КОЙКА-гийн сургалтанд хамрагдав

May 10, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Монгол Улсад Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сангийн яамнаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/-т хүсэлт тавьсаны үндсэн дээр “Орон нутгийн төсвийн төлөвлөлт” сургалтыг 2011 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтанд бүх аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтэн нийт 26 хүн оролцов.

Сургалтанд хамрагдсан зарим хүмүүсийн сэтгэгдэлээс:

Хангайн бүсийг төлөөлж Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Очиржав:

Тус сургалтанд нийт 26 хүн хамрагдсан бөгөөд богино хугацаанд олон шинэ мэдлэг, мэдээллийг авч, Солонгос Улс, түүний түүх соёлтой танилцсандаа маш сэтгэл хангалуун байна.

Уг сургалтаар Солонгос Улсын эдийн засгийн хөгжлийн туршлага, төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллага хоорондын харилцаа, орон нутгийн хөгжлийн бодлого, зам тээвэр, дэд бүтцийн хөгжил, техник, эдийн засгийн чадварыг хянах тогтолцоо, Солонгос Улсын “Хөгжлийн банк”-ны үүрэг, төсвийн цахим бүртгэлийн систем, орон сууцны бодлого зэрэг сэдвээр маш сонирхолтой, олон талын ач холбогдолтой лекц, хичээлүүд заагдсан бөгөөд тухай бүрийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон.

Хичээл зааж буй багш, лекторуудын болоод орчуулагчийн ур чадвар үнэхээр үнэлүүштэй байсан. Өмнө нь олон төрлийн сургалтанд хамрагдаж байсан хэдий ч энэ удаагийн оролцсон сургалт шиг ийм өгөөжтэй, сэтгэгдэл төрүүлсэн сургалтанд хамрагдаж байсангүй. Мөн Солонгос улсын талаарх бодитой жишээ, тоо мэдээ бүхий агуулгатай лекц, хичээлүүд орж байсныг онцолж хэлмээр байна. Солонгос Улсын хөгжлийг илтгэсэн бүтээн байгуулалтыг үзэж, Сөүл-Пусаны хурдны замаар зорчиж, Инчоны онгоцны буудлаар үйлчлүүлсэндээ таатай байна.

Сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаасаа бусадтай хуваалцаж, өөрийн улсын орон нутагт зохих хэмжээгээр хэрэгжүүлнэ гэж бодож байна. Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл буюу хяналтын тогтолцоо манай улсад хангалттай бүрдээгүй бөгөөд үүнийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр ажиллах болно.

Солонгос Улсын Пусан, Пухан, Улсан, Жинжу, Даежу хотуудаар аялж, дэлхийд алдартай Hyundai моторсын усан онгоцны үйлдвэр, Роско төмөрлөгийн үйлдвэр, дэлхийн хамгийн том далайн зах болон Солонгос Улсын хөгжлийг илэрхийлсэн олон сайхан барилга байгууламж, түүх соёл, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Аяллаар явахад Койкагийн ажилтнууд /аяллын хөтөч/-ын зүгээс бидэнд маш их сэтгэл гаргаж, хүндэтгэлтэйгээр үйлчилсэнд талархаж байна.

Энэ удаагийн бидний хамрагдсан сургалт уг сэдвээр анх удаа зохион байгуулагдсан хэдий ч сургалт амжилттай болж өнгөрлөө. Олон эрдэмтэд ирж, лекц уншсанд үнэхээр талархаж байна.

Солонгос хүмүүсийн аливаа ажлыг хийхдээ чин сэтгэлээ зориулдаг, ажил хэрэгч, цагийг нарийн баримталдаг зан чанарыг лекц орж байсан багш нараас болон Койкагийн ажилтнуудаас олж харсан.

Монгол Улсын цаашдын хөгжлийн талаар зөвлөсөн зөвлөмжүүдийг талархан хүлээн авч байна.

Цаашид энэ сургалтыг сургалтын хөтөлбөртөө оруулж, Монгол Улсын олон санхүүчдийг сургахыг хүсч байна.

Монголчууд бидэнд Пак Ерөнхийлөгч шиг удирдагч заяаж, удахгүй Солонгос Улс шиг өндөр хөгжилтэй орон болно гэдэгт итгэл төгөлдөр байна.

Баруун бүсийг төлөөлж Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б. Норовсамбуу

Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Койка байгууллага нь нэг хүнд ногдох ДНБ хэмжээ нь 5000$-оос доош 60 гаруй улсад Солонгос Улсыг хэрхэн хөгжингүй улсын эгнээнд оруулсан талаар мэдээлэл, туршлагаасаа хуваалцаж, тухайн улс орны хөгжил дэвшилд дэмжлэг болохуйц зүйлийг судлуулан, онол, практикаар хослуулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, системтэй мэдлэг, ойлголт өгч, туршлагажсан байгууллага юм байна. Тус байгууллагаас манай Сангийн яамны хүсэлтийг хүлээн авч, төв, орон нутгийн 26 мэргэжилтнийг 2011.04.25-наас 2011.05.05-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд өөрийн байгууллагын сургалтын төвд төв болон орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцаа, Солонгос Улсын орон нутгийн хөгжлийн бодлого, тээвэр, барилгажилтын тогтолцоо, техник эдийн засгийн үндэслэлийг шалгах аргачлал, төрийн санхүүгийн институтын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэржилтийн бодлого болон Солонгосын хөгжлийн банкны гүйцэтгэсэн үүрэг, цаашид баримтлах бодлого, чиглэл, төсвийг цахим бүртгэлд шилжүүлсэний давуу тал, Солонгос Улсын орон сууцны бодлогын хөгжлийн арга зам, цаашдын чиг хандлага зэрэг сэдвүүдээр маш сайн боловсруулсан лекцүүдийг, хөтөлбөрийн дагуу Солонгосын төрийн байгууллагуудын чадварлаг боловсон хүчин, Сөүлийн их сургуулийн багш, шинжээч, эдийн засагчдаар тавиулсан нь бидний сэтгэлд хүрсэнээс гадна дадлагыг хослуулж, төрийн байгууллагууд, үндэсний томоохон корпорацуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, хүний оюун ухаан, эрдэм мэдлэг, ажилч, хичээнгүй хөдөлмөрч зан чанар, зорилго тавьж, түүндээ хүрсэн хүмүүсийн бахархалын үг, сайн менежер, сайн удирдагчийн бусдыгаа манлайлах чадвар, эх орон, ард түмнээ гэсэн агуу их сэтгэл, зүтгэлийг үзэж, сонслоо.

Ядуу буурай, бусдын дэмжлэг, тусламжаар амьдарч байсан улс орон өнөөдөр бусдад үлгэр дуурайлал болтлоо хөгжиж болдгийг тодоор харуулж, бусад оронд хөгжлийнхөө ололт, амжилтыг сурталчилж, хөгжлийн үр шимийг түгээгч донор улс болсныг нүдээр үзэх боломж олгож, Солонгос Улсын олон улсын Койка байгууллагын хөтөлбөрт сургалтанд хамрагдахад гүн туслалцаа үзүүлсэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Төрийн захиргаа удирдлагын дарга Т.Мягмарсүрэн, Зээл, тусламжийн хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар, Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн, Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал, Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаа нарт болон БНСУ-ын КОЙКА байгууллагын ажилтан нарт орон нутгийн мэргэжилтнүүд чин сэтгэлээсээ баярласан, талархсан сэтгэлээ илэрхийлье. Цаашид энэхүү хөтөлбөрт сургалтанд жил бүр бусад олон мэргэжилтнүүд хамрагдаасай гэж хүсч байна. Бид сурсан, мэдсэнээ ажил хэрэг болгож, Монгол Улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөх болно.