“Хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг дээшлүүлэх асуудал” сэдэвт онол-практикийн бага хурал боллоо

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2000 онд 29.6 тэрбум, 2005 онд 59.3 тэрбум төгрөг байсан бол 2011 онд 627.7 тэрбум төгрөг болж нэмэгдлээ.

Цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжил хурдасч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэхийн сацуу төсвийн хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр нэмэгдэх хандлагатай болж байгаа юм.

Иймд өсөн нэмэгдэж буй хөрөнгийн урсгалыг зөв зохицуулах, татвар төлөгчдийн хөрөнгийг үр өгөөжтэй, үр ашигтай зүйлд зарцуулах асуудал төсөв зохиоход оролцдог бүх шатны байгууллагууд, Засгийн газрын болон хууль тогтоох байгууллагын гишүүдийн хувьд анхаарлаа хандуулах асуудлын нэг болоод байгаа билээ.

Иймд Сангийн яамнаас санаачлан энэ оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал” сэдэвт онол-практикийн бага хурлыг Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд, Г.Тлейхан, Ховд аймгийн Засаг дарга, Дорнод, Орхон аймгийн Засаг даргын орлогч, бүх яамдын Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн дарга нар, Эрчим хүчний газар, Авто замын газар томоохон хөрөнгө оруулалттай агентлагийн дарга, бүх яамгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Олон Улсын Валютийн сан, Дэлхийн банкны төлөөлөл оролцов.

Онол-практикийн бага хуралд оролцсон 90 орчим төлөөлөгчдөөс хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх чиглэлээр 13 илтгэл тавигдаж, тэдгээрт хөндөгдсөн асуудлын талаар хэлэлцүүлэг явуулах хэлбэрээр хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд хуралдааныг хөндлөнгийн, төрийн бус байгууллагын төлөөллөөр удирдан явуулсан нь ихээхэн онцлогтой, үр дүнтэй болсон юм.

Хуралдааны ач холбогдлыг хуралд оролцсон бүх гишүүд үнэлж байсны дээр төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, хяналтын механизмыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтэд саад учруулж байгаа, үр дүнг нь бууруулж байгаа болон тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, олон үнэтэй санал гаргасан бөгөөд дараах Зөвлөмжийг гаргасан юм.

 

“Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал”

сэдэвт онол-практикийн бага хурлаас гаргасан

ЗӨВЛӨМЖ

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлого, урт болон дунд хугацаанд дэвшүүлсэн хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд дараах ЗӨВЛӨМЖ-ийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хөрөнгө оруулалтын удирдлага, эрхзүйн шинэчлэлийн асуудлаар:

    1. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг төсөл, ТЭЗҮ-гүй, үр ашигтай эсэх нь тодорхой бус төсөл, арга хэмжээг цөөнгүй тоогоор тусган баталж байгаа нь татвар төлөгчдийн хөрөнгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бууруулах үндсэн нөхцөл болж байгааг төсөв зохиох бүх шатны байгууллагын албан тушаалтнууд, Засгийн газрын болон хууль тогтоох байгууллагын гишүүд анхааралдаа авах;
    2. Авто зам, эрчим хүч, барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллагуудын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрийг аттестатчилах, зураг төсөл боловсруулахдаа ноцтой алдаа гаргасан байгууллагад тусгай зөвшөөрөлтэй нь холбон хариуцлага тооцдог болох эрхзүйн орчинг бүрдүүлэх;
    3. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолын дагуу “Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” Улсын үйлдвэрийн газрыг байгуулан тус газраар төсвийн хөрөнгөөр баригдах барилга, авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах, хяналт тавиулж магадлал хийлгүүлж байх;
    4. Цаашид дээрх улсын үйлдвэрийн газрыг бэхжүүлж, үйл ажиллагааг өргөжүүлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хэлбэрээр ажиллуулах боломжийг судлах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр баригдах барилга, байгууламжийн зураг төсвийг уг агентлагаар боловсруулж, магадлал хийлгэдэг болох тогтолцоог бүрдүүлэх;
    5. Төслийн урьдчилсан судалгаа, үр ашгийн судалгаа тооцоо хийх, барилгын зураг төсөв боловсруулах, магадлал хийх чиглэлээр их дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, сургалтын чанар, хөтөлбөрт онцгой анхаарч, тэднийг мэргэшүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
    6. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад төрийн байгууллагуудын давхардлыг арилгах, чиг үүргийг тодорхой болгох, ажлын уялдааг холбоог сайжруулах,
    7. Төсвийн төлөвлөлтийг дунд хугацаанд баримтлах улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлттэй нягт уялдуулах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
    8. Барилга, авто зам, эрчим хүчний барилга угсралтын болон их засварын ажлын норм, норматив, стандартыг олон улсын түвшинд хүргэх, шинэчлэн боловсронгуй болгох, авто зам, эрчим хүчний салбарын техник хяналтын зардлыг төсөвт төвлөрүүлэх орлогод тооцож төрийн санд буцаан хураадаг байдлыг өөрчилж, хяналтын болон нормчлолын сангийн зардлыг зориулалтын дагуу зарцуулах, гэрээгээр гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний механизмыг төгөлдөржүүлэх;
    9. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт төсвийн хөрөнгөөр хийгдсэн барилгын ажилд барьцаа хөрөнгө авч үлддэггүйгээс барилгын баталгаат засварын хугацаанд төсвийн хөрөнгөнд гардаг эрсдэлийг бууруулах чиглэлээр эрхзүйн орчинг өөрчлөх;
    10. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцоход шаардагдах суурь мэдээллийн хамралт, чанарыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын талаарх ойлголт, хамрах хүрээ, тодорхойлолтыг нэгдмэл болгон www.iltod.gov.mn веб хуудсанд байршуулах;

 

Хоёр. Салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, чанар, үр ашгийг дээшлүүлэх шаардлага, шийдвэрлэх асуудлаар:

    1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн  хөгжлийн томоохон зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдийг улсын төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл, Хөгжлийн банкны эх үүсвэрээр зохистой шийдвэрлэх;
    2. Авто зам, эрчим хүч, барилгын ажлын чанарт тавих бүх шатны хяналтыг сайжруулах, барилгын материал, хийц, бүтээцийн сорил шинжилгээний лабораториудыг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах, мэргэжлийн шинжилгээ дүгнэлтийг үндэслэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байх,
    3. Авто зам, эрчим хүч, барилгын чанарт тавих мэргэжсэн хөндлөнгийн зөвлөх үйлчилгээг бий болгох;
    4. Татвар төлөгчдийн хөрөнгөөр чанаргүй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, төсөвт хохирол учруулсан барилгын болон зураг төсвийн байгууллагуудад тооцох хариуцлагыг чангатгаж, шинээр батлагдан гарах “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу тодорхой хугацаанд дахин тендерт оролцуулахгүй байх зарчим баримтлах;
    5. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн мэдээг онлайнаар нийтэд мэдээлдэг болох;
    6. Салбарын мэргэжилтнүүдийн хөрөнгө оруулалтын төсөлд үнэлгээ хийх чадавхийг сайжруулах, орон нутаг дахь хөрөнгө оруулалт хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх, сургалтад хамруулах;

 

Гурав. Бүс орон нутагт хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх шаардлага, боломжууд асуудлаар:

    1. Орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтыг хөгжлийн индекс, бодлоготой уялдуулан бүс нутгийн хэмжээнд төлөвлөлт хийдэг болох, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа аймаг, нийслэлийн саналыг харгалзан авч үзэж байх, төсвийн төлөвлөлт дэх орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх;
    2. Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр ашгийг дээшлүүлэхэд орон нутгийн засаг захиргааны хяналтыг сайжруулж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх;
    3. Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ажилтнууд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хоёр өөр чиг үүрэг бүхий нэгжид харъяалагдаж байгаад дүгнэлт хийж, ажлын байрыг нь зөв тодорхойлж, нэг мөр болгох.

Дөрөв. Зөвлөмжийн биелэлтийн талаар:

    1. Энэхүү Зөвлөмжид тусгагдсан асуудлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнууд тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтийг Сангийн яам нэгтгэн хагас жил тутам олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байх;

 

 

“Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал”

сэдэвт онол практикийн бага хуралд оролцогсод

 

Улаанбаатар хот

 

2011-05-27