Орон нутгийн 2010 оны төсөв

May 24, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

1.1 Орон нутгийн 2010 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараахь төсвийн нэгтгэлийн үр дүн

Улсын Их Хурлаас “Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль”-ийн 14.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2010 онд орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх 131.7 тэрбум төгрөгийн орлогыг 11 аймаг, нийслэлээр, 8 дугаар зүйлд улсын төсвөөс орон нутагт олгох 14.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 11 аймагт олгохоор хуульчлан  баталсан.

Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн ИТХ 2010 оны төсвөө батлаагүйгээс Нийслэлийн 2010 оны төсвийн нэгтгэл ирүүлээгүй байна. Иймд Нийслэлийн төлөвлөгөөг УИХ-аар төсөв батлагдахад төсөвлөсөн дүнгээр тусгасан байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2010 оны орон нутгийн төсвийн төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж  ирүүлснийг үндэслэн 2010 оны орон нутгийн төсвийн төлөвлөгөөг нэгтгэхэд орон нутгийн төсвийн орлого ДНБ-ний 3.6 хувь, нийт зарлага 2.1 хувьд хүрэх үр дүн гарлаа.

Нийслэл 2010 оны батлагдсан төсвийн нэгтгэсэн дүнгээ Хан-Уул, Сонгинохайрхан дүүгийн ИТХ-аар дүүргийн төсвийн баталж нэгтгүүлээгүй гэсэн шалтгаанаар одоо болтол ирүүлээгүй байгаа нь ТБУСТХуулийн орон  нутгийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, батлах талаар 58.1-д заасан “Засаг дарга дараа жилийн төсвийн төслийг 12 дугаар сарын 1-ний өдрийн өмнө тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлнэ”, 58.3-д заасан “Тухайн шатны ИТХ Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг 1 сарын дотор хэлэлцэж батална”, 58.4-д заасан “Аймаг, нийслэлийн төсвийг баталснаас хойш 7 хоногийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэсэн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Нөгөө талаар ИТХ нь төсвөө батлаагүй байхад зарлага санхүүжилт хийгдэж байгаа нь хууль орон нутагт хангалттай хэрэгжихгүй байгааг харуулж байна.

Орон нутгийн төсвийн 2010 оны орлого: Аймаг, нийслэл, сум, дүүргийн  ИТХ-ын дараахь 2010 оны төсвийн орлогоор орон нутгийн нийт орлого 261.2 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсон нь 2010 оны төсөвлөгдсөнөөс 2.6 тэрбум төгрөгөөр буюу 1 хувиар нэмэгджээ. Үүнээс: Улсын төсөвт орлого төвлөрүүлэх Орхон аймаг орон нутгийн орлогоо 3.6 хувь буюу 1.3 тэрбум төгрөгөөр, Сүхбаатар аймаг 18.6 хувиар буюу 935.5 сая төгрөгөөр тус тус бууруулж баталсан бол Төв аймаг 626.3 сая төгрөг, Дорноговь аймаг 404.3 сая төгрөг, Өмнөговь аймаг 1.8 тэрбум төгрөгөөр орлогоо өсгөн төлөвлөжээ. Өмнөговь аймаг хувьцааны ноогдол ашгийн орлогыг 1 тэрбум, газрын төлбөрийг 300 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ.

Орон нутгийн төсвийн 2010 оны зарлага: Орон нутгийн 2010 оны төсвийн нийт зарлага 149.9 тэрбум төгрөгт төлөвлөгдсөн нь УИХ-ын батлагдсан төлөвлөгөөнөөс 5.6 тэрбум төгрөгөөр буюу 3.9 хувиар нэмэгдсэн. Зарлагын өсөлтийг аймгаар авч үзвэл, Өмнөговь 1.8 тэрбум төгрөг буюу 52.6 хувиар зарлагаа нэмэгдүүлснээс гадна Дорнод аймаг 694.4 сая төгрөг, Сэлэнгэ 200.2 сая төгрөг, Төв аймаг 626.4 сая төгрөг, Дорноговь 404.3, Хэнтий 240.3 сая, Ховд аймаг 235 сая төгрөг гэх мэт нийт 4.2 тэрбум төгрөгөөр зарлагыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь гол нөлөөлсөн байна. Орхон аймгийн хувьд Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 1.6 тэрбум төгрөгөөр бууруулан батлахын зэрэгцээ 259.1 сая төгрөгөөр зарлагаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Зарлагын нэр төрлөөр авч үзвэл орон нутгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, их засварын зардлыг 2.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн нөөц хөрөнгийн зардлыг орон нутгийн нийлбэр дүнгээр 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь гол нөлөөлсөн байна.

Орон нутгийн төсвийн нөөц хөрөнгийг аймгуудаас хамгийн өндрөөр нэмэгдүүлсэн нь Өмнөговь аймаг бөгөөд 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бол Дорнод аймаг 220.6 сая төгрөгөөр, Дархан-Уул 137.8 сая төгрөгөөр, Хэнтий аймаг 73.9 сая төгрөгөөр,  Төв аймаг тус зардлыг 170 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ. Мөн төсөвт төвлөрүүлэх орлогоо бууруулж баталсан Сүхбаатар аймаг 91.1 сая төгрөгөөр, Орхон аймаг 122.4 сая төгрөгөөр орон нутгийн төсвийн нөөц хөрөнгийн зарлагыг нэмэгдүүлсэн байна.

Улсын Их Хурлаар батлагдсан орон нутгийн 2010 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалт, их засварын зардал тусгагдаагүй ч орон нутаг өөрийн орлогоо нэмэгдүүлэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Говь-Алтай аймаг 135 сая төгрөг, Дорноговь аймаг 200 сая төгрөг, Дорнод аймаг 305.8 сая төгрөг, Өмнөговь аймаг 381.1 сая төгрөг, Сэлэнгэ аймаг 538 сая төгрөг, Төв аймаг 385 сая төгрөг, Хэнтий аймаг 97.2 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулна.

Орон нутгийн 2010 оны төсвийн төлөвлөгөөг 2009 оны урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулан үзвэл нийт орлого 6.0 тэрбум төгрөгөөр буюу 2.2 хувиар буурсан, нийт зарлага 4.3 тэрбум төгрөгөөр буюу 2.8 хувиар буурч байна.

Орон нутгийн төсвийн 2010 оны санхүүжилт: Орон нутгийн төсвийн зарлагын 88.1 хувийг орон нутгийн орлогоос санхүүжүүлэх, 9.5% буюу 14.3 тэрбум төгрөгийн зарлагыг 10 аймагт улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр зарцуулах, орлогоос давсан 550.7 сая төгрөгийн зарлагыг 2009 оны орон нутгийн төсвийн дансны үлдэгдлээс санхүүжүүлэх, өмч хувьчлалын орлогоос 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

2.2 УИХ-аас баталсан монгол улсын 2010 оны төсвийн тухай хуулийг зөрчсөн орон нутгийн шийдвэрүүдийн талаар

Орон нутгаас ирүүлсэн ИТХ-ын батлагдсан төсвөөр нэмэгдсэн зарлагаа санхүүжүүлэх эх үүсвэрээ баталсан ч 2010 онд улсын төсөвт төвлөрүүлэх орлогын УИХ-аар батлагдсан төлөвлөгөөг нийт 2.6 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан зөрчил гарлаа.

Мөн Булган аймгийн Засаг даргын 2010 оны 01/166 албан тоотоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5-р хуралдаанаар аймгийн төсвийн батлахдаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 800.0 сая төгрөгийн эх үүсвэргүй хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталсан тул жагсаалтад дурдагдсан хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхийн тулд улсын төсөвт 2010 онд төвлөрүүлэх 0.8 тэрбум төгрөгийн орлогыг тэглэх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид үзсэн тул 2010 оны орлогыг төвлөрүүлэхгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 6 тоот тогтоолоор 2010 онд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг батлагдсан орлогын дүнгээс 1.0 тэрбум төгрөгөөр, Орхон аймаг 2009 оны  4 тоот тогтоолоор 2010 оны төвлөрүүлэх орлогыг 1.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж баталсантай холбоотой юм. Улсын төсвийн орлогыг бууруулж баталсан нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрхийг хэтрүүлэн хэрэглэж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон байна.