Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн талаар тавьсан илтгэл

May 5, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

ТАЙЛБАР: http://www.iltod.gov.mn цахим хуудсаар нийтлэгдэж байгаа албажуулаагүй баримт бичиг нь Монгол Улсын Сангийн яамны албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. Мэдээллийг төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай, ил тод хүргэх арга хэмжээний хүрээнд нийтэлсэн болно.

Тавьсан зорилго, хүрсэн үр дүнг хэмжих нь

Ноён Парламентын дэд дарга аа,

Өнгөрсөн жилийн хямралын төсөв нь улс орныхоо төсөв санхүүг аврах болон өнгөрсөнд гаргасан алдаагаа залруулахад чиглэгдэж байсан.

Өнөөдрийн төсөв бол харин улсынхаа эдийн засгийг шинэчлэхэд, ирээдүйд тогтвортой үргэлжлэх эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгоход чиглэгдэж байна.

Энэ төсөв бол амьжиргааны өртөг, газрын тосны үнийн өсөлттэй тэмцэн буй өрх гэрүүдэд туслах зорилгоор бид юу хийж чадах тухай юм.

Яг одоо, манай улсын хичнээн олон хүмүүс хүнд хэцүү байдалд байгааг бид ойлгож байна.

Өнөөдөр бид эдийн засгаа авран хамгаалахаас шинэчлэлийн зам руу, шинэчлэлээс эдийн засгаа сэргээх зам руу шилжих боломжтой болж байна. Энэ бол бидний урьд өмнө гаргасан хүнд, хэцүү шийдвэрүүдийн үр дүн юм.

Эдгээр шийдвэрүүд бидэнд эдийн засгийн тогтвортой байдлыг авчирсан.

Тогтвортой байдал байхгүй бол эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр бий болж чадахгүй.

Тогтвортой байдал байхгүй бол засгийн газар иргэдээсээ илүү их татвар авахыг, зарлагаа илүү их танахыг хичээсээр байх болно.

Британид, бид өнөөдөр үүнийг хийх шаардлагагүй.

Бид урьд өмнө нь байгаагүй их хэмжээний төсвийн алдагдлыг өвлөн үлдсэн.

Гэвч бид үүнийг шийдвэрлэх итгэл дүүрэн, иж бүрэн төлөвлөгөөг боловсруулсан.

Бид хүнд арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой болсон.

Үүний тулд бид Английн ард түмнээс хүсдэгээ хүссэн, өнөөдөр бид дахин өөр зүйл тэднээс хүсэхгүй.

Иймд энэ бол татварыг нэмэгдүүлэх Төсөв биш.

Өглөгч төсөв ч бас биш юм.

Өнөөдөр миний зарлан танилцуулах арга хэмжээнүүдийн төсөвт үзүүлэх нөлөөлөл саармаг юм.

Энэ бол сайн мөнгөн дээр хийгдсэн төсөв.

Аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулсан төсөв.

Экспорт, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн төсөв.

Баталгаатай тоонууд дээр үндэслэсэн төсөв.

Хий хоосон зүйл амалсан бус аливаа зүйлийг хийж бүтээхийн төлөө төсөв.

Британид төлөвлөгөө байна.

Бид үүнийгээ чанд мөрдөж байна.

Саяхны хэдэн сард, өөр бусад улсуудын зээлжих зэрэглэл буурч, зээл авах зардал нь өслөө.

Манай улсын төсвийн төлөвлөгөөг ОУВС, Европын комисс, ЭЗГХА-ны байгууллага болон Британи дахь бизнесийн нэр хүндтэй байгууллага бүгд сайшаан дэмжсэн.

Энэ төсвийг бодит ертөнцөд, бодит бизнес болон гэр бүлүүдэд хамааралтай эсэхэд эргэлзэж байгаа хэн нэгэн байгаа бол дараахыг бодолцоорой.

Зах зээлийн хүүгийн төвшин Грект 12%, Ирландад 10 % орчим, Португаль болон Испанид 7% ба 5% -тай байна.

Өнөдөөр манай улсын зах зээл дээрх хүүгийн төвшин 3.6% хүртэл буурсан байна.

Бид Португаль, Грек болон Испаниас өндөр төсвийн алдагдалтай байгаа хэдий ч хүүгийн төвшин Германыхтай адилхан байна.

Энэ бол манай сэргэж байгаа эдийн засагт хийсэн хүчирхэг мөнгөн урамшуулал.

Тогтвортой байдал, итгэлтэй байдал, бага хүүгийн төвшин.

Энэ бол бидний хүрсэн амжилт.

Гэвч тогтвортой байдал бол бидэнд хангалтгүй.

Иймд бид Улаан номонд нэмэлт болгож Өсөлт-хөгжлийн төлөвлөгөөг оруулж байна.

Энэ жилийн төсөвт бид удаан хугацааны туршид үл тоомсорлож ирсэн бодит үнэнтэй нүүр тулах гэж байна.

Британи Дэлхийн эдийн засагт байр сууриа алдсан, үүнийг эргүүлэн олж авах хэрэгтэй.

Сүүлийн 10 жилд бусад үндэстнүүд бизнесийн татварын төвшингөө бууруулсан, ААН-үүдэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгасан, боловсролын тогтолцоогооо сайжруулсан, халамжийн шинэчлэл хийсэн, экспортоо нэмэгдүүлсэн байна.

Харамсалтай нь Британид бүх зүйл эсрэгээрээ өрнөжээ.

Бид өрөөр хөөрөгдсөн өсөлтийн загвар дээр аз туршжээ. Гэвч тэр нь бүтэлгүйтсэн.

Нийт орлогын бараг тэн хагасыг улс нь бүрдүүлж байгаа ийм нөхцөлд бид цаашид энэ чигээрээ явж чадахгүй. Орчин үед Британи байр сууриа өөрөө хөдөлмөрлөн олж авах нь зүйтэй.

 

Ноён Парламентын дэд дарга аа,

Одоо би ирээдүйн төсөөлөлд Та бүхний анхаарлыг хандуулъя.

Өнөөдрийн эдийн засгийн сэргэлт нь ойрын хэдэн арван жилд тохиолдсон эдийн засгийн хямралын үеийн сэргэлтээс илүү их сорилтоор дүүрэн байх болно гэж өнгөрсөн 11 дүгээр сард би Парламентад хэлж байсан.

Учир нь 1930 оноос хойш бидэнд тохиолдсон ДНБ-ий огцом уналттай үед ч, энх цагийн хамгийн их төсвийн алдагдалтай үед ч, бидний түүхэн дэхь хамгийн том банкны хямралтэй үед ч энэ сорилтууд байсаар байсан.

Гэвч бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ачаар манай эдийн засгийг ирэх таван жилд жил бүр өсөх, ажилгүйдлийн төвшин энэ жил дээд хязгаартаа хүрээд дараагийн жилүүдэд буурах ба ажил эрхлэлт одоогийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд өснө гэсэн төсөөллийг хөндлөнгийн судлаачид гаргасан байна. Яг ийм дүр зургийг өнөөдөр хэвлэгдсэн өөр нэгэн бие даасан судалгаанаас харж болох юм.

Эдгээр төсөөллийг Төсвийн хариуцлагын газраас гаргасан байна.

Энэ чухал өөрчлөлт нь төсвийг боловсруулах, нэгтгэх үйл явцыг өөрчилсөнд оршиж байна.

Тэгэхээр Канцлерууд төсөвтөө тааруулж тоогоо өөрчлөх бус тоондоо тааруулж төсвөө өөрчлөх хэрэгтэй болж байна.

Өчигдөр, Төсвийн хариуцлагын газрыг байнгын, хууль ёсны бөгөөд хараат бус тэнцвэржүүлэгч болгох эрх зүйн баримт бичигт Хатан хааны зөвшөөрлийг хүлээн аваад байна.

Роберт Чоте, Стив Никел, Грахам Паркер, болон тэдний бүх ажилчдад мэргэжлийн өндөр түвшинд ажлаа хийж гүйцэтгэж байгаад нь Танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ баярласнаа илэрхийлэх хүсэлтэй байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Тэдний хийсэн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг танилцуулья.

Канцлерууд мэдэж байгаа. Сүүлийн жилүүдэд бид хэн ч гүйцэж түрүүлэхгүй гэж найдан хамаг хурдаараа эдгээрийг машиндсаар ирсэн.

Би харин тэгэхгүй.

Хэдийгээр энэ жилийн улирлын дундаж өсөлт өмнө нь төсөөлж байснаас дээгүүр байгаа боловч 2011 оны жилийн өсөлтийг 1.7% байна хэмээн бууруулан тооцоод байна.

ТХГ нь үүнийг өнгөрсөн жилийн сүүлийн улирлын өсөлт нь хүлээж байснаас сул байсан, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлт болон Англид инфляци нь хүлээж байснаас илүү өндөр байсантай холбон тайлбарлаж байна.

Гэвч ТХГ-ын онцолж байгаагаар өнгөрсөн жилийн гүйцэтгэл нь “өмнөх таамаглалтай харьцуулахад  ирэх жилүүдэд арай илүү өндөр өсөлт бий болгох суурийг тавьсан” гэж үзэж байна.

Иймээс тэд ирэх жилд ДНБ-ий өсөлтийг 2.5% байна гэж төсөөлөхийн зэрэгцээ энэ өсөлт нь

2013 онд 2.9%;

2014 онд 2.9%;

2015 онд 2.8% хувь байна гэж урьдчилан тооцоолсон байна.

Европын комиссоос энэ сард өсөлтийнхөө урьдчилсан тооцоо-төсөөллөө хэвлэн танилцуулжээ.  Тэнд үзүүлснээр Англи улс нь Испани, Итали, Франц, Евро бүсийн дундаж болон Европын холбооны дундаж өсөлтөөс илүү өндөр өсөлттэй байхаар тусгажээ.

Бүх улс үндэстнүүд хоёр голлох эрсдлийг хэрхэн даван туулах тухай асуудлаа шийдэх ёстой.

Нэг нь Европын улс орнуудын өрийн хямралын эрсдэл, нөгөө тнь дэлхийн түүхий эдийн үнийн өсөлтөөс үүдэн гарах эрсдэл юм.

Өнгөрсөн жилийн эхнээс хойш дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ ойролцоогоор  50%-иар нэмэгдлээ.

Тавхан сарын дотор газрын тосны үнэ 35%-иар өсөв.

Ийм учраас ТХГ нь инфляцийг энэ жилийн туршид 4 ба 5%-ийн хооронд байхаар ба дараагийн жил 2.5% хүртэл буурч, түүний дараагийн жилд 2%-тай байна гэсэн төсөөлөлтэй байна.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляцийн зорилтот түвшин 2% хэвээр байх болно гэдгийг баталгаажуулж өнөөдөр би Английн төв Банкны Ерөнхийлөгчид захидал бичлээ.

Миний өмнөх албан тушаалтны байгуулсан Хөрөнгө Худалдан авах Фасилитиг хэвээр үлдээнэ гэдгээ би баталгаажуулж байна.

Өнөөгийн тогтворгүй байдлын нэг шалтгаан бол Ливи улсын дотоод зөрчил, мөргөлдөөн юм.

Тэр зөрчил, мөргөлдөөнийг эцэс болгож, хүний амь аврахаар хичээн зүтгэж буй манай зэвсэгт хүчний эр зориг, мэргэжлийн ур чадварыг Танхим бүхлээрээ сайшаах болно.

Цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотой нэмэлт зардал нь бүхэлдээ Төрийн сангийн нөөцөөс гарах болно гэдгийг би батлан хэлж байна.

Японы мөнгөн тэмдэгт иенийг дэмжихтэй холбогдуулан Их-7 улсын хамтран зохион байгуулсан валютын интервенцид Англи улсыг оролцохыг зөвшөөрсөн шийдвэрийг би өнгөрсөн долоо хоногт гаргасныг Танхим мэдэж байгаа билээ.

Бидний зүрх сэтгэл Японы ард түмний төлөө бөгөөд энэ нь бидний тусалж чадах нэг арга зам юм.

Газар хөдлөлт болон цунами дэлхийн эдийн засагт урт хугацаанд ямар нөлөөлөл үзүүлж болохыг хэлэхэд дэндүү эрт байна.

Гэвч энэхүү завшааныг ашиглан өнөөдөр түүхэндээ хамгийн доод түвшиндээ байгаа Английн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийг бид гаргасан гэдгийг Та бүхэнд дуулгамаар байна.

 

Бид төрөл бүрийн өндөр чанартай хөрөнгийг худалдаж авах болно. Гэвч харамсалтай нь алтны үнэ урьд өмнө байгаагүй өндөр болсон үед бид хамгийн доод үнээр зарчихсан алтны нөөцөө дахин нөхөн бүрдүүлэх боломжгүй байна.

Одоо би төсвийн төсөөллөө бидний өр болон төсвийн алдагдалд хандуулья.

Энэ жилийн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зээлийн хэмжээ нь 146 тэрбум паунд хүрч байгаа нь зорилтот түвшингээс доогуур байна.

Ирэх жилд энэ хэмжээ 122 тэрбум паунд хүртэл буурах,

Түүний дараа жил 101 тэрбум,

Тэгээд 2013-2014 онуудад 70 тэрбум,

Тэгээд 2015-2016 он гэхэд 46 – 29 тэрбум паунд хүртэл буурахаар байна.

Хэдийгээр инфляци нөлөөлж байгаа боловч ТХГ-ын үнэлгээгээр ирэх жилийн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал нь өнгөрсөн жилийн 11 дүгээр сард таамаглаж байсантай ижилхэн байна.

Өөр үгээр хэлбэл, Британий санхүүг засварлах ажлын хэмжээ өөрчлөгдөөгүй, хэвээр гэж хэлж болно.

Үндэсний орлогод эзлэх үндэсний өрийн хувь хэмжээ энэ жилийн хувьд 60%, цаашлаад 71%-ийн оргилд хүрч, хугацааны төгсгөлд 69% хүртэл буурахаар байна.

Энэ нь намайг ТХГ-ын голлох ажил үүргийн нэг рүү хандуулахад хүргэж байна.

Энэ бол тавигдсан төсвийн зорилтуудад хүрэх талаар Засгийн газрын гүйцэтгэлийг нээлттэй, хараат бус аргаар үнэлэх юм. Ингэснээр бид “алтан дүрэм” гэгдэх гамшигт туршлагыг дахин давтахаас зайлсхийх болно.

Бидний төсвийн бүрэн эрх бол таван жилийн дотор улирлын нөлөөллийг арилгасан төсвийн урсгал тэнцэлд хүрэх юм. Өөрөөр хэлбэл 2015-2016 онд энэхүү зорилтыг хангасан байх ёстой.

Үүнээс гадна бидэнд өрийг тогтоосон зорилтод түвшинд хүргэх нэмэлт даалгавар бий. Энэ нь өрийн хэмжээг 2015-2016 оны төсвийн жил гэхэд ДНБ-ий тодорхой хувиар бууруулсан байх хэрэгтэй.

Танхимд миний хэлж чадах зүйл гэвэл ТХГ -н хийсэн голлох төсөөллүүд дээр үндэслэн бид дээрх 2 зорилт буюу тэнцвэржүүлсэн урсгал төсвийн тэнцлийг хангах, үндэсний өрийг Парламентын бүрэн эрхийн хугацааны эцэст бууруулах гэсэн зорилтуудыг хоёуланг нь хангана гэж баталж байна.

Урьдчилсан таамаглалаар эдгээр зорилтуудыг нэг жилийн өмнө хангах боломжтой байна.

 

Гэвч Ноён Парламентын дэд дарга аа.

Илтгэлийнхээ эхэнд миний хэлж байсанчлан, тогтвортой байдал болон төсвийн хариуцлага бидэнд хангалттай биш байна.

Хэрэв бид өсөлтийг, ажлын байрыг бий болгохыг хүсч байвал манай улс өрсөлдөх хэрэгтэй.

Сүүлийн арван жилд Британи улс дэлхийн олон улсын ард хоцрон үлдсэн байна.

Бид дэлхий дээр өрсөлдөх чадвараараа 4 дүгээр байраас 12 дугаар байр хүртэл доошилсон байна.

Манай улсын өсөлт тэнцвэргүй байна.

Та бүхэн итгэмээргүй үнэнийг тунгааж үзэцгээ – Хямралын өмнөх огцом өсөлтийн жилүүдэд бүс нутагтаа бидний хамгийн чухал гэгдэх Вэст Мидлэндэд хувийн салбарын ажил эрхлэлтийн түвшин буурсан.

Иймд өнөөдрийн төсөв бол Британичуудын төлөө тодорхой алхам хийхийг шаардсан дуудлага юм.

Хувийн салбарын өсөлтөөр засгийн газрын төсвийн алдагдлыг нөхөх нь зүйтэй.

Британи даяараа бүгд хөгжил, цэцэглэлтийн үрийг хуваалцах ёстой.

Тийм ээ, бид Лондон хотыг дэлхийн санхүүгийн үйлчилгээний тэргүүлэгч төв хэвээр үлдээхийг хүсч байна. Үүнээс гадна манай улс хөгжингүй үйлдвэрлэл, амьдралын шинжлэх ухаанууд, бүтээлч үйлдвэрлэлийн салбар, бизнесийн үйлчилгээ, байгальд халгүй эрчим хүч болон бусад олон олон салбарт дэлхийн тэргүүлэгч болох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Энэ бол бидний өсөлтөд хүрэх алсын зорилго мөн.

Үүнийг бодит болгохын тулд хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж томоохон шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй.

Бидэнд байгаа нөгөө нэг хувилбар бол Британий эдийн засгийн уналт болон манай хүн амын амьжиргааны түвшин доройтохыг зөвшөөрөх явдал юм. Гэвч энэ бол Танхимд байгаа бидний хэн нь ч үл зөвшөөрөх хувилбар юм.

Өнөөдрийн энэ төсвөөр Британичуудын өмнө эдийн засгийн 4 том зорилтыг тодорхойлж байна.

Британичууд:

  • Их 20 улсын дотор хамгийн өрсөлдөхүйц татварын тогтолцоотой байх;
  • Европын улсууд дундаас шинэ бизнес эхлүүлэх, санхүүжүүлэх, бизнесээ хөгжүүлж, өргөжүүлэхэд хамгийн тохиромжтой газар байх;
  • Экспорт болон хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих замаар хамгийн тэнцвэртэй эдийн засагтай байх;
  • Европ дахь хамгийн уян хатан, илүү боловсролтой ажиллах хүчинтэй байх;

Эдгээр зорилтуудад хэрхэн хүрэх арга хэмжээг тодорхойльё.

 

Нэгдүгээрт, Татварын тогтолцоо.

Бодит үнэн гэвэл – Британи нь аж ахуйн нэгжийн хамгийн бага татвартайгаараа Европд 3-т бичигддэг байсан. Гэтэл одоо хамгийн өндөр татвартай 6 дахь орон болсон байна. Үүний хажуугаар манай улс хамгийн ярвигтай татварын хууль тогтоомжтой улсын тоонд орж байгаа бөгөөд саяхан Энэтхэг улсыг гүйцэж түрүүлснээр дэлхий дээрх хамгийн зузаан татварын хуультай орон болсон байна.

Адам Смитээс Нигел Лавсон хүртэл олон хүн татварын сайн тогтолцооны талаарх зарчмыг тодорхойлсон байдаг.

Манай Засгийн газар эдгээр зарчмуудыг орчин үед дахин зарлаж байна.

Манай татварууд үр ашигтай бөгөөд өсөлтийг дэмжсэн байх хэрэгтэй.

Тэдгээр нь тодорхой, урьдчилан мэдэж болохуйц байх хэрэгтэй.

Тэдгээр нь ойлгоход энгийн бөгөөд дагаж мөрдөхөд хялбар байх хэрэгтэй.

Мөн бидний татварын тогтолцоо нь шударга, ажлыг үнэлдэг, хүсэл эрмэлзлэлийг дэмждэг ба бололцоотой нэгнээс нь илүү ихийг төлөхийг хүсдэг хэрэгтэй.

Өнгөрсөн жилийн 7 дугаар сард, одоогийн татварын тогтолцоон дахь ээдрээтэй байдлыг хэрхэн багасгаж болох талаар хөндлөнгийн зөвлөмж гаргуулах зорилгоор бид Татварыг хялбаршуулах албыг байгуулсан.

Майкл Жак болон Жон Вайтин нарын хийсэн ажилд би баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

Тэдний өгсөн зөвлөмжийн дагуу, энэхүү Төсөвт доод тал нь 43 татварын хөнгөлөлтийг халах болсныг би өнөөдөр зарлаж байна. Эдгээрт “millennium gift aid system- мянганы бэлэглэлийн татварын хөнгөлөлтийн тогтолцоо” багтаж байна. Бидэнд энэ дахиад 989 жилдээ хэрэг болохгүй.

Би нийтэд зориулсан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг зогсоох талаарх тэдний зөвлөмжийг дагахгүй байхаар шийдсэн. Үүний оронд тэр хөнгөлөлтийг иргэд авахыг би илүүд үзэн дэмжиж байна.

Гэвч энэхүү төсөв нь нэг удаагийн шийдлээр манай улсын Татварын хуулиас 100 гаруй хуудсыг авч хаяж,  татварыг хялбаршуулах ажлыг эхлүүлж байна.

Өнгөрсөн жилийн төсвийн үеэр маргаашнаас эхлэн нийгмийн халамж болон төрийн албан хаагчдын тэтгэврийг хэрэглээний үнийн индекстэй уялдуулан тооцохыг би зарлаж байсан.  Мөн тухайн үед татварын хувь хэмжээг үүний ижил зарчмаар өөрчлөн тооцож байх талаар бид судалж үзнэ гэж би хэлж байсан.

Тэгвэл 2012 оны 4 дүгээр сараас эхлэн шууд татваруудын байнгын буюу үндсэн индексжүүлэлт тооцох нөхцөлийг ХҮИ –рүү шилжүүлэх болно.

Энэ Парламентын туршид өндөр настны, гэрлэсэн хосууд болон хараагүй иргэдийн мөнгөн тэтгэмжүүд, мөн ажил олгогчоос төлөх Үндэсний Даатгалын Шимтгэл тодорхой хамгаалалттай байх болно.

Саяхан зарласан хувь хүний албан татварын хөнгөлөлт нь ажиллагсдын төлөх ҮДШ-ийн хэмжээг нэмэгдүүлснээс алдаж буй орлогыг хангалттай хэмжээгээр нөхөх бөгөөд цаашид энэ хөнгөлөлтийн хэмжээг өсгөхөөр зорьж байна.

Энэ нь татварын болон хөнгөлөлтийн тогтолцооны уялдааг сайжруулахад дөхөмтэй бөгөөд цаашид төсвийн байдлаас хамааран шууд бус энэ зарчмаар өөрчлөх бодолтой байна.

Гэвч татварын тогтолцоог хялбаршуулахын тулд бид дахиад нэг алхмыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хэдэн арван жилийн туршид, орлогын татвар болон үндэсний даатгалыг бид тэс ондоо ялгавартай татвар хэмээн тооцож том, жижиг бизнесүүдэд хугацааны хувьд ч, татварын суурь болон татварын удирдлагын хувьд ялгаатай байдлаар хэрэглэж ирсэн.

Энэ нь эргээд нэлээд олон сөрөг үр дагаврыг бий болгосон.

Энэ нь бараг хэрэгцээгүй зардал, чирэгдэлийг ажил олгогч нарт бий болгож, улмаар Хатан хааны Орлого болон Гаальд ачааллыг бий болгосноор татвар төлөгчдөд нэмэлт зардал бий болгож байна.

Иймд Засгийн газраас Үндэсний даатгал болон орлогын татварыг нэгтгэх талаар зөвлөлдөх болно гэдгийг би өнөөдөр мэдэгдэж байна.

Гэхдээ энэ нь би Үндэсний даатгалыг тэтгэвэр авагчдад, эсвэл бусад хэлбэрийн орлогод ногдуулна,  эсвэл оролцооны зарчмыг байхгүй болгоно гэсэн санал гаргаж байгаа биш юм.

Бидний зорилго бол татваруудыг нэмэгдүүлэхгүй байх, харин тэдгээрийг хялбаршуулах явдал юм.

Энэхүү том ажлын хүрээнд олныг хамарсан хэлэлцүүлэг, зөвлөлдөн ярилцах шаардлага үүсэх бөгөөд дуусгахын тулд нилээд хэдэн жилийг зарцуулах хэрэгтэй болно. Хэдий тийм боловч татварын тогтолцоогоо үлэмж хялбаршуулж орчин үеийн шаардлагад нийцүүлэх талаар бид түүхэн алхам хийх цаг бол яах аргагүй мөн.

Манай татварын тогтолцоог илүү өрсөлдөх чадвартай болгоно гэдэг нь бидний амьдарч буй цаг үеийн бас нэгэн сорилт юм.

Бүгдээрээ дахин бодит баримттай нүүр тулья.

Бусад улсууд өөрсдийн татварын тогтолцоог бодлоготойгоор илүү өрсөлдөх чадвартай болгон өөрчилж, улмаар үндэстэн дамнасан компаниудыг өөрийн орон руу татаж байна.

Бид юу ч хийхгүй байж болно.

Гэвч улсынхаа хүнд хэцүү байдалд буй айл өрх бүрийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх асуудал  үндэстэн дамнасан компаниудыг, тэдний бий болгож буй ажлын байр болон оруулж буй хөрөнгө оруулалтыг, мөн тэдгээртэй цуг ирдэг татварын орлогыг Англи улсад хэрхэн тогтоон барихаас шалтгаалж байна.

Иймээс эмийн үйлдвэрлэл гэх мэт патентын салбараас олсон ашигт ногдуулдаг татварын хувь хэмжээг бид маш сайн өрсөлдөх түвшинд тогтоох хэрэгтэй байна.

Бид, гадаадын компаниудад тавих хяналтын нарийн төвөгтэй дүрмүүдээ үндсээр нь шинэчлэж тэднийг илүү газар нутгийн харьяалалтай болгоно.

Бид, гадны орох санхүүгийн орлогод 5.75%-ийн өрсөлдөхүйц татвар ногдуулах шинэ дүрмийг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

Энэ нь Франц, Америк, эсвэл Германаас хамаагүй илүү сонирхол татахуйц тогтолцоог бидэнд бий болгож байна.

Би Британийг олон улсын бизнесүүд орхин явдаг бус, харин ирж бизнес эрхлэдэг газар нутаг байхыг хүсч байна.

Харин өнөөдөр би илүү ихийг хийхийг хүсч байна.

Энэ оны 4 дүгээр сараас эхлэн Аж ахуйн нэгжийн татвар урьд миний зарласан шиг 1 хувиар бус харин 2 хувиар буурах болно гэдгийг би өнөөдөр энд дуулгаж байна.

Энэ бууралт нь ирэх гурван жилд үргэлжлэх бөгөөд жил бүр 1 хувиар бууруулж уг татварыг 23% хүргэнэ.

Энэ татвар нь Америкаас 16 хувь, Францаас 11 хувь, Германаас 7 хувиар тус тус бага бөгөөд Их-7 улсын дунд хамгийн бага ААН-ийн татвар болж байна.

 

Дэлхий даяар, Шанхайгаас Сиэтли хүртэл, Штутгартаас Сан Паоло хүртэл Британи бол бизнест нээллтэй улс гэдгийг тодорхой дуулгамааар байна.

Энэ бол банкуудын татварыг хасч байгаа биш гэдгийг энд тодруулж байна. Дээрх нөлөөллийг арилгах зорилгоор Би ирэх жилээс банкны татварын хэмжээнд өөрчлөлт оруулна.

Энэ Парламентын бүрэн эрхийн хугацаанд жил бүр банкуудын хураамжийн хэмжээ нь өмнөх Парламентын нэг жилийн татварын бонусын хэмжээнээс ч илүүгээр өсч байна.

Их-20 улсад хамгийн өрсөлдөх чадвар бүхий Татварын тогтолцоотой болох нь манай эдийн Засгийн 4 том зорилтын нэгдүгээрх нь юм.

Хоёрдугаарх нь Британи улс Европд бизнес эхлэх, санхүүжүүлэх, өргөжүүлэхэд хамгийн таатай улс болох зорилт юм.

 

Дахин бодит байдалтай нүүр тулья. Бид өнөөдөр бизнест таатай улс байж чадахгүй байна.

Сүүлийн арван жилд Герман, Дани, Финлянд болон Нидерланд зэрэг улсууд олон улсын өрсөлдөх чадварын зэрэглэлээрээ бүгд биднийг гүйцэж түрүүлсэн байна.

1998 оноос хойш жил бүр бизнест оногдуулж байгаа хууль тогтоомжийн нийт зардал нь 90 тэрбум паунд хүрч байна гэдэг нь тийм ч гайхмаар зүйл биш болж.

Иймээс өнөөдрийн Өсөлт-хөгжлийн төлөвлөгөөөнд бид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгаад байна. Үүнд:

  • 350 сая паундын үнэ цэнэ бүхий тусгай хууль тогтоомжуудыг хүчингүй болгоно. Үүнд Тэгш байдлын тухай хуулин дахь зардал ихтэй “dual discrimination rules” дүрмүүд багтаж байна.
  • Эрүүл мэнд ба аюулгүй байлын тухай хуулиудад өгсөн Лорд Янгийн зөвлөмжүүдийг бүхлээр нь авч хэрэгжүүлнэ.
  • Ажил олгогч нарт хүндээр тусдаг “No-win no-fee ” хуулийн үйлчилгээг хязгаарлах болно.
  • Одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг олон нийтээр хэлэлцүүлэх болно.

 

Бид 4 дүгээр сараас эхлэн 10-аас цөөн тооны ажилтантай, эсвэл цоо шинээр бизнесээ эхлүүлж байгаа бүх бизнесүүдэд дотоодын шинээр гарч буй хууль тогтоомжийн дагуу төлөх татвараас ирэх 3 жилийн туршид чөлөөлөх болно.

Манай Танхимын эрхэм нөхөд Европын бусад холбоотнууддаа манай тив дэлхий ертөнцөөс ангид үнэлээгүй гэдгийг бататгах зорилгоор бид энэхүү тэмцлээ Брюсселийн эсрэг авч хэрэгжүүлэх болно.

Мөн Бид Засгийн газар бүр өнгөрсөн хугацаанд Британий эдийн засгийн өсөлтийг хэрхэн тодорхойлж ирснийг тодорхойлох гэж оролдлоо. Гэвч аль ч Засгийн газар нь Төлөвлөлтийн тогтолцооны талаа юу ч хийгээгүй байна.

Зөвлөлүүд нь төлөвлөлтийн зөвшөөрөл олгохтой холбоотойгоор 5 жилийн өмнө зарцуулж байснаасаа 13 хувиар илүүг өнөөдөр зарцуулж байна.

Төлөвлөлтөд тухайн орон нутгийн иргэдийн дуу хоолой илүү их байх нь мэдээж. Гэвч өнөөдрөөс эхлэн бид

  • Ажлын байр, өсөлтийг ач холбогдлоор нь эрэмбэлэх төлөвлөлтөд бүх талуудыг оролцоно гэсэн хүлээлттэй байна.
  • Тогтвортой хөгжлийг дэмжих талаар шинэ итгэл үнэмшлийг танилцуулж байна. Энэ бол Хөгжлийн төлөөх “За” гэж хариулах хариулт юм.
  • Ногоон бүсүүд дэхь хяналтыг хэвээр үлдээх болно. Харин бид урьд өмнө сэргээн-хөгжүүлсэн газрыг ашиглах талаар үндэсний хэмжээнд ногдуулсан зорилтыг  хүчингүй болгож байна.
  • Газар ашиглах ангиллыг өөрчлөх, ашиглалтад цаг хугацааны хязгаар тогтоох, болон газрын төлөвлөлт хийх зөвшөөрлийг анх удаа дуудлага худалдаагаар оруулахыг зөвшөөрнө.

Удаан төвөгтэй төлөвлөлтийн дүрэм журмууд болон муу хууль тогтоомж нь шинэ ажлын байр бий болох зам дээр саад болон оршиж байна.

Үүний адил санхүүжилтийн эх үүсвэр дутагдаж байна.

Жижиг бизнесүүд нь зээлийн хомсдлын хэлмэгдсэн гэм буруугүй золиос/хэлмэгдсэн хохирогч болж байна.

Ийм учраас жижиг бизнесүүдэд олгох зээлийн хөрөнгийн хэмжээг 15%-иар нэмэгдүүлэхээр бид банкуудтай харилцан тохиролцов.

Хэдий тийм боловч эхлэлтийн хөрөнгө дутагдалтай байгаа нь Британий эдийн засагт удаан хугацааны туршид асуудал хэвээр байсаар байна.

Британичууд дэндүү олон удаа сайхан санаа гаргадаг хэдий ч түүнийг бусад улсууд ашиглан, үр шимийг нь хүртэж байна.

Иймд өнөөдөр би байгууллагын хөрөнгө оруулалтын схемийг / БХОС/ илүү энгийн, хүртээмжтэй болгох чиглэлээр томоохон өөрчлөлт хийхийг санал болгож байна.

Энэ жилийн 4 дүгээр сараас орлогын албан татварын хөнгөлөлт 20%-иас 30% хүртэл нэмэгдэх болно.

Ирэх жилээс энэхүү БХОС-ээр дамжин хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг бид 2 дахин нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт хийхэд тавигдах компаний цар хүрээг өсгөн, нэг компанид оруулах болох хөрөнгийн дээд хязгаарыг 400 %-иар нэмэгдүүлнэ.

Ирэх долоо хоногт манай эрхэм Ерөнхий сайд болон Бизнесийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нар “Британид эхлүүлэв” гэсэн  кампанит ажлыг эхлүүлнэ. Энэхүү кампанит ажил нь Британий хамгийн амжилттай томоохон компаниудын дэмжлэгтэйгээр бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэдэд шинээр бизнес эрхлэх болон бизнесээ өргөжүүлэхэд туслах юм.

 

Өнөөдөр үүн дээр бид дараах туслалцааг давхар үзүүлэх боломжтой.

Энэ оны 4 дүгээр сараас эхлэн Аж ахуйн нэгжийн хөнгөлөлт-чөлөөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 10 сая паундад хүргэж байна.

Хүмүүс дэлхийн аль ч улсад хүссэнээрээ хөрөнгө оруулах боломжтой болсон энэ цаг үед Британийг бизнес эрхлэгчдийн өлгий нутаг болгоё.

Гадаадын харьяатад оногдуулах татварыг тойрсон тодорхой бус байдлыг эцэслэх цаг нь бас болсон.

Тэдэнд энэ нутаг нээлттэй байх болно. Гэвч Тэдэнд олгож буй татварын тусгай нөхцөлийн хариуд ямар нэгэн зүйл төлөх ёстой гэдэгт би үргэлж итгэж ирсэн.

 

Түрүүчийн засгийн газар бидний зөвлөмжийг дагаж энд 7 жил амьдарсан иргэдэд 30 мянган паундын төлбөр ногдуулахаар болсон.

Үүнээс удаан жил амьдарч буй иргэдэд илүү төлбөр ногдуулах ёстой гэж би үздэг. Иймд тус улсад 12 жил амьдарсан гадаадын иргэдэд ногдуулах төлбөрийг 50 мянган паунд хүртэл өсгөж байна.

Ингэснээр ирэх жилүүдэд 200 сая гаруй паунд төвлөрөхөөр байна.

Гэвч хариуд нь – манай улсад хөрөнгө оруулалт хийхийг дэмжих зорилгоор – гадаадын иргэн Британи дахь аливаа бизнест хөрөнгө оруулах зорилгоор түүний хилийн чанадаас олсон орлого эсвэл хөрөнгөө Британи руу шилжүүлэхэд татвар ногдуулдаггүй болгон бид өөрчилж байна.

 

Мөн бид тогтвортой оршин суугчийн шалгуурыг нэвтрүүлэх болно.

Таамаглал болон тодорхойгүй байдлыг эцэс болгох, тогтвортой байдлыг хангах зорилгоор энэхүү Парламентын хугацаанд гадаадын иргэдэд ногдуулах татвартай холбоотой дахин өөрчлөлт хийхгүй гэдгийг би батламжилж байна.

Бизнес, хөрөнгө болон хүмүүс хаа сайгүй чөлөөтэй шилжин, хөдлөх болсон өнөө үед татварын хувь хэмжээг өндөр тогтоох нь жинхэнэ гарз, хохирлыг дагуулна.

Аж ахуйн нэгжийн татварыг өндөр болговол, хувь хүний татварыг өндөр болговол ийм үр дагавар тохиолдох нь гарцаагүй.

 

Эдгээр өндөр татварууд нь ААН, байгууллагуудад хүнд цохилт болно. Хүсэл эрмэлзлэлийг бууруулна. Иргэд татвар төлөхөөс зайлсхийх тусам татварын орлого буурна.

Хэрэв 50 пенсийн татварын түвшинг урт хугацаанд хадгалбал энэ нь манай эдийн засагт гүн хохирол үзүүлэх боломжтой гэдэгт би итгэлтэй байна.

Ийм учраас би эдгээр арга хэмжээг түр зуур хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Яг миний өмнөх Хөдөлмөрийн намын зүтгэлтэн Эдинбургийн захирагч энэ татварыг нэвтрүүлсэнтэй адилаар. Нийгмээрээ бага ч атугай хувь оруулж байгаа энэ цаг үед дээрх татварыг хүчингүй болгох нь эртдэнэ хэмээн үзэж байгаагаа би өмнө нь дурдсан.

 

Өөрөө-үнэлэх маягтыг хэзээнээс нэвтрүүлж эхлэхийг би Хатан Хааны Орлого, Гаалийн байгууллагаас тодруулсан юм.

Мэдээж, татвар ногдуулалт шударга байх ёстой. Баян хүмүүс нь бусдаас  илүү татвар төлөх ёстой. Хэрэв тэд татвараас зайлсхийвэл энэ нь маш буруу зүйл болно.

Татвараас зайлсхийх, төлөхгүй байх асуудлаар би дараа дэлгэрэнгүй ярих болно. Ирэх саруудад илүү анхаарал хандуулж ажиллах ёстой асуудлын нэг бол өндөр үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулах асуудал юм. Үл хөдлөх хөрөнгийн татвараас зайлсхийх, татвар төлөхгүй байх асуудал нийтлэг байгаа мөн зарим баян чинээлэг хүмүүс шударгаар татвараа төлөхгүй байгаа явдал байсаар байна.

 

50 пенсийн татварын хувь хэмжээнээс орох орлогыг хянахын зэрэгцээ, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийг эзэмшигчид татвараа шударгаар төлдөг болох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бид илүү хүчин чармайлт гарган ажиллах болно.

Жижиг бизнесүүдэд туслах.  Аж ахуйн нэгжийг дэмжих. Төлөвлөлтөд хийх шинэчлэлүүд. Одоогийн хууль тогтоомжийг цөөрүүлэх, шинээр хууль гаргахыг түдгэлзүүлэх.

Энэ бүгд Британи улсыг Европ дахь бизнес эхлүүлэх, хөгжүүлэх болон санхүүжүүлэхэд хамгийн таатай улс болгоход чиглэсэн бидний том зорилтын нэгээхэн хэсэг юм.

Бидний 3 дахь том зорилт бол Британи улсын эдийн засгийг тэнцвэртэйгээр хөгжүүлэхэд зориулан хөрөнгө оруулалт болон экспортыг хөхиүлэн дэмжих явдал юм. Өнөөдрийн бидний нийтэлсэн Хөгжлийн төлөвлөгөөнд,  төрөл бүрийн бизнесүүдэд тусалж чадах тусгай арга хэмжээнүүдийг тодорхойлсон байгаа.

Жишээ нь шинжлэх ухааны чиглэлээр бид эмнэлгийн туршилтууд явуулах зөвшөөрөл авах хугацааг ихээхэн бууруулж байна.

Цахим болон бүтээлийн салбарт, бид оюуны өмчтэй холбоотой тогтолцоог сайжруулна.

 

Мэргэжлийн болон бизнесийн үйлчилгээнд, бидний амжилттай хэрэгжүүлсэн түүхийн нэг болох мөнгө угаахын эсрэг тогтолцоог шинэчилж, Англи улсыг Дэлхийн хууль ёсны арбитрын төв болгон өргөмжлөх, мөн бизнесийн виз олгох найдвартай үйлчилгээг эхлүүлэх явдал юм.

Олон тооны жижиг дэлгүүрийн эздийг багтаасан манай жижиглэн худалдааны салбарынхан, бизнесийн татварын хувь хэмжээ өссөнөөс үүсч байгаа нөлөөлөлд бухимдалтай байна.

Жижиг бизнес эрхлэгчдэд олгож байгаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг энэ оны 10 дугаар сард дуусгахаар Түрүүчийн Засгийн газрын төлөвлөсөн.

Би үүнийг зөв гэж үзэхгүй байна.

Иймээс би жижиг бизнесүүдэд үзүүлж буй татварын хөнгөлөлтийг 2012 оны 10 дугаар сар хүртэл дахин нэгж жилээр сунгах болсныг өнөөдөр зарлаж байна.  Энэ нь шийдвэр нь бидний хувьд 370 сая паундын үнэтэй шийдвэр болж байна.

 

Бид бас Барилгын салбарт туслах ямар нэг арга хэмжээ хийх хэрэгтэй.

Тэмдэгтийн хураамжийг,  худалдан авч буй орон сууцны багцын нийт үнэд бус тухайн багц дахь орон сууцнуудын дундаж үнэд ногдуулах болно.

Байр орон сууцыг шинээр барихыг дэмжих зорилгоор Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангуудыг хялбаршуулна.

Гэхдээ моргэйжийн зээлийн урьдчилгаа 30%-д хүрч байгаа нь орон сууц эзэмших эрхийг олон олон гэр бүлд хүртэх боломжгүйд хүргэж байна.

Энэ бол шударга бус.

 

Иймээс энэ жил банкинд ногдуулсан татварын орлогоос 250 сая паундыг орон сууц анх худалдан авч байгаа иргэдийг санхүүжүүлэхэд ашиглах болсныг зарлаж байна.

“Анхны худалдан авалт” гэсэн хөрөнгийг хамтран эзэмших энэхүү схем нь анх удаагаа хувьдаа шинээр баригдсан үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүсэлтэй боловч өндөр хэмжээний урьдчилгаа төлөх боломжгүй худалдан авагчдад зориулагдана.

Энэ схем нь 10,000 гэр бүлийг анх удаагаа орон сууцтай болоход нь туслах болно.

Түрүүчийн Засгийн газар моргейжийн хүүнд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт оруулсан түр зуурын өөрчлөлтийн үйлчлэх хугацааг ирэх 1 дүгээр сард дуусгахаар тооцож байсан бол бид үүнийг дахин нэг жилээр сунгахаар боллоо. Энэ нь моргейжийн хугацаа хэтэрсэн өртэй, ажилгүй орон сууц эзэмшигчийн тоог ойролцоогоор 100,000-аар бууруулна.

 

Ноён Парламентын дэд дарга аа,

Манай эдийн засгийг дахин тэнцвэржүүлэхэд үйлдвэрлэл маш чухал үүрэгтэй байна.

Сүүлийн арван жилд, санхүүгийн үйлчилгээний салбарын эдийн засагт эзлэх хувь хэмжээ 2/3-оор нэмэгдсэн байхад, үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувь бараг 50 хувиар буурсан байна.

Энэ Засгийн газрын үед үйлдвэрлэл хамгийн өндөр хурдацтай өсч байгаа бөгөөд сүүлийн 3 сарын хугацаанд тус салбарт 14,000 ажлын байр шинээр бий болсон байна.

Үүнийг үргэлжлүүлэхийн тулд Засгийн газар нь дараах төлөвлөгөөг зарлаж байна. Үүнд:

  • Экспортын дэмжлэгээ илүү байгууллага, аж ахуйн нэгжүүд рүү чиглүүлэх, мөн жижиг бизнесүүдэд туслах экспортын зээлийг шинээр бий болгох;
  • Өндөр технологийн үйлдвэрлэлд зориулсан Британий технологи, шинэтгэлийн анхны төвийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх
  • Шинэ санаачлага бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор их сургуулиудад шинээр байгуулагдах 9 төвийг санхүүжүүлэх

 

Шинжлэх ухааны салбар бол Британи улсын бусад олон улсаас ялгарах нэг давуу тал юм. Иймд энэ бол бизнес эхлүүлэх таатай орон байх бидний ирээдүйн гол цөм юм.

Энэ нь өнгөрсөн жил шинжлэх ухааны салбарын төсвийг хасах гэхэд миний хамгаалж үлдсэн шалтгааны нэг юм.

Энэ жилийн банкинд ногдуулах нэмэлт татварын эх үүсвэрээс 100 сая паундыг шинжлэх ухааны шинэ байгууламжуудыг дараах сургуулиудад байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх болсныг Танхимд дуулгаж байна. Үүнд:

  • Кэмбриджийн Бабрахам Судалгаа, шинжилгээний хотхон;
  • Норвич дахь байгаль орчны шинжлэх ухааны парк;
  • Харвелл дахь Олон улсын Сансрын Инновацийн төв;
  • Даресбури дахь Үндэсний шинжлэх ухаан, Инновацийн хотхон.

 

Британыг үнэхээр инновацийн өлгий нутаг болгохын тулд бид судалгаа, шинжилгээг зөвхөн томоохон их сургуулиудад бус, харин манай жижиг бизнесүүдэд бас хийгддэг болгохыг хүсэх хэрэгтэй.

Манай агуу өндөр технологийн зохион бүтээгчдийн нэг Жэймс Дайсон надад жижиг бизнесүүдэд үзүүлдэг дэмжлэгээ нэмэгдүүлэхийг ятгасан юм.

Би түүнийг сонсохоор барахгүй түүний зөвлөмжөөс илүү ихийг хийхийг зорьж байна.

Энэ жилийн 4 дүгээр сараас эхлэн жижиг компаниудад Судалгаа, Хөгжлийн зардлыг татвар ногдох орлогоос бууруулах хувийг 200%-д хүргэнэ. Ирэх жилээс энэ хэмжээ 225% хүртэл өснө.

 

Бид үйлдвэрлэгчдийг сүүлийн үеийн машин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна. Иймээс богино хугацаанд ашиглагдах хөрөнгийг татвараас чөлөөлөх хугацааны хязгаарыг 4 жилээс 8 жил хүртэл 2 дахин сунгахыг санал болгож байна.

Зарим нэр заасан бүс нутагт бизнесийн байраа шинэчлэхэд үзүүлж буй хөнгөлөлт ирэх жил дуусах байсныг бид дахин 5 жилээр сунгах болно.

Англи улс даяар хувийн салбарыг дэмжих нь манай эдийн засгийн голлох зорилт мөн.

Тээврийн яаманд хэмнэлт гарч байгаа нь нөгөө талаар бид бүс нутгийн төмөр замд нэмж 200 сая паундын хөрөнгө оруулалт хийж чадна гэсэн үг.

 

Бид 85 сая паундаар Ордшал Чорд схемийг цааш нь үргэлжлүүлж, Манчестерийн Викториа болон Пиккадилли буудлуудыг холбох, ингэснээр Ливерпүүл болон Лийдсийн хооронд зорчих цагийг үлэмж хэмжээгээр багасгах болно.

 

Бид Свиндоноос Кембле хүртэлх схемийг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой. Үүнийг манай танхимын олон гишүүд хүсч байсан. Энэ бол манай Баруун гол шугамын Вэйлс хүртэлх цахилгаанжуулалттай холбоотой юм.

Мөн өвлийн улирлын нөлөөллөөс болж зам дээр үүссэн нүх, эвдрэлийг засварлахад нь туслах зорилгоор орон нутгийн удирдлагуудад 100 сая паундыг бид гаргах боломжтой байна.

 

Манай улсын амжилттай ажиллаж буй бүх талуудад туслах нь бидний “Аж үйлдвэрийн бүс”-ийн тухай бидний өнөөдөр эхлүүлэх гэж буй хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлж буй зорилго юм.

 

Ноён Парламентын дэд дарга аа.

Урьд хийгдсэн судалгаагаар бид 10 шинэ “Аж үйлдвэрийн бүс”-ийг санхүүжүүлэх боломжтой гэсэн тайлангууд гарсан байна.

Харин өнөөдөр би 21 Аж үйлдвэрийн бүсүүдийг санхүүжүүлнэ гэдгийг батламжилж байна.

 

Аж үйлдвэрийн бүсүүдэд орших бизнесүүд 100 хувь хүртэлх татварын хөнгөлөлт, шинэ супер хурдан бродбэнд болон хөрөнгийн зардлыг хөнгөлүүлэх боломжтой.

Үүний үр дүнд төлөвлөлтийн ямар ч хязгаарлалтгүйгээр, орон нутгийн эрх баригчдыг тухайн бүс нутаг дахь бизнесийн татварыг доод тал нь 25 жилийн туршид төвлөрүүлж, улмаар хөгжлийн тэргүүлэх чиглэлд зарцуулах эрхийг олгож байна.

 

Аж үйлдвэрийн эхний 10 бүсийг хамгийн их хэрэгцээтэй, бас хөгжих боломж бүхий дараах арван суурин газруудад зарлах болно. Үүнд:

  • Бирмингхам болон Солихалл
  • Лийдс
  • Ливерпүүл
  • Их манчестер
  • Тийс Валлей
  • Тайнесайд
  • Бристол
  • Блак каунти
  • Дербишайр ба Ноттингхамшайр
  • Шеффелд

 

Маргааш, Ерөнхий сайд болон Шадар сайд нар, эдгээр суурин газрууд дахь “Аж үйлдвэрийн бүс”-үүдийн байршлыг зарлах болно.

Дараачийн бүсүүд нь Лондонд байх бөгөөд тэдгээрт тохиромжтой байрлал сонгохыг Хотын даргаас би хүссэн байгаа. Дараачийн 10 аж үйлдвэрийн бүсийг ирэх зун зарлах болно.

Улс орны өнцөг булан бүрд буй орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн түншлэгчдийг өөрсдийн саналын хамт хүрэлцэн ирэхийг урьж байна. Умард Ирланд, Шотланд болон Вэйлсд үүрэг хариуцлагыг орон нутагт нь үлдээж байна. Ингэснээр бид орон нутгийн захиргаатай ажиллах бөгөөд тэд ч гэсэн энэхүү бодлогын үр дүнд сэтгэл хангалуун байх болно.

 

Төрийн сангаас маргааш Умард Ирландад хувийн салбарыг хөгжүүлэхэд нь бид хэрхэн туслах талаар нийтлэл гаргана.

Ирландын Бүгд найрамдах улсын бизнесийн татварын горимтой холбоотой өвөрмөц асуудлуудыг шийдвэрлэхийн тулд,  Умард Ирланд нь Английн бусад аль ч хэсэгт байгаагүй бага аж ахуйн нэгжийн татвартай байсан тохиолдлыг харгалзан үзэх юм.

Би энэ асуудалд цаашид оролцох бүх талуудыг анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Манай улсын нэг хэсэгт нөлөөлж болох өөр тодорхой асуудал байна.  Энэ бол газар зүйн байршлын улмаас Сауд Вестийн хэрэглэгчдэд, ялангуяа бага орлоготой хэсэгт, маш өндөр усны татвар ногдуулж байгаа явдал юм.

Иймээс тэр бүс нутагт усны төлбөрийг бууруулахын тулд төсвийн хөрөнгийг ашиглах болно.

 

Ноён Парламентын дэд дарга аа.

Байгальд ээлтэй ногоон технологийн хувьсгалаас гарах боломж болон бидний “Ногоон Засгийн газар” болох асуудалд Та бүхний анхаарлыг хандуулья.

Сэргээгдэх халаалтын системийн урамшуулал, болон агаарын бохирдол багатай автомашины дэмжлэг, болон аж ахуйн нэгжийн автомашины татварын горимын өөрчлөлт зэргийг бид урьдчилан зарласан байгаа.

Өрх гэрүүдийн эрчим хүчний төлбөрийг бууруулахад чиглэсэн “Ногоон хэлэлцээр”-ийг бид ирэх жил нэвтрүүлэх бөгөөд үүний тулд урамшуулах, идэвхижүүлэх талаар шаардлагатай алхмуудыг бид авах болно гэдгээ би батламжилж байна.

 

Бид нүүрстөрөгчийг цуглуулж, хадгалах шинэ технологиороо анхдагч болж байгаа бөгөөд уг технологийг бүтээхэд даруй 1 тэрбум паунд зарцуулаад байна. Ирээдүйн төслүүд нь нарийн төвөгтэй шинэ төрлийн татвар, хураамжаас бус харин төсвийн нийтлэг эх үүсвэрээс санхүүжигдэх болно.

Гэвч бид ногоон хувьсгалыг бодит болгоё гэж байгаа бол дараах хүнд хэцүү, эрс шийдмэг алхмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нэгдүгээрт, миний удаан хугацааны турш нотлон хэлж байсан шиг, нүүрс төрөгчийн үнийг тогтвортой болгоогүй тохиолдолд ногоон эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт хэзээ ч тодорхой байж чадахгүй.

Өнөөдөр бид эрчим хүчний салбарт нүүрстөрөгчинд босго үнэ тогтоосон дэлхий дээрх анхны улс болж байна.

Нэг тонн нүүрс төрөгчийн үнэ 2013 онд 16 паундаас эхлэх бөгөөд 2020 онд нэг тонн нүүрстөрөгийн үнийг 30 паунд хүргэн өөрчлөхөөр зорилт тавиад байна.

 

Энэ нь манай элэгдэж, хуучирсан эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэхэд шаардлагатай тэрбумаар хэмжигдэх хөрөнгийг бүрдүүлэхэд чухал хөшүүрэг, дэмжлэг болно.

Хэрэглэгчдийг хохироохгүйн тулд Даваа гаригт хэвлэгдсэн OFGEM-ийн тайлан, дүгнэлт хэвлэгдсэнтэй холбогдуулан бид эрчим хүчний салбарт болж буй үйл явдлыг сайтар ажиглах болно.

Үүний зэрэгцээ би “Цаг уурын өөрчлөлтийн гэрээг” 2023 он хүртэл сунгаж, цахилгаанд ногдуулах Цаг уурын өөрчлөлтийн татварын хөнгөлөлт  65%- байсныг 2013 оны 4 дүгээр сараас эхлэн 80% хүртэл өсгөж байна.

 

Ингэснээр эрчим хүч хамгийн ихээр хэрэглэдэг салбарынхандаа туслах юм.

Бидний амласанаар ногоон татварын манай татварын нийт орлогод эзлэх хувь нь нэмэгдэх болно.

Бидний авч хэрэгжүүлж буй хоёрдахь эрс шийдэмгий алхам нь ашиг нь маш урт хугацаанд гарах бөгөөд маш их эрсдэлтэй зах зээл бүхий бага-нүүрс төрөгч ялгаруулдаг хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Ногоон Хөрөнгө оруулалтын Банк байгуулж байгаа явдал юм.

Бид үүнд тэрбум паундыг зарцуулахаар төлөвлөсөн. Төрийн сангаас гаргасан  үнэт цаасны борлуулалтаас санхүүжигдэх 2 тэрбум паундыг би өнөөдөр нэмж зарцуулахаар шийдвэрлэж байна.

 

Энэ нь Ногоон Хөрөнгө Оруулалтын банк нь үйл ажиллагаагаа төлөвлөж байснаас өмнө буюу 2012 онд эхлүүлэх боломжийг олгож байна. Мөн энэ шийдвэр нь одоогийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд хувийн салбараас ногоон төслүүдэд нэмэлт 15 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийх хөшүүрэг болж өгнө.

Манай улсын нийт өрийн түвшингээс хамааран 2015-2016 оноос эхлэн Ногоон Хөрөнгө Оруулалтын банкинд бидний сайн сайхан ирээдүйн төлөө зээл авч, хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг олгоно гэдгээ би өнөөдөр энд баттай хэлж байна.

Ингэснээр Ногоон Хөрөнгө Оруулалтын Банк нь өөрийн эх үүсвэрээ гурав дахин нэмэгдүүлнэ. Шинэ нүүрстөрөгчийн үнийн босго. Үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөрөнгийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлөх. Орон сууц баригчид болон анх удаагаа орон сууц худалдан авагчидад шинэ дэмжлэг.

Энэ бол улс орон даяар, бүх салбарт өсөлт, хөгжил бий болсон эдийн засаг.

Энэ бол бидний зорилт юм.

 

Бидний 4 дэхь зорилтыг танилцуулъя.

Энэ нь Европ тив дэх илүү их мэдлэг, боловсролтой, уян хатан ажиллах хүчийг бий болгоход оршино.

Өнөөдөр Их Британи Улсад хөдөлмөрийн насны хүн амын мэдлэг, ур чадвар Америк, Герман болон Францын хүн амынхаас доогуур байна.

Энэ нь ирээдүйд манай эдийн засагт тулгарах хамгийн том хүндрэл юм.

Тиймээс ч бид сургууль, их сургуулиудын хүрээнд томоохон, далайц ихтэй өөрчлөлт шинэчлэлийг хийж, сурагчад хөнгөлөлт олгох ажлыг өрнүүлж, амьжиргааны түвшин доогуур, өнчин ядуу хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж байгаа.

 

Ийм учраас бид Алисон Волфийг нэн сонирхолтой тайланг бичихийг хүссэн юм.

Засгийн газраас 11-19 насны сурагч, оюутнуудад мэргэжил олгох сургалт явуулах, дэлхийд нэртэй шинэ техник мэргэжлийн коллежуудыг бий болгоход онцгой анхаарч байна. Хичээлийн сургалтын програм нь дотоодын их сургуулиуд болон нэр хүнд бүхий ажил олгогч нарын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулагдаж байна. Эдгээр шинэ коллежуудыг хөл дээр нь босгож ажиллуулах тал дээр хувь нэмрээ оруулж байгаа Кен Бэкэрийг сайшаах  нь зүйтэй. Одоогоор Засгийн газраас 12 техник мэргэжлийн коллежийг шинээр үүсгэн байгуулна гэдгээ мэдэгдсэн байгаа.

 

Эдгээр коллежийн тоог хоёр дахин нэмэгдүүлж наад зах нь 24-т хүргэнэ гэдгийг энэ дашрамд би хэлж чадна. Үүнээс гадна бид сүүлийн 7-н жил тогтмол өсөн нэмэгдэж байгаа өсвөр насны хүүхдийн ажилгүйдэлтэй холбоотой асуудлыг шийдэж, иргэдэд ажил олгогчидтой шууд холбогдох боломжийг олгоно. Өнөөдөр шинээр хэрэгжиж буй ажлын дадал, туршлага олгох ажлын хүрээнд 20 мянган залуу хүнийг ажлын байраар хангана гэсэн байгаа бол бид энэ тоог 5 дахин нэмэгдүүлж дараагийн 2 жилд 100 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж байна.

 

Австри, Герман болон Швецари Улсад дөрвөн ажил олгогчын нэг нь шинэ ажлтныг ажлын байран дээр сурган, дадлагажуулж улмаар урт хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг санал болгодог бол Англид ажил олгогчдын аравны нэгээс доош хувь нь ийм төрлийн саналыг санал болгодог байна. Энэ байдлыг бид өөрчлөх хэрэгтэй. Өнгөрсөн жил чадварын стратегийн талаар хэвлэл нийтлэгдэж ийм байлаар ажил олгох явдал улам дэлгэрч байгаа нь батлагдсан билээ. Өнөөдрийн байдлаар 40 мянган ажил хайж буй залуучуудад ийм байдлаар ажил олоход тусалж, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг нь шийдэж байгаа. Одоогийн байлдаар Английн хувьд сурангаа ажиллаж байгаа нарийн мэргэшил шаардсан ажилчдын тоо зөвхөн 1500 байна. Бидний санал болгож буй төсөв нь 10 мянгаас дээш ажлын байр бий болгоход чиглэгдэх юм. Засгийн газрын энэ бодлогын үр дүнд 250 мянгаас илүү ажлын байрыг дараагийн дөрвөн жил бий болгож чадна.

Засгийн газар шинэ ажил, бодит сургалт, баталгаатай ажлын байр, эдийн засгийн өндөр өсөлтийг дэмжиж, баталгаажуулж байна.

 

Эрхэм Парламентын дэд даргаа,

Бид тэтгэвэрт гарах насны ажилчдын нийгмийн асуулын талаар хөндөхгүйгээр шинээр ажилд орох ажилчдын ажлын байрны зохицуулалтын талаар ярих боломжгүй юм.

Хамтарсан Засгийн газар тэтгэвэр халамжийн асуудлыг орлоготой дахин уялдуулах шийдвэрийг гаргаж, тэтгэвэрийн сангийн өсөлтийг хангах баталгаа гаргаж чадсан нь үнэхээр бахархууштай явдал болсон.

 

Адаир Тюнерийн мэдэгдсэнчилэн тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлэхгүйгээр энэхүү өөрчлөлтийг бид хийж чадахгүй байсан. Тэтгэвэр тогтоолгох насыг 2020 он гэхэд 66 нас хүртэл нэмэгдүүлж тогтооно. Бид бүх намуудын  дэмжлэгтэйгээр тогтмол хийгдэх, биеэ даасан судалгаан дээр үндэслэн тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлж тогтоох шинэлэг механизмыг бүрдүүлж чадна гэж найдаж байна.  Энэ нь Их Британид хийгдэх томоохон өөрчлөлт шинэчлэлүүдийн нэг юм. Амьдралынхаа туршид бусдад туслахын төлөө зүтгэн ажилласан хүмүүсийн хувьд ч, тэднийг санхүүжүүлсэн татвар төлөгчдийн хувьд ч төрийн албан хаагчдын тэтгэвэрийн тогтолцоо шударга байх явдлыг бид баталгаажуулах шаардлагатай.

 

Өнөөдөр бид дискаунт тооцох хүүгийн түвшний талаар бидний зөвшилцөөний үр дүнг нийтэлж байна. Үүнд хөнгөлөлтийн түвшинг тогтоохдоо инфляцийн түвшин дээр ДНБ-ий өсөлтийн хувийг  нэмж тооцох нь зөв гэдгийг баталсан. Энэ нь ажиллагсдын төлөх шимтгэлийн хэмжээг жилд дунджаар 3 хувиар өсгөх талаархи бидний тооцсон хувилбарыг баталгаажуулж байна.

Хөнгөлөлтийн хүүг тооцох энэхүү шинэ аргачлалыг цаашид шимтгэлийн хувь хэмжээний өсөлтийг шинжлэхэд ашиглах боломжтой юм. Энэхүү шинэчлэлийн нэг хэсэгт хүүгийн түвшинг 3 хувиас илүү хэмжээгээр нэмэгдүүлэе гэж Би асуух гэсэн юм бишээ.

 

Жон Хаттон тэтгэврийн хэмжээний талаар тайлангаа бичиж дуусгасан байна.

Танхимын бүх гишүүд түүний хийсэн гайхалтай ажилд баярлалаа гэж хэлэхийг хүсч байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Хаттоны гаргасан зөвлөмжүүдийг төрийн албаны ажиллагсад, холбоод болон бусад талуудтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар хүлээн зөвшөөрч байгааг би өнөөдөр баталж байна.

 

Энэ асуудал дээр аль ч талд сорчлох асуудал байх шаардлагагүй.

Парламентын энэ танхим парламентын гишүүдийн тэтгэврийг дээрхийн адил өөрчлөх талаар зөвлөмж гаргана гэдэгт би итгэж байна.

Итгэхийн аргагүй ярвигтай хэцүү болсон улсын тэтгэврийн тогтолцоог бид мөн шинэчлэх хэрэгтэй.

Хүмүүс тэтгэвэрт гарахдаа хэдий хэрийн тэтгэмж авахаа мэдэж чадахгүй бол тэд хэдий хэмжээний хөрөнгийг хадгалах хэрэгтэй гэдгээ тэд мэдэж чадахгүйд хүрнэ.

Иймээс Тэтгэврийн сайд, Тэтгэврийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болон миний бие хамтран ажиллаж хэд хэдэн хувилбар болоовсруулсан. Эдгээрийн дотор шинэ нэг үет тэтгэвэр багтсан байгаа.

 

Энэ нь хялбар, шимтгэл дээр тулгуурласан, нэг ижил хувьтай, иймээс хүмүүс хэдий хэрийн юм хүлээх ёстойгоо мэднэ. Үүнийг хэрэгжүүлэхэд одоогийн тогтолцооноос илүү зардал нэмж гарахгүй.

Одоогийн байдлаар энэхүү шинэ нэг-үет улсын тэтгэврийн тогтолцоо нь ойролцоогоор долоо хоногт 140 паунд байхаар тооцоолоод байна.

Энэ шинэ тэтгэвэр нь одоогийн тэтгэвэр авч байгаа иргэдэд үйлчлэхгүй, иймээс бүрэн хэрэгжиж эхэлтэл хэсэг хугацаа шаардагдана.

Өнөөдөр миний зарласан томоохон шинэчлэлүүд буюу Татварын тогтолцоог хялбаршуулах, эдийн засгийг сайжруулах болон төрийн албан хаагчдын тэтгэврийг шинэчлэх зэрэг асуудал нь энэ Засгийн газар урт хугацаанд зөв зүйлийг хийж байна гэдгийг илтгэж байна.

 

Хамгийн өрсөлдөөнтэй аж ахуйн нэгжийн татвар.

Компани байгуулж, бизнес явуулахад хамгийн тохиромжтой орчин

Хөрөнгө оруулах, экспортод гаргах, байгаль орчинд ээлтэй илүү ногоон, тэнцвэртэй эдийн засаг

Сайн боловсролтой ажиллах хүчин.

Шударга тэтгэврийн тогтолцоо.

Эдгээр нь хэрэгжүүлэх арга хэмжээнүүд буюу Британий хүрэх том зорилтууд юм.

 

Эрхэм Парламентын дэд дарга аа.

Та бүхний анхаарлыг би хувь хүний татвар, хураамжид хандуулахыг хүсч байна.

Аливаа нийгмийг зөвхөн эдийн засгийн хүчин чадлаар нь бус ард  иргэдийнх нь энэрэнгүй, нигүүлсэх сэтгэлээр нь бас үнэлж, дүгнэх хэрэгтэй.

Соёлын нарийн бичиг болон миний бие хэд хэдэн томоохон шинэчлэлүүд дээр хамт ажиллаж байсан юм. Эдгээр нь хамгийн том хандиваас авахуулаад буяны хайрцаганд зоос цуглуулахыг хүртэл дэмжих төсөл юм.

 

Нэгдүгээрт бид буцалтгүй тусламжийн удирдлагыг үлэмж хялбаршуулах болно.

Буяны байгууллагуудыг тэдний өгсөн хандив бүрийн баримтыг цаасаар нэхэж байхын оронд 2013 он гэхэд бүх хандивыг онлайн системээр дамжуулах бололцоотой болгон хялбаршуулж байна.

 

Хоёрдугаарт, манай нийгэм дэхь баян хүмүүс илүү их хандив өгөхийг бид дэмжиж, урамшуулах болно.

Буцалтгүй тусламжийн тэтгэмжийн хэмжээ нь 500-аас 2500 паунд болтол  нэмэгдүүлж байна. Ингэснээр буяны байгууллага, музейнхэн танд баярласан, талархсанаа хангалттай илэрхийлэх чадвартай болно.

Ирэх жилүүдэд урлагийн болон бусад гар урлал, түүхэн эд зүйлсийг хандивлахыг хэрхэн урамшуулах, татварын хөнгөлөлтэд хэрхэн хамруулах талаар зөвлөлдөх болно.

 

Хойтон жилийн 4 дүгээр сараас эхлэн бид Өв залгамжлалын татварын тогтолцоондоо томоохон өөрчлөлт хийх болно.

Хэрэв та өөрийнхөө хөрөнгийн 10 буюу түүнээс дээш хувийг хандивлавал Засгийн газар Таны өв залгамжлалын татварыг 10 хувиар бууруулна.

Тодорхой байцгаая. Эндээс буяны байгууллагаас бусад хэн ч хожихгүй.  300 сая паунд.

 

Би Та бүхнийг өв хөрөнгийнхөө 10 хувийг хандив болгон өгдөг шинэ жишгийг бий болгохыг хүсч байна.

Буяны хандив, тусламжийн татвартай холбоотой бидний хийх гэж байгаа 3 дахь шинэчлэл бол томоохон хандивын тухай биш, харин жижиг хандивуудтай холбоотой юм.

Бага хэмжээний буюу 1 жилд 5000 паунд хүртэлх хэмжээний хандив өргөөд Бэлэглэлийн татварын хөнгөлөлт эдлэх боломж бүхий шинэ схемийг бид нэвтрүүлж байна. Уг схемээр, хандив өгч буй татвар төлөгч ямар нэг тусгай маягт бөглөх шаардлагагүй боллоо.

Ингэснээр бэлэглэлийн татварын хөнгөлөлтийг гудамжинд буяны хайрцаг, саваар хандив цуглуулж байгаа бүхэн хүртэх боломжтой болж байна гэсэн үг.

100 мянган буяны байгууллага 240 сая паундыг хандиваар цуглуулах боломжтой болно.

Дээрх арга хэмжээг хамтад нь авч хэрэгжүүлснээр сүүлийн 20 гаруй жилд буяны өглөг, хандивтай холбоотой хийсэн хамгийн нигүүлсэнгүй, эрс шинэлэг өөрчлөлт болж байна.

Хандив өргөн зөв зүйл хийвээс Засгийн газар ч мөн адил таны төлөө зөв зүйлийг хийх болно.

Энэ бол нийгэмдээ үзүүлж буй том туслалцаа юм.

 

Гэвч шударгаар төлөх ёстой татвараасаа зайлсхийх арга зам эрэлхийлж буй этгээдэд бидний энэ бэлэглэлийн татварын хөнгөлөлт үйлчлэх учиргүй юм.

Татвараас зайлсхийж, зугатаж байгаа явдал нь ажиллаж, хөдөлмөрлөж буй гэр бүлүүдээс илүү татвар авахыг биднээс шаардаж байгаатай агаар нэг юм.

Энэ бол шударга бус явдал.

Харамсалтай нь энэхүү шударга бус явдлыг таслан зогсоох талаар хангалттай ажил сүүлийн жилүүдэд хийгдсэнгүй. Хатан Хааны Орлого Гаалийн байгууллагын тооцоолсноор татвараас зайлсхийсэн, төлөх ёстой татвараа төлөхгүй байгаагаас нийт 14 тэрбум паундыг 2008 онд бид алдсан байна.

 

Татвар нуун дарагдуулах, зайлсхийх үзэгдлийг таслан зогсоох талаар бидний хэрэгжүүлэх шинэ стратегийг өнөөдөр олон нийтэд хүргэж байна. Бид удаан хугацаанд үргэлжилсэн бохир арга, булхайг таслан зогсоох талаар тусгай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Газрын төлбөрийн хураамжаас зайлсхийх 3 хэлбэрийг үгүй хийж, компаниудын хөрөнгө оруулалтын ашгийн дүрмийг чангатгана. Мөн өндөр цалинтай ажилчдад татвараас гадуур далд хэлбэрээр ихэвчлэн олгогддог хэзээ ч эргэн төлөгддөггүй зээл буюу цалин хөлс олгох явдлыг зогсооно.

Мөн манай гудамжны хөгжмийн дэлгүүрүүдийг Чаннел арлууд дахь агуулахуудтай хүч тэнцвэргүй тэмцэл хийхэд хүргэж буй бага үнэтай барааны татварын хөнгөлөлтийн асуудлыг бид шийдвэрлэх болно.

 

Хөндлөнгийн байгууллага болох ТХГ-аар аудит хийлгэсэн тоонд үндэслэн хэлэхэд, татвараас зайлсхийхийг зогсоох чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн хөрөнгө жилд  1 тэрбум паундаар, одоогийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд 4.0 тэрбум паундаар нэмэгдэхээр байна.

Татвараас зайлсхийх, нуун дарагдуулахыг зогсоох талаар сүүлийн хэдэн жилд хийгдээгүй арга хэмжээг бид авч хэрэгжүүлж байна.

Эдгээр арга хэмжээ нь өнөөгийн нөхцөлд ажил хөдөлмөр эрхлэн татвараа төлж буй боловч өдөр тутмын амьжиргааны зардлаа нөхөхөөр чармайн зүтгэж буй гэр бүлүүдэд туслахад шаардлагатай төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бололцоог бидэнд олгож байна.

 

Энэ 4 дүгээр сараас эхлэн бид шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн жилийн төсөвт Английн орон нутгийн эрх баригчид тухайн орон нутгийн өмчийн татварыг ирэх жилүүдэд хөдөлгөхгүй “царцаах” –аар болсныг Та бүхэнд дуулгахад таатай байна.

Хэрэв орон нутгийн өмчийн татварыг царцаагаагүй бол нэг гэр бүл жилд дундажаар 72 паунд нэмж төлөхөөр байсан.  Иймд дээрхийн шийдвэрээр нэг гэр бүл дундажаар 72 паундыг хэмнэж байна.

Хоёр долоо хоногийн дараагаар бага орлоготой өрх гэрүүдэд олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 225 паундаар нэмэгдүүлнэ.

Мөн ирэх жилд 21,000 паунд буюу түүнээс бага жилийн орлоготой батлан хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүүл мэндийн салбарын ажиллагсад болон багш, төрийн албан хаагчдад нэмэлт 250 паундыг олгох болно.

Өнгөрсөн жил би хэлж байсан шиг, өмнөх Засгийн газрын гаргасан Үндэсний даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр цаашид ч үргэлжлэх болно.

 

Харин бид босгыг нэмэгдүүлж өөрчилсөн тул 21,000 паундаас бага орлоготой иргэдийг авч ажиллуулах нь ажил олгогчдод хямдхан тусах болно.

Ингэж бид Хөдөлмөрийн намынхны ажлын байрны татварыг зогсоох юм.

Мөн жилд 35,000 паундаас бага орлоготой хэн ч байсан энэ жилийн төсвөөс хожих болно. Учир нь дээрх иргэдийн татвар төлөхгүйгээр олж болох орлогын дээд хэмжээг 1,000 паундаар өсгөж байна.

Энэ өсөлт нь түүхэн дэхь хамгийн өндөр өсөлт юм.

Өөрөөр хэлбэл энэ нь жилд 160 паунд, бэлнээр 200 паундыг иргэн бүрт, нийт 23 сая татвар төлөгчдөд олгож буй хөнгөлөлт юм.

 

Эвслийн гэрээнд одоогийн Засгийн газар нь хувь хүний орлогын татварын хөнгөлөлтийн хэмжээг жил бүр өсгөж байхаар заасан.

Мөн Англи улсад 10,000 паундаас бага орлого олж буй иргэнээс орлогын татвар төлөхгүй байх зорилт тавьсан.

Тэгвэл энэхүү төсөв нь дээрх зорилгын төлөө дахин нэг алхам хийж байна.

Ирэх жилийн 4 дүгээр сараас эхлэн хувь хүний орлогын татварын хөнгөлөлтийн хэмжээг дахин 630 паундаар өсгөн 8,105 паундад хүргэхийг өнөөдөр би батлан хэлж байна.

Жилийн бодит өсөлт 48 паунд, бэлнээр 126 паунд болж байна.

Энэ жилийн өсөлтийг нэмбэл, гэр бүлийнхээ хэрэгцээг хангахаар хөлс хүчээ шавхан ажиллаж буй иргэнд жилд 326 паундын нэмэлт орлого очихоор болж байна.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл хамтарсан Засгийн газар ажлаа эхлээд 10 сарын хугацаанд 1.1 сая бага орлоготой иргэдийг татвараас чөлөөлсөн гэсэн үг юм.

Өөр бас нэг зүйл байна.

Өнгөрсөн жил бид хамгийн бага шатлалаар татвар төлөгчдөд үзүүлэх хөнгөлөлтийг нэмэгдүүлээгүй. Энэ жил бид үүнийг өсгөхөөр болсон. Ингэснээр өнөө жилийн Төсөвт нэг ч иргэн татварын дээд шатлалд шилжихгүй байхаар байна.

 

Эрхэн Парламентын дэд дарга аа,

 

Та бүгдийн анхаарлыг онцгой албан татварт хандуулахыг зөвшөөрнө үү.

Нэгдүгээрт, агаараар зорчигдын татвар.

Бид нэг зорчигдод ногдуулах татварыг нэг онгоцонд ногдуулах татвар гэж өөрчлөх боломжтой гэж үзсэн. Бидний зүгээс боломжтой бүх л хувилбарыг авч үзсэн боловч олон улсын хуультай эдгээр нь нийцэхгүй болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.

Иймд бид олон улсын тэдгээр хуулиудыг өөрчлөх талаар бусад талуудтай хамтран ажиллах болно.

Үүний сацуу Кариб нь Калифорнигоос цаана хол байдаг гэж ойлгогдож буй одоогийн агаарын зурвасуудыг сайжруулах тал дээр бид зөвшилцөж байна.

Мөн ямар ч татвар төлдөггүй хувийн онгоцуудад татварын ногдуулах саналыг боловсруулж байна.

Амралтаараа аялж яваа энгийн иргэдийн төлөх ёстой татвараас хувийн онгоцоороо аялж буй чинээлэг, буй хөрөнгөтэй нэгэн зугтах учиргүй.

Өнгөрсөн жил татварыг их хэмжээгээр нэмэгдүүлж айл, өрхүүдийн зардлыг чамгүй өсгөсөн учраас энэ 4 сард агаарын зорцигчдын татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх жил хүртэл хойшлуулах саналыг Танхимаас хүсч байна.

 

Дараагийн асуудал бол архи, согтууруулах ундааны татварын асуудал.

Алкоголь өндөртэй шар айрагны татварын нэмэгдүүлэх, алкоголь багатай шар айрагны татварыг 50 хувиар бууруулах төлөвлөгөөг бид өмнө нь зарласан.

Өмнөх Засгийн газрын нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны татварын хувь хэмжээг өөрчлөх талаар надад ямар нэгэн өөр төлөвлөгөө байхгүй гэдгийг би хэлж чадах байна.

Эдгээр өөрчлөлтүүд нь ирэх Даваа гаригаас мөрдөгдөх болно.

Миний өмнөх Сайдын зарласнаар тамхины татварын хэмжээг инфляцаас 2 хувийн илүү хэмжээгээр нэмэгдүүлж байхаар болсон. Гэвч хямд тамхи ихээр үйлдвэрлэгдэхэд энэхүү тамхины татвар тооцох журам нь нөлөөлж байна.

Иймд бид энэхүү дүрэм, журмыг бага үнэтэй брэндийн тамхинууд болон бусад, мөн янжуур болон гараар ороосон навчин тамхины хоорондын үнийн ялгааг багасгахад чиглүүлэн өөрчлөх болно.

Ингэснээр тамхидалт буурч, үндэсний эрүүл мэнд сайжрах болно.

Энэхүү тамхины татварт орж буй өөрчлөлтүүд нь өнөө оройны 6.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

 

Одоо бусад онцгой татваруудыг авч үзье.

Автотээврийн хэрэгслийн онцгой татварын хувь хэмжээ нь зөвхөн инфляцийн хувиар нэмэгдэж байна. Харин манай тээвэр, зуучийн компаниудад туслах зорилгоор би хүнд даацын бараа тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн татварыг хэвээр үлдээж, “царцаах”-аар шийдвэрлэж байна. Мөн бид ажилдаа ашигласан хувийн унааны төлбөрийг нэмэгдүүлэхээр санал болгож байна.

Энэхүү хувийн автомашиныг албанд ашигласан зардлыг тооцох хувь хэмжээг 2002 оноос хойш нэг ч удаа шинэчлээгүй байгаа  нь хувийн автомашинаас албан ажил нь хамаардаг иргэдийг хохироож байна.

Өнөөдөр тэрхүү зардал тооцох хувь хэмжээ нэг мильд 40 пенс байсныг 45 пенс болгон нэмэгдүүлж байна.

Энэхүү хөнгөлөлтийг зорчигчоор аялан үйл ажиллагаагаа явуулж буй сайн дурын ажилтнууд, хүмүүнлэгийн болон буяны байгууллагын ажиллагсадад олгодог байхаар хамрах хүрээг нь өргөтгөж байна. Тэд үүнийг олон жилийн туршид хүсч, шаардаж байсан юм.

Түлш, шатахууны татвараас бусад бүх татварууд өмнөх Засгийн газрын үед төлөвлөгдөж байсны дагуу хэвээр үлдэх болно.

 

Шатахууны үнэ өрх гэрүүдэд маш хүнд дарамт болж байна.

Жишээлбэл Форд фокус машинтэй иргэн шатахуунаа нэг удаа дүүргэх зардал нь сүүлийн 6 сарын дотор 10 паундаар өссөн байна.

Энэхүү өсөлт нь аж ахуйн нэгжүүдэд, ялангуяа жижиг бизнесүүдэд хүнд цохилт болж байна.

Хариуцлагатай Засгийн газрын хувьд газрын тосны үнэ огцом өссөн шиг гэнэтийн үйл явдал тохиолдоход түүнийг сонсож мэдэрдэг, хариу үйлдэл үзүүлдэг байх нь хамгаас чухал.

 

Хуурамч итгэл найдвар бий болгохгүй тулд бид юуг хянаж чадах, юуг хянаж чадахгүй вэ? гэдгийг тодорхой болгоцгооё.

Британий Засгийн газар нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг хариуцахгүй.

Бидний харсанчлан Ойрхи дорнодод болж байгаа шиг үйл явдлууд нь газрын тосны үнийг тэнгэрт хадтал өсөхөд хүчтэй нөлөөлж байна.

Гэхдээ Британий Засгийн газар нь дотооддоо газрын тосны бүтээгдэхүүнд ямар хэмжээний татвар ногдуулахыг тогтоодог.

Түрүүчийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө түлш, шатахууны татварыг үе шаттайгаар 7 удаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Үүний дагуу 3 удаа шатахууны татварыг нэмэгдүүлсэн бөгөөд татварын эдгээр өөрчлөлтийн үр дүнд шатахууны үнэ 3 пенсээр нэмэгдсэн байна.

Тэрхүү татвар нэмэх шатлалын 3 дугаарх нь ирэх долоо хоногт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд энэ нь нэг литр шатахууны үнийг 5 пенсээр нэмэгдүүлж байна.

 

Олон хүмүүсийн тавьж буй санал гомдлыг сонсож хүлээн авна гэдгээ өмнө нь би мэдэгдсэн билээ. Бидний Умард тэнгисээс шууд олдог нэмэлт орлогыг ашиглах хэрэгтэй гэж маш олон хүн надад зөвлөж байсан.

Газрын тосны үнэ өсөхөөр тэр орлого нэмэгдэх нь үнэн, гэвч ТХГ-ын баталж байгаагаар газрын тосны үнийн өсөлт нь эдийн засгийн бусад салбараас орж ирэх татварын орлогыг бууруулах тооцоотой байна.

Төсвийн байдлыг энэ аргаар муутгаж би чадахгүй.

Танхимын зарим гишүүд шатахуун дээр тусдаа НӨАТ-ыг санал болгож байна.

Төрийн сангаас энэхүү саналыг судлан үзсэн байна.

Шатахуун дээр ялгаатай НӨАТ-ын хувь тогтоох нь үүнээс улбаалан нэмэгдэж буй 5 пенсийн өсөлтийг нөхөж чадахгүй байна.

Ялгавартай НӨАТ тогтоовол энэ нь хуулийн дагуу 6 жилийн дараа мөрдөгдөх болно.

Иймээс би дээрх арга барилаас татгалзаж ямар нэг өөр зүйл хийхээр шийдсэн.

Хойд тэнгисийн газрын тосны татварын хэмжээг нь хамгийн сүүлд газрын тосны үнэ 66 ам.доллар байхад буюу 2006 онд өөрчлөгдсөн. Гэтэл энэ үнэ нь одоо бараг 2 дахин өссөн байна.

 

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл газрын тосны компаниудын хөрөнгө оруулах шийдвэр гаргахдаа тооцож байсан үнэ нь 2 дахин өссөнөөс газрын тосны үнийн өсөлтөөс тэд төлөвлөөгүй өндөр ашиг олж байна.

Газрын тос олборлогч бусад улс орнууд үнийн өсөлт бий болоход түүнээс олох ашигт автоматаар татвар ногдуулдаг дүрэм, журамтай байна.

Харин бидэнд энэ тогтолцоо алга. Умард тэнгист одоо энэ тогтолцоог нэвтрүүлэхэд дэндүү “оройтсон” байна.

Үүний оронд бид өөр зүйл хийх боломжтой. Бид “Шатахууныг шударгаар тогтворжуулагч” схемийг нэвтрүүлэх боломжтой.

Маргаашаас эхлэн газрын тос болон байгалийн хийд ногдуулах нэмэлт татварын хэмжээг 20%-иас 32% хүртэл нэмэгдүүлэх болно.

Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа ч  нэг баррель газрын тосноос ирэх 5 жилд олох ашиг нь өнгөрсөн 5 жилд олсон ашгаас өндөр байх урьдчилсан тооцоо гарсан байна.

Дээрх шийдвэр нь нэмэлт 2 тэрбум паундын орлогыг төсөвт оруулах болно. Энэхүү шинээр орж ирэх татварын мөнгөөр бид дараах зүйлсийг хийнэ. Үүнд:

 

Нэгдүгээрт, татвар хураамжинд инфляцийн тохиргоо хийхийг бид ирэх жил хүртэл хойшлуулна. Мөн 2012 оны инфляцийн өсөлтийн тохиргоог дараачийн зун хүртэл хойшлуулна.

Хоёрдугаарт, инфляци дээр жил бүр нэмэгддэг шатахууны татварын шатлал бүхий өсөлтийг цуцлана. Энэ арга хэмжээг зөвхөн энэ жил, эсвэл ирэх жил биш одоогийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд үргэлжлүүлнэ.

Гэвч би Умард Тэнгис дэх чухал хөрөнгө оруулалтуудыг алдахыг хүсэхгүй байна.

Иймээс хэрэв газрын тосны үнэ 75 ам.доллараас доош байх бол бид шатахууны үнээс хамааралтай татварын шатлалыг дахин нэвтрүүлэх ба газрын тосонд шинээр ногдуулж буй татварыг хувь хэмжээг зохих хувиар бууруулах болно.

 

Газрын тосны үнэ өндөр бол шатахууны шаталсан татвар байхгүй, харин газрын тосны үнэ буурч, бага хэвээр байвал Умард тэнгис дэх газрын тосны компаниудын ашигт нэмэлт татвар ногдуулахгүй. Энэ бидний санал болгож буй “Шатахууныг шударгаар тогтворжуулагч” схемийн ажиллах зарчим.

Үүний үр дүнг Британий гэр бүлүүд хүртэх болно.

Би тодорхой хэлсэн, энэ жил шатахууны татвар нэмэгдэхгүй.

Шатахууны шаталсан татварыг шатахууны үнэ өндөр үед үйлчлэхийг би цуцалсан.

 

Сүүлчийн ганц зүйл.

Дээр дурдсан газрын тосны татваруудыг зогсоохын зэрэгцээ нэг литр шатахууны татварыг 1 пеннигээр багасгаж байна.

Энэ шийдвэр нь өнөө оройны 6 цагаас эхлэн шатахуун түгээх станцуудад мөрдөгдөж эхэлнэ.

Гэхдээ энэ нь өрхийн төсөвт учруулж буй ачааллыг бүрэн арилгаж чадахгүй гэдгийг би ойлгож байна.

Харин бид тусалж чадах зүйлээ л хийж байгаа нь энэ.

Өрх гэрүүдэд тусалья.

Бизнесүүдэд тусалья.

Энэ бол иргэдээ сонсдог бас тусалж чаддаг Засгийн газрын хийх зүйл.

 

Эрхэм Парламентын дэд дарга аа.

Нэг хэсэг нь миний хийх ажил бол амьжиргаагаа залгуулж буй өрх гэрүүдэд туслах ёстой гэж хэлэх байх.

Нөгөө нэг хэсэг нь “үгүй”, миний хийх ёстой ажил бол бизнесийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хангах шинэчлэлийг хэрэгжүүлэх ёстой гэж хэлэх байх.

Энэ Засгийн газрын гол бодлого, стратеги дээрх 2 чиг үүргийг салангид авч үзэхгүй байгаад оршиж байна.

Эдгээр нь нэг зүйл юм.

Хэрэв бид орчин үед өрсөлдөх чадвартай эдийн засагтай байж чадаж байж өрх гэрүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж чадна.

Ийм учраас энэ бол бидний Хөгжлийн төлөвлөгөө юм.

 

Үндэстнээ урагш нь жолоодохын тулд

“Британид үйлдвэрлэв”

“Британид бүтээв”

“Британид зохион бүтээв”

“Британид нээв”

гэдэг үгсийг хүсч байна.

 

Британи улсыг үйлдвэрлэгчид л цогцлоон хөгжүүлсээр ирсэн байдаг.

Энэ л замаар бид ажлын байр бий болгож, өрх гэрүүдийг дэмжих юм.

Бид Британий эдийн засгийн “бак”-ыг шатахуунаар дүүргэлээ.

Энэхүү төсвийг баталж өгөхийг би Танхимаас хүсч байна.

 

Жорж Осборны “2011 оны төсвийн талаар”