Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд

May 27, 2011 · Нийтэлсэн: · 1 Сэтгэгдэл   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,

ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД

 

Д. Хаянхярваа (УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга)

Л. Цэдэндамба (Үндэсний  хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор)

 

Хатагтай, ноёд оо,

Эрдэмтэн судлаачид аа,

 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Өнөөгийн Монгол Улсад эдийн засаг, нийгмийн хөгжлийг 21-р зууны хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн хурдасгах, эдийн засгийн салбарын бүтцийг шинэчлэж  дэлхийн эдийн засгийн аливаа хямралд өртөхгүй байх дархлаа бий болгох, улмаар богино хугацаанд хүн амын амьдралын түвшинг эрс дээшлүүлэн ядуурлыг бууруулах хэрэгцээ шаардлага их байна. Энэ бол үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа манай улсын хөгжлийн тулгуур зорилтуудын нэг мөн. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх нэг гол арга зам бол  хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгон хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг оновчтой нэмэгдүүлж, улмаар хөрөнгө оруулалтын үр ашгийг эрс дээшлүүлэх явдал юм.

Иймд Та бүхний анхаарлыг манай улсын хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, энэ талын тулгамдсан томоохон асуудлуудад хандуулж, тэдгээрийг шийдвэрлэх зарим арга замын талаар өөрийн санал бодлоо товчхон хэлье. Эхлээд манай улсын хөрөнгө оруулалтын бодлогын талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Нэг. Хөрөнгө оруулалтын бодлогын өнөөгийн байдал

Манай улсын хөрөнгө оруулалтын бодлого өнөөдөр Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль, Татварын багц хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жил жилийн улсын төсөв зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болон  хуульд тусгагдан хэрэгжиж байна. Эдгээр баримт бичгүүдэд манай улсын дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, эрхзүйн орчинг нь бүрдүүлсэн юм.

Шинэ тогтолцоонд шилжин орсон  манай улсын хувьд эхний үед төсвийн хөрөнгө оруулалт  онцгой ач холбогдолтой юм.  Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын гол удирдамж юм. Үндэсний хөгжлийн цогц бодлогод  “Төсвийн хөрөнгө оруулалтыг Мянганы хөгжлийн зорилтуудтай оновчтой уялдуулан нэмэгдүүлж, урт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, төслүүдэд суурилан хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд энэ хүрээнд 1) Төсвийн хөрөнгө оруулалтыг зорилтот хөтөлбөрүүд, эдийн засаг, нийгмийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө, төслүүдэд тулгуурлан хуваарилах, 2) Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, 3) Боловсрол, эрүүл мэндийн салбарт, ялангуяа бүс нутаг, хөдөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг Мянганы хөгжлийн зорилтуудтай уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, 4) Мэдээлэл, холбооны орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, мэргэжлийн боловсрол олгох тогтолцоог сайжруулахын тулд төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн.

Манай улсын хөрөнгө оруулалтын бодлогын нэг гол үндсэн чиглэл нь хөрөнгө оруулалтын орчинг олон улсын жишигт хүргэж, энэ талын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал байсан, одоо ч байсаар байна. Энэ хүрээнд татварын багц хуулийн өөрчлөлтөөр аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын хувь хэмжээ тус бүр 5 пунктээр буурсан нь хөрөнгө оруулагчдад томоохон хөнгөлөлт болсон юм. Үүний зэрэгцээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосноос бусад нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар гадаадын хөрөнгө оруулалт хийж болно гэж заасан нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн томоохон алхам болсон билээ. Мөн энэ хуулийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах нөхцлийг олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлж өгсөн болно. Тусгай зөвшөөрлийн тухай хуулиар бизнес эрхлэхэд шаардагдах лицензи, зөвшөөрлийн тоог ихээхэн бууруулсан нь  ч хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлж байна. Гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор цахим гаалийн систем нэвтрүүлж байгаа нь ч хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Түүнчлэн Монгол улс Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын олон талт даатгалын агентлагийн гишүүн болж хөрөнгө оруулагчид эрсдлийн даатгалд хамрагдах эрхтэй  болсон нь  ч хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Сүүлийн үед хөрөнгө оруулалтын  эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ авч байна. Тухайлбал, УИХ-аар удахгүй хэлэлцэх Төсвийн тухай хуулийн төсөлд улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, төрөөс олон нийтэд үзүүлэх үйлчилгээний нэгдсэн стандарт, нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, салбарын хөгжлийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн бодлогод тулгуурлан төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх талаар тусгасан байна.

Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан  төрийн өмчийн “Хөгжлийн банк”-ыг  байгуулж,  саяхан энэ банкинд бонд гаргах эрх олгосон нь Монгол Улсын төрөөс хөгжлийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжих, санхүүжүүлэх өргөн боломжийг нээж байгаа юм.

Манай улсын хөрөнгө оруулалтын бодлогын талаар товчхон танилцуулахад ийм байна. Одоо хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлыг товчхон танилцуулья.

Хоёр. Хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал

Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт сүүлийн 10-аад жилийн хугацаанд харьцангуй тогтвортой өсөж, сүүлийн жилүүдэд ДНБ-ий 30-40 хувьтай тэнцэх түвшинд хэлбэлзэж байна. Нийт хөрөнгө оруулалтад дотоодын хөрөнгө оруулалт 40 хувийг, гадаадын хөрөнгө оруулалт 60 хувийг эзэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дотор нь гадаадын шууд хөрөнгө оруулалт ба бусад, дотоодын хөрөнгө оруулалтыг дотор нь улсын төсвийн хөрөнгийн зардал ба бусад гэж ангилдаг. Хөрөнгө оруулалтын 50-55 орчим хувийг тоног төхөөрөмж, 25-30 хувийг барилга угсралт, 15-20 хувийг бусад зүйлд зарцуулж байна.

Дотоодын хөрөнгө оруулалтын дийлэнхи хэсгийг төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байна. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардлын хэмжээ 2010 онд 664,3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь өмнөх онтой харьцуулахад 38 хувиар өсчээ. Харин 2011 онд хөрөнгийн зардлын хэмжээ өмнөх онтой нь харьцуулахад бага зэрэг буурсан буюу 627,7 тэрбум төгрөгөөр батлагдсан болно (Зураг 1).

Зураг 1

Эх сурвалж: Сангийн яам,

*Хөрөнгийн зардлын батлагдсан хэмжээ

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардал 2003-2006 онд ДНБ-ий 4,8-6,3 хувь байсан бол 2007 онд нэлээн нэмэгдэж 10,5 хувь болсон юм. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт  тогтмол 8 орчим хувь байна (Хүснэгт 1).

 

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардлын ДНБ-д эзлэх хувь

Он Хөрөнгийн зардлын ДНБ-д эзлэх хувь
2010 8,0
2009 8,0
2008 9,7
2007 10,5
2006 6,3
2005 5,3
2004 4,8

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардалд хөрөнгө оруулалт, их засвар, төслийн зээлээр санхүүжих авто зам барих зардал болон хөрөнгийн бусад зардал тус бүрийн эзлэх хувийг тооцож үзэхэд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын зардлын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байна. Улсын төсвийн хөрөнгийн нийт зардалд 2010 оны байдлаар хөрөнгө оруулалт 87,3 хувийг эзлэж байв (Хүснэгт 2).

Хүснэгт 2

 

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн зардлын гүйцэтгэлд

хөрөнгө оруулалт, их засвар, хөрөнгийн бусад зардал, төслийн зээлээр

санхүүжих автозамын зардал тус бүрийн эзлэх хувь

Он Хөрөнгө оруулалт Их засвар Төслийн зээлээр санхүүжих автозам Хөрөнгийн бусад зардал
2010* 87,3 4,3 5,8 2,6
2009* 87,8 2,6 6,6 3,0
2008 74,2 2,5 7,9 15,4
2007 77,9 5,6 13,1 3,4
2006 76,4 4,1 15,3 4,2
2005 58,4 3,1 32,2 6,4
2004 61,8 4,2 25,2 8,8
2003 59,2 8,3 24,7 7,8
2002 65,9 7,9 19,4 6,9
2001 61,9 5,8 22,9 9,4
2000 60,9 10,4 23,3 5,5

Тайлбар* Батлагдсан хэмжээнд эзлэх хувь

 

Улсын төсвөөс санхүүжих хөрөнгийн зардалд салбар тус бүрийн эзлэх хувийг 2011 оны байдлаар тооцож үзэхэд зам, тээвэр, барилга хот байгуулалтын салбарт 34 хувь, боловсролын салбарт 14 хувь, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 10 хувь, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 10 хувь, эрүүл мэндийн салбарт 9 хувь, хууль зүй, батлан хамгаалахын салбарт 6 хувь, бусад салбарт 17 хувь тус тус ногдож байна (Зураг 2). Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн г. м. салбарт хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна.

 

Зураг 2

Манай улсын нийт хөрөнгийн зардалд дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтын эзлэх хувь нэмэгдэж байна. Тухайлбал 2010 онд нийт хөрөнгийн зардлын 25,5 хувийг дэд бүтцийн салбарт зориулахаар төлөвлөж байсан бол 2011 онд 32,8 хувийг дэд бүтцийн салбарт зориулан төлөвлөсөн байна (Хүснэгт 4). Манай улс 2011 онд дэд бүтцийн салбарт 205,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байгаа нь өмнөх онтой харьцуулахад 21,6 хувиар өссөн байна (Хүснэгт 3).

 

Хүснэгт 3

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх дэд бүтцийн салбарын

хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (сая төгрөг)

Дэд бүтцийн салбарууд 2010 2011 Өсөлтийн хувь
1. Авто зам гүүр: Үүнээс: 131890,5 148011,9 12,2
А. Гадаадын зээлээр хэрэгжих төслийн дотоод    эх үүсвэр 12132,6 30204,2 149,0
Б. Дотоодын хөрөнгөөр баригдах авто зам 80002,1 75387,6 -5,8
В. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх  нөхцөлтэйгээр баригдаж байгаа авто замын  барилга байгууламж: 24440,3 25121,9 2,8
Г. Авто замын сүлжээ гүүрийн засвар арчлалт шинэчлэл: 8964,6 12449,8 38,9
Д. Гүүр: 6350,9 4848,4 -23,7
Цахилгаан дамжуулах шугам, дэд станц 21952,7 25220,7 14,9
Дулааны цахилгаан станц, дулааны шугам 15405,2 32494,5 110,9
Нийт 169248,4 205727,1 21,6
Улсын хөрөнгийн зардалд эзлэх хувь 25,5 32,8

 

Авто зам, гүүр барих ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ 2010 онд нийт хөрөнгийн зардлын 20 орчим хувийг эзлэж байсан бол 2011 онд 23,6 хувь болж нэмэгдсэн юм. Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа автозамын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой авто замын сүлжээ гүүрийн засвар арчлалт шинэчлэлийн зардлын хэмжээ ч нэмэгдэж байна. Цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих, дулааны цахилгаан станц, дулааны шугам засах, шинэчлэх ажилд 2010 онд нийт хөрөнгийн зардлын 5,6 хувийг зарцуулахаар төлөвлөж байсан бол 2011 онд 9,2 хувийг зарцуулахаар хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлээд байна. Авто зам, гүүр барих ажилд зарцуулах хөрөнгө үндсэндээ бүс нутаг, аймаг, хотод авто замын сүлжээг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

Дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа боловч томоохон бүтээн байгуулалтыг хийж дуусгах хөрөнгийг нэг дор гаргах боломж хомс байна. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 942,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй авто зам, гүүрийн ажил хийхээр тусгагдсан боловч хөрөнгийн 15,7 хувь буюу 148,0 тэрбум төгрөгийг УИХ батлаж өгсөн. Эндээс үзэхэд 2011 онд эхлүүлсэн зам барих зарим ажил 5-6 жилийн дараа дуусах төлөвтэй байна. Гэтэл Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсаны дагуу 2015 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох, 2021 он гэхэд аймгуудыг хооронд нь хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөт ажлууд хүлээгдэж байгаа юм.  Үүний зэрэгцээ энэ талын төлөвлөсөн зарим ажил хугацаандаа хийгдэхгүй байна. Тухайлбал, дотоодын хөрөнгөөр баригдах авто замд 2010 онд 80,0 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөгдсөн  боловч үүнээс 58,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хийгдэх хөрөнгийн зардлын хэмжээ 2011 онд 2010 онтой харьцуулахад 15,4 хувиар  нэмэгдсэн байна (Хүснэгт 5).  Үүний дотор боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт 23,6 хувиар, соёлын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт 67,3 хувиар тус тус нэмэгдсэн бол шинжлэх ухааны салбарт хийгдэх хөрөнгө оруулалт 56,4 хувиар багасжээ. Эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгийн зардал 25,7 хувиар үүний дотор хөрөнгө оруулалт 44,3 хувиар нэмэгдсэн байна.

Хүснэгт 5

Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгийн зардлын хэмжээ

Салбарууд 2010 2011 Өсөлтийн  хувь
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР 75478,2 87119,4 15,4
Боловсрол 63409,8 71318,8 12,5
Хөрөнгө оруулалт: 46594,9 57578,3 23,6
Их засвар: 8378,7 9180 9,6
Тоног төхөөрөмж: 8436,2 4560,5 -45,9
Соёл 10397,4 14883,6 43,1
Хөрөнгө оруулалт: 7190,3 12027,6 67,3
Тоног төхөөрөмж: 1457,1 1476 1,3
Шинжлэх ухаан 1671 917 -45,1
Хөрөнгө оруулалт: 1071 467 -56,4
Их засвар 300 300 0,0
Тоног төхөөрөмж 300 150 -50,0
ЭРҮҮЛ МЭНДИЙН

САЛБАР

43346,9 54483,9 25,7
Хөрөнгө оруулалт: 26200,8 37806,6 44,3
Их засвар: 7885 8657 9,8
Тоног төхөөрөмж: 9261,1 8020,3 -13,4

 

Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа боловч шаардлагатай томоохон хөрөнгө оруулалтыг нэг дор хийх боломж мөн л хомс байна. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 233,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтыг боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хийхээр тусгасан боловч хөрөнгийн 37,3 хувь буюу 87,1 тэрбум төгрөгийг УИХ батлаж өгсөн. Мөн нийт 148,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийхээр тусгасан боловч хөрөнгийн 36,7 хувь буюу 45,5 тэрбум төгрөгийг УИХ батлаж өгсөн. Эндээс үзэхэд эрүүл мэнд, боловсролын салбарт 2011 онд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт 3-4 жилийн дараа хийгдэж дуусах төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтыг ихээр шингээдэг уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбоотойгоор нийт хөрөнгө оруулалтад гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь нэмэгдэж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудаар авч үзвэл геологи хайгуул, уул уурхай, газрын тосны салбарт талаас илүү хувь нь ногддог. Мөн банк санхүүгийн үйл ажиллагаа, барилгын үйлдвэрлэлд 10-20 хувь, үлдсэн нь худалдаа, үйлчилгээ, малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулах болон бусад салбарт ногдож байна. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНХАУ, Канад, БНСУ, АНУ, Япон, ОХУ, Их Британи Умард Ирландын хөрөнгө оруулагчид тэргүүлж байна.

Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулалтаас гадна  хөгжлийн албан ёсны тусламжийг хөнгөлттэй зээл ба буцалтгүй тусламж гэсэн 2 хэлбэрээр авдаг. Буцалтгүй тусламжийг ихэвчлэн хүний хөгжил, яаралтай тусламжийн чиглэлээр авдаг бол хөнгөлттэй зээлийн нэлээд хувийг дэд бүтэц барьж байгуулах чиглэлээр авч байна. Монгол Улс өнгөрсөн 20 жилд 2085,4 сая ам.долларын хөнгөлттэй зээл авч түүний 20,3 хувь буюу 423,7 сая ам.долларыг зам тээврийн салбарт, 15,8 хувийг эрчим хүчний салбарт, 7,1 хувийг аж үйлдвэрийн салбарт оруулсан бол үлдсэн хувийг санхүү эдийн засаг, харилцаа холбооны салбар болон нийгмийн хамгаалал, ядуурлыг бууруулахад ашиглажээ.

Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын үр ашгийг дэлхийн жишгийн дагуу тооцож үзэхэд 2005- 2006 онд хөрөнгө оруулалтын үр ашиг өндөр байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор ДНБ-ий өсөлт 2005 онд 7,1 хувь байснаа 2006 онд 8,4 хувь болж өмнөх онтой харьцуулбал 1,3 пунктаар өссөн байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Харин 2007 оноос хойш хөрөнгө оруулалтын үр ашиг буурах хандлагатай байна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж эдийн засгийн өсөлт хөгжлийг тэтгэх талаар онцгой анхаарах шаардлагатай байна.

Хөрөнгө оруулалтын өнөөгийн байдлын талаар товчхон дурьдахад ийм байна. Одоо хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо товчхон хэлье.

Гурав. Хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг  шийдвэрлэх зарим арга зам

Хэдийгээр манай улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний дотор улсын төсвийн хөрөнгө оруулалт  өсөн нэмэгдэж байгаа боловч улс орны хөгжлийн өнөөгийн хэрэгцээ шаардлагаас ихээхэн хоцорч байна. Энэ нь юуны өмнө хөрөнгө оруулалт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, улмаар ард түмний амьдрал ахуйг сайжруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй байгаагаас тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, 2004 онд ҮСГ-аас явуулсан “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа”- гаар манай улсын хүн амын 36.1 хувь нь  ядуу амьдарч байв. ҮСГ-аас 2010 онд явуулсан судалгаанаас үзэхэд ядуурлын хамралтын хүрээ нэмэгдэж 39.2 хувь болсон байна.

Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх явдал онцгой ач холбогдолтой болж байна. Энэ чиглэлээр эхний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар саналаа товчхон хэлье. Үүнд:

  1. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт өнөөгийн шаардлагыг хангахгүй байна. Юуны өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтыг урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой сайн уялдуулж чадахгүй байна. Үүний тод жишээ нь дээр дурьдсанчилан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан 2015 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох, 2021 он гэхэд аймгуудыг хооронд нь хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөт ажил цаг хугацааны хувьд хоцорч байгаа явдал юм.  Иймд жил жилийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого нь дунд хугацааны бодлогодоо суусан, дунд хугацааны хөрөнгө оруулалтын бодлого нь урт хугацааны бодлогодоо суусан байх нөхцлийг хангах замаар хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах хэрэгтэй байна.
  2. Манай улсын эдийн засгийн бүтцийг сайжруулж, цаашдаа уул уурхайн салбараас хэт хамаарах байдлыг арилгах, улмаар бүс нутгуудын хөгжлийн төвүүдийг бий болгох чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Юуны өмнө Дархан-уул, Говьсүмбэр, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркуудыг хөрөнгө оруулалтаар дэмжих хэрэгтэй байна. Эдгээр паркийг байгуулж, хөгжүүлэх эрхзүйн үндэс УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоол, “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Чөлөөт бүсийн тухай хууль” зэрэг баримт бичгүүдэд тусгалаа олсон юм. Эдгээр паркийг байгуулснаар орон нутагт ажлын байрны хангамж сайжирч, хөрөнгө оруулалтын нийгмийн үр ашиг дээшилж, бүс нутгийн хөгжил түргэснэ гэж үзэж байна. Засгийн газар энэ чиглэлээр ихээхэн идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.
  3. Манай улсад хөрөнгө оруулалтыг хүнээ хөгжүүлэх, давтан сургах, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах мэдлэг чадвар, боломж олгох чиглэлээр ихээхэн нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
  4. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийг  хурдасгах, улмаар ажлын байрны хангамжийг эрс сайжруулах төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр дутагдаж байна. Эдийн засгийн өсөлттэй харьцуулахад улсын төсвийн урсгал зарлагын санхүүжилтийн хэмжээ сүүлийн жилүүдэд түргэн хурдацтай өсч байгаа юм.  Төсвийн байгууллагуудын үр ашиг багатай урсгал зардлыг бууруулж, төсвийн хэмнэлт хийх замаар эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийг  хурдасгах, ажлын байрны хангамжийг сайжруулах чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн цаашдаа улсын төсөвт хуримтлагдсан орлогыг иргэдэд бэлэн мөнгө тараах хэлбэрээр зарцуулах бус харин ажлын байрыг олноор бий болгох, улмаар улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулах нь зүйтэй юм.
  5. Манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатай байна. Дотоод зах зээлийн багтаамж багатай манай улсад үндэсний компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах нь хойшлуулшгүй зорилт мөн. Энэ хүрээнд өнөөдөр дэлхий дахинд тухайн улсын  эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал арга хэрэгсэл болж байгаа кластеруудыг манай улсад байгуулан хөгжүүлэхийг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих шаардлагатай байна. Энгийн хэллэгээр товчхон тодорхойлбол кластер нь байршлын хувьд ойролцоо оршдог толгой компаниуд болон тэдгээрийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ төрөлжсөн нийлүүлэгч компаниуд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын тодорхой зорилготой нэгдэл юм.  Кластеруудын хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа илүү үр ашигтай өндөр түвшинд хүрдгийг олон улсын туршлага бэлхэнээ харуулж байна.
  6. Орчин үеийн өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл,  үйлчилгээний салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт хэт бага байна. Хэрэв уул уурхайн томоохон төслүүдийг эс тооцвол энэ талаар бид хаа хаанаа бага анхаарч байна.  Өнөөгийн байдлаар дээр дурьдсанчилан геологи хайгуул, уул уурхай, газрын тосны салбарт  гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь ноогдож байна. Ийм нөхцөлд өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрлэл, түүний дотор МАА-н гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл,  мөн аялал жуулчлал зэрэг орчин үеийн үйлчилгээний салбарт өндөр хөгжсөн орнуудын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар цаашид онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.
  7. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах чадвартай хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг босгох таатай орчин бүрднэ гэж үзэж байна.
  8. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил үйлчилгээний тендерийг уг ажлыг гүйцэтгэх чадваргүй байгууллага авах явдал түгээмэл байгаа нь нэг гол бэрхшээл болж байна. Үүнтэй холбоотой орон нутагт тендерт ялсан байгууллагын ажил гүйцэтгэлийн шаардлага хангахгүй, хөрөнгө оруулалт хугацаандаа хэрэгжихгүй явдал байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа ажил, үйлчилгээг стандартын бус, чанаргүй, мэргэжлийн бус түвшинд гүйцэтгэж, түүнд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа явдал түгээмэл байна. Иймд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх болон гүйцэтгэлд нь хяналт тавихтай холбоотой харилцааг  улам боловсронгуй болгох  нь зүйтэй гэж үзэж байна.
  9. Улсын болон бүс нутаг, аймгуудын түвшинд томоохон хөрөнгө оруулалтын санхүүжилтыг төрийн өмчийн Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой болж байна. Энэ боломжийг хугацаа алдалгүй бүрэн дүүрэн ашиглах нь ихээхэн ач холбогдолтой юм.

 

Анхаарал тавьсан явдалд баярлалаа