ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ЧАНАР, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД БАРИЛГЫН АЖЛЫН НОРМ, СТАНДАРТ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ЧАНАР, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД БАРИЛГЫН АЖЛЫН НОРМ,

СТАНДАРТ, ЗУРАГ ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

 

Илтгэгч: Ц.Ганхүү /Газрын харилцаа,

барилга, геодези зураг зүйн газрын дарга/

 

 

1. Хөрөнгө оруулалтын төсөл буюу бүтээн байгуулалтын ажлын хэмжээ, хөрөнгө оруулалтыг тодорхойлох эхний үндэслэл тулгуур нь барилга байгууламжийн зураг төсөл юм.

Энэ үүднээс зураг төслийн чанар нь төслийн чанар, үр ашгийг бууруулах дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэх анхдагч хүчин зүйл нь юм.

Зураг төсөл алдаатай, барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангаагүй төлөвлөгдсөн байх нь барилга угсралтын болон ашиглалтын үйл ажиллагаанд үр ашиггүй их зардал бий болгоод зогсохгүй, осол аюул ч гарч болох үр дагавартай билээ.

Тиймээс аливаа барилга байгууламжийн зураг төсөлд экспертиз хийх ажлыг барилгын салбарын Төрийн захиргааны байгууллагын хувьд манай агентлаг хяналтандаа авч зохион байгуулах үүргийг хүлээдэг.

Энд хөрөнгө оруулалтын чанарыг дээшлүүлэхэд зураг төслийг оновчтой төлөвлөхийн ач холбогдлыг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барих 20 ортой эмнэлгийн барилгын зураг төсөлд хийсэн экспертийн дүгнэлтээс жишээ татаж үзвэл “Барилгын архитектур төлөвлөлтийг нь өөрчлөхгүйгээр тоосгон ханатай угсармал төмөр бетон хучилттай хөшүүн схемтэй болгон зураг төслийг боловсруулсан бол сууриас В20 ангиллын 47,8м3 бетон, 5.61тн арматур, цутгамал төмөр бетон рамнаас В20 ангиллын 210м3 бетон, 55.6тн арматур хэмнэгдэх  боломжтой байна. Тоосгон ханатай хувилбарт орох зүрхэвчийг бодолцвол ойролцоогоор  В20 ангиллын 240 м3 бетон, 60.0 тн арматур хэмнэгдэнэ. Мөн 19м х 14,8м-ийн хэмжээтэй 3 давхар каркас цутгах хөдөлмөр зарцуулалт, хэв хашмалын зардал хэмнэгдэх боломжтой” гэсэн дүгнэлтийг эксперт инженер нь хийсэн байна. Уг барилгыг хөнгөн дүүргэгч бүхий ханатай цутгамал каркасан бүтээцээр төлөвлөсөн байжээ.

Тоосгон болон цутгамал хувилбарын зардлыг харьцуулж үзүүлвэл

Шифр Ажлын нэр Х/н Объём Нийт зардал
Зүрхэвчтэй тоосгон ханатай хувилбар
06-010-22 Бетон шугаман суурь цутгах М100 м3 83.2 11191782
06-070-08 Төмөр бетон зүрхэвч цутгах м3 17.8 6292325
08-060-08 Ердийн тоосгоор дунд зэргийн гоёлтой 380 мм-ийн хана өрөх м3 192.2 40239510
08-050-10 Ѕ-ын өргөн ердийн тоосгон хана арматурлаж өрөх м2 505 19996937
08-280-15 Хана хөөсөнцрөөр дулаалах м2 505 13918042
08-100-05 Тоосгон өрөг бусад хийцийг арматурчлах тн 2.4 4379061
07-280-04 Төмөр бетон ялуу угсрах ш 296 12055129
  Нийт дүн     109072786
Цутгамал каркас
06-010-08 Баганын 3 м3 хүртэл цул төмөр бетон суурь цутгах М250 м3 47.8 15538072
06-050-13 Бетон ба дэвсгэр үеийг арматурчилах тн 1.61 445609
06-070-10 6м хүртэл өндөр 2м хүртэл тойрох хэмжээтэй төмөр бетон багана цутгах М250 м3 63 37257505
06-100-05 Тулгуурын талбайгаас 6м өндөрт 500мм зузаан төмөр бетон дам нуруу цутгах М150 м3 147 90036828
06-050-13 Бетон ба дэвсгэр үеийг арматурчилах тн 23 34855919
  Нийт дүн     178133933
178133933-109072786=69 061 147

 

Дашрамд дурьдахад 2009 онд 800 гаруй барилга байгууламжийн зураг төсөлд экспертиз хийж байсан бол  өнгөрсөн жил буюу 2010 онд 1100 орчим барилга байгууламжийн зураг төсөлд экспертиз хийсэн. Үүнээс 403 нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга байгууламж байлаа.

Барилгын зураг төслийн чанарыг сайжруулах бодлогын арга хэмжээний хүрээнд эталон зураг гаргаж байна. Энэ нь зураг төслийн бүрдэл, тэмдэглэгээ зураг төслийн хэм хэмжээг загварчилж стандартад оруулж байгаа нэг хэлбэр юм.

Нэмэлт мэдээлэл болгож хэлэхэд Зураг төслийн бүрдэлд 1. Ерөнхий төлөвлөгөө, 2. барилгын архитектур, 3. барилгын бүтээц, 4. халаалт салхивч ба дулаан механик, гадна дулаан, 5. цэвэр бохир усан хангамж, 6. дотор гэрэлтүүлэг хүчит төхөөрөмж, гадна цахилгаан, 7. холбоо дохиолол, гадна холбоо, 8. Инженер геологийн дүгнэлт, 9. төсөв хамрагддаг бөгөөд үүгээр зураг төслийн чанар, үр ашгийн тал бүрийн хамаарал илүү тодорхой ойлгогдох байх аа.

2. Барилга байгууламжийн зураг төслийн чанар, үр ашгийн хэмжүүр, тулгуур нь болох техникийн норматив баримт бичиг нь Барилгын норм ба бүрэм /БНбД/, стандарт, нэг маягийн барилга байгууламж, хийц хэсэглэлийн зургийн цомог /альбом/ зэргээс бүрддэг. Үүнээс БНбД нь дотроо төлөвлөлтийн, угсралтын төсөв үнэ бүрдлийн гэх мэтээр ангилагддаг.

Өнөөдөр барилгын салбарт нийт 411 БНбД хэрэглэгдэж байгаагаас  төлөвлөлтийн 56, угсарлтын 66, төсөв үнэ бүрдлийн 255 норм дүрэм хэрэглэгдэж байна. Мэдээж шинэ шинэ БНбД боловсруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байнга тавигдаж байдаг.

Тухайлбал барилга байгууламжийг дулааны хэмнэлттэй, өөрөөр хэлбэл эрчим хүч хэмнэх шаардлагаар төлөвлөлтийн БНбД-д хашлага хийцийн дулаан алдагдлын тооцоо, төлөвлөлтийг өөрчлөн шинэчилснээр барилгын ханын зузаан, дулаан тусгаарлах материалын орц нэмэгдэж угсралтын зардал өссөн ч дулаан хангамжид зарцуулах ашиглалтын зардал үлэмж хэмнэгдсэнээр нийгмийн үр ашиг нь нэмэгдэх боломжийг бий болгодог.

Сүүлийн 15 жилд цаг уурын өөрчлөлтийн талаарх судалгааны үзүүлэлтээр дулаарлаас шалтгаалан хөрсний хөлдөлт гэсэлтийн гүн багасч байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ өөрчлөлтийг үндэслэн БНбД 23-01-09-д Улаанбаатар хотын хөрсний хөлдөлт гэсэлтийн гүний нормативыг бүсчилэн тогтоосон нь БНбД 2.01.01-93-т заасан хэмжээнээс зарим газраа норматив гүн нь 0.11 м-ээс 0.28м хүртэл дээшилсэн нь хөлдөлтийн гүнээс доош суулгах шугам хоолойн газар шорооны ажил, түүний төсөвт өртөг мөн энэ хэмжээгээр багасна гэсэн үг юм.

Мөн эдийн засгийн утга агуулгаараа төсвийн үнэлгээний нормууд хөрөнгө санхүүжилтийг зөв тооцох үндсэн хэрэглэгдэхүүн юм. Төсвийн норм үнэлгээний мөнгөн дүнг илэрхийлэх утгын ард хөдөлмөр зарцуулалт гэдэг нэг том ойлголт явдаг. Өдөр бүр шахам шинэ материал, техник технологи бий болж, тэр бүхнийг манайд нэвтрүүлэх, хэрэглэхээр оруулж ирэх хандлага, хэрэглээ өргөжсөн өнөө үед шинээр нэвтэрч буй технологиудын хөдөлмөр зарцуулалтыг тогтоох ажил хоцрогдож байгаа нь төсөв үнэ бүрдлийн норматив баримт бичиг боловсруулахад бэрхшээл хүндрэл учруулж буй тулгамдсан асуудлын нэг нь болоод байгаа юм.

Хөдөлмөр зарцуулалтыг тодорхойлох уг ажил нь өөрөө байнгын шинжилгээ судалгааны ажил, судалгааны бие даасан байгууллагыг шаардаж байгаа бөгөөд одоогоор тийм судалгаа хийдэг газар байхгүй байгаа нь ойрын үед шийдвэрлэвэл зохих асуудал болж байна.

3. БНБД боловсруулах үйл ажиллагааны санхүүжилтийг “нормативын сан”-г бүрдүүлэх журмаар бий болгож ирсэн. Тодруулж хэлбэл энэ нь Барилгын байгууллагууд өөрийн үйл ажиллагааны ашгаасаа зохих хувийг норм дүрэм боловсруулахад зориулан төвлөрүүлэн цуглуулж байгаа, нийгмийн нэг хэсгийн хувийн хуримтлал юм. Үнэн чанартаа энэ сан нь иргэдийн мөнгөн хадгаламжтай адил, харин зарцуулалт нь нийгмийн чухал асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа онцгой хадгаламж юм. Гэтэл Сангийн яам “нормативын сан”-гийн энэ хуримтлалыг хуваарилагдсан төсвийн хөрөнгөтэй адилаар авч үзэж байгаа үл ойлголцох байдал техникийн баримт бичиг боловсруурах үйл ажиллагаанд бэрхшээл учруулах нөхцөл байдал үүсгээд байгааг эргэн харж, анхаарч туслаасай гэж хүсэж байна.

Техникийн норматив баримт бичгийн нэг хэсэг болох БНбД боловсруулах ажлыг манай Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар эрхлэн явуулдаг ба харин нөгөө нэг хэсэг болох стандартын бодлогыг Стандартчилал, хэмжил зүйн газар хариуцдаг.

4. Өнөөдөр манай барилгын салбарт нийт 474 стандарт хэрэглэгдэн мөрдөгдөж байна. 2002 онд 100 хувь ГОСТ стандартыг мөрдөж байсан бол өнөөдөр нийт стандартын 45 хувь нь ISO стандартын түвшинд хүрээд байна.

Гэвч стандартын тоо хэмжээ нь өнөөгийн бүх талын үйл ажиллагаа, материал, хийц, технологийг бүрэн хамрах хэмжээнд хүрч хараахан чадаагүй байна.

Энэ байдлаас болоод хөрөнгө оруулалттайгаа хамт гадны янз бүрийн стандарт шууд орж ирж байна. Гэтэл тухайн стандарт нь манайд хэр тохирох, хэрхэн түүнийг шалган тогтоох нь ч мэдэгдэхгүйгээс чанар үр ашгийг тооцох ч боломжгүй явдал гарах болсон.

Тиймээс олон улсын хэмжээнд мөрдөж буй гадны аль нэг стандартыг шууд авч хэрэглэе гэх хандлага яригдах боллоо.

Аливаа стандарт нь тухайн улс орны байгаль, цаг уур, хэрэглээний онцлог, техник технологийн түвшин, эдийн засгийн боломж, чадвар зэрэг олон талын хүчин зүйлээс нөхцөлдөн тогтоогддог. Хянах хэмжин шалгах багаж, техник хэрэгсэл, технологийн түвшин хүрээгүй нөхцөлд хэрэглээний өндөр түвшний стандарт авч хэрэглэх нь чанар үр ашгийг дээшлүүлэх биш харин бууруулах хүчин зүйл ч болж болдогийг манайд хэрэгжсэн зарим нэг төслөөс харагдсан нь бий.

Энэ утгаараа евро стандартыг нутагшуулах асуудал нь нэлээд судалгаатай, үе шаттайгаар хэрэгжих шаардлагатай болно. Үүний тулд үндэслэл, нөхцөл боломжоо тооцож, хэрхэн яаж түүнд шилжих, ямар хугацаанд хэрэгжүүлэх гэх мэт асуудлаа тодорхойлсон бодлогын баримт бичгүүдээ юуны түрүүнд боловсруулж гаргах хэрэгтэй байх аа!

 

Дүгнэлт

  • Хөрөнгө оруулалтын төсөл нь үндсэндээ Барилга байгууламж бүтээн байгуулалтаар дамжин хэрэгждэг, тэр нь зураг төсөл, БНбД, стандарттайгаа салшгүй уялдаатай, эд бүгд цогцоороо хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэж байдаг үндсэн хүчин зүйл юм.
  • Нормативын баримт бичиг боловсруулах, боловсронгуй болгох асуудал нь нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хөгжил, байгаль цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байнгын өөрчлөлт шинэчлэлтийг шаарддаг бөгөөд Нийгэм эдийн засгийн харилцаанд гарч байгаа өөрчлөлтийн хурдцыг техникийн баримт бичгийг боловсруулах, боловсронгуй болгох үйл ажиллагаа нь гүйцэхгүй байна.
  • Тиймээс эдийн засгийн хөгжлийн гол тулгуур суурь гэдэг утгаар нь барилгын норматив баримт бичиг боловсруулах ажилд өөрчлөлт гаргахад Сангийн яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо анхаарч хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

Хөрөнгө оруулалтын төслүүдийн чанар үр ашгийг дээшлүүлэхэд барилгын норм ба дүрэм, стандарт, зураг төслийн ач холбогдол, анхаарах асуудлын талаар товчхон дурьдахад ийм байна.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.