрэглээний үнийн индекст судалгаа хийж, инфляци хурдсах хандлагатай байгааг илрүүлжээ. Үнийн өсөлт хурдсах гол шалтгаан нь нийт эрэлт болоод махны үнийн өсөлт гэж тодорхойлжээ.

Зураг 1. Хэрэглээний үнийн индекс

Зураг 1-т үзүүлснээр 2008-2010 оны 8-12 дугаар саруудад ХҮИ буурч байсан бол 2011 оны 8-9 дүгээр саруудад энэ хандлага арилж, үнэ өсөх байдалтай болсон байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнийн индекс 2011 оны 6-9 саруудад өсөлттэй байсан нь өмнөх онуудад (2007-2010 онд) энэ бүлгийн барааны үнийн индекс 6 дугаар сараас хойш буурч байсан хандлагыг эвдсэн байна.

Зураг 2. Махны үнийн индекс

Мөн дээрх өөрчлөлтүүдийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн болон төрийн зохицуулалттай зарим бараа бүтээгдэхүүнүүдийг хасч тооцсон инфляци мөн өсөх хандлагатай байгаа ба улирлын нөлөөллийг арилгаж тооцсон инфляци 9 дүгээр сарын байдлаар 24 орчим хувьд хүрсэн тооцоо гарсан байна.

Энэхүү судалгааны гол ажиглалт нь Монголд хэрэглээний бараа үйлчилгээний үнэ цаашид өсөх нөхцөл байдал бүрэлдсэн явдал юм. Хэрэв улирлын шинжтэйгээр оны эцэст үнийн өсөлт саардаг хандлага 2011 онд ажиглагдахгүй бол инфляци 20 гаруй хувьтай гарах бодит эрсдэл байна гэсэн үг юм.

Эдийн засгийн нийт эрэлт нэмэгдэж байгаа нь оны сүүлийн хагас жилд махны болон бусад бүтээгдэхүүний үнэ буурдаг хандлагыг өөрчилж байна гэж үзэж болохоор байна. Тиймээс Засгийн газраас цаашид нийт эрэлтийг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээг болгоомжтой хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг юм.