Улсын төсвийн татварын орлогын 2011 оны эхний 9 сарын танилцуулга

Улс, орон нутгийн төсөвт 2011 оны эхний 9 сарын байдлаар 1270.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө өгөгдсөнөөс 1428.3 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс төвлөрүүлж төлөвлөгөө 112.4 хувиар буюу 157.9 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Үүнд:

Аймаг, нийслэл, дүүргийн татварын албадаас орон нутгийн төсөвт 303.5 тэрбум төгрөг оруулахаас 348.7 тэрбум төгрөгийг оруулж төлөвлөгөө 114.9 хувиар буюу 45.2 тэрбум төгрөгөөр, улсын  төсөвт 966.9 тэрбум төгрөг оруулахаас 1079.6 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөө 111.7 хувиар буюу 112.7 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

            Эхний 9 сарын  татварын орлогын нийт гүйцэтгэлийг өмнөх оны мөн үеийн орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 410.4 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсний 271.9 тэрбум  төгрөг буюу 66.3 хувь нь улсын төсөвт, 33.7 хувь буюу 138.5 тэрбум төгрөг нь орон нутгийн төсөвт тус тус илүү төвлөрсөн байна.

           Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 104.7 тэрбум төгрөгөөр буюу  8.9 хувиар өслөө. Энэхүү өсөлтөнд уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмөрийн хүдэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.9 хувиас 2.1 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 1.2 хувиас 9.9 дахин нэмэгдсэн нь төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.

Улсын төсвийн татварын орлогын нийт дүнгийн 35.3 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 30.4 хувийг уул уурхайн салбараас авч буй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 21.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 6.1 хувийг онцгой албан татвар, 1.2 хувийг агаарын бохирдлын төлбөр, 5.2 хувийг зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого эзлэж байна.

Улсын төсөвт төвлөрүүлсэн 1079.6 тэрбум төгрөгийн татварын орлогын  86.5 хувийг том татвар төлөгчдөөс, 13.5 хувийг аймаг, нийслэл, дүүргүүдийн татварын албадтай харьцагч татвар төлөгчдөөс төвлөрүүлжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар улсын төсөвт 330.0 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 381.1 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс төвлөрүүлж, төлөвлөгөө 115.5 хувиар буюу 51.1  тэрбум төгрөгөөр давж биеллээ.

ААНОАТ-ын орлого нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 126.0 тэрбум төгрөгөөр буюу 49.4 хувиар  өссөн үзүүлэлттэй байна.

      Эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авалтын дүнгээс харахад  ААНОАТ-аар 252.6 тэрбум төгрөгийн татвар ногдуулалт гарсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ногдуулалт 64.9 хувиар буюу 99.4 тэрбум төгрөгөөр өсчээ.

ААНОАТ-аар 9 сард 37.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч,  38.3 тэрбум төгрөгийн татварын авлагын үлдэгдэлтэй, 29.2 тэрбум төгрөгийн татварын илүү төлөлттэй гарлаа. ААНОАТ-ын авлагын үлдэгдэл 38.3 тэрбум төгрөгнөөс 8.9 тэрбум төгрөг буюу 23.2 хувийн өрийг Алтандорнодмонгол ХХК, 4.6 тэрбум төгрөг буюу 12.0 хувийг Лейтон ХХК-ийн, 2.1 тэрбум буюу 5.5 хувийг Монгол газар ХХК-ийн өр тус тус эзлэж байна.

           Нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт оны эхний 9 сард 211.0 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөгдсөнөөс 234.3 тэрбум төгрөг оруулж, төлөвлөгөө 23.3 тэрбум төгрөгөөр буюу 11.0 хувиар давж биеллээ.

            Оны эхний 8 сарын байдлаар НӨАТ төлөгч  16055 аж ахуйн нэгжийн 94.4 хувиас НӨАТ-ын тайлан авсан бөгөөд нийт татвар төлөгчийн 31.6 хувь буюу 4796 татвар төлөгч үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан ирүүлсэн ба 241.3 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголттой, 57.9 тэрбум төгрөгийн татварын авлагатай гарлаа. Дээрх авлагын 45.7 хувь буюу 26.5 тэрбум төгрөгийг  хураан барагдуулж 31.4 тэрбум төгрөгийн авлагатай байгааг 10 сард оруулахаар ажиллаж байна.

НӨАТ-ын эхний 8 сарын тайлангийн ногдуулалт өмнөх оны мөн үеэс 98.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж гарлаа.

            Аж ахуй нэгжийн НӨАТ-ын паданы орлого, зарлага болон НӨАТ-ын буцаан олголтонд хяналт тавих зорилгоор НӨАТ-ын программд өөрчлөлт хийж 9 сарын НӨАТ-ын тайланг шинээр боловсруулсан программаар авч байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр Хүний хөгжлийн санд 299.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 328.0 тэрбум төгрөг төвлөрүүлж  төлөвлөгөө 28.5 тэрбум төгрөгөөр давж 109.5 хувийн биелэлттэй гарлаа.

АМНАТ-ийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 246.9 тэрбум төгрөгөөр өссөн харагдаж байгаа боловч уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч аж ахуйн нэгжүүдийн эхний 9 сарын АМНАТ-ийн тайлангийн ногдуулалтаар гарсан татварын илүү төлөлтийг хасч тооцоход 189.0 тэрбум төгрөгийн орлогын бодит өсөлттэй байна.

Эхний 9 сарын  АМНАТ-ийн тайлангаар 327.1 тэрбум төгрөгийн ногдуулалт гарч, улс, орон нутгийн төсөвт 376.4 тэрбум төгрөг төвлөрч ногдуулалтаас 36.1 тэрбум төгрөгөөр илүү орлого орсон нь зарим аж ахуйн нэгжээс орлогыг төсөвт илүү дайчилсантай холбоотой юм. Жишээ нь: Эрдэнэт үйлдвэр 3.1 тэрбум төгрөгийн, Энержи ресурс 6.8,  Таван толгой ХХК 14.6 тэрбум, МАК 6.6 тэрбум, Чинхуа МАК нарийн сухайт 1.2 тэрбум, Болд төмөр ерөө гол 1.5 тэрбум төгрөгийн илүү төлөлттэй байна. АМНАТ-ийн орлогоор 1.0 тэрбум төгрөгийн татварын авлагатай байгаагаас Монголросцветмет ХХК 669.1 сая төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй гарлаа.

           Алт олборлогч аж ахуй нэгжүүдээс эхний 9 сарын байдлаар өссөн дүнгээр 4.1 тонн цэвэр алтыг Стандарчлал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн лабораториар сорьц тогтоолгож, Монгол банк болон арилжааны бусад банкинд 3.1 тонн алт тушааж 191.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж алтны АМНАТ-ын орлогоор 17.5 тэрбум төгрөгийн ногдуулалт гарч орлогын 70.0 хувь болох 12.2 тэрбум төгрөгийг улсын төвлөрсөн төсөв, 30 хувь болох 5.2 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлд тус тус тооцсон болно.

         Онцгой албан татвараар  эхний 9 сард  улсын төсөвт 74.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 66.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж,  пивоны ОАТ-ын орлогын төлөвлөгөө 484.2 сая төгрөгөөр давж, архины ОАТ-ын төлөвлөгөө 6.3 тэрбум төгрөгөөр буюу 11.7 хувиар, тамхины ОАТ-ын төлөвлөгөө 1.8 тэрбум төгрөгөөр буюу 18.2 хувиар тус тус тасарч гарлаа. Өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад онцгой албан татварын орлого 1.7 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Оны эхний 8 сарын байдлаар онцгой албан татвартай бүтээгдэхүүний үйлддвэрлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс архины үйлдвэрлэлт  2.9 хувиар буурч, пивоных 17.7 хувиар, тамхиных 75.0 хувиар тус тус өссөн нь борлогдоогүй бүтээгдэхүүний үлдэгдэл нилээд байгааг харуулж байна.

Эхний 8 сарын архи, дарс, спиртийн  ОАТ-ын ногдуулалт 36.5 тэрбум төгрөг гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.3 хувиар буурч, пивоны ногдуулалт 12.4 хувиар, тамхины ногдуулалт 2.5 хувиар өссөн байна.  Архи, тамхи,  пивоны ОАТ-аар нийт 8.1 тэрбум төгрөгийн татварын авлага гарсаны  96.3 хувийг хураан барагдуулж ажиллаа.

Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор улсын төсөвт 2.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 13.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 11.1 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна. Нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөр эхний 9 сард 1.0 тэрбум төгрөг оруулахаар  төлөвлөгөөнд тусгасан бөгөөд гүйцэтгэлээр Саусгоби сэндс ХХК- иас 2.5 тэрбум төгрөг, Таван толгой ХХК-иас 5.5 тэрбум төгрөг, Монголын Алт Мак 2.1 тэрбум, Энержи ресурсе 2.5 тэрбум, нийт 12.5 тэрбум төгрөгийн төлбөрийн орлогыг түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөр оруулж төлөвлөгөө давж биелсэн болно. Түүхий нүүрсний АБТ-ийн орлогоор 28.9 тэрбум төгрөг оруулахаар 2011 оны төлөвлөгөөнд тусгахдаа килограмм тутамд 1 төгрөг 50 мөнгөөр бодож төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын 273 дугаар тогтоолоор түүхий нүүрсний  килограмм  тутамд ногдох агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг нэг төгрөг байхаар тогтоосон тул тодотгосон төлөвлөгөөгөөр өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг уламжилъя.

АТБӨЯХ-ийн агаарын бохирдолын төлбөрөөр улсын төсөвт 964.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 611.8 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 63.4 хувийн биелэлттэй байна.  Үлдэж байгаа хугацаанд агаарын бохирдлын төлбөрийг нөхөж авах ажлыг Тээвэр зохицуулалт, оношлогооны төвтэй ярьж хамтран ажиллахаар гэрээ байгуулж орон нутгийн татварын албадад зөвлөмж хүргүүлэн хяналт тавьж ажиллаж байна.

           Өрийн барагдуулалтын талаар: Эхний 9 сарын  өрийн барагдуулалтын судалгаанаас харахад  оны өмнөх татварын өрийн үлдэгдэл 370.8 тэрбум төгрөгийн 60.2 хувь буюу 223.4 тэрбум төгрөгийг,  энэ оны тайлангийн  болон  хяналт  шалгалтын  ногдуулалтаар  гарсан 1043.1 тэрбум төгрөгийн  92.8 хувь буюу 968.6 тэрбум төгрөгийг төсөвт  оруулсан  байна. Улсын төсвийн орлогын татварын төрлөөр 175.6 тэрбум төгрөгийн  өрийн  үлдэгдэл  байгаагийн  38.3 хувь буюу 67.2 тэрбум төгрөг нь Алтандорнод Монгол компаний  өр, 21.0 хувь  буюу 36.8 тэрбум төгрөг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гүйцэтгэл хийгдэж байгаа өр эзлэж байна. Өрийн судалгаанд дүгнэлт хийхэд нийт урд оны өрийн 59.3 хувь буюу 87.5 тэрбум төгрөгийн өрийг татварын албадаас барагдуулах боломжгүй өр эзлэж байна.

АМНАТ-ийн 9 сарын ногдуулалтын судалгааг хавсаргав.

АМНАТ-ийн 9 сарын ногдуулалтын судалгаа

 ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР