МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан боловсрууллаа.

Төсвийн орлогын бодлого нь 2012 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг биелүүлэх, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх, төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигд хэрэгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримтална.

Сүүлийн жилүүдэд эдийн засаг эрчимтэй сэргэх шатанд орж, улмаар уул уурхайн салбарын өсөлтийг дагасан хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр ард иргэдийн зарим хэсгийн орлого, хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан татварын бодлогоор дамжуулан орлогын тэгш шударга зарчмыг хангах зорилгоор хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж  байсан бол өнөөдөр 90 орчим хувийг эзэлж байна. Цаашид ч энэхүү хандлага хэвээр хадгалагдахаар байгаа бөгөөд стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үе шат дуусч олборлолтын үйл ажиллагаа эхэлснээр ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортын 98 хүртэл хувийг эзлэх хандлагатай байна.

Иймд ашигт малтмалын нөөцийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор уул уурхайн салбарын татварыг оновчтой түвшинд тогтоох, татварын бодлогоор дамжуулан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин экспортод гарч буй зарим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулахаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2012 онд Татварын байгууллага нь бодлогын хүрээнд татварын тогтолцоог орчин үеийн эдийн засгийн харилцаа, өөрийн орны онцлогт тохируулан улам боловсронгуй болгож, өөрчлөн шинэчлэх, мэдээллийн технологи, мэдлэгт суурилсан дэлхийн жишигт нийцсэн цахим татварын алба болох зорилтод хүрэх тогтолцоог бий болгон хэрэгжүүлнэ.

Татвар төлөгчийн бүртгэлийн системийг сайжруулах, бэлэн мөнгөний урсгалыг хянахтай холбогдуулан хууль эрх зүйн орчныг бий болгох, татварын эрсдлийн удирдлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг бий болгон хөгжүүлэх, татвар ногдуулах, тайлагнах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн, хэрэгжүүлэх болно.

Эрсдэлтэй татвар төлөгчид болон татварт хамрагддаггүй аж ахуйн нэгж, байгууллага, орлого бүхий иргэдийг татварт хамруулах талаар олон улсад ашиглаж буй татварын хяналт, шалгалтын арга, хэрэгслүүдийг судалж, нэвтрүүлнэ. Төсвийн бүрдүүлэлтийг хангах, татвараас зайлсхийх үзэгдэлтэй тэмцэх, нуугдмал орлогыг ил болгоход татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж, далд эдийн засаг дахь татварын эрсдлийг тооцож, татварын хяналт шалгалтанд ашиглаж хэвшинэ.

Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээнд мэдээллийн шинэ систем, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим үйлчилгээ, “Хүн төвтэй татварын үйлчилгээ”-ний хэв загвар бүхий нэг цонхны үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ.

2012 онд Гаалийн байгууллага бодлогын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, бизнес эрхлэгчдэд учирч байгаа саад бэрхшээлийг арилган цаг хугацаа, зардлыг хэмнэж, гаалийн байгууллага зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийн сацуу үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцоор хүлээсэн үүргийг ханган биелүүлэхэд гаалийн хяналтыг чиглүүлж үр дүнтэй, шуурхай арга хэлбэрийг нэвтрүүлэх замаар улсын төсвийн төлөвлөгөөг бүрэн төвлөрүүлэх зарчим баримтлана.

Гаалийн хяналтын уламжлалт арга барилаас татгалзаж гадаад худалдааны талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах замаар эрсдлийн түвшинг тодорхойлон, биет үзлэгээс аль болох татгалзаж, эрсдлийн менежментийн арга барилыг гаалийн хяналтад нэвтрүүлж эхлээд байна. Үүний сацуу гаалийн хяналтад орчин үеийн рентген тоног төхөөрөмж болон эрэлч нохойг ашиглаж байгаа нь ачааг буулгах, задлахгүйгээр шалгах боломжийг бүрдүүлж хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна. Гадаад худалдаа эрхлэгчид гаалийн байгууллагад барааг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг нягтлан шалгах бүрдүүлэлтийн дараах шалгалтыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа нь гаалийн үйл ажиллагааг шуурхай болгох бас нэгэн хөшүүрэг болж байна.

Гаалийн байгууллагын хувьд оюуны өмчийн зөрчил, хар тамхи, мансууруулах бодис, химийн хорт бодис зэрэг нийгэм, эдийн засагт хор хохирол учруулж байгаа хууль бус үйлдэлтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх бодит шаардлага байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарч буй байгаль экологийн сүйрэл, ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалах, цаг уурын дулааралтай тэмцэх арга хэмжээг дэмжихийн зэрэгцээ улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хөнгөн шуурхай гаалийн үйлчилгээг нэвтрүүлэн “Ногоон эдийн засаг”–ийн бодлогыг дэмжиж “Ногоон гааль”-ийг төлөвшүүлэн гаалийн байгууллагын шинэчлэлийг улам төгөлдөржүүлэх болно.

Эрдэс баялгийн үнийн тооцоо

Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын гаргасан төсөөлөлд тулгуурлан хийлээ.

Монгол Улсын төсвийн орлого нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас ихээхэн хамааралтай болж байна. Энэ оныг хүртэл зэс, алтны борлуулалтаас төвлөрөх орлого төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байсан бол 2011 оноос эхлэн нүүрснээс төвлөрөх орлого голлох хандлагатай болж байна. Энэ нь экспортод гаргаж буй нүүрсний биет хэмжээ болон дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ өссөнтэй холбоотой юм.

Зэсийн үнэ 2008 онд огцом буурч сүүлийн 7 жил дэх хамгийн доод үнэ болох 3070 ам.долларт хүрч байсан хэдий ч санхүүгийн хямралын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг даган 2010 оны 12 дугаар сард 9600 ам.доллар хүртэл өсч байсан. Гэвч түүнээс хойш зэсийн үнэ бага зэрэг буурах хандлагатай байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хэлбэлзлийг даган манай улсын төсвийн орлого хэлбэлзэж байна. Үнийн хэлбэлзэлтэй холбоотой эрсдлийг бууруулах зорилгоор 2010 онд УИХ-аас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Тогтворжуулалтын санд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгоод байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2012 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Тогтворжуулалтын сангийн хуримтлалыг тооцлоо.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэдэгт “зэс” болон “нүүрс”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. 2012 оны хувьд төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх, гол нэр төрлийн эрдэс баялаг болохын тулд доод тал нь 200.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх ёстой юм. Зэс, боловсруулсан нүүрсний хувьд ОУВС-аас гаргасан үнийн мэдээллийг, харин коксжих, чулуун болон хүрэн нүүрсний хувьд Хятадын зах зээлийн үнийн мэдээлэл болон “Bloomberg” мэдээллийн эх сурвалжаас авсан  нүүрсний үнийн төсөөллийг ашиглалаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн үнийн хувьд зэсийн үнэ 6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 166.58, коксжих нүүрсний үнэ 102.60, чулуун нүүрсний үнэ 72.40, хүрэн нүүрсний үнэ 57.20 ам.доллар байхаар тооцлоо. 2012 онд олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарладаг үнийн төсөөлөлд үндэслэн алтны үнийг 1723.75 ам.доллар байхаар тооцлоо.

Монгол Улсыннэгдсэн төсвийн нийт зарлагын гуравны хоёр буюу 4.2 их наяд төгрөгийг төсвийн урсгал зардалд зарцуулна. УИХ-аас баталсан 2012-2014 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг суурь болгон, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг  хангахад  төсвийг чиглүүлэх бөгөөд зарцуулах хөрөнгө нь 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад  1.7 их наяд  төгрөгөөр буюу 55.7 хувиар нэмэгдэж байна.

2012 онд урсгал төсвөөр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тоймлон дурдвал:

  • Нийгмийн хамгааллын тогтолцоог төгөлдөржүүлж, нийгмийн эмзэг хэсгийг ядууралд өртөхөөс сэргийлэх механизмыг олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэн нэвтрүүлнэ. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих эхний алхам болгож Нийгмийн суурь тэтгэврийн тогтолцоог бий болгохын зэрэгцээ Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан тогтолцооны гажгийг засах алхмуудыг хэрэгжүүлж эхэлнэ.  Ядуу иргэдийг онилсон нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлнэ.
  • Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг хувийг нэмэгдүүлнэ.
  • Орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор орон нутаг өөрөө бие даан хуваарилах хөрөнгийг нэмэгдүүлнэ.
  • Төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд хүнд суртал, чирэгдэл дарааллыг бууруулах зорилгоор иргэдэд хүрч ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагуудад иргэдэд үйлчлэх ажлын байрыг зохистой хэмжээнд нэмэгдүүлнэ.
  • Монгол улсын үндсэн баялаг болсон иргэд, ялангуяа хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарч, үйлчилгээг шинэ түвшинд хүргэнэ. Боловсролын тогтолцоог өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх стандартыг боловсруулан дуусгаж, Кембрижийн ерөнхий боловсролын тогтолцоог хэрэгжүүлж эхэлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ “Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Бүртгэлийн болон сонгуулийн төгөлдөршлийг бүрэн хэрэгжүүлэх суурь болох иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлж дуусна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч төсөв, орон тоог нэмэгдүүлнэ.
  • Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу Их, дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгож эхэлнэ.
  • Байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ.
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарт олсон амжилтыг бататгаж, цаашид тоо хэмжээнээс чанар ба экспортод чиглэсэн үйлдвэрлэлд шилжих стратегийг хэрэгжүүлнэ. Мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэд оруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, эдийн засгийн бодит салбарын өсөлтийг хангахад илүү үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх,  хөдөлмөр эрхлэлтийн сангийн зарцуулалтыг сум, орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгоход чиглүүлнэ.

Урсгал зардлын талаар баримтлах бодлогод нийцүүлж Улсын төсвийн урсгал зардлын хэмжээг 2012 онд  3,273.1  тэрбум төгрөг байхаар тооцов. Энэ нь 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад  1,321,2  тэрбум төгрөгөөр буюу 59,6 хувиар  нэмэгдэж байна. Түүнчлэн ирэх  2012 онд Нийгмийн даатгалын сангийнурсгал зардлын хэмжээ 867.2 тэрбум төгрөгт, Хүний хөгжил сангийн  урсгал зардал 892.1 тэрбум төгрөгт тус тус хүрч байна.

Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1, 6.1.4–дзаасан тусгай шаардлагуудыг хангах ёстой тул ирэх оны төсвийн төсөлд уг тусгай шаардлагууд хэрхэн хангагдаж буйг дэлгэрэнгүй тайлбар байдлаар авч үзвэл:

1/”Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх тусгай шаардлагын тухайд:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”-д хамааруулахаар заасны дагуу тооцон үзэхэд “зэс” болон “нүүрс”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. Зэс, боловсруулсан нүүрсний хувьд ОУВС-аас гаргасан үнийн мэдээллийг, коксжих, чулуун болон хүрэн нүүрсний хувьд Хятадын зах зээлийн үнийн мэдээлэл болон “Bloomberg”-ээс авсан  нүүрсний үнийн төсөөллийг ашиглалаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу  тооцоход тэнцвэржүүлсэн зэсийн үнэ 6663.5 ам доллар, боловсруулсан нүүрсний үнэ 166.58, коксжих нүүрсний үнэ 102.60, чулуун нүүрсний үнэ 72.40, хүрэн нүүрсний үнэ 57.20 ам.доллар байхаар байна. Ирэх 2012 оны алтны үнийн төсөөллийг тооцохдоо олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудаас зарладаг үнийн төсөөлөлд үндэслэн алтны үнийг 1723.75 ам.доллар байхаар тооцлоо.

 2/”Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагын тухайд:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу  2012 оны хувьд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60.0 хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд энэ дүн 47.7 хувьтай тэнцүүбайхаар байгаа нь уг хуулийн 6.1.4-д заасан тусгай шаардлагыг хангаж байгаа болно.

3.1  Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт

 Дээрх бодлогын баримт бичгүүд, шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан Монгол улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,352.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,093.1тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.4хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -4.1хувь болохоор байна.

Үүнээс, Улсын төсвийг авч үзвэл 2012 оны Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 5,102.2 тэрбум төгрөг, нийт зарлага 5,588.0 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл485.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна.

Харин Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн нийт орлого 477.9 тэрбум төгрөг, нийт зарлага 892.1 тэрбум төгрөгт хүрч Хүний хөгжил сангийн нийт тэнцэл -414.2 тэрбум төгрөг болохоор байна.

 

Taniltsuulga (1)

Taniltsuulga (2)

Taniltsuulga (3)

Taniltsuulga (4)

Taniltsuulga (5)

Taniltsuulga (6)

Taniltsuulga (7)

Taniltsuulga (8)

Taniltsuulga (9)

Taniltsuulga (10)

Taniltsuulga (11)

Budget-2012-draft-#118-1

Budget-2012-draft-#118-2

Budget-2012-draft-#118-3

Hunii hugjil sangiin 2012 onii tusviin tuhai huuliin tusul

Mongol Ulsiin 2012 onii tusviin tuhai huuliin tusul

Mongol Ulsiin 2012 onii tusviin tuhai huuliin tusuliin havsralt

Niigmiin daatgaliin sangiin 2012 onii tusviin tuhai huuliin tusul

Niigmiin daatgaliin sangiin 2012 onii tusviin tuhai huuliin tusuliin havsralt

Дагалдах хуулийн төслүүд 

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөл

Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл

Улсын Их хурлын тогтоолын төслүүд

Албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай

Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай

Дээрх материалуудыг багцлан нэг дор татахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

2012 оны төсвийн багц материалууд – БАГЦЛАСАН