Дорнод аймагт хөрөнгө оруулалтын хэрэгцээг төлөвлөх, гүйцэтгэлийг зохион байгуулж байгаа өнөөгийн түвшин

ДОРНОД АЙМАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН ТӨВШИН,

ЦААШИД ШИЙДЭХ АСУУДЛУУД

 

Илтгэгч: Л.Хишигтогтох /Дорнод аймгийн Засаг даргын Орлогч/

Эрхэм хүндэт ноёд, хадагтай

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол улсын нийт хөрөнгө оруулалт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд харьцангуй тогтвортой буюу ДНБ-ний 25-35 хувьтай тэнцэх хэмжээнд хэдбэлзэж ирсэн. Төсвийн хөрөнгө оруулалт 2000 онд 34.7 тэрбум төгрөг байсан бол, 2005 онд 59.9 тэрбум, 2007 онд 408.4 тэрбум, 2010 онд 530.9 тэрбум төгрөгт хүрч жилээс жилд өсч ирсэн. Ирэх 10 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг их наяд давах төлөв ажиглагдаж байна.

Монгол улсын төсвийг гаргах эрх зүйн үндсийг Монгол улсын үндсэн хууль, улсын төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудаар зохицуулж өгсөн байдаг. Эдгээр хуулиудад төвлөрсөн байдлаар төсвийг гаргах, гол үүрэг хариуцлага нь салбарын яамд болон сангийн яаманд харъяалагдах ба орон нутгийн буюу аймаг, сумдын удирдлага нь хязгаарлагдмал зарлагын эрхтэй байхаар заасан байдаг. Жилийн төсвийг гаргахдаа эхлээд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д 5-р сарын 1-ний дотор гаргах ба энэ нь тухайн жилийн төсөвт гаргах үйл явцын суурь болж өгдөг. Төсвийн саналуудыг 6 дугаар сард авах ба Сангийн яам, салбарын яамд, орон нутгийн удирдлага, бусад төсвийн байгууллагуудын хооронд зөвшилцөл 10 дугаар сарын 1 хүртэл буюу Засгийн газар төсвийн саналыг баталж, УИХ-д өргөн барих хүртэл явагдаж, УИХ нь 12 дугаар сарын 1-ны дотор төсвийг баталж, төсвийн жил 1 дүгээр сарын 1-ээс эхэлдэг.

Энэхүү хууль эрх зүйн орчин нь төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн ангилалын талаар огт дурьдаагүй байдаг. Харин үүнийг сангийн яамнаас гаргасан журмаар зохицуулдаг. Эдгээр журмууд нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжүүлэлтийн шаардлагуудыг тодорхойлж өгсөн байдаг. Хэдийгээр энэхүү зааварчилгаа нь ерөнхий нөхцлүүд байдаг ч хөрөнгө оруулалтын шинэ төслүүд нь улс орны нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх асуудлуудтай нийцсэн, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх ёстой байдаг.

Монгол улс нь бусад орнуудтай адил урт хугацааны төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр байдаггүй. Нэгдсэн төсөвт төслүүдийн олон жилийн зардлуудыг жагсаадаг боловч зөвхөн нэг жилийн хувиарлалтыг суулгаж өгдөг.

Дорнод аймгийг 2009-2016 он хүртэл хөгжүүлэх “ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО” бодлогын баримт бичгийг 2009 онд тодорхойлон аймгийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлаар хэлэлцүүлэн баталсан.

Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогод “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөр (2015 он хүртэл)” зэрэг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанарыг тусгасан болно.

Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дараах давуу болон сул талуудыг тодорхойлсон. Үүнд:

Хөгжлийн давуу талуудад:

-       Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;

-       Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд ашиглаж болох МАА-н болон эрдэс түүхий эдийн нөөцтэй ;

-       Төмөр зам, агаарын тээвэр, холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц хурдан хөгжих нөхцлөөр харьцангуй сайн;

-       Хил залгаа орших ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол  аймагтай гадаад харилцааг хөгжүүлэх, тэдний зах зээлийн багтаамжийг ашиглах газар зүйн тааламжтай байршилтай;

-       Зүүн хойд Азийн эдийн засгийн бүс нутагт татагдан хөгжих ирээдүйн боломжтой;

-       Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хил орчмын аялал жуулчлал  хөгжүүлэх нөхцөл боломж сайн;

-       Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд ашиглаж болох барилга байгууламжийн багагүй нөөцтэй;

-       Хадлан бэлчээр, тариалангийн зориулалтаар ашиглаж болох хөдөө аж ахуйн эдэлбэр газрын харьцангуй их нөөцтэй зэрэг болно.

Сул талууд:

-       Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн орлогын тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад ашиглах эрх хязгаарлагдмал;

-       Хүн ам аймгийн төвд хэт төвлөрсөн, хүн амын нягтшилт сийрэг;

-       Ажилгүйдэл, ядуурлын түвшингээр бусад аймгуудаас харьцангуй өндөр;

-       Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага;

-       Санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хязгаарлагдмал;

-       Халдварт өвчнөөр өвчлөгсөд, нялхсын эндэгдэл, нас баралтын түвшин харьцангуй өндөр;

-       Нийслэл Улаанбаатар хотоос алслагдмал, хатуу хучилттай авто замаар холбогдоогүй;

-       МАА, газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг агаарын байдлаас ихээхэн хамааралтай;

-       Хаврын улиралд салхи шуурга ихтэй, ой хээрийн түймрийн гамшигт өртөмтгий;

-       Ган цөлжилтөд хялбархан нэрвэгдэж болох нөхөн сэргээгдэх чадвар султай экологийн эмзэг орчинтой зэрэг болно.

Дорнод аймгийн хөгжлийн 2016 он хүртлэх АЛСЫН ХАРАА нь хүний хөгжилд тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын амьдралын түвшинг тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн татах хүч, эдийн засгийн төв болох зорилтыг дэвшүүлсэн.

Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан:

1)    Аймагт мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хүнийг бүх талаар хөгжүүлнэ.

2)    Зүүн хойт Азийн бүс нутгийн хүрээнд болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлнэ,

3)    Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.

4)    Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот, сумдыг хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.

5)    Аялал жуулчлалыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно.

6)    Гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлж хөгжлийг хурдасгах хөшүүрэг болгоно.

Дорнод аймгийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтад сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2007-2011 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 3,783.2 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр 20,620.0 сая төгрөг улс, орон нутгийн төсөвт тусгагдан зарцуулагдсан байна.

Төсвийн хөрөнгө оруулалт жилээс жилд 1.2-2 дахин нэмэгдэж ирсэн бол 2009 онд дэлхийн ихэнх улс орныг хамарсан эдийн засгийн хямралын нөлөөгөөр хөрөнгө оруулалтын хэмжээ ч өмнөх жилээс 47.5 хувиар багассан байна.

2010 оны улсын төсөвт бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр УИХ-ын гишүүдийн саналын дагуу Дорнод аймагт 2800.0 сая төгрөгийн төсөл, арга хэмжээ батлагдаж, улсын төсвийн тодотголоор төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад хувиарлагдсан. Дорнод аймагт хэрэгжүүлсэн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 41.8 хувь нь БСШУ-ны сайдын багцаас, 13.9 хувь нь ХХААХҮ-ийн сайд, 10.7 хувь нь ЗТБХБ-ын сайд, 8.7 хувь нь ЭБЭХ-ний сайдаас, 7.6 хувь ЗГХЭГ-ын даргын багцаас, 7.5 хувь нь ЭМ-ийн сайд, 6.5 хувь ХЗДХ-ийн сайд, 1.75 хувь монгол улсын шадар сайд, 1 хувь НХХ-ийн сайд, 0.5 хувь сангийн сайд, 0.2 хувь нь БО-ны сайдын багцад тус тус батлагдан хэрэгжүүлсэн байна.

Төсвийн хөрөнгөөр Дорнод аймагт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг хуулийн дагуу 85 хувийг нээлттэй тендер шалгаруулах журмаар, 14.7 хувийг хязгаарлагдмал тендер шалгаруулалт болон харьцуулалтын аргаар, 0.3 хувийг хуулийн тодорхой заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулах аргаар хэрэгжүүлсэн.

Орон нутгийн хувьд ирэх оны Хөрөнгө оруулалтын саналыг сум, төсвийн байгууллагуудаас авч нэгтгэж, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, улсын төсвийн ерөнхийлөн захирагчид болон сангийн яаманд хүргүүлдэг. Ингэхдээ Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тулгамдсан, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаас нь саналаа боловсруулдаг.

Гэвч төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд орон нутгийн оролцоо үндсэндээ байдаггүй, улсын төсвийн ерөнхийлөн захирагчид болон тухайн орон нутгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжин төлөлвлөлт хийгддэг. Үүнээс болж орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт бодитой төлөвлөгддөггүй, давхардах, өгсөн саналууд орхигдох, мөн зураг төсөвгүй онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтууд тусгагддаг. Дорнод аймагт зураг төсөв боловсруулах эрх бүхий мэргэжлийн байгууллага дутмаг байдаг учир ингэж зураг төсөвтгүй батлагдсан ажлын зураг төсвийг боловсруулахад багагүй хугацаа шаардаж, худалдан авах ажиллагааг хугацаа хоцорч тендер зарлагдах, улмаар тухайн төсвийн жилдээ багтаж төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжгүй болох зэрэг асуудлууд гардаг.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон худалдан авах ажиллагааны хуулиар захиалагчийн эрх үүрэг хоорондоо зөрчилддөг. 500 сая төгрөгөөс доош өртөгтэй төсөлд орон нутаг захиалагч болох боломжтой боловч ерөнхийлөн захирагч болж чаддаггүй, улсын төсвийн ерөнхийлөн захирагч болон орон нутгийн удирдлагын хоорондхи үүрэг хариуцлагын асуудал сулардаг.

Засгийн газрын худалдан авах ажиллагаанд хийсэн судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд Монгол улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн нийт худалдан авалтын 80 –аас илүү хувь нь Төрийн захиргааны төв байгууллагуудын хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн байна. Энэ нь нөгөө талаас тухайн бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах орон нутгийн буюу эцсийн хэрэглэгчийн хүсэл, шаардлагад нийцэхгүй худалдан авалт хийгдэх, гэрээний хэрэгжилт, хяналт хангалтгүй тавигдах зэрэг нөхцөл байдалд хүргэж байгаа тул төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээний шууд хэрэглэгч болох орон нутгийн эрх мэдлийг зохистой түвшинд нэмэгдүүлэх нь тухайн бүс, орон нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх юм.

Тухайлбал: 2008 оны улсын төсөвт БСШУ-ны сайдын багцад батлагдсан Дорнод аймагт баригдах 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 640 хүүхдийн сургуулийн шинэ байрилгын ажлыг БСШУ-ны яаман дээр зохион байгуулж ажлыг эхлүүлсэн боловч тодорхой шалтгааны улмаас одоог хүртэл барилга угсралтын ажил ердөө 40 гаруй хувьтай үлгэлжилж, ерөнхийдөө барилгын ажил зогсоод байна.

Орон нутагт бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах хэдэн хууль, эрх зүйн тодорхойгүй асуудлууд тулгардаг.

Худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд гол ашиглагддаг Сангийн сайдын 2008 оны 58 дугаар тушаалыг хүчингүй болгон 2010 оны Сангийн сайдын 135-р тушаалаар улсын болон орон нутгийн төсөв, тэдгээртэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар захиалагчийн төрийн сан дахь дансаар дамжин гүйцэтгэгчид санхүүжилтийг олгохоор зохицуулалт хийгдсэн. Орон нутгийн хувьд барилга байгууламж, их засварын ажилд барилгын тухай хуулийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар захиалагч нь болдог. Харин худалдан авах бараа, тоног төхөөрөмжийн хувьд орон нутагт захиалагч нь хэн байх нь тодорхойгүй байгаа юм.

Мөн барилга байгууламж, их засварын ажлыг гүйцэтгэж дууссан хойно хүлээж авах улсын болон техникийн комиссийг Монгол улсын Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу комиссийн бурэлдэхүүнийг улсын комиссийн дарга байгуулан ажилладаг. Уг дүрэмд комиссийн бүрэлдэхүүн, гишүүдийг албан тушаалаар заахаас гадна зарим гишүүд нь аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын төлөөлөл, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл зэрэг ерөнхий нэрээр заагдсан байдаг. Энэ нь тухайн гишүүнийг комиссийн дарга өөрийн үзэмжээр заасан байгууллагын хэн нэгэн төлөөлөлийг оруулах, ингэсэнээр сонирхлын зөрчил үүсгэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

Худалдан авах ажиллагаанд оролцохдоо хариуцлагагүй, хэнэггүй хандаж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гүйцэтгэгчтэй шүүх эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн ХАА-нд оролцох эрхийг нь хязгаарлахаас өөрөөр хариуцлага тооцох механизм үндсэндээ худалдан авах ажиллагааны тухай хуулинд байдаггүй. Уг заалт нь ч огт хэрэгждэггүй. Дээрх хариуцлагын тогтолцоог аль аль талдаа өндөржүүлэх шаардлагатай юм.

Манай улсад худалдан авах ажиллагааны тендерийн зарчмыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч, худалдан авах ажиллагаанд оролцогчид ч тэр хэмжээгээр туршлагажиж, хууль заавар журмыг ч зохих хэмжээгээр судалж мэдлэгтэй болсон нь худалдан авах ажиллагаанд оролцож байгаа байдал, материал бүрдүүлэлт болон гаргаж байгаа гомдол зэргээс тодорхой харагддаг. Гомдол баргадуулах ажиллагаа хуулийн дагуу явж байна.

Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Монгол улсын төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд худалдан авах ажиллагааны өнөөгийн бүрэн төвлөрсөн тогтолцоог халж, хагас төвлөрсөн тогтолцоотой болгох, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Засгийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан бие даасан, мэргэжлийн байгууллагыг шинээр байгуулж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээний орон нутгийн эрх мэдлийг зохистой түвшинд хүргэх зэрэг тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтыг оруулсан хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсанаар худалдан авах ажиллагааны тогтолцоог шинэ төвшинд гаргах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.

 

АНХААРАЛ ТАВЬСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.