2011 оны Орон нутгийн төсвийн талаар

1. ОРОН НУТГИЙН ТӨСӨВ 2011 ОН

1.1 Орон нутгийн 2011 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараахь төсвийн нэгтгэлийн үр дүн

Улсын Их Хурлаас “Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль”-ийн 14.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар 2011 онд орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх 173.7 тэрбум төгрөгийн орлогыг 11 аймаг, нийслэлээр, улсын төсвөөс орон нутагт олгох 22.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 10 аймагт олгохоор хуульчлан  баталсан.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2011 оны орон нутгийн төсвийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, ирүүлснийг үндэслэн Монгол Улсын 2011 оны орон нутгийн төсвийн төлөвлөгөөг нэгтгэхэд орон нутгийн төсвийн орлого ДНБ-ний 5.6 хувьд, нийт зарлага 3.8 хувьд хүрч, УИХ-д танилцуулагдсан дүнгээс орлого 0.2 хувиар, зарлага 0.3 хувиар нэмэгджээ.

Орон нутгийн төсөв 2011 оны нэгдсэн төсөвт алдагдалгүй байхаар тооцогдсон бөгөөд ИТХ-ын дараах төвийн нэгтгэлийн дүнгээр 14.9 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдаад байна. Алдагдлын 11.5 тэрбум төгрөгийг 2010 оны орон нутгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлээс санхүүжүүлэхээр тооцсон бол Өвөрхангай аймагт 3.4 тэрбум төгрөгийн зарлага эх үүсвэргүй батлагджээ.

Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр УИХ-аас баталсан дүнгээс Өмнөговь аймаг 16.4 тэрбум төгрөг, Өвөрхангай аймаг 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй гэж үзсэн нь, улсын төсвийн орлогыг 18.0 тэрбум төгрөгөөр бууруулан, улсын төсвийн алдагдалыг ДНБ-ны 3.6 хувиас 3.8 хувь болгон нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээр байна.

Сүүлийн 5 жилийн дотор орон нутгийн төсвийн зарлага 4 дахин нэмэгдсэн бол орлого 5 дахин нэмэгдлээ. Орлогын өсөлт нь 2009 оноос эхлэн цалин хөлсний орлого орон нутгийн орлого болж, орлогын суурийг 30%-иар нэмэгдүүлсэн болон бусад орлого тогтвортой өссөнтэй холбоотой. Харин зарлагын хувьд 2011 оны дүнгээр 1/3 нь хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн бол урсгал зарлага сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгдсэн байна.

Орон нутгийн төсвийн 2011 оны санхүүжилт: Орон нутгийн төсвийн зарлагын 88.1%-ийг орон нутгийн орлогоос санхүүжүүлэх, 7.6% буюу 22.5 тэрбум төгрөгийн зарлагыг улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр, 3.9% буюу 11.5 тэрбум төгрөгийн зарлагыг 2010 оны орон нутгийн төсвийн дансны үлдэгдлээс санхүүжүүлэх, өмч хувьчлалын орлогоос 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

Орон нутгийн төсвийн 2011 оны орлого: Аймаг, нийслэл, сум, дүүргийн  ИТХ-ын дараах 2011 оны орон нутгийн нийт орлого 415.6 тэрбум төгрөгт хүрсэн нь 2010 оны урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулахад 21.0 хувиар буюу 74.2 тэрбум төгрөгөөр, 2011 оны тооцсон дүнгээс 10.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ нь Өвөрхангай, Өмнөговь аймгууд 19.2 тэрбум төгрөгөөр орлогоо бууруулан баталсан бол Улаанбаатар хот орлогын боломжоо бүрэн дайчлан 25.3 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүлэх, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг 10 аймаг дунджаар 150 сая төгрөг, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг 11 аймаг дунджаар 300 сая төгрөгөөр буюу нийт 4.5 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Орон нутгийн орлогын дийлэнх буюу 40 хувийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, 17 хувийг ашигт малтмалтай холбоотой орлого бүрдүүлж байна. 2011 оны орлогын төлөвлөгөөг 2010 оны урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, цалин хөлсний орлого 12.5 хувиар, ашигт малтмалтай холбоотой орлого 8.5 хувиар, авто тээврийн хэрэгслийн татвар 36.1 хувиар, бусад 27 хувийг бүрдүүлж байгаа орлого 77.8 хувиар нэмэгдэхээр төлөвлөгдсөн бол хөрөнгийн орлого, өмчийн татвар, газрын талбөрийн орлогууд буурч батлагдсан байна.

Орон нутгийн төсвийн 2011 оны зарлага: Орон нутгийн 2011 оны төсвийн нийт зарлага 297.4 тэрбум төгрөгт төлөвлөгдсөн нь 2010 оны урьдчилсан гүйцэтгэлээс 77.6 тэрбум төгрөг УИХ-д танилцуулагдсан төлөвлөгөөтэй харьцуулбал 43.6 тэрбум төгрөгөөр буюу 17.2 хувиар нэмэгдсэн. Зарлагын өсөлтийг аймгаар авч үзвэл, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулан баталсан Өмнөговь аймаг 2.1 тэрбум төгрөгөөр зарлагаа нэмэгдүүлсэн бол, бусад улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгууд дунджаар 500 сая төгрөгөөр буюу 5.0 тэрбум төгрөгөөр, Улаанбаатар хот 34.8 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг аймгууд дунджаар 175 сая төгрөгөөр нийт 1.8 тэрбум төгрөгөөр зарлагаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Зарлагын нэр төрлөөр авч үзвэл 2011 оны анхны төслөөс цалин хөлс 2.4 тэрбум төгрөг, гадаад арга хэмжээний зардал 1 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн нөөц хөрөнгө 5.7 тэрбум төгрөг, орон нутгийн хуваарилагдаагүй зардал 2 тэрбум төгрөг, төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил 16 тэрбум төгрөг, орон нутгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, их засварын зардлыг 13.8 тэрбум төгрөг, замын сангийн зардлыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь гол нөлөөлсөн байна.

Орон нутгийн төсвийн нөөц хөрөнгийг улсаас татаас авдаг аймгууд 90 сая төгрөг хүртэл нэмэгдүүлсэн бол, улсад орлого төвлөрүүлдэг аймгуудаас хамгийн өндрөөр нэмэгдүүлсэн нь Өмнөговь аймаг 1.0 тэрбум төгрөгөөр, бусад аймаг 277 сая төгрөг хүртэл нэмж, Улаанбаатар хот 3.8 тэрбум төгрөгөөр орон нутгийн төсвийн нөөцийг нэмэгдүүлэхээр баталсан байна.

Орон нутгийн 2011 оны хөрөнгө оруулалт: Орон нутгийн төсвийн зарлагын бүтцээс үзвэл дийлэнх буюу 36.8 хувийг орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна. Аймаг болгонд хөрөнгө оруулалтад дунджаар 800 сая төгрөгийг зарцуулахаар тооцож 16.8 тэрбум төгрөгийг 2011 онд тухайн аймгийн хүн ам, эдийн засгийн хөгжил, газар нутаг, алслалтын байдал, татварын идэвх санаачилга зэрэг эдийн засгийн үзүүлэлтэд хамааруулан хуваарилан хүргүүлсэн болно.

Зарим аймаг хөрөнгө оруулалтад тооцогдсон хөрөнгөөс урсгал зарлага санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Төв аймагт 705.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцогдсон байсан бол ИТХ-аараа төсвөө батлуулахад 80.8 сая төгрөгийг урсгал арга хэмжээнд шилжүүлэн баталжээ. Харин Сүхбаатар аймаг 83.2 сая төгрөг, Ховд аймаг 75.0 сая төгрөг, Улаанбаатар хот 200 сая төгрөгийн урсгал зарлагыг хөрөнгө оруулалтын зарлагадаа оруулан санхүүжүүлэхээр зарлагын зүйл анги буруу батлуулсан байна.

Мөн түүнчлэн Баян-Өлгий аймаг 47 сая төгрөгийг хувийн хэвшлийн байгууллагад шууд хөрөнгө оруулалтад олгохоор ИТХ-ын тогтоолоороо баталж хууль зөрчсөн байна.

Монгол Улсын хүн амын дийлэнх оршин сууж байгаа Улаанбаатар хотын улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 2011 онд 79 тэрбум төгрөгөөр бууруулан хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломж олгосон бол нэмээд 8.2 тэрбум төгрөгийг 2010 оны үлдэгдэл хөрөнгөөсөө хөрөнгө оруулалтад зарцуулахаар шийдвэрлэжээ.

Орон нутгийн хөрөнгө оруулалтын ИТХ-ын батлагдсан задаргааг авч үзвэл 23.1 тэрбум төгрөгийг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зардалд төлөвлөснөөс 20 тэрбум төгрөгийг Улаанбаатарт шинээр баригдах орон сууцны 7 дугаар хорооллын дэд бүтцийн шугам сүлжээний трасст орсон болон эхний ээлжинд орон сууц барих талбайд буй айл өрхийн нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөх зардалд, 1 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг буурах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Замын сангийн орлогыг зуун хувь зам засвар арчлалт үйлчилгээнд зарцуулж байгаа бөгөөд дунджаар орон нутгийн жилийн зарлагын 5 хувь зам засварт зарцуулагдана. 2011 онд нийт 14.7 тэрбум төгрөгийг замын засвар шинэчлэлтэд зарцуулахаас Улаанбаатар хотод 9.5 тэрбум төгрөг, аймаг орон нутагт 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Орон нутгийн 2011 оны улсын төсөвт төвлөрүүлэх орлого: УИХ-аас баталсан улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулсан шийдвэр 2009 онд Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймгууд, 2010 онд Сүхбаатар, Орхон аймгуудын  ИТХ-аар гарч байсан бол 2011 онд давтагдан Өмнөговь, Өвөрхангай аймгаас нийт 18.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй гэж ИТХ-аас нь үзжээ.

Өвөрхангай аймаг Бичил уул уурхайн хууль, эрх зүйн орчин бий болсоноор хувиараа алт олборлогч иргэнээс авах татвар орон нутагт хүндрэл үүсгэсэн тул улсын төсөвт төвлөрүүлэх 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжгүй, Өмнөговь аймаг орлогыг үндэслэлгүй нэмэгдүүлсэн байгаа тул улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр ИТХ-аас гаргасан гэдгийг тус тус мэдэгдээд байна. Эдгээр асуудлыг төсвийн тодотголоор авч үзэх шаардлагатай байгаа ч ИТХ-аас УИХ-ын баталсан улсын төсвийн орлогын батлагдсан дүнг бууруулж баталдаг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй байна.

2. ТӨВ, ОРОН НУТГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ШИЛЖҮҮЛЭГ,

ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ

Улсын төсвийн 2010 оны батлагдсан төлөвлөгөөнд улсын төсвөөс орон нутагт 20.1 тэрбум төгрөгийг санхүүгийн дэмжлэгээр олгохоор батлагдан нийт 11 аймагт 100% санхүүжүүлсэн.

Харин орон нутгаас улсын төсөвт 144.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас 5 аймаг болон нийслэл 100 хувь төлөвлөгөөгөө биелүүлсэн бол 5 аймаг орлогын төлөвлөгөөг тасалсан. Орон нутгийн орлогын гүйцэтгэлийг 2010 оны төсвийн тодотголын төлөвлөгөөтэй харьцуулбал бүх аймгийн орлого давж биелсэн боловч орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэхээр батлагдсан 11.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээгүй байна. Үүнд,

1. Булган аймаг 228.9 сая төгрөг

2. Дорноговь аймаг 308.5 сая төгрөг

3. Өмнөговь аймаг 5,746.1 сая төгрөг

4. Сүхбаатар аймаг 708.6 сая төгрөг

5. Сэлэнгэ аймаг 4,189.3 сая төгрөг тус тус төвлөрүүлээгүй болно.

Тухайлбал, улсын төсөвт төвлөрүүлэхээр хуульчлагдсан орлогыг 4.2 тэрбум төгрөгөөр тасалсан Сэлэнгэ аймгийн 2010 оны зарлага нь УИХ-д танилцуулагдсан дүнгээс 4.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарцуулсан байгаа юм. Мөн төсвийн санхүүгийн дансандаа сүүлийн 2 жил дараалан өндөр үлдэгдэлтэй гарч байгаа бөгөөд 2010 онд 2.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байна. Өмнөговь аймаг УИХ-д танилцуулагдсан дүнгээс 6.4 тэрбум төгрөгөөр зарлагаа нэмж зарцуулсан, Сүхбаатар аймаг 3.2 тэрбум төгрөгөөр зарлагаа нэмэгдүүлсэн болно.

Аймгийн Засаг дарга нар ИТХ-даа төсвийн төслөө боловсруулан оруулдаг бөгөөд орлого нэмэгдсэн ч зарлагаа нэмэгдүүлэн батлуулж зарцуулах замаар төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг тасалж байгаа нь тэдний үйл ажиллагааны зохион байгуулалттай шууд холбоотой гэж үзэхээр байна. Иймд нэн тэргүүнд улсын төсвийн төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэхийг хатуу анхааран ажиллахыг аймгийн Засаг дарга нарт Засгийн газраас даалгах нь зүйтэй байна.

3. ОРОН НУТАГ ХУУЛЬ САХИХГҮЙ ЗӨРЧИЛ ГАРГАЖ БАЙГАА ТАЛААР

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад хуулийг орон нутаг мөрдлөг болгож ажиллах ёстой ч аймаг, орон нутагт явуулсан аудитын шалгалтаар орон нутагт хууль биелүүлэхгүй зөрчил гаргаж байгаа явдал удаа дараа гарсаар байна. Үүнд:

  • Баянхонгор аймаг 2010 оны төсвийн тодотголыг 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ИТХ-аараа хэлэлцүүлэн 120 сая төгрөг, мөн 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ИТХ-аар аймгийн 2010 оны давсан орлого 109.4 сая төгрөгийг хуваарилах шийдвэр гаргасан. Санхүүгийн жил дуусгавар болсон байхад төсөв хуваарилуулсан нь тус аймаг батлагдсан төсвийн төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргаж төсвийн хууль зөрчсөн байна

 

Мөн дийлэнх аймгуудын 2010 оны тодотголын ИТХ-ын батлагдсан төлөвлөгөөний нэгтгэлээр 12 дугаар сарын 15-наас хойших хугацаанд төсөвтөө тодотгол хийлгэх нь нийтлэг байсан байна. Энэ нь ИТХ-р батлагдаагүй зардлыг гаргаснаа залруулсан гэх үндэслэлтэй бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагаатай шууд холбоотой. Иймд 12 сард төсөвтөө тодотгол хийхгүй байх чиглэлийг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгох шийдвэрийг Засгийн газраас хүргүүлэх шаардлагатай байна.

  • Завхан аймаг 2010 онд лицензийн төлбөрийг аймгийн бүх суманд адилхан байхаар хуваарилсан. Энэ нь ашигт малтмалын тухай хуулиар “тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт, 25 хувийг аймаг, нийслэлийн төсөвт хуваарилах” заалт зөрчигджээ.

 

Дэлгэрэнгүй тооцоог доорх холбоосоос татан авна уу:

орон нутаг 2011

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл

- – - о О о – - -