Нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт,

үр дүн, цаашдын зорилт

 

Илтгэгч: Б.Мөнхбаатар /Нийслэлийн Засаг даргын Орлогч/

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал бодлоо хуваалцах завшаан тохиосонд сэтгэл нэн хангалуун байна.

Манай улсад тулгараад байсан санхүү, эдийн засгийн хүндрэл саармагжин эдийн засаг сэргэж эхэллээ. Уул уурхайн салбарын томоохон төслүүд гараанаас гарч эхэлснээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд ихээхэн нэмэгдүүлэх хандлагатай байгаа тухай мэргэжлийн шинжээчид хэлж байна. Уул уурхайд түшиглэн эдийн засгийн бүтцийг сайжруулах, боловсруулах аж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ч дорвитой алхам хийгдэхээр байна.

Монгол улсын үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд буй энэ цаг үед хөрөнгө оруулалтын талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхой болгоход орон нутаг, тэр дундаа Монгол улсын хүн амын тал хувь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын оролцоог хангуулахад чиглэсэн онол, практикийн бага хурал зохион байгуулж байгаа Сангийн яаманд талархал илэрхийлье.

УБ хотын хөгжлийн өнөөгийн түвшин, хэтийн төлвийн талаар:

Та бүхэн сайн мэднэ. Нийслэл Улаанбаатар хотын нэн өвөрмөц онцлог нь улсын нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг энэ багахан талбайд нийт хүн амын тал хувь буюу 1.2 сая орчим хүн ам оршин сууж, хүн амын нягтшил улсын дунджаас 138 дахин их, улсынхаа бусад томоохон хотуудаас хэд дахин олон хүнтэй болж, том хотуудын эерэг болон сөрөг үзэгдэл түлхүү илэрч байгаа юм.

Хүн амын төвлөрөл нь эдийн засагт өсөлт бий болгох, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний нөөц бий болгох эерэг нөлөөтэй боловч Улаанбаатар хотын хувьд хүн амын өсөлттэй уялдан хүн амын бодит орлого нэмэгдэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил хангалттай түвшинд явагдаагүйн уршгаар нийгмийн дэд бүтцийн нийлүүлэлтийн хомсдол, гэр хорооллын зохицуулалтгүй тэлэлт, орчны болон байгаль экологийн тэнцвэр алдагдах зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын эрх зөрчигдөх болсныг бид бүгд харж байгаа.

2009 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод Монгол улсын ДНБ-ий тэн хагасыг буюу 50,5 хувийг үйлдвэрлэж, төсвийн орлогын 1/3-ийг төвлөрүүлж, барилга, худалдаа, үйлчилгээ, тээвэр холбоо, нийгмийн бусад үйлчилгээний 70 хувийг бий болгодог гэсэн статистик мэдээ байна.

2000 оны хүн амын тоог 2009 онтой харьцуулахад 1,4 дахин өсчээ. Хүн амын өсөлтөө дагаад оршин суугчдын хэрэглээнд ихээхэн өөрчлөлтүүд гарч эхэлсэн. 2000 онтой харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо 2009 онд 3,2 дахин, орон сууцны 1м2-ын үнэ 2004 ба 2010 оны хооронд 2,7 дахин өсч, ЕБС-иудын хүчин чадлын даац 55,0%-иар, цэцэрлэгийн ачаалал 50,5%-иар тус тус хэтэрчээ.

Гэр хорооллын зохицуулалтгүй тэлэлтийн хувьд эзлэх талбайн хэмжээ 2009 онд 2000 онтой харьцуулахад 2,1 дахин буюу 4448 га-аар, өрхийн тоо 1,9 дахин буюу 81,6 мянгаар, тэнд оршин суугчийн тоо 328,3 мянгаар тус тус өсчээ.

Эдгээр сөрөг үр дагаврын учир шалтгааныг хотын эдийн засгийн хувьд бие даах, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтаа санхүүжүүлээд явах чадамжгүй, институци ба хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал зэрэгтэй холбон тайлбарладаг.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас хийсэн Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаагаар 2020 он гэхэд нийслэлийн хүн ам 1,537.8 мянга болж, үүнтэй холбоотойгоор орон сууцны эрэлтийн хэтийн төлвийн тооцооны дагуу 2020 он хүртэл шинээр 128,7 мянган айлын орон сууц барих хэрэгцээ үүсч байгаа юм.

Нийтийн тээврийн зорчилт 2030 он хүртэл 2,4 дахин нэмэгдэж, авто замын сүлжээнд үзүүлэх нөлөөлөл тэр хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна.

Эрчим хүчний хэрэглээ өсч, 2030 он гэхэд эрэлт 1328 Мвт хүрэх төлөвтэй байгаа учраас эрчим хүчний шинэ эх үүсгүүрийг барьж ашиглалтанд оруулах, цахилгаан эрчим хүчний хангамжийн системийг бүхэлд нь сайжруулж дэд станцуудыг шинэчлэн засварлах, шинээр шугам сүлжээ барих, үйлчилгээний хүрээг өргөжүүлэн кабель шугамуудыг өргөтгөн шинэчлэн сайжруулах шаардлага бий болоод байна.

Ер нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэхэд Японы Олон улсын JICA байгууллагын Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаагаар ойролцоогоор 9.0 тэрбум ам. долларын санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарсан байдаг. Мөн нийслэлийн холбогдох газруудын тооцоогоор нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нэг жилд 790 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.

Хотжилтын түвшин ийнхүү нэмэгдэж байгаа нь нийслэлийн хөгжлийг улс орны түвшинтэй адилтгах хэмжээнд авч үзэн, хотын өсөлтийн менежменттэй уялдсан хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцлийг бий болгож байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

Монгол улсын Засгийн газраас төсвийн шинэчлэл, төсвийн төлөвлөлтийн талаар тодорхой анхаарал хандуулж байна.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд “Төсвийн тухай” хуулийн төсөл, “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг тус тус боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Эдгээр хуулийн төслүүд батлагдвал улсын болон орон нутгийн хэмжээнд төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хяналт сайжирч, хөгжлийн бодлого болон төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоо хангагдах боломж бүрдэхээр байна.

Энэхүү онол, практикийн бага хурал дээр хөгжлийн бодлого, төлөвлөлт ба төсвийн уялдааг хангах асуудлаар тодорхой мэдээллийг хийсэн байгаа. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, өнөөдөр өндөр албаны зарим хүмүүс Монгол улс урьд нь мөнгөгүйддэг байсан бол одоо мөнгөтэйн зовлон эдлэх боллоо гэж ярьж байна.

Энэ бол хөгжлийн бодлого тодорхойгүй, бодлого тодорхойлох механизм нь ойлгомжгүй, хөрөнгөө зарцуулах тодорхой төсөл хөтөлбөргүйн үр дүн гэж бодож байгаа. Ер нь бодлогоо дагаад төлөвлөлт хийгддэг, төлөвлөлтөө үндэслээд төсөв боловсруулагддаг байх учиртайг хаа хаанаа ойлгодог, хэрэгжүүлдэг баймаар байна. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хуулийн төсөл ч энэ суурь зарчмыг хуульчилахаар боловсруулагдсан гэж ойлгож байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг бие даан хөгжих эрх зүйн статустай, өөрийгөө тэтгэх эдийн засагтай болгох чиглэлээр дорвитой ахиц гаргахаар зорилт дэвшүүлсэн байдаг.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотод тулгамдаад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн зэрэгцээ олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэх үүднээс Улаанбаатар хот нь улсын нийслэлийн үүргийг гүйцэгтгэж буйтай холбоотойгоор онцлох чиг үүрэг, нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг, нийслэлийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, нийслэлийн эдийн засаг, санхүү, өмчийн харилцааг боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор Засгийн газраас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээр болоод байна.

Дэлхийн өндөр хөгжсөн улсуудын нийслэл хотууд хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын төслүүд боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай байдаг. Нийслэл Улаанбаатар хот энэ чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтаас гадна бие даан хөрөнгө босгох, өмчөө барьцаалан бонд гаргах, төсвийн орлогын нэр төрлийг нэмэгдүүлэх татварын төрөл зэрэг асуудлуудыг боловсруулан хуулийн төсөлд тусгасан.

Төсвийн бус хөрөнгө оруулалт татах, гадаад дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийслэлээс тодорхой алхам хийж байна. Тухайлбал, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банктай хамтран гадаадын донор байгууллагууд, элчин сайдын яамд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, дотоодын банк санхүү болон хувийн хэвшлийн байгууллагуудтай Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаар хэлэлцэж, ярилцах “Улаанбаатар хот – Түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулж уулзалтан дээр НЗДТГ-аас дотоод, гадаадын түнш байгууллагуудад Улаанбаатар хотод нэн тэргүүний хэрэгжүүлэх шаардлагатай хөгжлийн 47 төслийг танилцуулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Эдгээр төслүүдээс өнөөгийн байдлаар 4 төсөл хэрэгжиж эхлээд байна.

Одоо та бүхэнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хүргэе.

Өнгөрсөн 2010 онд нийслэлийн төсөвт 137.8 тэрбум төгрөгийн орлого орж 80.1 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилт  хийж улсын төсвийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж улсад 56.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр 42.8 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр 50.4 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 30.8 тэрбум төгрөг, нийт 124.0 тэрбум төгрөгийн  447 багц төсөл, арга хэмжээ хэрэгжүүллээ.

Төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэн орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тохижилт цэцэрлэгжилтийн ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих 74.5 тэрбум төгрөгийн 447 төсөл, арга хэмжээний эрхийг Нийслэлийн Засаг даргын салбарын асуудал хариуцсан орлогч нарт болон дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудад шилжүүлсэн. Шилжүүлсэн эрхэнд нь тохирсон үүрэг, хариуцлага тооцож байна.

Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хангах ажлыг зохион байгуулах явцад гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлага алдсан зарим гүйцэтгэгчийн гэрээг хүчингүй болгон шүүхэд шилжүүлж, дахин тендер зарлах, дүүргийн ТҮК-аар ажлыг гүйцэтгүүлэн ашиглалтад оруулах зэргээр тухайн хөрөнгө оруулалтын ажлыг дуусган ашиглалтад өгсөн.

Энэ мэт эдийн засгийн болон хариуцлагын хөшүүрэг хэрэглэсэн нь ажил гүйцэтгэгч компаниудад анхааруулга, дохио болсноос гадна ажлын үр дүнд нааштай нөлөөлсөн чухал арга хэмжээ болсныг дурдах нь зүйтэй болов уу.

Цаашид ч гэрээний үүргээ биелүүлээгүй, иргэдийг хохироосон аж ахуйн нэгжтэй хуулийн болон захиргааны хариуцлага хүлээлгэн ажиллаж байж хотод хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулах бодлого баримталж ажиллана. Мөн 2010 онд хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулсан үр дүн, ажлын хариуцлагыг харгалзан, хуулинд заасан босго үнийн хязгаар, тухайн ажлын гүйцэтгэлд тавих мэргэжлийн чадамжийг харгалзах, өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулахад дээр дурдсан алдаа гаргасан ажил хохироосон дүүрэг, байгууллагад эрх шилжүүлэхгүй байх бодлого баримтална.

Тендерт шалгаран гэрээ байгуулсан гүйцэтгэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, барилга байгууламж нь чанарын шаардлага хангахгүй, гүйцэтгэж байгаа ажлаа өөр байгууллагад шилжүүлж давхар гэрээ хийсэн зэрэг зөрчил гаргасан байгууллагуудын жагсаалтыг найдваргүй гүйцэтгэгчээр зарлан нийслэл, дүүрэгт зарлаж байгаа тендерт оруулахгүй, ажил гүйцэтгүүлэхгүй байхаар төлөвлөж байна.

2010 онтой харьцуулахад энэ жил нийслэл Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ 3 дахин өсч байгаа нөхцөлд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ажлыг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан захиалагч, гүйцэтгэгчийн ажлын хариуцлага, санаачлага, сахилгыг өндөржүүлэх, барилгын чанарыг эрс сайжруулах, төлөвлөсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулах асуудал чухал байна. Тийм учраас жил бүрийн эхэнд нийслэлээс өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, үр дүн, тухайн жилийн бодлого, зорилтын зөвлөлгөөнийг уламжлал болгон зохион байгуулдаг боллоо.

Нийслэл болон салбарын яамд хамтран боловсруулсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр Монгол Улсын Их Хурлаар батлагдаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар батлаад байна. Үүний үр дүнд 2011-2016 онд нийслэлийн хэмжээнд барилга, хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн салбарт хийгдэх ажлын хэмжээ тодорхойлогдож, тэдгээрийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгаж төр, хувийн хэвшлийн түншлэл, Концессийн хуулийн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдээд байна.

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийслэлээс улсад төвлөрүүлэх орлогыг 26.7 тэрбум төгрөгөөр баталж, нийслэлд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд зориулан 79.0 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтын зардлын эх үүсвэрийн боломж олголоо.

Энэ онд нийслэлийн төсвөөс дээрх 79.0 тэрбум төгрөг, нийслэлийн замын сангаар 9.4 тэрбум төгрөг, төсвийн урсгал зардлаас цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн тохижилт, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр 14.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд энэ нь нийслэлийн төсвөөс  сүүлийн 5 жилд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын дүнтэй тэнцэж байгаа юм.

Мөн  нийслэлийн нутаг дэвсгэрт улсын төсвийн болон салбарын сайдуудын багцын хөрөнгөөр 123.7 тэрбум төгрөгийн ажил хийхээр  батлагдсаныг оруулан тооцвол нийт 226.3 төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр байна.

Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлэх, үр дүнг сайжруулах, ажлын давхцлыг гаргуулахгүй байх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн график төлөвлөгөө гарган Улаанбаатар хотын Ерөнхий менежер батлан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Уг төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээ, цахилгааны болон дулааны шугам шинэчлэх ажил, цэвэр бохир ус, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээний ажлууд, авто зам засварлах, шинэчлэх, тохижилтын шинээр хийх ажлууд гэхчлэн бүх ажлуудыг төлөвлөгөөнд оруулж хариуцсан байгууллагуудын ажлын уялдааг хангаснаараа онцлогтой гэж хэлж болно.

Цаашид орон нутаг, тэр дотроо нийслэлийн төсвийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, хамтран ажиллах талаар

Нийслэл Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даах, санхүүгийн чадамжтай болох чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагааны талаар та бүхэнд дээр танилцуулсан.

Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд буй энэ үед санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам, Ниийслэлийн Засаг даргын Тамгын газар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, хурдтай ажиллах шаардлага байна.

Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхон маань нийслэлээс гаргаж буй аливаа санал, санаачлагыг дэмжин, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллахыг хүсье.

Нэг тодруулах зүйл бол “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн хоёрдугаар бүлгийн 4.2-т заасан “Засгийн газар Улсын Их Хурлын зөвшөөрлөөр, аймаг, нийслэлийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлөөр нийтэд санал болгон үнэт цаас гаргаж болно” гэсэн заалтын дагуу нийслэл өмчөө барьцаалах замаар бонд гаргах, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт татах асуудлыг хамтарч судлан шийдэл гаргамаар байна.

Нийслэл Улаанбаатар хот олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоолгох боломжийг судлаж эхлээд байна. Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ асуудлыг дэмжин ажиллахыг та бүхнээс хүсье.

Ингээд та бүхэнд нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт, цаашдын талаар товч танилцуулга хийлээ.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

Та бүхэнд ажлын амжилт хүсье!