Орон нутгийн 2009 оны төсөв

May 24, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

1.1 Орон нутгийн 2009 оны төсвийн гүйцэтгэл

Орон нутгийн төсвийн 2009 оны орлого: ИТХ-аар Орон нутгийн төсвийн 2009 оны татварын болон татварын бус орлогыг нийт 243.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бол урьдчилсан гүйцэтгэлээр нийт 270.2 тэрбум төгрөгийн орлого орж, 2009 оны ИТХ-ын төлөвлөгөөнөөс 26.8 тэрбум төгрөг, 2009 оны тодотголын төсвийн төлөвлөгөөтэй харьцуулбал 56.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.  Нийслэл болон 18 аймгийн орлого давж биелсэн бол Архангай 96.9 хувь, Булган 99.7 хувь, Төв 78.7 хувийн орлогын биелэлттэй гарсан байна.

Орон нутгийн төсвийн 2009 оны зарлага: ИТХ-аар Орон нутгийн төсвийн 2009 оны зарлагыг нийт 152.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бол урьдчилсан гүйцэтгэлээр нийт 154.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ. Нийт зарлагыг 2009 оны тодотголын төсвийн төлөвлөгөөтэй харьцуулбал 43.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Зарлагын урьдчилсан гүйцэтгэлийг авч үзвэл Баян-Өлгий 304.2 сая төг, Баянхонгор 156.8 сая төгрөг, Булган 151.3 сая төгрөг, Дорноговь 224.9 сая төгрөг, Дундговь 92.0 сая төгрөг, Завхан 374.6 сая төгрөг, Өмнөговь 1,128.5 сая төгрөг, Сүхбаатар 1,021.8 сая төгрөг, Төв 963.3 сая төгрөг, Увс 80.2 сая төгрөг, Ховд 103.1 сая төгрөг, Дархан-Уул 139.4 сая төгрөг, Орхон аймаг 364.3 сая төгрөгөөр тус тус зарлагаа хэтрүүлсэн байна.

Улсын төсвийн санхүүгийн дэмжлэг: Улсын төсвөөс орон нутгийн төсөвт нийт 13.6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөгдөж хуваарийн дагуу 100 хувь санхүүжсэн байна.

Орон нутгийн 2009 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараах төсвийн төлөвлөгөөний нэгтгэлд Нийслэл нэгтгэсэн дүнгээ ирүүлээгүй тул 2009 оны тодотголын дараа ирүүлж нэгтгүүлсэн төлөвлөгөөний дүнгээр танилцуулагдсан байна.

1.2 УИХ-аас баталсан Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийг зөрчсөн орон нутгийн шийдвэрүүдийн талаар

УИХ-аар батлагдсан төсвийн тодотголын төлөвлөгөөгөөр улсын төсөвт орон нутгаас 119.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан ч Сүхбаатар, Булган, Дархан-Уул аймгууд нийт 500.0 сая төгрөгөөр төвлөрүүлэх орлогыг бууруулж баталсан зөрчил гаргажээ.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн ИТХ –ын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар хуралдааны шийдвэрээр улсын төсвийн 193 сая төгрөгийг хасч өр барагдуулах болон хөрөнгө оруулалтын зардалд шилжүүлэн санхүүжүүлэх шийдвэр гаргасан.

Булган аймаг ИТХ-ын шийдвэрээр улсын төсөвт төвлөрүүлэх 154.1 сая төгрөгийн орлогыг хасч бусад зардлыг санхүүжүүлсэн, Дархан-Уул аймгийн 2009 оны 9 сарын 24-ний 6 дугаар хуралдааны шийдвэрээр улсын төсөвт төвлөрүүлэх 152.9 сая төгрөгийг хасч баталсан байна.

ИТХ-аас гаргасан шийдвэр нь тухайлбал, Сүхбаатар аймгийнх 2009 оны 12 сарын 24-ний  өдөр буюу төсвийн зарлагын гүйлгээ хаагдаж байсан үед гарсан нь улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг төвлөрүүлээгүй өөр зүйл зарлага санхүүжүүлснийг засварласан үйлдэл гэж үзэхээр байгаа төдрийгүй төсвийн хууль тогтоомжийг орон нутагт сахихгүй байгааг харуулсан жишээ болжээ.

1.3 Орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл

Улсын төсөвт орон нутгийн төсвөөс 2009 онд нийт 119.1 тэрбум төгрөгийг нийслэл болон 10 аймгаас төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн. Урьдчилсан гүйцэтгэлээр 95.7 хувийн гүйцэтгэлтэй гарч 5.2 тэрбум төгрөг дутуу төвлөрсөн байна. Үүнд: Булган аймаг 245.7 сая төгрөг, Сүхбаатар аймаг 193 сая төгрөг, Сэлэнгэ аймаг 1,979.2 сая төгрөг, Төв аймаг 2,602.3 сая төгрөг, Дархан-Уул аймаг 153 сая төгрөг дутуу төвлөрүүлсэн байна.

Аймгуудын орлого зарлагын төлөвлөгөө гүйцэтгэлийг 2009 оны тодотгосон төсвийн төлөвлөгөөтэй харьцуулан судалж үзвэл улсын төсвийн орлого дутуу төвлөрүүлсэн Булган аймаг 79.4 сая төгрөг, Сүхбаатар аймаг 19.5 сая төгрөг, Дархан-Уул аймаг 171.2 сая төгрөг, Сэлэнгэ аймаг 2,634.8 сая төгрөгөөр тус тус тэнцэл нь ашигтай гарсан бол 2009 оны жилийн эцэст санхүүгийн дансандаа Булган аймаг 129.5 сая төгрөг, Сүхбаатар аймаг 167.7 сая төгрөг, Дархан-Уул аймаг 312.0 сая төгрөг, Сэлэнгэ аймаг 1,614.1 сая төгрөг, Төв аймаг 766.5 сая төгрөгийг үлдэгдэлтэй гарсан байна.

Сэлэнгэ аймгийн хувьд нийт төлөвлөгдсөн орлого 703.3 сая төгрөгөөр давж биелсэн. Мөн төсвийн тэнцэл нь 2,634.8 сая төгрөгийн ашигтай гарсан төдийгүй санхүүгийн данс нь 1,614.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм.

Сэлэнгэ аймгийн ИТХ-нь нийт зарлагаа тодотголын төсвийн төлөвлөгөөнөөс 2.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бол орлогоо 860.1 сая төгрөгөөр л нэмэгдүүлэн баталсан байгаа нь улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг тасалдуулах шалтгаан болсон байна.

Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймаг 2.0 тэрбум төгрөгийн дутуу төвлөрүүлсэн орлогоо бүрэн төвлөрүүлэх боломжтой байсан хэдий ч орлогоо зарлага болгон баталж санхүүжүүлсэн болон дансандаа үлдэгдэлтэй гарч төвлөрүүлэх орлогыг дутаасан байна.

Төв аймгийн 2009 оны төсвийн гүйцэтгэлээр орлого 6,621.0 сая төгрөг болж, төсвийн тодотголын төлөвлөгөөтэй харьцуулбал 1,243.5 сая төгрөгөөр нэмэгдсэн ба зарлага нь 6,147.9 сая төгрөг болж тодотголын төлөвлөгөөнөөс 1,199.9 сая төгрөгөөр нэмэгджээ. Төв аймгийн зарлагын төлөвлөгөө нь 5,184.6 сая төгрөг байхаар ИТХ-аар батлагдсан ч ийнхүү хэтэрч зарцуулагдсан байгааг хөрөнгө оруулалтын зардалтай холбон тайлбарласан байгаа юм.

Мөн Төв аймаг 2009 оны эцэст санхүүгийн дансандаа 766.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй гарсан мэдээ ирүүлсэн байна.

Эндээс дүгнэж үзвэл Төв аймаг дутуу төвлөрүүлсэн 2.6 тэрбум төгрөгийн дийлэнх хувийг нь төвлөрүүлэх боломжтой ч зарлагаа нэмэгдүүлснээр төвлөрүүлэх орлогыг дутаасан, дансандаа үлдэгдэлтэй ч орлого төвлөрүүлээгүй байна.

Орон нутгийн 2009 оны төсвийн тэнцэл: Орон нутгийн тэнцэл 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр Архангай аймаг 3.3 сая төгрөг, Завхан аймаг 101.2  сая төгрөг, Төв аймаг 141.0 сая төгрөгийн алдагдалтай бол бусад аймаг ашигтай тэнцэлтэй гарсан байна. Орон нутгийн хэмжээнд авч үзвэл нийт 30.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Орон нутгийн 2009 оны төсвийн дансны үлдэгдэл: Орон нутгаас төрийн санд ирүүлж нэгтгэгдсэн мэдээгээр орон нутгийн санхүүгийн данс 31.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарсан нь 2008 оны үлдэгдлээс 15.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнээс 20.4 тэрбум төгрөг нь Нийслэлийнх бусад нь аймгуудад хуваагдаж байна. Дансандаа үлдэгдэлтэй аймгуудад улсын төсвийн орлогоо дутуу төвлөрүүлсэн 5 аймаг багтаж байна.